Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.
Үргэлжлэл...
1982 он
13. Ринбүчи
Цагаан сарыг бид Гүрдаваа Римбүчигийн Дихрадун дахь сүмд жил болгон зочлон, тэнд байрлах байранд нь тэмдэглэн угтдаг байлаа. Энэ удаад ч мөн адил бид эртлэн босож үүр цайхад хоёр машинаараа холын замд гарсан байлаа. Жил болгон явж заншсан Дихрадуны зам бидэнд танил болсон байлаа. Манай машин сэрүүхэн сайхан тохилог, тухтай болохоор холын замд Гүрдаваа Римбүчи манай машинд аав, ээжтэй хамт сууж явдаг байв. Тэднийх Энэтхэгийн “Пример” гэдэг жижиг тэрэгтэй, тэр нь агааржуулагч байхгүй, бүх юм нь стандарт. Тэдний машинд Пүжи бид хоёр байнга сууна. Тэр нь ч бид хоёрт зугаатай байдаг байсан. Яагаад гэвэл Гүрдаваа Римбүчигийн шавь үр нь болох Дэнзэндагва, Нгутубгяцо буюу Ойров гэж бид дууддаг байсан, бид дөрөв явах их сонирхолтой байдаг байв. Тэр үед Дэнзэн гуч гаруй настай, Ойров хорин тавтай байсан шиг санаж байна. Бид машиндаа энэтхэг киноны дуу тавин, кино таалцан, бид хоёрт юм ярьж өгч, цаг хэрхэн өнгөрч байгааг болон замын холыг мэдэрдэггүй байж билээ. Дэнзэн гэр бүлгүй, Ойров Төвд эхнэртэй, хүү, охин хоёртой. Гүрдаваа Римбүчи буюу тэр үед Гүрдаваа ламтан гэж хүмүүс дууддаг байсан, аав бүүр далаад оны дунд үеэс танил байв. Тэр үед Монголчууд “цагаач лам” л гэж дуудан уулзаж учрахаас эмээдэг байсан үе. Гэтэл харин аав минь айж эмээхгүй, нэг л зангаараа байж, хэдийгээр бурхны цагаан мөр замыг хөөж, олон сайхан шавь нарыг дагуулж, бурхан шүтээн юугаан дэлгэрүүлэн, идэж уух, өмсөж зүүхээр дутахгүй, харин ч элбэг баян явсан ч эх орон, элгэн нутгаа санаж дотоод сэтгэлдээ ганцаардаж, ганихарч, зарим талаар гадуурхагдаж явсан хүнд цагт нь хань болж, хүндэлж, ойр дотно явсан билээ. Харин эмээ минь ирээд “багш” гэж дуудаж эхэлж билээ. Эмээг минь Гүрдаваа Римбүчи “ЭЭЖ” гэж тэр л үеэс өргөмжлөн дуудсаар эмээг минь ертөнцийн мөнх бусыг үзүүлэхэд өөрөө хойд мөрийг дааж, зан үйлийг ёсчлон хийж билээ. Тэр үед “багш” гэж дуудах зоригтой хүн ч байгаагүй, тийм ч үзэл суртал байгаагүй юм. Аав, Гүрдаваа Римбүчи төрсөн ах дүү хоёр шиг, заримдаа үй зайгүй найзууд шиг байнга инээж хөөрөлдөн олон цагаар ярьж сууна. Аавд өөрийн хадгалж, цуглуулж ирсэн нандин зүйлсээ үзүүлнэ, үүх түүхийг нь ярьж өгнө. 1970-аад оны дунд үеэс нөхөрлөн, зан зангаа авалцаж нэгэн гэр бүл шиг дотносож гучин хоёр жилийг үдсэн байна. Бид гэр бүлээрээ хагас, бүтэн сайнд их зочилно. Гүрдаваа Римбүчийнх биднийг Энэтхэгт очсон жил Дефенс колони гэдэг газар байж байгаад дараа нь Соут Экстэншн руу нүүж очсон. Бага байсан болохоор тэдний бурхан тахил, эртний бурхан шашны хэрэгслүүд их сонин, шүтэж бишрэхээсээ илүү сонирхох, айж эмээх ч шиг сонин мэдрэмжүүд төрдөг байлаа. Биднийг очих тоолонд өөрийн хүүхдүүд ирсэн мэт баярлан “оо яа” гээд л угтдагсан. Энэтхэг, Төвд хосолсон сайхан амттай хоол зуушаар дайлна. Тэгээд, аав, ээж хоёрт амьдралын туршлагаасаа, өөрийн болон улс орныхоо түүхээс, хэрхэн шавилан сууж байсан, яаж Жагар оронд ирсэн, бурханы номын, зиндаа дэвээ ахиулах гэж яаж зүтгэж, хөдөлмөрлөж байснаа хуучилж хөөрнө. Нэг удаа биднийг очиход Гүрдаваа багш аав ээж хоёрт сувдан хөөрөг үзүүлж, энэ хөөрөг их түүхтэй нандин эд, Дондогдулам хатны эдэлж, хэрэглэж байсан хөөрөг. Энэ нандин эд Монгол хүнд байх ёстой гэж хадгалж ирсэн. Энэ эдийн эзэн та хоёр минь мөн гээд өгсөн. Үнэхээр гоё хөөрөг. Яг тэр үеийн, чамин гоё хатгамалтай, ёстой ур, ухаан шингэж хийгдсэн даалинтайгаа хамт байдаг юм. Ээж минь ч их нандигнан хайрлана. Намайг төрийн өндөр алба хашиж байсан тэр үед ээж минь “Май, миний охин төрийнхөө гурван өндөрлөгтэй золгохдоо аваад яв” гэж өгч, би 2008 оны цагаан сарын төрийн золголтын үеэр ээжийн хөөргөөр хөөрөглөж билээ. Гадна нь УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүд, төр засгийн ахмад зүтгэлтнүүд, гавьяатнуудтай золгох үеэр хөөргөний маань өвөрмөц, үнэ цэнийг магтан ярьж, хөөрөг сонирхогчид, огт үзэгдээгүй, үнэтэй, түүхэн хөөрөг байна, хаанаас гараад ирэв гээд л сонирхож байж билээ. Би түүхийг тэдэнд ярьж, золгохоор гэрт оров. Монгол төрийн гурван өндөрлөг, Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монгол Улсын Их Хурлын дарга Д.