Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | БАЛЧИР БАГА НАС-I

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 18

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.


Эрхэм уншигчид Та бүхэндээ өөрийн амьдрал дээр тулгуурлан сүүлийн хагас зууны турш Эх оронд минь болон дэлхий нийтэд болсон нэгт миний хувьд чухал гэж үзсэн, хоёрт нийт монголчуудын сэтгэлд нийтлэг байдлаар үлдсэн, гуравт, эх оронд минь түүхэн ач холбогдол бүхий дотоод, гадаадын үйл явдлуудыг он цагийн дарааллын дагуу бичиж энэхүү номоороо дамжуулан хүргэж байна. Аливаа хачир чимэггүй, мэдээ орсон цагаасаа өнөөдрийг хүртэлх ой тойнд минь юу тод үлдэв түүнийг л бичихийг зорьсон. Номоо би анхнаасаа яг ийм жанраар бичье гэж бодсон. Цагийг ухрааж болдоггүй, цагийн дундуур орж болдоггүй, цаг ар араасаа хөврөн явдаг. Энэ бол эргэлт буцалтгүй явагддаг, хэзээ ч хазайдаггүй, бас хэзээ ч зогсож байгаагүй, мөн хэзээ ч зогсохгүй мөнхийн байгалийн хөдөлгөөн юм. Гэхдээ энэ цаг хэмжээтэй бөгөөд хаа нэгэн газар очоод зогсохыг үгүйсгэхгүй. Тэгвэл тэр урт цагийн замын өчүүхэн хэсэгт бид хүмүүний биеийг олж, хайрлаж, дурлаж, сурч, хөдөлмөрлөж, бүтээж, сүйтгэж, унаж, босож, үхэж, үржиж байна. Түүний нэг нь болох миний бие, надтай хамт цагийг элээж буй энэ түүх он цагийн нэг зурвас юм. Тийм учир би номдоо “Цагийн зурвас” гэдэг нэрийг оноолоо. Нөгөөтэйгүүр энэ ном маань энэ цагийн ирээдүйдээ бичсэн зурвас болох юм. Түүхийг бид өөрсдөө туурьвиж түүхээ бид цааш нь дамжуулдгийн учир нь алдсан алдаагаа давтахгүй байхын сургамжийг ирээдүй хойч үедээ өгөхийг зорьдог болов уу. Энэ ном ганц миний амьдралын хүүрнэл биш юм. Би өөрийнхөө түүхийг хамгийн сайн мэдэх учир мөн миний өсөж, хүмүүжиж, төлөвшихөд нөлөөлж буй нийгэм, тэр нийгмийг чиглүүлж буй улс төрийн тогтолцоо, тэр тогтолцоог хийж буй улс төрийн хүчнүүд, тэднийг бүрдүүлж буй улстөрчид, улстөрчдийг цэнэглэж байгаа мэдээлэл бүгд харилцан хамааралтай байж нэг түүх бий болж байна гэдгийг харуулахыг зорьсон болно. Энд би өөрөө ард түмний төлөөлөл болж буй. Өөрөөр хэлбэл, бүх юм харилцан хамааралтай, бусад улс орнуудад өрнөж буй үйл явдлууд ч бидний амьдралд нөлөөлж нэг цагийн дор хамаатай байдгийг харуулахыг эрмэлзсэн. Миний ном ганц дурсамж биш юм. Би дурсамж хэзээ ч бичиж байгаагүй. Би өнөө цагийн түүхийг л одоо цаг дээр нь бичихийг зорьсон. Тиймийн тулд миний түүх хэрэг болсон. Түүх хоорондоо цагаар хэлхэгддэг учир түүхийг тасдаж авч болдоггүй гэдгийг тайлбарлахыг хүссэн. Номоо би дөрвөн жилийн өмнө эхэлж ерэн есөн хоногт багтааж дуусгахыг чармайлаа. Номоо бичиж байхдаа өөрийн туулсан амьдралын он жил, өдрүүдийг нэг нэгээр нь ухраан нүдэндээ харж, чихэндээ сонсож, үнэртэж, амталж бичиж суухдаа тархины хэлж байгаа зүйлийг гар минь гүйцэж бичиж чаддаггүй байж билээ. Бичиж байгаад гэнэт алга болчихдог юм билээ. Тэгээд хэзээ надад бич гэж тархи команд өгнө тэр цагт бичиж байсан учир ерөн есөн хоног бичсэн гэдэг нь тэр юм аа. Номоо би эх орноосоо хол байхдаа тэнгэрт нисэж байхдаа бичсэн байна. Бичиж дуусаад олон зүйлийг бодлоо. “Хүнд хэрэгтэй юм бичиж байна уу” гэж санаа зовсноос “Хэн унших бол” гэж санаа зовсонгүй. Үг үсэг болгон миний гараар бүтэж, оюунаар хэлхэгдсэн учир ядаж үр хүүхдэд минь дурсамж болог гэж зориглон дуусгалаа.

Миний номыг уйгагүй уншиж, алтан цагаа харамгүй зориулж сэтгэлийн үгээ хайрласан хамгийн их хүндэтгэж хайрлаж явдаг, өнөөгийн Монгол орныг цогцлоох үйл хэргийн нэрийн хуудас болсон Монгол Улсын арван тав дахь Ерөнхий сайд асан, МУ-ын гавьяат агрономич Ш.Гунгаадорж, Гадаад хэргийн сайд асан, МУ-ын соёлын гавьяат зүтгэлтэн, ахмад дипломатч Ц.Гомбосүрэн, УИХ-ын гишүүн, Эрүүл мэнд, спортын сайд асан, МУ-ын гавьяат багш С.Ламбаа, БСШУС-ын сайд асан, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, МУ-ын ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Г.Чулуунбаатар, Ардын эмч, хөдөлмөрийн баатар, академич Н.Баасанжав, МУ-ын гавьяат эмч, академич, Ц.Лхагвасүрэн нартаа мэхийн ёсолж гүнээ талархаж байна. “Би нэг юм бичсэн юм, Та уншаад өгнө үү” гэж хэлэхдээ надад хүнд, том шалгалтад орох гэж байгаа юм шиг санагдаж байж билээ. Би тэр шалгалтыг давж өөртөө би энэ номоо “НОМ” гэж хэлэх, хэвлүүлэх эрхийг өгсөн. Тэр зөвшөөрлийг би авахгүйгээр, өөртөө тэр эрхийг өгөхгүйгээр энэ ном гарахгүй байсан. Эдгээр эрхэм хүмүүс өөрийн бий болгосон орон зай, хийж бүтээсэн арвин их үйлсээрээ хэнээс ч хараат бус байх тийм эрхийг ард түмнээрээ баталгаажуулсан хүмүүс юм.

