Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | Эмээгийн ертөнц

2020 оны 04 сарын 08

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.


1983

15.Эмээгийн ертөнц

1986 оны нэгдүгээр сарын хорин зургааны өдөр АНУ-ын НАСА-ийн Шаттль Челленжер агаарт хөөрснөөс хойш далан гурван секундын дараа дэлбэрч багийн долоон сансрын нисгэгчид амь насаа алдлаа. Энэ мэдээ дэлхий даяар цацагдаж, хүмүүсийг түгшээв. Бүгд харамсч байлаа. Тэнд явсан эмэгтэй нисгэгчдийг өрөвдөж байлаа. Ямар их баясгалантай хөлгөндөө суухаар тэд явж байлаа, эргэн эргэн хараад цаашаа явж байсан дүр зураг нь нүдний өмнө байнга харагддаг юм. АНУ-ын пуужин муу юм байна. ЗХУ энэ салбарт тэргүүлж байна гэсэн ойлголт бидэнд байв.

Ажил амьдрал маань хэвийн үргэлжилсээр бид цагаан сартай золгов. Цагаан сараар бид эмээгийндээ очиж битүүрдэг байв. Цагаан сарыг албан ёсоор тэмдэглэдэггүй, бараг хориотой, хөдөөд “нэгдэлчдийн” баяр гэж нэрийддэг байсан үе. Цагаан сарын ажлын өдрүүдэд ажлын цагийг маш сайн бүртгэж, намын хурал семинар, сонсгол, шуурхайг зориудаар зохион байгуулдаг байв. Аав, ээж нар маань яг цагтаа очиж, бүхий л зохион байгуулагдаж буй үйл ажиллагаанд нь оролцоод тараад эмээгийнд ирнэ. Автобус явахгүй, хажуугаар нь гадаа тэсгим хүйтэн. Битүүний өдөр учир гэртээ жаал зугаа юм авчихсан хүмүүсээр автобусны буудал дүүрчихсэн байна. Автобус ирэнгүүт бүгд гүйлдэж чихцэлдэж, тэмцэлдэж, хүчтэй бяртангуудын тэмцээн шиг юм болно. Автобусны жолооч тэгэхээс тэгэх гэсэн юм шиг автобусны буудал дээр хурдаа нэмж ирээд л хүмүүсийг дайрчих гэж мурийснаа автобусны буудлаас нэлээд хол, өнгөрөөж байж зогсоно. Энэ тохиолдолд ойрхон байсан хүн, эсвэл хурдан гүйдэг нь залуу чадалтай нь арай гэж орж амжина. Амжихгүй бол дахиад л хөлдөтлөө хүлээнэ. Автобус ирнэ гэж байхгүй. Очиж бууз, хоол цайгаа чанах гээд хэдийгээр цагаан сарыг тэмдэглүүлдэггүй байсан ч айл болгон бэлэг дэмбэрэлийг бодож идээ, ууц, шүүсээ базаан настан өтгөсийндөө цугларч битүүрнэ. Эмээ минь ууцаа чаначихсан, таваг тариагаа  засчихсан, буузаа тавихад бэлэн сууж байдагсан. Баабаагийнхан, манайх зэрэг шахуу орж ирнэ. Ээжийн дунд болон том ах нар нь өөрсдөө цагаан сар тэмдэглэдэг учир бидэнтэй битүүрдэггүй байв. Бид орж ирээд цай цуй болон, эмээ ууцныхаа сүүл хэсгээс бага зэргийг хутгаар илэн авч галдаа өргөөд, бурхандаа тавин, хурцалж ирэлсэн чинжал хутгаа тэнд байгаа хүмүүсийн ахмад болох бага хүү Баабаа ахад өгнө. Баабаа маханд ёс журмын дагуу хүрч бусдад өгнө. Эмээ минь битүүний буузандаа шагай, торгоны өөдөс, сувд, сүүл, тойгны яс хийгээд жигнэчихнэ. Битүүний буузыг зөвхөн халуун ам бүлдээ, битүүрэх хүмүүстээ л зориулна. Бид азаа үзэх гээд тэр жилийнхээ өнгийг тодорхойлох гээд л уралдаад иднэ дээ. Шагай авсан хүний ажил үйлс бүтэмжтэй, санасан хэрэг нь бүтэж ажилдаа ахиц гаргана, торго авсан хүн эд баялгаар дүүрэн, элбэг дэлбэг байна, сувд авсан хүн эрдэм, номтой, амжилт бүтээлээр дүүрэн байна, сүүл авсан хүн хоол хүнсээр дутахгүй, тойгны яс авсан хүн хөөрхөн хүүтэй болно гээд л бүгд дор дороо нэгийг бэлгэдэнэ. Бид авсан, аз таарсан юмандаа их баярлаж, очоод бурхныхаа өмнө тавьдагсан. Тэр үед айл ил бурхан залж тавихгүй, гэхдээ манайх өвөөгөөс минь залгамжилж ирсэн өөрийн шүтээн бурхантай байв. Мөн том гээчийн бурхан багшийн алтадсан бурхныг Энэтхэгт анх очихдоо аравнайлуулан залсан юм. Эмээгийнх маань жижигхэн дөрвөн ханатай гэртэй. Нөгөө л өвөөгийн байх үеийнх. Эмээгийнх хоймортоо хоёр ширхэг модон авдартай. Тэр авдар эмээд минь анх өрх тусгаарлахад нь л өвлөж очсон авдар, маш чамин хээтэй. Будаг нь нэг л цаанаа гоё, зарим нь боронзтой. Би тэрийг хараад л суудаг байж билээ. Тэгээд бас ийм будаг байдаг байх нь ээ гэж боддог