Лүндээжанцан, Монгол Улсын Ерөнхий Сайд С.Баяр нар төрийн өргөөнийхөө хойморт залран Монгол түмний ёс заншил, аз жаргалыг бэлгэдсэн идээ, шүүсээ тавин, даруухан бөгөөд сүр хүчийг агуулсан үндэсний хувцсаа өмсөн инээмсэглэн сууж байгаа нь төр түвшин амгалан буйг илтгэж байх шиг сэтгэгдлийг төрүүлж итгэл үнэмшил дүүрэн дурсамж үлдсэн байдаг. Би төрийн гурван өндөрлөгтэй ээлж дараалан золгоод заншил ёсоор сайныг бэлгэдсэн үг хэлж зассан ширээ болгоных нь өмнө цомцойн сууж хөөрөг зөрүүлж, төр түмнийхээ төлөө алгын чинээ болтлоо зүтгэх хүсэл эрмэлзэл минь бадарч, тэр их зориг хүчийг надад хайрлаач хэмээн төрийнхөө сүлдэнд залбирч байлаа. Тэгээд босоод гарахын өмнө хөөргөө үзтэл толгой нь байдаггүй, яанаа гээд л чимээгүйхэн хайж эхэллээ. Ерөнхийлөгч, Их Хурлын дарга, Ерөнхий Сайд бүгдээрээ намайг юмаа гээснийг мэдэж бас суудлаасаа бүгдээрээ дэм болон хайж байв. Олохгүй бол гэртээ буцаж очих эрх байхгүй байлаа. Тэгтэл бидэнд төрийн гурван өндөрлөгөөс гар цайлгаж ууттай бэлэг өгсөн байв, монгол заншил ёс юм даа. Тэр уутан дотор минь уначихсан байж билээ. Өвөрмөц хээ, сийлбэртэй цагаан сувдан хөөрөг, их биеэ улам чамин болгон чимсэн, харахад уруулын будаг шиг, гурван см урттай, нэг аравны таван см-ийн диаметртэй урт алтан нуух, алтан халбагатай ягаан шүрэн толгойтой. Үнэхээр л эмэгтэй хүний, хатан хүний хөөрөг дөө. Тийм толгой дахиад хаана ч байхгүй. Тийм шүр ч олдохгүй. Тэгээд олсон чинь манай гурав ч бас инээмсэглэж билээ. Тийм нэг хөгтэй явдлаас хойш төрийн золголтод олон удаа оролцож аавынхаа хөөргийг ээлжлэн авч явдаг байв. Надад маш чамин цэнхэр номин хөөрөг байдаг, Гүрдаваа Римбүчи надад яг тийм том номин эрх өгч билээ. Тэр хөөргөө би байнга хөдөө авч явна. Биеэсээ ер салгана гэж үгүй дээ. Мөн аав Гүрдаваа Римбүчигээс том сайхан манан хөөрөг худалдан авч билээ. Маш эртний хөөрөг. Тэр үеэс аав хөөрөг цуглуулах сонирхолтой болж нэлээд арвин цуглуулгатай болсон.
Дихрадун Энэтхэгийн хойд хэсэгт орших Уттараханд мужийн нийслэл юм. Шинэ Делигээс хоёр зуун гуч гаруй км-т баруун хойшоо байрлана. Дихрадун сэрүүхэн сайхан, үзэсгэлэнт байгальтай хот. Гималайн сүрлэг нурууны бэлд орших бөгөөд Энэтхэгийн хоёр том мөрөн болох Ямуна, баруун талд нь, Ганга зүүн талд нь урсаж, дунд нь оршино. Тэнд төвдүүд их амьдарна. Гүрдаваа Рембүчийн сүм байдаг газар Монголын хөдөө нутгийг санагдуулна. Өглөө үхэр мал мөөрөлдөж, хөхөө донгодон сэрээнэ. Айлууд эртлэн босож гал хөсгөө өрдөж, үнээ мал энд тэнд мөөрнө. Төвд цай манай хийцтэй цайтай нэлээд төстөй. Их хөөрцөглөж байж хийнэ. Өтгөн сайхан амттай. Ээж бид хоёр маш их дуртай. Сүмээс хоёр зуу хүрэхгүй метрийн зайнд Гүрдаваа Римбүчийн гэрэн байр /өөрөө тэгж нэрлэдэг байсан юм/ байдаг байв. Тэнд Римбүчийн шавь үр Дэнзэнгийн ээж амьдарна. Миний эмээг санагдуулна. Өглөө эртлэн босоод хашаа хороогоо цэвэрлэн, цай цүй бэлдчихсэн сэрэхийг хүлээж байдаг байж билээ. Бид босоод сүмд очиж мөргөл үйлдээд, золгодог байв. Сүмд оронгуут Далай багшийн бага насны зураг байдаг байв. Би “ямар хөөрхөн охин бэ” гэж анх удаа сүмд орохдоо бодож, тэгээд тэгж асуугаад загнуулж билээ. Чимээгүй, “Далай Багш” гээд ээж зандарна. Дараа олон удаа очсон ч мөн л тэгж харагддаг байв. Далай багш багадаа маш царайлаг, хүүхэд байсан байна билээ. Тэр зураг цаанаасаа нүдэнд дулаахан, эрхэмсэг, дөлгөөн, гэрэлтсэн харцтай харагддаг байсан юм. Тэгээд цаашаа явахаар хойморт нь бурхан шүтээн, Далай багшийн том хөрөг байдаг байв. Ер нь манай Гандан Тэгчинлэн хийдтэй төстэй санагдаж байсан. Айл хөршүүд орж ирж золгон, өдөржингөө хөл хөдөлгөөн ихтэй өнжинө. Тэгээд хоёр хоноод бид гэрийн зүг буцдаг байсан юм.
