Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | ӨВӨӨ, ААВ, БИ-V

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 29

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.


Үргэлжлэл..........

1979

9.Өвөө, аав, би

Шинэ жилийн дараа “пионерский строй /пионерийн жагсаал/” нэгдсэн зохион байгуулалттай ажлыг хийдэг байж билээ. Анги болгон зөв жагсаж, алхаж сурах ёстой. Командын дагуу нэгэн зэрэг “синхронно” үйлдлүүдийг алдаагүй хийх ёстой. Энэ арга хэмжээ нь хүүхдүүд бидэнд том хүмүүжлийг өгдөг байв. Би яг энэ үед “синхронность” гэж ямар чухал болохыг мэдэрч байв. Тэрийг сурснаар олон юманд амжилт гаргаж болно гэдэг ойлголтыг авав. Тэр үеэр бүхэл бүтэн цэргийн парад шиг юм болж, ЗСБНХУ-аас БНЭУ-д суугаа бүрэн эрхт элчин сайдад Зөвлөлтийн өсвөр үе эх орныхоо төлөө зөв зүйтэй хүмүүжин, ихийг сурч цаашид эх орон дуудсан цагт хэрэгцээтэй газар нэр төртэй зүтгэхээ андгайлан рапорт өгдөг байв. Энэ бол эх оронч үзлийг багаас нь төлөвшүүлж, хэний хүү, хэн бэ гэдгээ санах, үүрэг хариуцлагаа мэдрэх сэтгэл зүрхийг цохилуулсан, хүч зоригийг бадраасан мөч байдаг байв.  Би тэр рапортыг өгч байх үед, эх орондоо андгайлж байна л гэж боддог байсан.

Хаврын дунд сараас эхлээд спортын тэмцээнүүд ар араасаа явагдана. Усан сэлэлтийн тэмцээнд Пүжи, Гангамөрөн, Гангатуул,  гүйлтэд би, Гангатуул, Санчир оролцож заримдаа сайн, заримдаа тааруухан оролцоно. Гэхдээ л багш нар оролцоо маш чухал гэж урам өгнө. Бие бялдрын асар их хүмүүжлийг олгодог байж дээ. Манай Пүжи, Гангаа хоёр хөл бөмбөгийн багт орно. Пүжи нэлээн сайн довтлогч байсан шүү. Хаврын баяр бол яах аргагүй мартын найман, ээж нарын баяр. Бид ээждээ өөрсдөө цуглуулсан бага зэргийн мөнгөөрөө юм авч өгөх их дуртай байж билээ. Тэр үед хүүхдүүдэд гар дээр нь мөнгө өгдөггүй байж. Одоо ч хэрнээ тэр хүмүүжлээрээ манай хоёр охин мөнгө гар дээрээ авдаггүй. Бүүр хэрэгцээтэй биш бол би өгдөг ч үгүй, угаасаа огт санаанд ордоггүй. Тэгээд ээждээ юу билээ дээ, бидний мөнгөнд юу л ирэв гэж гэхдээ хөөрхөн савангийн хайрцаг ч юм уу, цэцгийн сав ч юм уу, тийм юм өгнө. Ээж маань зөндөө л баярладаг байсан. Би эмээдээ шүлэг зохиож захиандаа явуулна. Эмээ минь л байнга ярьдаг байсан. Амьдрал нэг иймэрхүү, хүүхэд нас миний хувьд ингэж үргэлжилсээр жил, хичээлийн жил солигддог байв. 