байсан. Хожим ээж тэр авдрыг нь гоё болгож будгийг нь сэргээнэ гээд нөгөө хээг минь алга болгочихож билээ. Нэг өдөр би аавынд ороод ирсэн чинь сүүлд аав ээж хоёр ирээд эмээ хамт байх болсон юм, настай ч болсондоо эмээ минь, нэг залуу буруу харчихсан л эмээгийн минь авдрыг оролдоод сууж байна. Би “Та юун хүн бэ, юу хийж байгаа юм” гэтэл ээж цаанаас гарч ирээд эмээгийнх нь авдрыг энэ хүү гоё янзлаад өгье гэсэн. Мундаг зураач хүү байгаа юм гэлээ. Тэгээд цаашаа очоод би мөнгийг нь өгчихсөн гоё болноо гэв. Би ч “Ээ, мэдэхгүй дээ, яг тийм будаг мудаг нь байгаа юм уу, эртний юм чинь ингээд байвал яасан юм бэ” гэвэл. Өнгөгүй муухай байнаа, гоё болгоно гэсэн гэв. За, за мэдэж байгаа юм байлгүй гээд бодлоо. Гэтэл нэг л сонин оргиод нөгөө залуу дээр яваад очлоо. Хуучин хээг нь яаж цээжилж байгаа юм болоо, яг л тэр хээг нь сэргээвэл гээд очтол нөгөө залуу маань аль хэдийнэ бодийг нь хөтлөөд нэлийсэн улбар шар будгаар будчихсан байдаг юм. Би “Та хээгээ санах юм уу? Одоо яанаа гэв”. Нөгөө залуу  дуугай л байлаа. Тэгээд нэг хээ тавьсан нь болоогүй юм уу, түүнийгээ дарж дахин улбар шараар будаад одоо нэг улбар шар авдар л байдаг юм. Хөгтэй ч юм шиг. Одоо ээж дотор нь нандин юмнуудаа хийгээд хадгалж байдаг юм. Тэр хоёр авдарны баруун талын авдар дээр томоос том цагаан шаргал өнгийн Оросын “Восток” гэдэг транзистер радио байна. Өглөө болгон намайг  “Замын голоор алхалсан цагдаа ах аа, сайн байна уу?” гээд л хүүхдийн цоглог хоолойгоор дуу сэрээнэ. Унтах болгонд Төрийн сүлд дуулал яваад биднийг гүн нойронд минь нойрсуулна. Өглөөний сүлд дууллаар эмээ минь сэрж галаа түлнэ. Ганц сонсч мэдээлэл авдаг байсан хэрэгсэл нь тэр радио юм. Айл болгон шугамын радиотой заавал байхыг шаардана, хороо хориноос ирж шалгана. Шугамын радиогүй бол торгууль тавина. Транзистертай байсан ч хамаагүй заавал шугамын радио шаардана.Түүнийгээ унтраана гэж байхгүй хорин дөрвөн цаг асаалттай. Эмээгийнд зурагт байдаггүй байсан. Хоёр авдарны голд эмээгийн бурхан тахил байдаг байв. Эмээ гарын дүйтэй хүн гуйж байгаад нүүрний шил нь хоёр тийшээ гүйдэг  жижигхэн сервант шиг юм хийлгэж билээ. Юм их хомс байсан үе шүү. Өөрсдөө юм хийж чадахгүй, гаднаас оруулж ирэх юм нь тоотой. Хуучны гүнгэрваатай бурхадаа дотор нь хийж залсан байв. Өдөр бүр тоосыг нь тусгай алчуураар арчина. Жижигхэн хөөрхөн долоон ширхэг цөгцөнд ус хийж тахил тавьж оройдоо усыг нь сольж сайхан цэвэрлээд хөмөрч өглөөд шинэ ус хийж тавина. Усыг нь юүлэхдээ доороос нь дээш дэс дараатайгаар юүлээд, гурван давхар болгож өрөөд тавина. Усыг нь хийхдээ дээрээс нь доош ус хийж хооронд нь амсраар нь харшуулахгүйгээр дунд нь ижил хэмжээтэй зай гаргаж тэгш хэмтэй байрлуулна. Өглөө, орой болгон зуун найм мөргөж босож сууна. Тэр эмээд минь их биеийн тамир болдог байсан байх. Өдөрт хэдэн мянган маань уншина. Би түрүүнд нь дурдаж байсан даа. Би бас дуурайгаад хэсэг маань эргүүлдэгсэн. Зүүн талын авдран дээр манай том жааз. Хуучны зураг их олон. Би жаазыг  манай Монголчуудын л сэдсэн зүйл гэж боддог байсан чинь Оросуудаас цаашилбал Европоос гаралтай юм билээ. Оросын хөдөө тосгонд айл болгон жаазтай, мөн ороо хураагаад хөнжлүүдээ дөрвөлжлөн эвхээд тавьчихна. Цагаан утсаар “кружива” гэдэг байхаа тор нэхээд орныхоо урдуур унжуулна. Орныхоо ард хивс эсвэл аравч өлгөнө. Айлууд ер нь нэг загварын байсан санагдана. Оросод хөдөө тосгонд яг л тийм байсан юм билээ. Эмээ хааяа жаазан дахь зургаа солино. Би “Яаж байгаа юм бэ, дурсгалтай” гэхээр “Энэ их олон үхсэн хүний зургаар яах вэ дээ” гэнэ. Тэгээд өвөөгийн минь том жаазтай зураг байна. Радио дээр хоёр галуу байдаг байсан. Манай хоймор их жижигхэн гэхдээ л бид бүгд багтчихаад байдаг байсан даа. Жижигхэн явган ширээтэй. Ширээ маань байнга цэмцийсэн цэвэрхэн. Ширээ зуух хоёрын хооронд жижиг цагаан “мечта” плитка байна. Түүн дээр хөнгөн цагаан том данх байнга цайтай байна. Данхны ам хэзээ ч үүд рүү харж болохгүй, хойшоо аль эсвэл гэрийн эзэгтэй тал руу харна. Монголчууд тэр үед шингэн их бага уудаг байсан юм шиг байгаа юм. Одоогийнх шиг ус ууна гэж байдаггүй, хэрэв хар ус ууж байх юм бол “модоо барина, муу ёр” гэдэг байсан. Хэзээ ч хүнд хар ус өгдөггүй. Сүүтэй цай шинээр заавал чанаж өгнө, сүү байхгүй бол ядаж сайхан аагтай хар цай чанаж өгнө. Хүнд цай аягалж өгөхдөө үүд рүү харуулж хийхгүй. Аягаа зөв барьж хоёр гараараа ханцуйгаа урагшлуулж байгаад өгнө. Эхлээд заавал гэрийн эзэндээ дээжийг нь өгөөд дараа нь ирсэн зочдын хамгийн ахмад хүнд, дараа нь эрэгтэй, эмэгтэй, хүүхэд гээд дэс дараатай өгнө. Хүнд цай аягалж өгөхдөө заавал шинэ марлиар эхлээд нүдэн дээр нь аягаа арчиж өгнө. Тавгийн идээгээ заавал сэлбэж байж хүнд тавина. Цайгаа өгсний дараа асуухгүйгээр гал өрдөж хоол хийж өгнө. “Асуухаар асга” гэж үг байдаг. Тийм учраас хэзээ ч хоол идэх үү, үгүй юу гэж асуухгүй. Эр хүн орж ирвэл шимийн юм, эсвэл нэг шил юм заавал задална даа. Яг халуун хоолон дээр дараагийн зочин орж ирээгүй  бол дахиад л хоол хийж өгнө. Ширээн дээр аяга тавгийг өрөөстэй удаан байлгахгүй. Нэгдүгээрт ариун цэврийн хувьд таатай биш, хоёрдугаарт өр ширэнд орно гэж хэлдэг байв. Зуухандаа, галд элдвийн юм хүргэхгүй “гал бузартчихна” гээд. Тос өөх арчсан цаас л биш бол өөр цаас, юм галд хийхгүй. Манай зуух жижигхэн мөртлөө маш сайн халдаг хөөрхөн зуух байв. Байж байгаад яндангаа хөөлнө. Яндангаа сайхан арчина. Зуухны урд талд түлээний дөрвөлж байна. Мөн их удсан дөрвөлж дөө. Байнга модоор дүүрэн. Дөрвөлж хоосон байхад эмээ  их дургүй байдаг. Зуух дөрвөлж хоёрын дунд галын хайч, галын сэтгүүр байрлах урт гонжгой төмөр сав байна. Галын хайч ангалзуулж болохгүй. Зуухны амыг байнга хаалттай байлгана. Эмээ минь модоо хорин таван см-ийн хэмжээтэй жигд хөрөөдөөд хагалаад тавина. Тэрнээс том бол манай зууханд багтахгүй гоё гал болохгүй. Гал асаахдаа их уран. Модыг хутгаар жижиглэн цуулж шүдний чигчлүүр шиг нарийн зороод, цаасыг орлуулж гал асаахад хэрэглэнэ. Ингэж асаавал хөө тортог багатай, бас зөвхөн хуурай модны үнэр л гарна. Угаасаа тэр үед цаас сонин их ховор байдаг байсан юм. Бүүр хэрэглээд дууссан хичээлийн дэвтэрүүдээ л авчирч өгнө. Номыг урж шатаана гэсэн ойлголт байхгүй. Зар сурталчилгааны материал гэж байх биш. Сонинг ч хааяа хүний зурагтай бол шатаахад хэцүү. Гэрийн баруун хатавчинд нүүр гарын хөнгөн цагаан төмрийг гагнаж хийсэн угаалтуур байна. Өглөө босоход шөнө унтахад эмээ ус халаагаад хийчихнэ. Ус доошоо наймын төмөр хувинд юм уу, эсвэл арвын том сияан паалантай хувинд гоожно. Дүүрэхээс өмнө гаргаж муу усны нүх рүү хийнэ. Жорлонгийн хажууд угаадсаа хийх тусгайлан ухаж бэлдсэн муу усны нүх байдаг байсан юм. Хэд хоноод л ариун цэврийн станцаас явж байна гээд муу усны нүх, жорлонг шалгана. Буруу хийгдсэн эсвэл бохир байвал торгууль тавьчихаад яваад өгнө. Дээшлээд хувцасны жижигхэн шкаф байна. Тэнд бүх юм багтчихна. Тэгээд модон ор. Тэр орон дээр гол төлөв Пүжи бид хоёр унтана. Өөр хүн ирж хонохгүй.Гэрийн баруун хатавчинд гал тогооны шүүгээ. Манай таваг тариа, аяга шанага байрлана. Тэгээд эмээгийн модон хээтэй монгол ор. Ор, авдар хоёрын дунд гурвалжин зай гарна. Тэрийг агуулах маягаар ашиглачихна. Эмээгийн минь гэр ийм л байсан. Ер нь нийтлэг Монгол айл нэг иймэрхүү дотоод зохион байгуулалттай байсан байх. Гоё байж дээ. Бүх юм нь цаанаа л нэг тос даасан нүнжигтэй нүдэнд дулаахан. Одоо бүх юм гял цал үнэтэй юм шиг мөртлөө, цаанаа нэг л шингэцгүй. Сайхан монгол ёс заншил үгүйлэгдэж л байгаа юм даа.