Он гараад дэлхий нийтийн сэтгэлийг түгшээсэн үйл явдлууд их болов. Ялангуяа байж байгаад энд тэнд онгоц унаж сөнөлөө гэсэн мэдээ гарч байв. Америкийн иргэний агаарын тээврийн онгоц “Эйр Флорида 90” Америкийн нийслэл хавьцаа Потомак голд унаж далан найман хүн үхлээ гэж дуулдав. Төдөлгүй мөн Японы онгоц унаж хорин дөрвөн хүн нас барав гээд л шуугиж эхэллээ. Томчууд маань онгоцоор явах аюултай болжээ гэж ярьж байсан нь тод санагддаг юм. Тухайн үед манай гадаад нислэг ЗХУ-д бүтээгдсэн “Ан 24” онгоц зөвхөн Эрхүү-Улаанбаатарын чиглэлд л явдаг байлаа. Хожим 1980-аад оны дундуур “Ту 154” онгоц Улаанбаатар Москвагийн чиглэлд нисдэг болсон.
Энэтхэгийн киноны “бум”, тэсрэлт болсон он жилүүд байлаа. Энэтхэгийн кино од Амитаб Баччан, Дхармендра, Хима Малини, Зинаат Аман, Ражийв Кумар, Амжид Хаан, Сунил Дат гээд л олон сайхан алдартай жүжигчид тэр үеийн залуучуудыг гоо үзэсгэлэн, авъяас билгээрээ байлдан дагуулдаг байсан үе. Энэтхэгийн кино гурван цаг гаруй гарна. Дуу чимээтэй, сэтгэл хөдөлгөсөн, айлгасан, уйлуулсан бүтэн гурван цагийг бид мэдэлгүй өнгөрөөдөг байж билээ. Киноноос гарч ирээд киноны үйл явдал амьдралд минь болсон юм шиг, амьдрал минь тэр киног үзээд өөрчлөгдсөн юм шиг, маш романтик болон хэд хоног бодож төсөөлж өнгөрдөг байсансан. Энэтхэгийн киноны дуунд маш их утга агуулга хадгалагддаг. Дуугаараа бүхнийг илэрхийлдэг, дуугаараа тэр жүжигчид жүжиглэх авьяасаас өөр дуулж, бүжиглэж, хөгжимдөх авьяастай гэдгээ харуулдаг. Мөн дууны үеэр Энэтхэгийн байгалийн сайхныг харж болно, барууны гоо сайхны болон хувцасны загварын нөлөө загварын чиг хандлагыг харж болно. “Хайрын түүх” гэдэг энэтхэгийн залуучуудыг тухайн үедээ байлдан дагуулсан кино гарлаа. Уг киног Энэтхэгийн алдарт жүжигчин, кино найруулагч Ражендра Кумар найруулж 1981 оны сүүлээр кино театруудаар гаран үзээгүй хүн, тэр кинонд тоглосон жүжигчдэд нь дурлаагүй хүн гэж бараг байгаагүй. Хайр дурлалын тухай. Тэр кинон дээр анх удаагаа уруул дээрээ үнсэлцэж бүгдийг “шоконд” оруулж байсан юм. Ямар нэгэн эротик үйлдэл хийхгүйгээр хайр сэтгэлийн нарийн нандин болгоныг мэдрүүлж жүжиглэнэ гэдэг бол агуу юм. Гэтэл орчин үеийн кинонд өчнөөн эротик, хайрын олон илэрхийллийг гаргадаг боловч тийм агуу мэдрэмж төрүүлж чаддаггүй, чадахгүй байгаа юм шиг санагддаг. Киноны гол дүрд Ражендра Кумарын хүү Кумар Гуарав, дурлалт бүсгүйн дүрд залуу жүжигчин Вижета Пандит нар тоглосон. Тийм л гоё хайртай учрах юмсан. Тийм эрэлхэг, хайрынхаа төлөө юу ч хийхээс айдаггүй хайртай хүнтэй болох юмсан, тийм царайлаг, гоо үзэсгэлэн төгөлдөр, үнэнч, журамтай дурлалт бүсгүй байх юмсан гэж ямар их мөрөөдөж байснаа бодохоор инээдтэй, хөөрхөн юм шиг санагдаж, өөрийн эрхгүй уруул минь тэнийн инээмсэглэж байна. (яг одоо бичиж байхдаа.) Одоо ч хүртэл, хааяа машинд явж байхад “FM”-ээр дуу нь явж байдаг юм. Хүн болгон мэднэ дээ “Жимми Жимми аажаа аажаа, аажаа мери пиар...” гээд л. Тухайн үед гарч байсан бүхий л кинонуудыг алгасалгүй үздэг байж билээ.