Номын хүний гэргий, дипломатч хүний гэргийн үлгэр дуурайл болсон Д.Сүрэнхорлоо эгчдээ жич баярласнаа илэрхийлэхийг хүсэж байна. Би утасдаад “За ямар болж вэ, битгий намайг загнаараа ямар их, юу биччихэв гээд ...” гэсэн чинь “Үгүй загнахгүй, маш сонирхолтой байна. Би бүүр утсаа дуугарахаар саад болоод гээд авахгүй байгаа..” гэж хэлж билээ. Миний номыг нэг бүрчлэн уншиж, эх хүний зөвлөгөө өгч байсан билээ.

Номоо 2015 оныг дуустал биччихээд “Нэг ийм юм бичлээ” гээд миний ээжийн арван жилийн ангийн анд ШУТИС-ийн доктор, профессор, Төрийн шагналт Ш.Лайхансүрэн ах, гэргий Ардын боловсролын тэргүүний ажилтан С.Мөнхдэлгэр эгч цаг заваа гарган уншиж, урам хайрласан билээ. Та хоёртоо баярлалаа.

Мөн надад зориг өгч, номоо дуусгахыг шамдуулж сэтгэлийн дэм өгсөн нэрт найруулагч, БСШУСЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын дарга Н.Болдод баярлаж байна. Энэ номыг өлгийдөж авахад таны хувь нэмэр ихээхэн нөлөөлсөн гэдгийг зориуд онцолмоор байна.

2015 оны аравдугаар сарын гучин нэгнийг хүртэл бичихдээ яг Моцарт шиг бичлээ дээ гэж өөртөө урам чимээгүйхэн өгч байсан юм. Гэхдээ би номоо хэвлүүлээгүй гаргаагүй яагаад гэвэл тэр “Зөвшөөрөл”-ийг надад өгөөгүй байв. Ингээд 2016, 2017 оныг хорин зургаан өдөрт бичиж Монголын ард түмэн Тусгаар тогтнолоо батгаажуулсан билигт сайн өдөр буюу аравдугаар сарын хорины өдөр өндөрлөв. Нэгэнт зөвшөөрөл авсан учир олны хүртээл болгохыг яарав. Яагаад гэвэл түүх түүхдээ сургамж болгох үүднээс цаг алдахыг хүсээгүй. Эмэгтэй хүний хувьд, яруу найрагч, номын хүний хувьд их урам өгч сэтгэлийн үгээ хайрласан МЗЭ-ийн шагналт яруу найрагч Б.Ичинхорлоо найздаа баярлалаа. Нөр их ажлынхаа хажуугаар уншин толилж, үнэт цагаа зориулсан чадварлаг сэтгүүлч дүү В.Сарантуяадаа баярлаж байна. Үргэлж урам өгч, зоригжуулж байдаг хань О.Оч, охин О.Маралгуа, охин О.Амгалангуа, дүү Ж.Пүрэвцэрэн, Ж.Жамул, Н.Лхагвабаатар нартаа баярлалаа. Хамгийн гол нь аав, ээж минь намайг төрүүлээгүй бол ярих сэдэв үгүй билээ. Аав, ээж хоёр минь намайг ном бичиж байгаа гэдгийг дуулаад дотроо машид их болгоомжлон битүүхэндээ айдастай байсан бизээ. Хорвоо дээр бүх юмс өнгө, хэлбэрээ хувиргаж байрлал нь солигдож байдаг. Ганцхан аав, ээж хэзээ ч хувирдаггүй, тэдний байрыг хэн ч эзэлдэггүй. Тэр бол туйлын үнэн. Хайрт аав З.Жадамба, ээж Д.Хорлоо нартаа маш их хайртай, хязгааргүй баярлаж явдаг билээ. Үүнийг минь энэхүү номоос минь мэднэ байх хэмээн итгэж байна.

 

Алд биеийг минь төрүүлсэн аав ээждээ мөргөмүй

Эрдэм мэдлэгийг олгосон ачит багшдаа мөргөмүй

Энэ бүгдийг олгож буй ахуй төрдөө мөргөмүй

Амьдрал үргэлжилнэ, энэ ном бас үргэлжилнэ...

Анагаах ухааны доктор, профессор

Чингүнжав овогт Жадамбын ЦОЛМОН

 

2017.10.20

 


Бүлэг 1

ГЭГЭЭН ЗУРВАС.

БАЛЧИР БАГА НАС

1.ҮҮРИЙН МЭДРЭМЖ

 

Үзэсгэлэнт зуны өглөө

Улаанбаатарын намууныг

Уушги тэлэн цуурайтуулж

Аав, ээжийнхээ өвөр дээр

Анхалж унасан охин минь

Сайхан муухай хоёрыг минь

Шингээж дэлгэрсэн цэцэг чи

Сайн заяаны одонд

Шилгээж унасан гэрэл чи Миний аав, Замбалгаравын Жадамба охин наддаа зориулж бичив.

Зуун айлын арын гудамжны нэгэн хашаанд бүх юм намуухан тайван, айл саахалтынхан арай босох болоогүй. Аав минь ээжийн сэрэхийг тэсэн ядан хүлээж байснаа маш намуухнаар гэхдээ нэг л сэтгэл хангалуун, нүүрэндээ мишээл тодруулан өөрийн эрхгүй инээмсэглэж ээжийг минь өөрлүүгээ татасхийж сэрээгээд “Би, гоё цагаан морь тэнгэрээс дүүлж ирээд, дэл юугаан сагсалзуулан цоройлоод давхин одлоо гэж зүүдэллээ. Нэг л гоё мэдрэмж төрлөө” гэж хэлсэн гэдэг. Тэгэхэд л би аав, ээж хоёрынхоо ариун хайрын баталгаа болж ээжийнхээ алтан хэвлийд ирж байж гэж ярих аавынхаа дурсамжийг би ухаан суух цагаасаа л сонсдог байсан, тэгж итгэсэн. Тэр гоё цагаан морь, аз хийморь нь би юм байна гэж үнэмшсэн. Тийм л байгаасай гэж хүссэн. Үүрийн гэгээнээр мэндэлснийг минь бэлгэшээж, аав минь надад “Цолмон” гэж нэр хайрласан. Дуг нойрондоо нойрсох гүн харанхуйг зүсэн хорвоогийн нэг шинэ өдрийг нар гэрэлтүүлэхээр гэрэл юугаан цацруулан ойртон ирэх агшинд үүрийн гэгээ татаж амьтай болгон сэрэхийг хүсэвч сэрж чадахгүй нойрмоглож, зөвхөн Үүрийн Цолмон од бүхнийг ажин мишээдэг. Эртэч нэгэн нь сэрж бусдыгаа сэрээн, шувуу жиргэн, хөхөө донгодож, царцаа дуугарч, үнээ мал мөөрч, хоточ нохой хуцан, айлын эзэгтэй өрхнийхөө оосрыг татан зогсоход тэнгэр, газрын зааг гал улаан болж аажмаар урган гарах алтан шар нар бүхнийг ивээж дэлхий амилна. Үүрээр би хорвоод мэндэлж, үүрээр би ертөнцийг харж, үүрээр би хамгийн анх “Хүн” гэж хэн байдгийг намайг эх барьж авсан асралт эмчээр төсөөлж, үүрээр би ээжийнхээ үнэрийг үнэртэж, үүрээр би ээжийнхээ ариун сүүг амлаж, үүрээр би хорвоог мэдэрч, үүрээр би анх амьдралын дуу чимээг сонсч, үүрээр би аав, ээжийнхээ хайрыг мэдэрч,  үүрээр би хүний ертөнцийг харсан тэр л үүрээс миний анхны мэдрэмжүүд төрсөн. Түүнээс цааш надад ҮҮРИЙН МЭДРЭМЖ насан туршид минь хамгийн хүчтэй, ухаалаг, мартагдашгүй мэдрэмжүүд байж ҮҮРДИЙН СЭТГЭГДЛҮҮД болж хувирсан. Өвөө эмээгийнхээ өвөр дээр эрхлэн өссөн, нилээн мяраатай болохоор баргийн хүн даахгүй. Өвөр дээр тогтдоггүй байнга цовхчиж байдаг, сэгсчүүлж байж унтдаг их адармаатай хүүхэд байсан гэж эмээ минь ярьдагсан.

 

2. ХАРЧУУДЫН ГУДАМЖНЫ БЯЦХАН ОХИН

Хашаандаа гурван гэртэй. Жижиг гэр нь манай өвөөгийнх, хоёр том гэр нь манайх, Баабаагийнх \Манлайбаатар\. Ээж минь зулай зулайгаа гишгэж төрсөн гурван сайхан ахтай. Баабаа отгон ах нь. Тэр үед бүгд монголчууд бараг бүгд ижил, жигдхэн жирийн дундаж амьдралтай байдаг байв. Одооны ойлголтоор бол тухайн нийгмийнхээ  хувьд хүчтэй дундаж давхаргатай байсан юм. Өнөө үед дэлхийн улс орнууд хүчтэй, олонхи болсон дундаж давхаргыг бий болгохын төлөө зорьж байна. Тийм нөхцөлд нийгмийн амьжиргааны зөв баланс бий болдог. Манайх ч мөн хотын гэр хорооллын жирийн бор айл. Ээж маань Анагаахын дээдийн оюутан, хичээл ном ихтэй, нүүрс түлээнээс авахуулаад хэдэн гэрийн арын ажлыг амжуулна. Намайг хөхүүлэх сүүгээр хомс, тэгээд ч өглөө гараад оройдоо ирнэ. Тэр хооронд би эмээгээ элэг барьж мөөмийг нь хөхсөөр сүү оруулчихсан болохоор сүүгээр дутаагүй. Тулга тойрч эмээгээ хөөгөөд эмээ зугтаан, мөөмнөөс гаргах гэж үхрийн баас түрхэхэд нь арччихаад амандаа хийчихдэг хөгтэй охин. Лавтай гурван нас хүртлээ эмээгийн мөөмийг идсэнээ би тод санадаг юм. Зээ охиноо нойр, хоол, агаар гурвын тунг тааруулж сайхан өсгөсөн дөө эмээ, өвөө минь. Булиа, хатуу чанга махтай, их хүчтэй өсгөлүүн хүүхэд болгон торниулж, хамрын ханиад ховор хүрч, өвчин зовлон ороолгүй зөнгөөрөө сайхан өссөндөө. “Арван зургаан нас хүртэл жил болгон гамма глобулин тарьсан нь сайнаар нөлөөлж үр дүнгээ өгсөн байх” гэж ээж ярьдаг юм. Миний ээж улаан номонд бичигдэхээр ховордсон нярай хүүхдийн эмч. Тавхан настай байхдаа би өвөөтөйгөө дөрвөлжлөөд эвхсэн гэрийн эсгий бүрээснүүдийг хээв нэг өргөөд зөөчихдөг байсан юм. Аав, ээж маань миний охин их  сэргэлэн хүүхэд байсан, хоёр сартайдаа номын хуудсыг нэг нэгээр нь долоовор хуруугаараа эргүүлээд байдаг, хүн яаж л нүүр амаа хөдөлгөнө яг дуурайдаг, нэг настайдаа газрын зураг дээр долоон улс орныг нэрээр нь хэлээд заадаг гээд л анхны хүүхэд байсан болоод ч тэр юм уу, хөдөлгөөн үйлдэл болгоныг минь ажиж, миний альбомд тэмдэглэж няхуур ханддаг байснаа дурсаж ярина.