1986 оны 4 дүгээр сарын 26. Энэ бол Оросын ард түмний хувьд хар өдөр байв. “Чернобыльская катастрофа”, Чернобылийн осол нь атомын цахилгаан станц дээр гарсан дэлхийн хамгийн том гамшиг юм. Учруулсан эдийн засгийн болон хүний эрүүл мэндийн асуудлаараа нөхөж баршгүй хор хөнөөл авчирсан, одоо ч уршиг илэрсээр байгаа гамшиг юм. ЗХУ тухайн үедээ арван найман тэрбум ам. долларыг зарсан. Олон улсын цөмийн зэрэглэлийн ангиллаар долоодугаар зэргийн буюу дээд хэмжээний зэргийн гамшиг байв. Осол болох үеэр гучин нэгэн хүн газар дээрээ халуун амь насаа алдаж таван зуун мянган хүн хорт нөлөөнд автагдсан байна. Тэр үед цөмийн аюулын хор нөлөөг төдийлөн жирийн ард иргэд ойлгохгүй, түүнээс гарч болох хор хөнөөлийг үнэн зөвөөр нь ард иргэдэд ойлгуулах хүсэл, бодлого тухайн үеийн удирдлагуудад байсангүй. Жирийн галын осол мэтээр ойлгуулж, олон мянган иргэд сайн дурын сэтгэлийн тусламжийг өгөхөөр Чернобылийг зорьж давхар өртөлтөд орж байлаа. Оросын Ардын жүжигчин А.Б Пугачёва “Биднийг тийшээ явж дуул, зүдэрсэн ард түмний сэтгэлийг дэмж гээд л явуулсан болохоос та нарт ийм хор хөнөөл ирж магадгүй шүү гэж огтхон ч анхааруулж хэлж байгаагүйд гомддог” гэж хэлсэн байдаг. Тэрбээр “Зүгээр л бидэнд хор уршгийг нь урьдчилан сэргийлэх байдлаар л хэлчихсэн бол болно шүү дээ, бид тэртээ тэргүй явах л байсан, бидэнд тийм зүрх сэтгэл ямагт байсан” гэж хэлсэн билээ. Тиймээ, энэ бол зөвхөн Орос орон Украйн биш бүхэлд нь баруун Европыг хамарсан гамшиг байлаа.