Зуны нэгэн сайхан, бэлгэ дэмбэрэлтэй өдөр манай байрны эзэн, ноён Бэдигийнх том хүүгийнхээ хуримыг хийхээр товлов. Манайхаар бол тэд өдөр судраа маш сайн үзэхээс гадна, яс угсаа, гарал үүсэл, охины боловсрол мэдлэг, эхээс төрсөн цэвэр ичимтгий байдлаараа байх гээд л олон шалгуур болж байж сүй тавина. Тэдний том хүү мэдлэг боловсролтой, аавынхаа удмыг залгамжлах, бизнесийг нь хөгжүүлэх үүрэгтэй нэгэн. Тийм төлөв түвшин айлд очсон охин бол азтай л байх болно гэж аав, ээж ярьж байлаа.  Хэд хоногийн өмнөөс авахуулаад манай гадаах саадыг чимээд л, гадаа, гэртгүй идээ будаа тавиад л чухам элбэг баян гэж жигтэйхэн. Хэдэн өдөр тэгж байснаа манай урд талын том сааданд, тэр саад нэлээн том Сүхбаатарын талбайн тал шиг юм уу даа, эргэн тойрон улаан өнгийн асар барьж эхлэв. Үнэхээр гоё. Бид дотор нь гүйлдээд л. Тэр саад тэр чигээрээ нэг том асар болж хувирлаа. Наранд халахгүй, бороонд нэвтрэхгүй. Тэгээд нэг талд нь үүд хийлээ. Томоос том хаалган багана босгон хийв.  Хачин гоё үнэртэй шар цэцэг байдаг юм, тэрүүгээр босгосон баганаа чимээд мөн өнгө өнгийн цэцгээр нэмж чимэглэв. Цэцгээр чимэглэх нь тэдний үндэсний ёс заншил юм. Энд тэндгүй цэцэг, өнгө өнгийн гялгар саан чимэглэл хийж үнэхээр тансаг, гоёмсог болж байлаа. Тэд нар тэр асраа хоёр өдөр чимэглэж, дотор заслыг хийж, сая хурим хийхэд бэлэн болгов. Асар дотор тойруулаад өчнөөн сандал, хоймортоо хуримын ёслол үйлдэх хэсэг, дөрвөн талд нь халуун хоол, ундаа, жимс өрж тавив. Мөхөөлдөсний үйлдвэрийн эзнийх болохоор хүүхэд бидний дуртай мөхөөлдөс хаа сайгүй элбэг байв. Мөхөөлдсөөр хуримын торт хийсэн байв. Яаж тэр торт хайлахгүй тэсээд байсан юм болоо, их сонин шүү. Зочид бүгд ирчихсэн, одоо сүйт залуу сүйт бүсгүйгээ гэрээс нь авчрах ёстой. Хүн болгон сэтгэл түгшин тэр мөчийг хүлээж байлаа. Сүйт бүсгүйгээ авахдаа хонх дамар, цэцэг навч, алт мөнгөөр чимэглэсэн морио унаад уртаас урт цуваа бий болгон очиж авдаг юм билээ. Бид бас дараа охиноо үдэх ёслолыг үзсэн. Энэ удаа бол хос залуусыг ирэхийг хүлээгээд л байж байлаа. Удалгүй хөгжим дуугараад л бөөн хүмүүс шуугилдаад, тэр хавиар нэг дуу шуутай бөмбөр бүрээ, бүх төрлийн дуу авиа гарч эхэллээ. Бид суга үсрээд л асраас гарч харлаа. “Зам тавиарай, зам тавиарай” гээд л бид буцаад оров. Манай Бэдигийн хүү хачин гоё улаан Энэтхэг үндэстний хувцсаа өмсчихсөн, яг бурхан шиг хөөрхөн, улаан саритай эмэгтэй дагуулаад орж ирлээ. Эмэгтэй нь дээшээ харахгүй саригаараа толгойгоо бүтээчихээд их аажуухан ичингүйрэн доошоо харж явав. Нэг л сонин санагдлаа. Хайр сэтгэлээр биш суудаг гэсэн одоо лав сүйт бүсгүй уйлах байх даа гэж бодлоо. Дээшээ, тэдэнд зориулан зассан ширдэг дээр гараад хадам аав, ээждээ ёслон хөлнөөс нь адис аваад духандаа хүргэж байна. Аав, ээж нь үнсэж байна. Тэгээд дараа нь хурим эхлэв. Хоёр хосын, манайхаар бол гал голомтыг нь бадраах галын ёслол юм уу даа. Тэр хоёр жижигхэн гал тойроод эрэгтэйгийх нь араас эмэгтэй ньявж, тэр хоёрын хувцсыг хооронд нь зангидаж уясан харагдаж байв. Тэр нь нэг ёсны ингээд бүхий л амьдралынхаа турш жаргал, зовлонгоо хамтдаа хуваалцан, бие биеэсээ өчүүхэн ч холдолгүй хамтдаа хорвоог туулна гэсэн андгай байв. Эр нөхөр нь эмэгтэйнхээ нүүрэн дээгүүрх сарийг өргөн духан дээр нь, голлож хуваасан үсний цагаан хуйхан хэсгийг долоовор хуруугаараа улаан будгаар будав. Гэргий болсон эмэгтэй нь мөн адил өөрийнхөө гараар эр нөхрийнхөө духанд улаан будгаар тэмдэг тавьж өглөө. Дараа нь тэр хоёр бие биенийхээ аманд Энэтхэг үндэстний амттан болох чихэр, бурмыг ээлжлэн хийж идүүлэв. Дараа нь аав, ээж, ах дүү нар нь ээлжлээд аманд нь зөндөө их идэх юм хийж өглөө дөө. Тэр үед эмэгтэй юу бодож, баяртай эсвэл гунигтай байгааг зөвхөн түүнээс өөр хэн ч мэдэхгүй байлаа. Яах бол, юу болох бол гэж мөч бүхэн, үйлдэл бүхэн сонин давтагдашгүй, оньсого мэт тайлагдашгүй, бас хүлээлттэй байгаа юм шиг санагдсан. Хүмүүс ахиад л бөөн шуугиан болж хоол ундаа идэн, бэлэг сэлтээ гардуулж, бас дуу бүжиг болов. Хүн болгон дураараа хөдлөж, бүжиглэж хамгийн баяр баясгалантай байсан. Мянгатын рупинуудийг хэлхэж зүүлт хийгээд зүүж өгөөд байсан. Цаашид байнга мөнгөөр бялхаж элбэг дэлбэг, ариун сайхан амьдраасай гэж ерөөж байгаа бололтой. Анхны уригдаж орсон Энэтхэг хурим болоод ч тэр үү, бас манай байрны эзний хүүгийн хурим болоод ч тэр үү, бидэнд яг л өөрийн ах дүүгийн хурим болж байгаа юм шиг сайхан байж билээ. Шөнө дунд болтол үргэлжилсэн. Тэгж тэгж үүрээр тарах шиг болсон.