“Зуун айл” гэж одоо бол хотын төв, тэр үед хотын захын цомхон газар байсан.  Хорвоо дээр мэндлээд шууд л өвөөгийнхөө хашаанд очсон бяцхан охины хувьд ертөнц рүү гарах нээлттэй хаалга, амьдралын хөлд оруулсан гэгээлэг газар. Хүүхэд насны миньзургаан жил тэр сайхан хашаанд өнгөрсэн. Зуун айл одоо ч тэр нэрээрээ байгаа боловч асар их өөрчлөгдсөн. Манай чанх хойно Хүүхдийн больниц, диспансер, зам гараад баруун талд нь жижигхэн хүнсний дэлгүүр байдаг байв. Тэр дэлгүүрээс байнга хоол хүнс, ялангуяа махаа авна. Махны дараалал гэж хэцүү юм байсныг жаахан охин байсан хэрнээ сайн санадаг юм. Өглөө эрт дэлгүүр онгойгоогүй байхад эмээ минь очиж оочер авна. Эрт ирсэн нэг нь арынхаа хүнд захиад гэрээ эргэж гал хөсөө сэргээхээр яваад ирэхэд дэлгүүр нээгдээгүй хэвээр л байна. Дэлгүүр онгойход бүгд шуугилдаад л түлхэлцэж эхэлнэ. Тэгээд л яс дагаж мах гээд жаахан цул мах бол хүзүү дагалдуулж өгнө. Харин нэг хятад худалдагч байдаг байж билээ. Ээж тэдний хүүхдийг хүйсний халдвар аваад маш хүнд байхад нь эмчилж эдгээсэн гэсэн. Ээжид минь их сайн. Эмээг хараад “хаанаасаа хаалгач нь” гэгчээр сайн мах тавьж өгнө. Миний удаах охин дүү их цовоо охин байсан гэсэн. Хүйсний халдвараар өнгөрсөн. Ээж минь гурван жил дараалан бид гурвыг төрүүлсэн. Хожуу есөн жилийн дараа отгон “алаг нүдэн бөмбөөлэй” Жамъянсүрэн (Жамул) дүү минь төрж бид хорвоо дээр гурвуулаа болсон. Пүжи (Пүрэвцэрэн) бид хоёр олон жил хоёулхнаа байсан болохоор хоёулаа тоглож, уйдахаараа түүнийгээ шоглож, хань татаж, найзалж, том болоод хэрэгтэй цагт бие хамгаалагч, хамтран зүтгэгч, түшиг тулгуур минь болж ирсэн дүү минь. Жаахан байхад эмээ маань бид хоёрыг дагуулаад нөгөө хүнсний дэлгүүр явна. Явах замд хүмүүс заавал зогсоогоод дүүг өхөөрдөж хүү, охиныг нь асуудагсан. Эмээ онгироод “Хүү, охиныг нь та нар таа л даа” гэнэ. Тэр хүмүүс “Төрх байдлаас нь харвал эр хүн, царай зүсийг нь ажвал хүүхэн хүн шиг” гэдэгсэн. Эмээ “Эр хүн. Эр хүн дээ, сайн эр хүн болно доо” гэдэг байж билээ. Ижилхэн ягаан тэрлэг эсвэл хөвөнтэй дээл бол арай бараан өнгийг хийгээд бид хоёрт өмсүүлчихнэ. Пүжиг хоёр ой хүрэхэд Сэлбийн голын эрэг дээр байдаг цэцэрлэгт бид хоёрыг өгч дүү яслид, би цэцэрлэгийн дунд ангид оров. Миний анхны багш Даваасамбуу одоогийн “Ханбүргэдэй” дэлгүүр, компанийн эзэн. Хүн амьдралдаа цөөхөн багштай, харин багш хүн олон шавь нартай байдаг хойно, өөрийг нь дурсдаг хүн байгааг ч мэдэхгүй яваа байх. Дүү бид хоёр хашаандаа их тоглоно. Цоо шинэ дээл хийж өгөөд өвөө, эмээ минь “Урд хормой нь унага даага, хойд хормой нь хонь хурга, эд нь хэврэг, эзэн нь мөнх байх болтугай” гээд хормойноос дугтраад мялаана. Чихэр, жимс ховор олддог байсан үе. Бараг хэлж дуусаагүй байхад дүү гараад гэрийн урдхан талд тавьсан өвөөгийн мянгын дугуйтай нь ноцолдоод нил тос, эсвэл хөмөрсөн тогоо тэврээд нил хөө болоод ороод ирдэгсэн. Гэтэл, өвөө, эмээ минь хараад өхөөрдөнө үү гэхээс зэмлэхгүй.