Монгол оронд  социалист нийгэм төлөвлөгөөт бүтээн босголтоо үргэлжлүүлэн хийсээр байлаа. Монголын цөөхөн ард түмэн маань өвөг дээдсийнхээ үеэс бүгд харц, баянгүй, мэргэд, ухаантан байсан гэж би боддог юм. Гартаа зэвсэггүй, ядуу буурай цөөхөн ард түмэн тэр их газар нутаг, агуу их соёлын өвийг дайснаас хамгаалж, хадгалж хойч үе бидэндээ өвлүүлж өгсөн нь тэдний ухаан тэнэгэр, мэлмий нь хурц, үг нь цэцэн, нүүдэл нь оновчтой, үйлдэл нь хурдтай, сонор нь сэргэг, бодол нь мэргэн байж, эх оронч үзлийг жинхэнэ утгаар нь зүрхэндээ тээж, цусаараа урсгаж ирсний их гавьяа гэж боддог юм.

“Цагаан цасанд

Ухааны нь барж буулгаагүй

Цагийн урт

Уургы нь халж хүчрээгүй

Нүүр бардам түүхтэй

Сүүрс алдам нутагтай

Нүүж ч чаддаг, бууж ч чаддаг” (З. Жадамба “Шатар заалгахгүй монгол” )

Нүүдэлчин Монголын өтгөс дээдэс л миний Монголын хүчирхэг түүхийг тэрлэсэн юм. Шинэ Монголыг шинэ бичиг үсэгтэй болгох ажилд идэвхийлэн оролцож кирилл үсэг дээр суурилсан гучин таван цагаан толгойн үсгийн дүрмийг зохиосон, манай нэрт эрдэмтэн зохиолч, академич Цэндийн Дамдинсүрэн гуай 1986 оны тавдугаар сарын хорин долоонд нас нөгчив. Бидэнд А.С Пушкины бүтээлүүдийг эх хэл дээрээ төрөлх орос хэлтэй хүн уншиж байгаагаас ч уран сайхнаар хөрвүүлэн агуу их Оросын яруу найргийн гайхамшгийг мэдрүүлж өгсөн их зохиолч. Эх оронч үзлийг нь үндэсний үзэл гаргалаа гэж оношилж нэгэн цагт хэлмэгдэж байсан хөөрхий ард. Эрдэмтэн хүн бол хэзээ ч дуусдаггүй, байнга байж байдаг оюуны дайнд ямагт байлдаж байдаг эх орны цэрэг юм. 

16. Эрхүүгийн амьдрал

Бид сургуульдаа явах цаг ойртож байлаа. Энэ удаа бид хоёр зайлшгүй хэсэг хугацаанд салахаас өөр аргагүй боллоо. Би эхлээд Очийгоо Алтан Москвагийн зүг гаргаж өглөө. Аав, ээж, ах дүүгийн хажууд байнга гараасаа бариад байж болохгүй байв. Тэр үед ёс зүй, эх захаа хүндлэх, олны газар биеэ авч явах нь одоогийн залуучуудын ойлголтоос арай өөр ойлголт, хүмүүжил байсан юм. Сэтгэлийн нандин учгийг гадагш гарган илэрхийлэхээс илүү дотоод сэтгэлдээ шингээн барьж хашдаг байлаа. Бид хоёрын бие биеэ гэх сэтгэл тэмүүлэл өөр Очийг минь гэх эхийн хайр, ах эгчийн энэрэл бас өөр. Аль аль нь хүчтэй сэтгэлийн холбоо, яг ижилхэн эрхтэй, гэхдээ яг тэр мөчид минийхээс илүү нөгөөдөх нь давуу эрх эдэлдэг юм билээ. Харин хүний гэргий байвал хэнээс ч давуу эрхтэй болдог юм байна гэдгийг би ойлголоо. Оч минь явлаа.

Тун удалгүй Очоосоо сураг ч сонсч чадалгүй, би өөрөө явах болов. Бид олуулаа явж байлаа. Маш олон хүүхдүүд Эрхүүгийн улсын их сургууль, Политехникийн их сургууль, Улс ардын аж ахуйн их сургууль, орос хэлний бэлтгэлд явж байлаа. Манай Эрхүүгийн анагаах ухааны их сургуульд арай цөөхөн. Манай сургуулийг төгссөн хүүхдүүдээс ихэнх нь нэр төртэй эмч, эрдэмтэд, удирдагч нар болсон. Аав, ээж маань, миний хүү удахгүй Оч дээрээ очноо, харин сайн сурах хэрэгтэй, мэрийж байж л чи очно гэж хэлээд үлдэв. Хүүхдүүд бөөн хөөр баяртай, хоорондоо тоглоод л найр наадам шиг л юм болж байлаа. Ихэнх нь гэр орноосоо анх удаа гарч тэр тусмаа гадаад орон руу явж байгаа. Залуу халуун насны ааг омог, сэтгэл хөөрөл, эрч хүч, эрх чөлөөг мэдэрч явсан хүмүүс.

