Импортын гаалийн татварыг нэмэгдүүлсэн нь Америк-Хятадын сөргөлдөөнийг даамжруулахгүй гэж үзэж байна

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 04 сарын 10

АНУ-ын засаг захиргаа болон БНХАУ-ын удирдлага хоёр талын худалдаанд импортын гаалийн татварыг харилцан нэмэгдүүлсэн нь Америк-Хятадын сөргөлдөөнийг алсдаа улам даамжруулахгүй гэж үзэж байгаагаа ерөнхийлөгч Доналд Трамп илэрхийлсэн байна.

Гаалийн татвар нэвтрүүлсэн нь худалдааны дайны хүрээнээс хальсан сөргөлдөөн үүсгэх аюултай хэмээн болгоомжлохгүй байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад Трамп хариулахдаа: “Би тэгж бодохгүй байна. БНХАУ-ын дарга Ши Жиньпин маш ухаантай хүн болохоор бид аль алиндаа ашигтай сайн хэлэлцээр байгуулснаар асуудал дуусна хэмээн би бодож байна” гэж тэмдэглэжээ.

“Хятадын удирдлага АНУ-тай харилцаагаа хурцатгахыг хүсэхгүй. Америк ч, Хятад ч маш хүчирхэг улсууд билээ. Хэний ч санаанд багтахааргүй, дэлхийн хамгийн хүчтэй зэвсэг манайд байгаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин эх орондоо хайртай, юу хүсэж байгаагаа мэддэг ухаалаг удирдагч болохоор хэлэлцээр байгуулахыг хүснэ” гэж Америкийн төрийн тэргүүн онцолсон байна.

Доналд Трамп дэлхийн 185 оны бараанд хамгийн багадаа 10%-ийн импортын гаалийн татвар нэвтрүүлэх тухай дөрөвдүгээр сарын 2-нд зарласан юм. Хятадын хувьд Америкийн засаг захиргаа 34%-ийн гаалийн татвар нэвтрүүлсэн билээ. Үүний хариуд БНХАУ-ын эрх баригчид АНУ-ын бүх бараанд 34%-ийн гаалийн нэмэлт татварыг дөрөвдүгээр сарын 10-наас нэвтрүүлж байгаагаа мэдэгдсэн. БНХАУ-ын эрх баригчид АНУ-тай худалдааны хэлэлцээр байгуулах хүртэл Хятадын бараанд 104%-ийн гаалийн татвар ногдуулна гэж Трамп хожим нь мэдээлсэн юм. Үүний хариуд Хятад улс Америкийн бараанд нэвтрүүлэх 34%-ийн гаалийн татвараа 84% болгож нэмэгдүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Close menu