Долоо хоногт хоёр юм уу гурван удаа морин тэрэгтэй ус ирнэ. Харж зогсож байгаад усаа авахгүй бол өнгөрөөд явчихна. Морин тэргэн дээр том цэнхэр лаазтай ус аччихсан байдаг байж билээ. Усчинд бас аятайхан хандахгүй бол өнгөрөөд явчихна эсвэл “ус дуусчихсан” гэж хэлнэ. Тэгээд л дүү бид хоёр ус хараад хоёр бөөвгөр юм хашааныхаа гадаа зогсдогсон. Харагдангуут “эмээ, эмээ, эмээ, ус ирлээ” гээд л гүйнэ. Ээжийн ахыг Манлайбаатар гэнэ. “Баабаа” гээд хочлоод аав, ээж дуудна. Баабаа маань геологич мэргэжилтэй. Баабаа МУИС-ийн байгалийн ухааны факультетийн геологийн салбарыг ашигт малтмалын эрэл зураглалын-инженер геологич мэргэжлээр төгссөн геологич хүн (номоо бичиж дуусахад  Баабаа минь ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байлаа). Баабаа их алиа, сүржин. Хөдөө явж ирээд дандаа нэг сонин юм сэдэж хүн болгоныг айлгаж, сандрааж тоглоход ньбүгд мэдсээр байж итгээд бөөн юм болно. Янз бүрийн илбэ үзүүлнэ. Баабааг хөдөөнөөс ирэхээр манай хашаа амилаад дуу шуутай болоод явчихдагсан. Нэг өдөр Баабаагийн шүд өвдөөд “шүд шүд шүд” гээд орилоод байсан чинь нэг нохой хүрээд ирж. Тэр нохой хэсэг зогсож байгаад явахаар нь дахиад “шүд шүд” гээд орилохоор эргээд хүрээд ирнэ. Баабаа тэр нохойг хашаандаа аваад “Шүд” гэж нэр өгч билээ. Ухаантай, их хөөрхөн нохой байв. Тэр үед нохой агнадаг хүмүүс их явж айлын нохойнуудыг дуудаж, хуурч авч яваад устгадаг байсан. Тэр нохой айлынх байна уу, огт хамаагүй, төлөвлөгөө биелүүлэх нь л чухал. Хэрэв тэр төлөвлөгөө нь гүйцсэн бол нэг хэсэгтээ чимээгүй байна. Биднийг байхгүй хооронд манай Шүд тийм хүмүүсийн гарт ороод эргэж ирээгүй юм. Дараа нь Мухтар гээд хөөрхөн овчарк авсан чинь мөн л бас тэгсэн. Жаахан хүүхдийн зүрх сэтгэлийг эмзэглүүлсэн, харамсалтай хэцүү үе байсан шүү. Баабаагийн эхнэр, Аюуш ажаа маш ажилсаг, буриад бүсгүй. Ажаа Монгол Германы хамтарсан ээрмэлийн үйлдвэрт ээрмэлчин, гар хивсний үйлдвэрт хивсчин хийж байсан. Эмээ, манай хоёрын хивсийг байнга нэхэж өгнө. Хамгийн сүүлд би ажаагаар тавилгандаа хослуулаад цагаан цэцэгтэй хар хивс нэхүүлж билээ. Тэднийх ганц охинтой, Энхбилэг гэнэ, аавдаа бүхий л ажилд нь тусалж хань болж хамтран зүтгэнэ. Самбар гэдэг, эмч мэргэжилтэй ганц зээ охинтой цомхон айлдаа. 

Амьдралын ухааныг сургуульд биш эмээ, өвөө, аав, ээжээсээ өвлөж, амьдралаа авч явах арга ухааны үндэс, бат бэх суурь тэр л хашаанд тавигдсан гэж боддог. Өвөө минь жирийн жолооч хүн. Нилээд ширүүн хүн байсан. Өвөөгийн маань дүр төрх зураг нь Америкийн зохиолч Чингис хааны тухай ном бичсэн анхдагчуудын нэг,  нэрт эрдэмтэн, зохиолч Harold Lamb-ийн “GENGHIS KHAN Emperor of All Men” номны хавтсан дээр гарсан Чингис Хааны дүртэй ижилхэн санагддаг. Анх 1927 онд бичигдэж, 1928 оны 3 сард эхнийх нь хэвлэгдэж, 1965 онд ес дэх хэвлэлтэнд орж байсан.

Аав маань 1960-аад оны сүүл, 1970-аад оны эхээр хуруу тоолом хүмүүс англи хэлийг мэддэг байхад өөрийн зөн билэг, мэдрэмж, авъяасаараа англи хэлийг гайхамшигтай сурсан амьдралын үнэн түүхийн эзэн. Тухайн үед Чингис Хаан гэж хэлэх бараг цээртэй байсан үед уг ном миний мэдээ орох цагаас эхлэн манай ширээний ном байж билээ. Монгол хэл дээр нэг ч ном байдаггүй, Оросын нэрт зохиолч Исай Калистратович Калашниковын бичсэн “Жестокий век” гэхэд л дөнгөж 1978 онд хэвлэгдэж гарч байсан. Арван жилд байхад бидний унших хамгийн дуртай ном байсан бөгөөд хамгийн ховор номны нэг байлаа. “Монголын нууц товчоо” гэж байдаг л гэж сонсч байсан болохоос барааг нь ч харж байгаагүй.

Үүх түүхээ, өвөг дээдсээ ярих эрхгүй нийгэм бидэнд үйлчилж байв. Аав минь англи хэл мэддэг учир манай гэрт тэр ном байдаг байсан. Тиймээс бид бусдаас түрүүлж өөрийн түүхтэйгээ бусдын бүтээлээс танилцаж байлаа. Harold Lamb Чингисийн цадигтаа “Арван наймтай охин мориндоо алт ачаад, энэ улсын эндээс тэртээ хүртэл, дээрэмдэх хүнгүй тийм төвшин байжахуй” гэж хэлсэнчлэн Төрт Монгол Улсаа тийм амар амгалан хөгжүүлэх юмсан. Энэ бол миний чин мөрөөдөл төдийгүй Монгол цус судсаар нь гүйж буй бүх Монголчуудын мөрөөдөл мөн гэж итгэнэм. 

Өвөө минь их уран гартай, янз бүрийн тоглоом өөрөө зорж хийж өгнө. Модоор маш чамин гоё хайрцаг сийлж, гүйдэг хаалгыг нь онгойлгоход могой гарч ирж, хүн болгон айж, сандран орилдогсон. Бугын эврээр шагай зорно. Өвөөтэйгээ шагай атгаж, шагай няслаж их тоглодогсон. Шагай атгаж тоглож байхад шагайтайгаа хамт атгадаг төмөр торны хэлтэрхий манайд их байна.Төмөр мөртлөө зөөлөн маш уян, бүлээхэн, нэг л гоё, атгаад баймаар, заримдаа дэлгэж үзнэ. Гэтэл эртний монгол баатруудын хувцасны гадуур жад сэлэмнээс хамгаалж өмсдөг байсан төмөр дуулга хувцасны нэг хэсэг байсан юм билээ. Тухайн үед нийслэл хотоо ногоон болгох ажил өрнөж байсан үе. Улсын цирк, Их дэлгүүр, дөчин мянгатын тэр хавь, Сүхбаатарын талбай хавьцаа ногоон зүлэгтэй. Эрвээхий шиг цэцэг их тарьдаг байж билээ. Манай хашаанд өвс ургах нь их ховор, ургасан ногооны ихэнх нь шарилж тэдгээрийн дийлэнх нь халгай байдаг байсан. Миний дүү байж байгаад халгайнд түлэгдчихнэ. Хурдан хорыг нь арилгаж өвдөлтийг нь зогсоох үүднээс өөрийнх нь шингэнээр угаана. Би харин халгаанд нэг ч түлэгдэж үзээгүй юм байна шүү.