Бид сургууль дээрээ ирэв. Сургууль маань яг Ангар мөрний эрэг дээр, байгалийн үзэсгэлэнт сайхан газар байрладаг байв. Бидний байрлах оюутны дотуур байр сургуулиас зуу, хоёр зуун метрийн зайтай “Улица Красного Восстания” гэдэг гудамжинд байрладаг байв. Би зургаан номерын оюутны дотуур байрны хоёр давхарт хоёр зуун зургаан тоотод орлоо. Тэр өрөөнд Ариунцэцэг бид хоёр оров. Бас хоёр буриад охин байдаг юм байна.  Тэд нар хараахан  ирээгүй байв. Би ханан талын орон дээр, Ариунцэцэг цонхон талын орон дээр унтахаар болов. Өрөө маань уртаашаа таван метр, өргөнөөсөө дөрвөн метр орчим өрөө байсан. Дотор нь ердөө дөрвөн төмөр пурштэй ортой. Би тэр даруйдаа гарч нэг банз, шкафны тал хаалга олж ирээд пуршныхаа доор тавьчихав. Тэгсэн их аятайхан боллоо. Банз тавиагүй байхад би өөрөө холбироод тавьсан юм бөмбөрөөд байсан юм. Ор болгон жижигхэн модон шүүгээтэй. Заримыг нь цагаан, заримыг нь саарал өнгөөр будсан байв. Тэгээд нэг хоолны ширээтэй. Бид сандал олж ирэв. Миний ор бол миний газар нутаг, тусгаар тогтнол байлаа. Орон дээрээ унтана, орон дээрээ хичээлээ хийнэ, орон дээрээ хоол ундаа ууж иднэ. Орон дээрээ юу ч хамаагүй тавьж болно. Бусад нь хүний ор, нийтийн хэсэг. Бид ороо өрөөнийхөө хойд хэсэгт зайчилж байрлуулаад наагуур нь хөшиг татчихдаг байв. Өрөөнд орж ирэхэд шууд ор харагдахгүй бас нэг өрөө маягийн. Өөрөөр хэлбэл өрөөгөө хоёр хувааж байсан юм. Наад хэсэгтээ цай хоолоо идэх зориулалттай, мөн хүн орж ирсэн ч цаана орон дээр хэвтэж байгаа хүн харагдахгүй болов. Тэрүүхэн тэндээ тохижоод авав. Надад бол ор минь л байхад болдог байсан. Бид шинэ оюутнууд болохоор эрт ирсэн байлаа. Хуучин оюутнууд буюу дээд курсынхан ирээгүй байв. Манай  оюутны байрны дарга Паша гэдэг тавдугаар курсын оюутан залуу миний хамгийн эхний танилцсан хүн. “Хаанаасаа хаалгачин” гэж байрны дарга ямар өрөөнд оруулах, хөнжил, гудасны цэвэрхэн даавуу авахаас эхлүүлээд тэр мэддэг юм байна. Манай монгол оюутнуудад их сайн. Манай оюутнууд бас жижиг наймаа хийж хэрэгцээтэй юмаар нь хангадаг байв. Ер нь Монголчууд хаа явсан газраа алзахгүй, найз нөхдийн хүрээлэлтэй, хүссэнээрээ амьдарч чаддаг улс. Манай хүүхдийн эмчилгээний оюутны байр нэлээд зайтай газар байсан. Сувдаахүүхдийн эмчилгээний анги учир тэнд байрлана.Сувдаа Батаагаа Монголд орхиод ирсэн, ерөөсөө дасч идээшихгүй, их зовж байна гэв. Батаа Монголд цэргийн сургуульд сурдаг байсан юм. Сувдаа буцаж явмаар байна гэсээр байгаад Монгол руугаа шилжээд яваад өгч билээ. Сувдаа маань манай нэрт эрдэмтэн, гистологич М.Онолбаатар багшийн охин юм.

Хичээлийн шинэ жил эхэллээ. Манай ангид Болормаа бид хоёр хуваарилагдав. Болормаа гээд ажиллаж байгаад орсон өндөвтөр цагаан шаргал охин байсан. Их дөлгөөн, нуруутай сайн охин. Эхний хичээл химийн хичээл оров. Бид таваас зургаан төрлийн хими, гурван төрлийн физикийн хичээл үзнэ. Манай анги арав орчим хүүхэдтэй байсан шиг санаж байна. Болормаа бид хоёроос бусад нь Орос, Бурят, Якут хүүхдүүд байлаа. Сибирын өнцөг болгоноос ирсэн хүүхдүүд байв. Тэр үед ЗХУ бага ястан үндэстэн, хол хязгаар нутгийн боловсон хүчний бодлогыг дэмжих үүднээс бага онооны босго тогтоон тэндэхийн хүүхдүүдийг авдаг байв. Зарим нь үнэхээр сурч чадахгүй, дийлэхгүй улирна, буцна, зарим ч сайн сурна. Манай ангийнхан дороо л бие биентэйгээ дотносож ангийн сайхан андууд болцгоов. Манай ангийн хүүхэд болгонд нэг нэг цогцос хуваарилж өгөв. Ясныхаа анатомын нэр томъёг хичээл дээрээ бүгдийг цээжилж амждаггүй учир, гуйж бичүүлж байгаад ясаа гэртээ авч явна. Нөгөө ясаа өвөртлөөд л унтаад байна. Би зун Очийг явуулчихаад Маам (Очийн ээжийг бүгд “маам” гэж дууддаг байсан юм) ирээрэй гээд байсан учир зуслан дээр очсон юм. Оч байхгүй эвгүй ч маамтай байх надад гоё байсан. Тэгсэн сэтгүүл байхаар нь унштал цогцосны талаар бичсэн байв. “Цогцосноос айх огт хэрэггүй. Тэд бидэн шиг амьд сэрүүн байсан. Бидэн шиг амьдралдаа итгэлтэй, хайртай, амьдралын төлөө сэтгэж бодож, хөдөлмөрлөж, амьдарч явсан хүмүүс. Адилхан аав ээжээс төрж, хайртай хүмүүс нь хайрлаж, үнсэж, илж таалж, түшиж тулж явсан бие махбодь. Одоо ганцхан амьгүй болж сандал ширээ, эд зүйлс шиг л болсон. Тэр хэнд ч яаж ч халдахгүй. Цогцос нь бидний хичээлийн хэрэгсэл гэсэн үг, ном дэвтэр үзэг харандаа, үзүүлэн самбараас огт ялгаагүй. Тийм учраас эмч хүн өөрийн багаж, эд хэрэгслээ хайрлаж байгаа шиг хайрлая” гэж бисэн байсан. Би яаж тэр өгүүлэлийг олж уншив аа. Надад маш  их сэтгэл зүйн өөрчлөлтийг хийсэн. Хэрэв би тэрийг уншаагүй байсан бол айх, сэжиглэх, дор хаяж хандах хандлага минь өөр байх байсан байж болох юм. Тэгээгүй бол сайн эмч  болоход минь нөлөөлөх ч байсан байж магадгүй. Бид “Анатомия человека” атласаа тэврээд л явдаг байв. Хоёр том боть номыг “а, б”-гүй бүгдийг цээжилнэ, ингэж байж л эмч болох эхний давааг давна. Цогцосууд анатомийн өрөөнд тавьсан том том ванн дотор хоёр гурваар нь давхарлаад хийчихнэ, заримыг нь босгоод тавьчихна. Оросод анагаахын сургуульд сурахын давуу тал нь сургалтын материал хангалттай байдаг байв. Орой хичээлийн дараа очиж цогцсон дээрээ тэр өдөр анатомийн ямар бүтэц үзсэн түүнийгээ судална. Артерийн болон венийн судаснуудын зам, хаанаас хаа хүрдэг ямар ямар эрхтэнүүдийг тэжээдэг, бүх мэдрэлүүдийг, булчингуудыг нэг нэгээр ялгана. Ер нь их л сайн зааж, их юм сурсан.