Наймдугаар сард бид Гүрдаваа Ринбүчигийнхэнтэй “Нанитал, Пахалгам” явлаа. Үнэхээр гайхамшигтай байгалийн үзэмж гоо хосолсон газар. Сурснаараа үүрээр хоёр машинаараа хөдлөв. “Нанитал” Энэтхэгийн Уттаракханд мужид байрлах Гималайн нурууны үргэлжлэл болох сүрлэг өндөр уулсын дунд бий болсон үзэсгэлэнт нуур байрлах газрыг хэлнэ. Бид машинаараа уул өөд маш нарийн замаар зүтгүүлээд л яваад байв. Машины цонхоор доошоо харахад харанхуй ангал мэт харагддаг байв. Нэг л буруу тийш дарах юм бол тэгээд л өнгөрнө. Аав минь ч их зоригтой, залуу байж. Ээж жолооч аавтай байсан болохоор, жолоочид зам заадаггүй, жолоочийн анхаарлыг сарниулахгүй, олон юм ярихгүй гэсэн хатуу зарчимтай. Тэгээд ч аав минь ээжийн “Ханхүү” байсан болохоор мэдээж бүхнээс аврах зоригт “Ханхүүд” байнга итгэнэ. Хажуугаар том, том ачаа ачсан машинууд зөрнө. Тэд машин ирж явахыг мэдэнгүүтээ, машины дууг сонсонгуутаа арай өргөн газар хүлээгээд зогсож байна. Ингээд бодохоор бас их соёлтой байсан байгаа юм. Манайхан бол юманд хөөгдсөн юм шиг, хөөгдөөгүй ч байлаа гэсэн, бие биеэсээ түрүүлж байр эзлэх гээд л дайраад гацаад наашаа ч үгүй цаашаа ч үгүй зогсох байсан байхдаа. Хүлээцтэй, хүндэтгэлтэй зан чанар монголчууд бидэнд яах аргагүй дутагдаж байгаа мэт санагддаг юм. Хүүхэд болсон хойно айж, эмээнэ гэж байх биш, харин ч адал явдалтай, сонирхолтой санагдана. Нэлээд хол ороосон замыг туулж байж уулын орой гарч ирлээ. Гэтэл уулын орой шовгор байдаг. Харин шовгор оройны оронд хавтгай, яг дунд хэсэгт нь гүн цэнхэр нуур байрлана. Нуур өндгөн хэлбэртэй, далайн төвшнөөс хоёр мянга наян дөрвөн метр дээш оршино. Нуурыг тойроод өгсүүр уулын орой хүртэл зочид буудал, айлууд байна. Нэг үгээр бол том уулын орой хэсгийг аваад хонхойлоод нуур байгуулчихсан юм шиг. Зуны улиралд хорин долоон хэм, өвөлдөө хамгийн хүйтэндээ нэмэх долоон хэм болно. Тэрийгээ Энэтхэгчүүд маш хүйтэн гэж хэлнэ. Нанитал дөч орчим мянган хүн амтай. Эрэгтэйчүүд нь хүн амын тавин дөрвөн хувийг эзэлдэг гэж ярьж байсан. Боловсролын түвшин ерэн нэгэн хувьтай байсан нь нийт Энэтхэгийн боловсролын түвшнөөс өндөр гэж орон нутгийнхан нь бахархана. Орон нутгийн үндэсний гар урлал их хөгжсөн газар байсан. Чулуун зүүлтнүүд ялангуяа гранатан зүүлт маш хямд. Аав, ээжийн минь “Нанитал” нуурын эрэг дээр авахуулсан романтик, залуу насны гоо үзэсгэлэн, тухайн үеийн монголын хоёр сая хүнээс баргийн хүн тэгж явж чаддаггүй байсан үед монгол хүний хөлийн тавхайн мөрийг үлдээж явсан түүхийг гэрчлэх зураг байдаг юм.
“Эрдмийн сангаас би хүнээс дутуугүйг шимтсэн авч
Эрхэм тэр алдрыг нь хүртэж хараахан завдаагүй, гэвч
Таван тивд хоёр муу хөлний минь
Тамгалж үлдээсэн мөр жуулчных бишээ” аав минь 1981 онд, тэр социализмын үед гучин таван насандаа ингэж бичиж байсан юм. Тиймээ миний аавын үлдээсэн мөр жуулчных байгаагүй, наймаа арилжааных байгаагүй ээ.