Намайг төрдөг жил аав АУДС-ийг төгссөн. Хоёулаа оюутан, амьдрал тийм ч хангалуун сайхан бус. Залуу хүмүүс учир сайн сайхныг болгоно, бүтээнэ гэсэн хүсэл эрмэлзэлтэй байсан байх. Сургуулиа төгсөөд аав минь Шарын голын уурхайд хуваарилагдаж эмчээр очив. Яг энэ үед мөн Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат гуай залуухан мэргэжилтэн тэнд томилогдсон байв. Монгол Улсын анхны тэргүүн хатагтай Ш.Цэвэлмаа гуай миний ээжийн унаган багын ганц найз нь. Хожим аав ээж минь Энэтхэг Улсад байхад тэргүүн хатагтай байсан хэрнээ, эмээг минь өөрийн ээж шигээ тойлж усанд оруулж, харж хандаж байсан хүн. Амьд сэрүүн байх сүүлийн олон жилд “Олон Улсын Хүүхдийн Найрамдал” зуслангийн хажууд хөрш зэргэлдээ зусланд гарч мөн л харж хандаж байсан даа. Түүний сайхан сэтгэл, халамжийг эмээ минь дурссаар хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Би үргэлж Ш.Цэвэлмаа эгчид талархаж явдаг. Хүн хэн байх нь хамаагүй хүн хүнээрээ байх нь ямар чухал болохын  тод жишиг болсон сайхан эмэгтэй. Ээж минь ид хайр сэтгэлийн гал дөлөнд шатаж явсан залуухан бүсгүй, бяцхан үрээ гар дээрээ дөнгөж тэвэрч буй залуухан ээж, хүний гэргий яаж ааваас минь хол байж чадах билээ дээ. Айлын бага, ганц охин болохоор их дураараа, шууд л өөрөө шийдвэр гаргаад аавын хойноос Шарын голд хүрээд ирсэн. Дараа нь эмээ маань туслахаар ирээд нилээд нүүдэл суудал болсон юм билээ. Шарын голын үдшүүд аав, ээжийн минь амьдралд хамгийн романтик үеийг илэрхийлнэ. Шижигнэсэн сайхан залуучууд уулыг нурааж, усыг буцаах ч хүч тамир, сэтгэлийн тэнхээтэй, Эх орон хаана дуудна тэнд өөрийн хүсэл, чин сэтгэлийг баяр хөөрөөрөө нэмэн ажиллаж хөдөлмөрлөж, тэмцэж явсан, амьдралыг үнэ мөнгөөр хэмждэггүй, энэ сайхан орныг өдий зэрэгт нь хүргэж бидэнд өргүй хүлээлгэж өгсөн бидний ахмад үе. Тэд орой болгон зуны цэнгэг үдэш гадаа кино үзнэ, орой болгон далаад онд хувцасны загварын чиг хандлага ямар байсан түүнээс хоцрохгүйгээр хувцаслаж, үсээ янзлан, рокн ролл, нийтийн бүжиг аль алиныг нь чадамгай хийж наргина, цэнгэнэ. Гайхалтай залуу нас, гайхалтай сайхан үе. Тийм үе бидэнд байл уу? Тийм үе одоогийн залуучуудад байгаа болов уу?

Эхлээд аав, ээж хоёр минь өөрийн гэр оронгүй өвөөгийнд байв. Аав минь алс нутгийн хүүхэд, эхийн хайрыг тавхан наснаасаа хойш амсаагүй, настай аавынхаа хайр ивээл асрамжаас өөр өмч хөрөнгө гээд байх юм байхгүй. Хөдөөнөөс ахтайгаа хамт сургуульд орж ирэхээр нийслэл хотдоо хөл тавьж байхдаа өмссөн дээл, шинээр ижилхэн авч өгсөн саарал цувтай л орж ирсэн гэсэн. Аавын ах З.Сүрэнжав (Сүнжиг) ХААДС-д, аав АУДС-д томилолт аваад оюутан боллоо, өөрийн амьдралаа улсынхаа нийслэлд эхлүүлнэ гээд үнэхээр маадгар явсан гэсэн. Сүнжиг ах, зуны халуунд дээлэн дээрээ цуваа өмсчихсөн, аав болохоор эргэн тойрныг ажтал арай тэгж явж байгаа хүн харагдахгүй болохоор нь тайлаад сугавчилчихаж. Аавын ах З.Сүрэнжав сурсан эрдэм номоо төрсөн нутгийнхаа хөгжил цэцэглэлтэд зориулж, Хөвсгөл аймгийн Модны үйлдвэрийн даргаар он удаан жил нэр хүндтэй ажиллаж, залгамж халаагаа өөрийн шавь нартаа өгсөн, ой модны чиглэлийн ховорхон мэргэжилтнүүдийн нэг. Миний амьдралын, бага балчир насанд хүндлэгдсэн хамгийн дотнын хүний нэг. Дээд сургуульд байхдаа манайхаар их ирнэ, сургуулиа төгсөөд мэргэжил дээшлүүлэх гээд ирэхдээ ч, хожим МАХН-ын дээд сургуульд сурч байхдаа ч байнга  ирж, үлгэр ярьж, таавар таалгаж, хамт тоглож, гадуур дагуулж явдаг байж билээ. Би их өтгөн үстэй. Миний үсийг мод шиг гозойтол нь сүлжиж  өгнө, тэгж сүлжсэн үс арзайж муухай болохгүй гурав хононо. Сүнжиг ах минь дөрвөн сайхан хүүхэдтэй. Том охин С.Саран Санхүү эдийн засгийн мэргэжилтэй, удаах нь С.Жамьяншарав, нутагтаа бизнес эрхэлж байна, удаах охин С.Наран, манай Монголын рок попын нэрт дуучин,  бага хүү С.Жамьянпүрэв одоо АНУ-д ажиллаж амьдарч байна. Аав хоёр ах, хоёр эмэгтэй дүүтэй. Өвөө, аавыг дээд сургуулиа төгсөх дөхөхөөр нь гурван зуун төгрөг өгөөд миний хүү номоо хийх цүнх, аятайхан хувцас авч өмсдөө, сургуулиа ч төгсөх боллоо гэсэн гэдэг. Тэр өдөр аав эрт гэгч нь зах яваад, удаж удаж хоёр том ном сугавчилчихсан ирсэн гэдэг. Тэр хоёр ном нь одоо хүртэл манай дүүгийнд байдаг орос-англи, англи-орос, найман см-ийн зузаантай бичгийн А4 цаасны хэмжээтэй хоёр ширхэг толь бичиг. Өвөө, эмээ хоёр минь юу ч хэлэлгүй өнгөрсөн гэдэг. Тэр өдрөөс хойш аав зав л гарвал баруун хатавчинд шигдэж суугаад ёстой газар тэнгэр нийлж байсан ч хамаагүй чихээ сонингоор бөглөж аваад нөгөө хоёр том толь бичгээ А-Я хүртэл цээжлээд эхэлсэн гэдэг. Ингэж л аав минь жирийн нэг хөдөөний хүү өөрийн дотоод сэтгэлээ даган ихийг сурах далдын хүчээ нээж, эгэл нэгэн Монгол залуугаас дэлхийд данстай эрхэм болж НҮБ-д захирлын хэмжээнд хүрч ажиллаж, эх орныхоо нэр хүндийг өндөрт өргөж, Монгол хүний чадамжийг мэдрүүлж, араасаа олон Монгол хүмүүст НҮБ-д эх орноо төлөөлөн ажиллах алтан шаргал замыг дардан сайхан нээж өгсөн булган сүүлтэй нэгэн болсон билээ. Удалгүй аав минь Улаанбаатарт буцан ирж  Эрүүл ахуй халдвар нян судлалын институтэд халдвар судлаач эмчээр ажиллахаар болов. Төдөлгүй Чехийн Праг, Энэтхэгийн Дели, Английн Лийдс хотноо суралцаж, Эрүүлийг Хамгаалах Яамны гадаад харилцааны даргаар томилогдон ажилласан. Бидний амьдрал ч сайжраад ирсэн. Аав бид хоёрт хамгийн гоё хувцас, бохь, чихэр жимс авчирч өгнө. Ялангуяа Женевээс гүзээлзгэнэтэй бохь авчирч өгдөгсөн. Би хожим яг тийм бохь олж зажлах гээд олоогүй. Тэр үед оймсон түрийтэй гутал их модонд орж байлаа. Аав надад (би зургаан настай л байсан байх) оймсон түрийтэй гутал авчирч өгч ээжийн найз нар, танихгүй том хүмүүс шохоорхож гудамжинд намайг зогсоож хардаг байж билээ.