Маргааш нь нэлээн унтаж байгаад босоод харсан чинь нөгөө асар бараг байхгүй болчихсон байсан чинь сэтгэл их гонсойж билээ. Ийм амархан, ийм хурдан байсан юм уу гэж бодогдож билээ. Тэр хоёрын минь амьдрал маш удаан байж өнөр өтгөн сайхан гэр бүл болоосой,  хуримын ёслол, асар шигээ хурдан сарнин битгий алга болоосой гэж хүүхэд насны гэнэн хонгор бодлоор бодож билээ. Тэр хоёр сайхан гэр бүл болж, олон ач, зээтэй болсон гэсэн. Надад Энэтхэгийн хурим их гоё романтик санагддаг юм. Гэхдээ ямар кастын ямар охин, хэний хүүтэй гэрлэж байгаа нь маш чухал л даа. Жаргалтай ч байна, зовлонтой ч байдаг байх. Гэхдээ боловсролтой, баян тансаг, дээд кастын хүмүүст бол яг л бид яаж хайр сэтгэлээрээ хурим найраа хийгээд өнөр өтгөн амьдардаг тэрэн шиг л байдаг гэж боддог. Харин ч түрүүнд нь танилцаад муу сайнаа мэдэлцээд, үр хүүхэдтэй болчихоод хурим найр хийж байснаас хамаагүй ариун санагддаг юм. Эрэгтэй нь ч тэр, эмэгтэй нь ч тэр өөрийн удам угсаагаа өндөрт авч явах ариун нандин хариуцлагыг гүнээ ухамсарлан ойлгож хүмүүжигдсэн байдаг. Тийм учраас хүнтэй суух нас хүртлээ эрдэм номоо сайн сурч, эрүүл чийрэг байж ирээдүйд сайн аав, ээж болохдоо ухамсартайгаар бэлддэг. Өөр ямар нэгэн юмыг бодохгүй, тийм зав ч байхгүй.