Бид тэнд долоо хоноод “Пахалгам” гэдэг газар луу явлаа. “Пахалгам” Жамму Кашмир мужийн хамгийн хойд хэсэгт орших байгалийн үзэсгэлэнт сайхан газар юм. Тэнд жуулчид их бөгөөд, Боливуудийн ихэнх кинонууд зургаа тэнд авдгаараа алдартай. Биднийг очиход халуун орны хувьд сайхан сэрүүхэн байв. Эргэн тойрон цав цагаан, хаашаа ч харсан мөнхийн цаст уулнууд сүндэрлэн харагдана, бид жинс, цамцтай явж байгаа мөртлөө огт даарахгүй. Үнэхээр үзэсгэлэнтэй гоё санагдсан. Бид цасаар цасан бөмбөг хийж бие бие рүүгээ шидэж тоглов. Английн загвараар баригдсан жижигхэн хауст байрлав. Уулын орой руу гарахад огцом эгц учир мориор гарав. Эгц өөдөө учир морь явахдаа ядарч удаан явж байв. Манай монгол морьдыг бодвол чац урттай боловч хүч багатай, туранхай морьд байлаа. Би тэр үед морио ингэж зайдагнах гэж, моринд хайргүй л хүмүүс юм даа, манай Монголчууд морио дээдэлдэг, морио хайрладаг хүмүүс эднийг харвал загнах байхдаа гэж бодож байж билээ. Гэтэл сүүлийн үед ялангуяа Тэрэлж хавьцаа гадны зочидтой явж байхад “морь унах уу” гээд л хөгшин, залуугүй ирнэ. Тэдний морьд ч тэр Пахалгамд унаж байсан морьдоос огт ялгагдахааргүй туранхай, урагшаа явдаггүй морьд болсон байна билээ. Монгол хүн морьдоо мөнгөний хойноос тэгж эдэлдэг болж байгаа нь харамсалтай л юм. Мөнгөнөөс болж Монгол хүний мөс чанар ингэж өөрчлөгдөх гэж бодож байж билээ. Хар багаасаа мөн ч олон сайхан газраар явж, байгаль дэлхийн гоо үзэсгэлэнг бишрэн шүтэж явж билээ. Бүгдийг тоочих боломжгүй юм даа. Энэтхэг орны муж болгоны соёл түүхийг би дурдаад, харснаа бичээд барахгүй юм. Өнөө үед мэдээлэл авах боломж их болсон учир Энэтхэг оронд очиж, тэр сайхан орны талаар олон сайхан зүйлийг мэдээсэй гэж би зөвлөх байна.
Зуныг бид олон газар явж нүд тайлж, юм үзэж, Энэтхэг киногоо үзэж, зуны даалгавар болох номнуудаа уншиж түрүү жилүүдийг бодвол бас ч үгүй хариуцлагатай хийх юм ихтэй өнгөрөөж шинэ хичээлийн жилтэйгээ золголоо. Хичээл сонирхолтой бөгөөд хүндэрч байв. Ирэх хавар наймдугаар ангийг төгсөх учир улсын шалгалт өгөхөд эртнээс бэлдэх хэрэгтэй байлаа. Багш нар ч хичээл эхлэнгүүт л айлгаж эхлэв. Хэд хоног айж байгаад л мартчихдаг хорвоо хойно. Арван сар гэхэд бүгд мартсан байв. Бүх юм тайван явж байтал арваннэгдүгээр сарын аравны өдөр ЗХУ-ын коммунист Намын Төв хорооны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Леонид Ильич Брежнев өвчний улмаас нас барж Зөвлөлтийн ард түмэнд хүнд хохирол, уй гашууг авчирлаа гэж зарлав. Би энэ үеэр Энэтхэгт байсан болохоор манай Монголчууд хэрхэн хүлээж авч, олон нийтийн хандлага ямар байсныг хэлж мэдэхгүй юм. Ямар ч байсан дараагийн хүн хэн болох бол, тэрнээс дэлхий нийтийн амар амгалан байдал, Америк, Оросын харилцаа шалтгаална гэдгийг томчуул ярьж байлаа. Хоёр хоногийн дараа, арван нэгдүгээр сарын арван хоёрны өдөр ЗХУ-ын Комунист Намын Төв Хорооны Ерөнхий Нарийн Бичгийн даргаар төрийн Аюулгүй Байдлын Хорооны буюу алдарт КГБ-ийн дарга Юрий Владимирович Андропов томилогдсон тухай элчингийн “сонин уншлага” дээр ярьсан талаар аав, ээж ярьж байлаа. Дэлхий нийтээрээ түгшүүртэй хүлээж авах шиг болсон. Андропов нам дотроо шинэчлэлийг хийх эхлэлийг тавьж, эдийн засгийг социалист эдийн засгийн зарчмыг өөрчлөлгүйгээр, менежментийн арга барилыг өөрчлөх замаар дээшлүүлэх үйл ажиллагаа эхлүүлж, богинохон хугацаанд удирдахдаа Америкийн арван настай, Саманта Смит \Samantha Reed Smith\охиныг ЗХУ-д урьсан явдал нь хамгийн дуулиантай явдал болсныг санаж байна.Саманта смит охин нь тэр үед арван настай байсан бөгөөд хүйтэн дайны үеийн эв нэгдлийн бэлэг тэмдэг болон алдаршсан юм.