 

1972 он

Монгол Улсын Ардын Их Хурлын дарга Жамсрангийн Самбуу 1972 оны тавдугаар сарын хорины өдөр хорвоогийнмөнх бусыг үзүүлж Монголын ард түмнийг бүхэлд нь уй гашуу нөмөрлөө гэж томчуул ярьж байсныг санаж байна. Би хүртэл таван нас арай хүрээгүй жижигхэн охин нэг том дарга байхгүй болж, тэр нь үнэхээр харамсаад баршгүй уй гашуу, цаашид хүн болгон амьд явахад хэцүү болж байгаа юм байна, нэг ёсны Монголын ард түмний эцэгтэй зүйрлэхүйц тийм том, мундаг хүн юм байна гэж ойлгож, бас хэрэндээ хэрэгт дурлаж, том хүмүүсийн үгийг чагнаж загнуулж байж билээ. Тийм ээ, эх орон даяар минь юу болж байсныг, ямар мэдээ явж байсныг бяцхан охин би яаж мэдэх билээ. Ямартай ч манай хашаанд тэр үйл явдлын нөлөө асар их байсан гэдгийг санаж байна. 2014 онд Ш.Сүхбаатарын бичсэн "Монгол төрийн мэргэн өвөө" номонд манай төр засгийн нэрт зүтгэлтнүүдийн сонин дурсамжууд гарсан бөгөөд номын нээлтэн дээр Ерөнхийлөгч асан П.Очирбат "Самбуу судлалд хязгаар төгсгөл гэж байхгүй. Хөгшин залуугүй түүн шиг болохыг хичээцгээе" гэж хэлсэн юм.