Ангар мөрөн бол Енисей мөрнөөс эхлэлтэй, Байгал нуурт цутгадаг, мянга долоон зуун далан есөн километрийн урттай мөрөн юм. Усан онгоцоор, завиар явж цаад эрэг дээр нь гарна. Үзэсгэлэнтэй гоё мөрөн. Нэг удаа би усан онгоцоор “Ангар” мөрний цаад талд гарах гэж яваад алим идэж байгаад алимныхаа ишийг мөрөнд санаандгүй унагаачихаж билээ, тэгтэл миний хажууд сууж байсан хоёр орос охин тувтан намайг загнасан. “Алимныхаа ишийг унагачихлаа, яаж байгаа юм” гээд л буун буутал загнасан би “уучлаарай” гэж хэлсэн ч тоохгүй загнасаар буусан. Тийм л байгаль, ус мөрнөө хайрладаг юм билээ. Энэ бол хамгийн ичгэвтэр үйлдэл, дахиж хэзээ ч давтахгүй байхаар ой тоонд оруулсан явдал болсон. Бүх юманд болгоомжтой байх ёстой, болгоомжгүйгээсээ болж хийсэн үйлдэл чинь санаатайгаар хийсэн үйлдэлтэй эн тэнцүү байдаг юм билээ. Тэрийг зөвхөн шүүх л тогтоох байх, зарим тохиолдолд шүүх ч буруутай гээд л тогтоочих магадлал өндөртэй. Эрхүү хот намхан дээр үеийн байшингуудтай. Тэр байшингууд нь бүгд өөрийн өвөрмөц түүхтэй, жижигхэн цэвэрхэн гоё хот. Гэхдээ Эрхүү хотоор нэвт явж үзээгүй. Нэг жил байхдаа бусад сургуулиудаар ч орж үзээгүй, зөвхөн хичээлээ давтсаар дууссан байв. Хааяа үнэхээр гоё хоол идмээр санагдахаар төв талбай дээр байрлах ресторанд орж “лангет” гэж хоол авч иднэ. Энэ одоогийнхоор бол “steak” шарсан гол мах, шарсан төмстэй хоол байв. Даанч дандаа идээд байж чадахгүй найман рублийн үнэтэй. Бид далан рубль авна. Цаашдаа би онц сураад зуун арван рубль авдаг болсон ч байнга гоё хоол идээд байж хүрэхгүй. Бидний иддэг хоол голдуу буфетны хоол байсан. Борш шөл, төмсний нухаштай махтай хоол авахад рубль гаруйхан болно. Өрөөндөө консервтэй хоол хийж иднэ. Өлсдөггүй л байсан санагдах юм. Өөр юм бол авна гэж байхгүй. Шинэ жил болох дөхөж байлаа. Бид манай сургуулийн шинэ жилээс  гадна  монгол оюутнууд тусдаа шинэ жилийн үдэшлэг зохионо. Манай монгол оюутнуудын даргаар МАХН-ын гишүүн Баярмаа гээд биднээс гурав эгч, маш чамбай, үнэхээр л удирдагч баймаар гэлтэй бүхий л зан чанарыг агуулсан охин байсан юм. Хөөрхий минь богинохон настай охин байж дээ. УИХ гишүүн асан Ш.Отгонбилэгийг нисдэг тэргийн ослоор эндэхэд ажлын бүрэлдэхүүнд нь НҮБ төлөөлж явсан юм билээ. Надаас бусад нь бүгд эвлэлийн үүрийн гишүүн байв. Би яагаад ч юм бэ арван жилээ төгсөхдөө эвлэлд бас элсэж амжаагүй юм. Нэгдүгээрт, нэг их ач холбогдол өгөөгүй. Манай төгсөлтийнхөн бүгд эвлэлийн үүрийн гишүүн. Оч бүүр эвлэлийн үүрийн дарга байсан шүү дээ. Орос хүүхдүүд “комсомол”-ын гишүүд, монгол хүүхдүүд “ревсомол”-ын гишүүд буюу хувьсгалт залуучуудын эвлэлийн гишүүд байсан юм. Бага сургуульд байхдаа мөн пионерт элсэж чадаагүй талаараа дурдаж байсан даа. Гэтэл намайг сурлагадаа сайн гээд намд элс гэв. Би ч тэр үед намд элсвэл сайн гэж ойлгож байсан учир элсэхээр болтол эвлэлийн бат илэрхийллээ бүртгүүлээд, шалгалт өгөөд элсдэг гэв. Маш яаралтай ээж рүү ярилаа. Утсаар ярина гэдэг бол хүнд байсан үе. Гар утас гэж байх биш. Бүр шөнө, үүрээр дөрөв, тавд босоод явган явж холбоон дээр очоод захиалга өгөөд хүлээж байгаад дуудахаар кабинд орж ярьдаг байлаа. Ээжид хэллээ, бат илэрхийлэл хэрэгтэй, маш яаралтай гэж. Ээж ч яаж ийж байгаад аваад явуулав. Тэгээд шалгалтад орохоор болов. Гэтэл улс төрийн товчооны гишүүдийн нэрийг хэл, намын бүгд хурлуудын онцлог, ач холбогдлыг ярь гэлээ. Гэтэл нөгөө улс төрийн товчооны гишүүдийг нь ялгаж зааж чаддагүй ээ. Тэгээд зөрөв. “Заавал энэ хүмүүсийг цээжилж нүүр царайг нь таних ёстой юу?” гээд л асуучихсан чинь буруудаад намд авсангүй. Ингээд намын гишүүн болох асуудал дуусав. Дараа нь л элсэхээс гэж бодлоо. Баярмаа дарга хүрч ирээд жаахан зэмлэнгүй байв. Шинэ жилийн үдэшлэг гоё боллоо. Ээж хотоос цэнхэр эрээн материал явуулаад би хорин рублээр хувцас загварын газар захиалж нэлээд моодны даашинз оёулав. Эрхүүгийн дурсгал болгож лааны хажууд фото зургаа авахуулсан минь үнэхээр Эрхүүд авахуулсан ганцхан зураг минь.