14. Матаас
1983 он гарлаа. Оны өмнөхөн арван хоёрдугаар сарын хорин зургаанд “Тайм” сэтгүүл оны шилдэг хүнээр хүн биш компьютерийг тодруулсан нь нэлээд анхаарал татсан үйл явдал болж билээ. Гэтэл тэр үед бид компьютерийн барааг ч хараагүй байсан үе шүү дээ. Компьютерийн процессор гэж зургаас харж байхад худалч хүнд бараг нэг өрөө шиг юм байдаг байсан байгаа юм. Хаврын баярын дараа шалгалтандаа бэлдэх ажил эхлэв. Сургууль дээр дугуйлангууд ажиллаж хичээлийн дараа нэмэлт давтлагууд орж байлаа. Би аль болохоор бүгдэнд нь явахыг хичээж байв. Яагаад гэвэл дунд сургуулиа төгсч, гэрчилгээ “аттестат” авах хариуцлагатай мөч ойртож байлаа. Хажуугаар нь сургуулиа удахгүй төгсөөд явах учир ангийн хүүхдүүд маань өөр өөр тийшээ таран одож уулзахгүй гэхээс бие биенээсээ аль болохоор салахгүй хамт байхыг хичээдэг байв. Сургууль дээр өдөржин өнжин орой ажил тарахад гэртээ харьдаг болов. Наймдугаар анги буюу сургуульдаа хамгийн том анги болохоор доод ангийн хүүхдүүд бүгд биднийг дагаж хуйларна, бидний үгэнд орно, биднийг шүтнэ. Бид ч бие бялдар өсгөлүүн, сайхан залуучууд болсон байв. Ангийн маань зарим хүүхдүүд хоорондоо үерхэнэ. Бөөн анхны хайр дурлал өрнөж байв. Миний хувьд манай ангийн хамгийн хөөрхөн залуу болох, мөн хичээлдээ сайн Павел Горенков их таалагддаг байв. Тэр найман настай жижигхэн Катя гэдэг охин дүүтэй. Ёстой хөөрхөн, сэргэлэн охин. Хүн болгон түүнд хайртай байсан. Тэр надад их сайн. Намайг охидуудтай юм яриад байж байхад хүрч ирээд л ах тэнд байна, энд байна гээд л хэлнэ, идэж байгаа юмнаасаа хуваалцана. Хамгийн том ангийн хүүхдүүд учир бас намбатай, хэрэндээ насанд хүрсэн том хүний буурьтай байх гэж бид хичээдэг байсан юм. Би ичээд “За ойлголоо” гээд л хурдан явуулчихна. Хөл бөмбөгийн тэмцээн, усанд сэлэлтийн тэмцээн ч юм уу болоход Паша надад цагаа өгч хадгалуулна. Амжилт гаргасан бол “чамд зориулсан” гэж хэлнэ. Би ичингүйрч тэгсэн хэрнээ дотроо маш их баярладаг байж билээ. Аливаа тэмцээн болоход цагаа надад хадгалуулах ёстой л гэж бодно. Тэгээд хамгийн урд суудалд, хамгийн түрүүнд ирээд суучихна. Бидний амьдрал их завгүй өдөр болгон хурдан өнгөрч байсан юм. Миний сайн найз болох олон жил үерхсэн Эвелина жилээс жилд өсөн торниж үнэхээр үзэсгэлэн төгөлдөр охин болж байв. Болгар болоод ч тэр юм уу, үнэхээр хөөрхөн.
Аав минь ажлаа хийгээд л зэрэг дэв нь ахиад НҮБ, ДЭМБ-аас сайн үнэлэлтүүдийг авч урам зоригтой ажиллаж байлаа. Хэдийгээр НҮБ-ын цэнхэр паспортыг Монгол хүмүүсээс хамгийн анх өвөртлөн, Дэлхий нийтийн хүн амын эрүүл энхийн төлөөх ариун үйлсэд өөрийн оюун ухаан, авьяас билэг, хүч чадвараа өөрийн эх орныг илүүчилж үзэлгүйгээр зүтгэнэ хэмээн тангараг өргөсөн ч эх орон руугаа аль болох их мөнгөний хувиарлалтыг хэрхэн хийх, хэрхэн төсөл хөтөлбөрийг түлхүү хэрэгжүүлэх, Зүүн Өмнөд Азийн Бүсэд Монгол улсын эзлэх байр суурийг дээшлүүлэх, итгэл үнэмшлийг хурдтай бий болгох, улмаар Монгол улс бүсийн захирлын хэмжээнд өрсөлдөх боломжийг бүрдүүлэх гэсэн эх оронч үзлийг агуулан алсын хараатай, нэр хүндтэй ажиллаж байлаа. Олон ч сайхан хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Ахиу ч мөнгийг хуваарлиулж чадсан юм билээ. Гэтэл нэг өдөр тэр үед элбэг байсан матаас гэж юм нь очсон юм байх. Монгол улсдаа буцаж ирэх шийдвэрийг гарсан байна гэж аав бидэнд хэлэв. Нэгдсэн Үндэсний Байгууллагын орон тооны, үндсэн ажилтан хүний эрхэнд тухайн орны зүгээс халдах эрх уг нь байдаггүй юм билээ. Зөвхөн Монгол Улс, Хойд Солонгос хоёр орон л тийм бодлого явуулж байж. Хэн матсан, ямар матаас очсоныг бүү мэд. Ямар ч ажлын доголдол гаргаагүй. Авч байсан цалин мөнгөө үнэнч шударгаар мэдүүлэн өгөх ёстой, тэр үед заавал авдаг байсан шимтгэл юмыг өгч, харин ч Монгол улсад орлого оруулж байсан. Хүмүүс яахав атаархаж байсан нь мэдээж, тэр хэцүү нийгмийн тогтолцооны үед битгий хэл одоо бие биендээ атаархаад байхад. Одоо бол атаархал, хорсол хэрээс хэтэрсэн мэт санагддаг юм. Тэр үед мэддэг нэг нь нэгэндээ атаархдаг байсан бол одоо мэддэггүй мөртлөө атаархаж, хорсож, дормжилдог болсон цаг. Аливаа юм эзэнтэй л байдаг хойно. Эзэн нь хожим тодорсон л доо. Хүний амьдралд атаархаж хор хийсэн хүн гадна байдлаасаа гайгүй харагдавч ямар их дотоод сэтгэлийн хар тамд амьдарч, хар замналтай явж, айдас хүйдэстэйгээ өглөө болгон сэрж, өвчилж, өвгөрөх, өтлөх тусам гутрах нь мэдээж шүү дээ.
“Ар хударга руу шаасан матаасын цустай чичлүүрээ
Арчиж амжаагүй тааралдчихаад дэмий чи гөлөлзөнө
Нүглийн угаадсанд божийтлоо цодойсон чамайг
Нүдний минь булан аргалын хог лугаа дааж ядна” З.Жадамба, 1983 он, аав минь ингэж хэлсэн байдаг. Энэ бол НҮБ-ын түүхэнд урд өмнө нь болон хожим тохиолдож байгаагүй тийм үйл явдал болж гайхаж, харамсаж, гэхдээ эргээд ирнээ гэж аавд минь хэлж байсан юм.