1973 он 

1973 оны зун бид гэр бүлээрээ, дөрвүүлээ Хөвсгөл аймагт амрахаар явав. Сүнжиг ах маань Хөвсгөл аймгийн модны үйлдвэрийн дарга, биднийг сүртэй угтаж авав. Тухайн үед хамгийн “сайн жип нь” УАЗ 469 машин байсан. “Жийп” гэж ямархуу машин байдаг талаар ямар ч төсөөлөл хэнд ч байдаггүй байсан үе. Онгоц Мөрөнгийн онгоцны буудалд бараг талд шахуу газардав. Тэр үед онгоц буух зориулалтын зам байхгүй байлаа. Онгоцноос буухад ах, дүү нар маань бүгд тосч  авлаа. Анх удаа хөдөө нутагт очиж байгаа болохоор их сонин гоё байв. Ширээ дүүрэн идээ будаа гадаа задгай засчихсан, үхэр, хонины мах, тарваганы боодог, ямааны хорхог айраг, цагаа, сүү, монгол хүний бахархдаг эрч хүчээ авдаг бүхий л хоол, амттан бэлдсэн байлаа. Хөдөө явахад ингэж л угтдаг, ийм л байдаг, ийм л  байх ёстой гэсэн ойлголт тэр үеэс төрж үлдсэн юм. Саран эгч, Наран бид гурав их тоглоно, гол төлөв их нугарч тоглоно. Саран эгч мандолин хөгжим их гоё тоглоно. Пүжи, Жаамай хоёр гадуур явж явж өлсөж, цангасан хоёр халтар юм орж ирнэ. Бид удалгүй “Түнэл”-ийн амралтад очиж амрав. Дүү бид хоёрыг амралтын цэцэрлэгт өгөв. Цэцэрлэгт явах их дургүй, эсэргүүцлээ илэрхийлж эхэлнэ дээ. Ялангуяа би их зөрүүд, шазруун хүүхэд байсан. Цэцэрлэгт явахгүй гээд л орилоод ноцолдчихно. Хөөрхий тэр багшийг их ядраадаг байсан шүү. Багшаасаа уучлалт гуйхыг хүсэж байна. Тэгээд унтахгүй гэнэ, гарна гэнэ. Багш хаалгаа түгжээд түлхүүрээ авчихна. Яг тэр үед надад бол үнэхээр муухай байсан. Би зүгээр л хүүхдийн ааш, авир гарган аав, ээжтэйгээ байх гэж тэднийг дагаж тийм зан гаргаагүй. Энэ бол тэр нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч чадахгүй байсны илрэл, миний дотоод эрх чөлөөний төлөө тэмцэл байсан. Даанч аав, ээж түүнийг минь ойлгохгүй, аль болохоор хэдэн хоног ч гэсэн чөлөөтэй сайхан амрахыг бодож байсан байх. Аргагүй шүү дээ залуу хүмүүс. Өдөр нь амрагчид  бэсээдэнд /беседка/ цуглараад даалуу, хөзөр тоглоно. Мөн резинэн дугуйг шон руу шидэж углаж тоглоно. Ширээний теннис, сагс, хөл бөмбөг, гар бөмбөг их тоглоно. Зарим нь барилдаж хүч хаваа гайхуулна. Их сонирхолтой, гоё байсан. Өглөө нь бүгд гимнастик хийнэ. Энэ бүгд Холливудийн “Dirty dance (Бохир бүжиг)” гээд киноны үйл явдалтай төстэй. Тэр үйл явдал ч гэсэн бас яг тэр он цагт болж байсан юм билээ. Би “Сэрэлт” киноны Думааг дуурайгаад л жүжиглэж өгнө. Бүх хүмүүс тоглоомоо орхиод намайг харахаар ирдэг байж билээ. Хэрэв сайн жүжиглэж олон кино ярьж өгвөл би тэд нартай удаан байна, цэцэрлэгт намайг явуулахгүй байдаг байв. Тэр зун маш сайхан өнгөрсөн.    

1973 оны есдүгээр сарын арван. Сэтгэлийг эмзэглүүлсэн хар өдөр мэтээр санагдаж байна. Зарим хүмүүс уйлан гашуудаж байсныг ч би сайн санаж байна.Тэр нь Чили Улсын тавин зургаа дахь Ерөнхийлөгч Сальвадор Альендэ \Salvador Guillermo Allende Gossens\ Кубын Хувьсгалын лидер Ф.Кастрогийн\Fidel Alejandro Castro Ruz\бэлэглэсэн “Калашников” автоматтайгаа “Ла Монеда” Ерөнхийлөгчийнхөө ордныг хамгаалж эр зоригтойгоор, жинхэнэ төрийн тэргүүн гэдгээ харуулан  амь насаа алдсан өдөр байсан юм. Түүний автоматан дээр алтадсан сийлбэрээр: "Нэг зорилгод өөр замаар хүрэхээр явж буй миний найз Сальвадор-т Фиделээс” гэж бичсэн байдаг. Хожим Сальвадор Альендэг өөрийгөө буудсан гэсэн шүүхийн дүгнэлт гарсан байдаг. Ерөнхийлөгчийнхөө ордныг өөрийн биеэр хамгаалж, ажлын байран дээрээ байлдаж байгаад эцсийн амьсгалаа дуустал ганцаараа тэмцэн “удирдагч” хүн ямар байх ёстойн үлгэр дуурайл болж чадсан XX зууны цорын ганц Ерөнхийлөгч болов уу. Өнөөдөр “Ла Монеда”-гийн талбай дээр түүний ордон руугаа харсан хөшөөг Чилийн ард түмэн хүндэтгэн дурсаж,сүндэрлүүлэн босгосон. Түүний 1973 оны есдүгээр сарын арван нэгэнд радиогоор ард түмэндээ хандаж “... агуу их өргөн чөлөөгөөр чөлөөт хүмүүс илүү сайхан нийгмийг цогцлоон байгуулахаар хожим бус харин тун удахгүй алхах болно. Миний энэ алхам нь хулчгар болон эх орноосоо урвасан гэмт хэрэгтнийг шийтгэх ёс суртахууны сургамж болно гэдэгт итгэлтэй байна” гэж хэлсэн үг бол хамгийн сүүлийнх нь үг байсан юм.Тухайн үед хүүхэд бидний сэтгэлд хүүхдийн сайн сайхны төлөө гэсэн сайхан сэтгэлтэй  эмч хүн, Чилийн бүх хүүхдүүдэд өдөр болгон сүү өгдөг, тийм гоё хүн гэж хадагдан үлдсэн юм. Тэр үед байдаг байсан доктор Сальвадор Альендэгийн зургийг нь харахад нүдний шилтэй эрдэмтэн хүн шиг харагддаг байж билээ. Дараа нь “Сантьяго”-ийн стадионыг хорих лагерь болгон Чилийн мянга мянган иргэдийг хэлмэгдүүлсэн. Түүний дотор бидний мэдэх Виктор Харагийн \Victor Lidio Jara Martinez\ хуруунуудыг автоматын бөгсөөр бяцалж тамалж алсан. Хэдий тэр хүн хорвоогоос зэрлэгээр амь насаа алдан хальсан ч түүний эрх чөлөөний дуу хоолой үүрд цуурайтан “Эрх чөлөөг өргөст тороор хааж чадахгүй” гэдгийг дэлхийд мэдрүүлж чадсан билээ.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ...

/Хуулбарлахыг хориглоно/

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
бямбааа(59.153.84.210) 2020 оны 01 сарын 08

АУ-ны доктор цолтой эмч хүн МӨӨМ ИДНЭ гэж ярьж бичихээр Цолмон гэх хүнийг ДОКТОР гэх үү ДООГТОЙ ТЭР гэхүү. ИЧМЭЭР ЮМ. ДООГ ТОХУУ хиймээр ”АМЬТАН” байна.

0  |  0
зочин(202.9.46.222) 2019 оны 12 сарын 18

ааваараа бичүүлж дээ аав нь нуль секс бичдэг шд

0  |  0
Top