 

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сайн бна уу, Цолмон(172.69.252.142) 2021 оны 05 сарын 08

10ын Вийн Баатар бна. Чи сайн уу? Зарим явдал даанч тохирохгүй бна даа. Уучлаарай. Уншаад хуучин санагдаад. Чи өөрөө мэдэж бөйгаа байлгүй дээ. Сайн сайхныг хүсье. Аз жаргалтай бүрэн бүтэн сайхан амьдраархй. Пүжэд мэнд. Чиний номонд маш их сонирхолтой түүхүүд нэмээд өгмөөр л байх юм. \n

0  |  0
hudlaa gar bna doo(192.82.75.168) 2020 оны 04 сарын 09

110 bish 90 abdag bsan shuu abch uzeegui bolohooroo taaj bichij dee kkk

0  |  0
Амжилт(192.82.75.103) 2020 оны 04 сарын 09

Хоорондын уялдаа холбоо муу , жаахан замбараагүй мэт гэхдээ хүний оюуны бүтээл юмдаа

0  |  0
Зориг(202.126.88.221) 2020 оны 04 сарын 08

Сонгууль ойртхоор нийгэмийн идэвх илт сэргэх юм даа мие нь гишүүн болгочих байлгүй

0  |  0
Зочин(64.119.18.13) 2020 оны 04 сарын 08

Уг нь битүүрэх биш битүүлэх, гангарах биш гангалах гэж л ярьж бичдэг юм даа. Мөн тэрийг биш түүнийг гэх нь зөв байгаа юм. Гайгүй хүнээр номоо редакторлуулах хэрэгтэй л байж дээ.

0  |  0
Ganaa(66.181.165.92) 2020 оны 04 сарын 08

oyutan cagaa sanachihlaa

0  |  0
zochin(192.82.65.76) 2020 оны 04 сарын 08

songuuliin surtchilgaa yum bizdee kkk j\n

0  |  0
Зочин(83.20.245.122) 2020 оны 04 сарын 08

S.Bayaryn gudas tembuu tsolmon shizotei havar soliorz ogondoo za tegeed alban tushaalyn ovchintej

0  |  0
зочин(202.126.89.43) 2020 оны 04 сарын 08

сонгуульд өрсөлдөх санаатай

0  |  0
жирийн иргэн(202.9.46.210) 2020 оны 04 сарын 08

Сайхан дурсамж байна. Гэхдээ Ангар мөрөн Байгаль нуураас эх авдаг цорын ганц мөрөн юм шүү. Та Енисей мөрнөөс эх авч, Байгаль нуурт цутгадаг гэж буруу бичжээ.

0  |  0
unfan (202.21.124.18) 2020 оны 04 сарын 08

түүхэн хүн ч биш, ганц ч гавъяа байгуулаагүй хүний нахэнд хамаатай юм бэ, цагийн гарз

0  |  0
Top