Миний бага насны өнгө, аяс, хөг романтик мэдрэмжээр дүүрэн байлаа. Энэтхэгийн ард түмний дөлгөөн сайхан зан, ахас дээдсээ хүндэтгэх, ёс заншлаа дээдлэх, түүх соёлоо хадгалах, байгаль орчноо хамгаалах, үргэлж өөдрөг сэтгэлтэй, гутаж гундахгүй байх зан чанар, аливаа хүнд хэцүүг даван туулах чадвар, сурвал сурсан шиг сурдаг чадамж, өлгийтэй хүүхдээс нь өвөг дээдэс хүртэл шингэсэн эх оронч үзэл, эгзэгтэй, түүхэн, хэрэгцээтэй үед далайн шуурга шиг оволздог үндсэрхэг үзэл, бусдыг дагаж далдаганадаггүй үндэсний онцлогоо дээдэлсэн хатуу чанд төрийн бодлого, энэ бүгд миний амьдралд зөв хүн болох, төрийн хүн болох амьдралын замналыг бий болгож өгсөн гэж боддог. Шуналгүй, шулуун шударга байх сайхан зан чанаруудыг олоход минь нөлөөлсөн. Бага нас минь Оросын эрдэмтэн багш нараар эрдэм ном заалгаж, рокн ролл, хард рокоор хөглөгдөж, ертөнцийн сайн муу, сайхан муухайг үзэн мэлмий минь гэгээрч, амьдралын сайн муу, баян ядуугийн ялгааг харж ухаан минь тэлж, эд баялгийн дээдийг харж, бас эдэлж хүсэл, шуналын сэтгэл минь үгүйрч, эх орон элгэн нутгаасаа хол байх тусам эх оронч үзэл минь гүнзгийрч, хэний ч өмнө бодсон санаснаа хэлэх эрх чөлөөт хувь хүн болон төлөвшиж, Энэтхэгийн нараар ивээгдэж, эцэг эхийн хайраар тэжээгдэн үзэсгэлэнт байгальтай хослон цэцэглэж байсан байна. Бага насны минь өнгөрүүлсэн амьдралын түүх богинохон биш юм.
Хичээл дууслаа, шалгалтаа амжилттай өглөө. Дунд сургуулийн аттестатаа авч өвөртөллөө. Одоо бид явахдаа бэлдэж байлаа. Аав нэгэнт явж байгаа юм чинь хүүхдүүдтэйгээ Европ үзээд сайхан амарч байгаад явнаа гэж хэлэв. Тэр үед аав минь гучин наймтай, ээж минь гучин тавтай тийм залуухан байсан байна. Энэтхэг орноос явах надад маш хэцүү байлаа. Тэнд дэгэж дэрвэдэг бага насаа өнгөрөөж, хэрсүүжиж, ертөнцийг үзэх үзэл бодол минь эхлэл сууриа тавьж, өөрийн гэсэн амьдралын зорилгыг бий болгоход нөлөөлсөн сайхан орон. Бурханы орон, үлгэрийн орон, жинхэнэ амьд ардчиллын орон.
BOING 747. Air India. Хөөрхөн жижигхэн дугуй царайн дээр томоос том алаг нүд, уртаас урт сормуус, зурсан юм шиг тас хар хөмсөг, гялалзсан, долгионтой хар үс, найрсаг байдлыг илэрхийлж бага зэрэг инээсэглэл тодруулсан улаахан уруул, тэгш гоолиг нуруу, урагш товойх хоёр хөх, уран гоолиг нарийн бэлхүүс энэ бүгдийг би ажиж авлаа. Тэд ижилхэн өнгийн сари өмсөн уриалгаханаар биднийг онгоцонд орохыг урьж байлаа. Аливаа үндэстэн ухаант мэргэн хатдаараа, уран гоолиг бүсгүйчүүдээрээ бахархдаг. Дэлхийн, ертөнцийн гоо бүсгүйчүүд энэ л орноос хэд хэдээрээ тодрон гарч байсан. Онгоцонд бид бизнес классаар хоёрдугаар давхарт тухтай явлаа. Бид эхлээд Югославын нийслэл Белград хотноо буулаа. Тэндээс Дубровник хотруу нислээ. Дубровник тэр үед Адриатын тэнгисийн эрэг дээр орших Югославын үзэсгэлэнт хот байсан юм. Одоо бол Хорват улсын Далматиа хэсэгт хамаарагдах болсон. Адриатын гүн цэнхэр тэнгист сэлж, шумбаж эргээр нь гүйж, газар дундын соёлыг харж, Дорнын их соёлтой харьцуулж бодож явлаа. Аав кино зургийн аппарат авсан байлаа. Тэр үед видео аппаратны сураг манайд байгаагүй, видео кино гаргадаг бидний приставка гэж хэлж нэршсэн зүйл барууны оронд гарч эхлэж байсан үе. Аав видео камер, приставка захиалж авсан байсан юм. Аав зөндөө кино зураг авав. Одоо ч тэр пленка, кино зураг манайд байдаг юм. Мөн өчнөөн слайд авсан, тэрийгээ ч одоо хүртэл үздэг. Социализмын үед Югослав орон хамгийн баруунжсан социалист орон гэж тооцогдож байсан. Тийм ч учраас аав, ээж хоёр маань тэр орныг зорьж үзэхийг хүссэн байх. Тэр дундаа Дубровник бол эрх чөлөөний орон гэдгээрээ түүхэндээ бичигдсэн алдартай газар юм. Тайван, элбэг дэлбэг, цэвэрхэн нэг л өөр газар санагдаж байсан. Тэнд бид бараг арав хонож сайхан амарсан. Тэндээсээ жилийн дараа болох арвандөрөвдүгээр өвлийн олимпод бэлдэж байсан Сараево хотыг зорилоо.
Сараево цас их ордог, заримдаа аравдугаар сар дөнгөж гарав уу, үгүй юу цасанд дарагддаг гэж нутгийн өвгөн ярьж байсан. Энх тайван, амар амгалангийн орон байсан газарт Югославын задралын дайны хамгийн харгис, хэрцгий, бузар явдлууд тэнд болсон гэхээс “Хүн гээч ямар араатан бэ” гэж бодогддог юм. Дунай мөрний эрэг дээр Жамулийн зургийг зуруулж билээ. Жамул их хөөрхөн хүүхэд байсан шүү. Тэгээд тэр зургаа бид авч явж байгаад Монголд ирээд хайгаад олоогүй. Бүхэл бүтэн нэг цүнхтэй юмаа гээсэн байсныг замдаа огт мэдэлгүй явсан байна билээ. Белградаас бид Швейцарын нийслэл Женев хотыг зорин нислээ. Швейцар улсыг хамгийн хөгжилтэй, тайван, төвийг сахисан орон гэж л ярьдаг байсан. Хөвсгөл нутгийг минь Монголын Швейцарь гэж хэлдэг зүйрлэдэг байсныг санаж харьцуулж харж байлаа. Үнэндээ нейтралный, төвийг сахисан байдал гэдгийнх нь учрыг сайн олдоггүй байсан ч энэ үг миний үгийн баялагт байдаг байв. Хамгийн гол нь нөгөө аавын дээр үед авчирч өгөөд байдаг байсан гүзээлзгэнийн бохьноос ихийг олж авна даа гэж бодож байлаа. Швейцар улс бидэнд их танил байлаа.
Швейцар шоколад, Швейцар бяслаг гээд. Аав минь Женев байнга явдаг байсан тул бид тэр амттан болгоныг нь амссан, бүүр сайн мэддэг, бараг хаана зардгийг нь хүртэл мэддэг байсан. Элчин Сайдын Яамны хоёрдугаар давхарт хотоос ирсэн хүмүүст зориулж бэлдсэн буудал (курьерын өрөө) байдаг байв. Тэнд тэр үед ааваас олон удаа ирж орлого оруулдаг хүн байгаагүй юм шиг байгаа юм. Тийм ч учраас аав тэнд хувцасны шкафанд нь нэг чемоданаа үлдээгээд олон жил тэд нар дараа дараагийн хүмүүстээ хүлээлгэж өгдөг байсан гэдэг. Биднийг очиход ч мөн “аавын чинь өрөө, Женев дахь гэр нь” гээд тэр өрөөнд оруулж билээ. Нөгөө чемодан нь яг байж байв. Бид хэд гэртээ ирсэн юм шиг л тухалсан. Элчингийнхэн биднийг тосч авахдаа “За бүүр ирэв үү” гээд л их баяртай угтсан. Яагаад гэвэл аав маань их сайн ажиллаж байсан учир Нэгдсэн Үндэстний Байгууллагын Женев дэх Төвд ажиллуулах асуудал дэмжигдэж Элчин Сайдын Яаманд мэдээлэл очиж байсан юм билээ. Тэгээд гэнэт дуудагдаад явж байгааг хэн ч мэдээгүй бас НҮБ-тай ойр ажилладаг тэд нарт маань бүүр ч ойлгомжгүй байв.
Тэнд үзэх юм их байлаа НҮБ-ын төвөөр орох, алдарт цэцгэн цаган дээр очих, дэлгүүр хоршоо хэсэх, Женев нууран дээр очиж завиар зугаалах, хамгийн өндөр усан оргилуурыг үзэх, байгалийн үзэсгэлэнт газруудаар явах, Гэгээн Пьерийн сүм, Түүхийн музей, Улаан Загалмайн Нийгэмлэгийн байр, Үндэстний их өргөө гээд. Тэндээс ганц авсан юм маань “Бош” үйлдвэрийн чулуун хана өрөмддөг өрөм байлаа. Яагаад гэвэл тэр үеийн манай орос ах нарын барьж өгсөн угсармал барилгууд чинь хатуу бетонон ханатай баргийн юм ордоггүй хэцүү. Харин “бягтруулан” зүү гэдэг байсан байхаа, пянзны жижигхэн зүүгээр гараа цохин байж ханандаа хивс, зураг тогтоодог байж билээ. Өөр юу ч тэр хана руу ордоггүй байсан юм. Одоо маш сайн өрөмтэй болсон юм чинь дуртай юмаа ханан дээрээ хадаж болно. Ялангуяа Пүжи бид хоёрт Брюслигийн зурагнаас авахуулаад хадах өрөөгөө чимэх юм их байв. Арваад хоноод бид Эх нутгийнхаа зүг явлаа. Аав НҮБ-ын Женев дахь төв дээрээ орж нөхцөл байдлыг тайлбарлаж хэлээд явж билээ. Удахгүй бид буцах байхаа гэж хэлсэн.
Сэтгэгдэл ( 2 )
Баяртай танилцсан үе нь юм байна.
Яанаа, С.Баяр авилгалын хэргээр шоронд хоригдсон тухайгаа ном бичсэн чинь энэ Цолмон бас түүнийг дуурайж, ном бичлээ. Энэ хоёр чинь сайд, дэд сайдын албан хаших үедээ хамт нэг оронд орж байсан хүмүүс одоо хамт ном бичиж гэнэ.