Энэтхэгийн сургалтын тогтолцоо маш хатуу, айхтар өрсөлдөөнтэй. Хуучнаар бол ес, аравдугаар ангид, тэднийхээр бол “high school”-д байхдаа дээд сургуульд орох бэлтгэлээ хийгээд толгой өөд нь татахгүй. Охины аав, ээж охиноо сайн сайхан хүнтэй гэрлүүлээд сэтгэл амар байхыг мөрөөднө. Энэ оронд бол жинхэнэ утгаараа охин хүн айлд очсон бол эргэж ирэх нь ховор юм билээ. Манайд бол охидууд харин ч аав ээжтэйгээ байж, аав ээжээрээ үр хүүхдүүдээ өсгүүлээд айл саахалт байдаг шүү дээ. Харин хүү хүний хүн юм биш үү. Би л тэгж боддог юм. Энэ бол тусгаар тогтнолоос хойш үүсэн бий болсон зүйл л дээ. Тийм учраас Монголын охидууд бид азтай шүү. Манайд ч мөн адил охиноо олигтой сайн хүнтэй суулгах юм сан, сайн эрдэм номтой болгочих юмсан, хүү бол яах вэ гурушик /грузчик/ хийгээд ч амьдарчихна гэсээр байгаад бас өрөөсгөл байдал нийгэмд  үүсээд байгаа шүү дээ. Энэтхэг охидууд нэр хүндээ маш их хамгаална “Нэр хугарахаар яс хугар” гэж зүйр үг байдаг шүү дээ. Тэрийг маш сайн баримтална. Хэрэв тэр охин хэн нэгэнтэй явж харагдах юм бол ирээдүйд хань болох хүнийхээ сэтгэлд юм хийнэ гэж  эмээнэ. Тэр хүнийг тэр огт танихгүй, мэдэхгүй ч, тэгсэн мөртлөө тэгж эмээнэ.  Нэгэнт л эмэгтэй хүний жам хойно, сайхан гэр бүл үр хүүхэдтэй болох нь эмэгтэй хүнд амьдралын гол зорилго. Одоо, би өөр дээрээ бодоход л би ханьгүйгээрээ, Очгүйгээр, хоёр охингүйгээрээ хэн билээ? Залуу зандан цагтаа хөдөлмөрлөж тоогдож явна, тэр эрч хүч амьдралын идэвхийг гэр бүл өгнө, бас зоригжуулна.  Мөн тэд нар байгаа учраас би байгаа шүү дээ. Тэгэхээр Энэтхэг охидуудын өөрийн бие, сэтгэлийн онгон, ариун байдлыг хадгалан өгөх хүндээ өгсөн шиг өгч зориулдаг нандин чанарыг би хүндэтгэдэг, тэр тун ч гэгээлэг санагддаг.

Аавын минь аав, бидний өвөөгийн бие чилээрхэж эхлэв. Нэг өглөө аав минь ажил дээрээ иртэл “Аавын бие муу байна, яаралтай ир” гэсэн цахилгаан ирсэн байв. Бид их санаа зовж байлаа. Өвөө минь нас сүүдэр наян гурав хүрч байлаа. Хөөрхий өвөө минь биднээс дандаа алс хол амьдардаг байв. Тийм болохоор байнга хамт байх боломж байхгүй. 1976 онд хотод орж ирээд бид хэд Гандантэгчэнлэн хийд, Богдын музей гээд үзүүлбэл зохих газруудаар дагуулж явж билээ. Бид өвөөд минь Гандан хийд их таалагдах байх, энд л удах байх даа гэж бодож байлаа гэтэл өвөө аавд “За аав нь ч тийшээ очихгүй ээ. Олигтой хэдийгээ цөмийг нь сорчилж бариулаад булуулчихсан газар байгаа юм. Бурхад догшид, судар номонд нь алсаас залбирчихаад буцна” гэж хэлэхэд нь аав гайхаж байсан гэдэг. Хожим харин Хамбын овооноос тэр олон лам нарын цогцос, яс олдох хүртэл энэ үгийн утгыг аав ойлгоогүй явж гэж хэлж билээ. Бас тэр үед ээжийн аав, намайг өсгөсөн өвөө минь амьд сэрүүн байсан үе, тэд  хэд хоногийг хууч хөөрөн өнгөрөөж билээ. Аавын аавыг Замбалгарав гэнэ. Нутаг усандаа “Зүүн өвөлжөөний эзэн” Замбагаа гэж алдаршсан хувраг, маарамба хүн байв.  Өвөө минь Сайн Ноён хан аймгийн Далайчойнхор вангийн хошуунд буюу одоогийн хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын нутаг Хөөнгийн хөндийн орчимд Өндөр гэлэн Ренчингийн найман хүүхдийн отгон хүү болон 1897 онд төрж  1930-аад оны үеэр энэ нутагт ирж суурьшин амьдарчээ. Өвөөгийн өвөг эцгийг Ядам гэдэг байв. Тэрбээр Өүлэн эхийн овог болох Монголын язгуур овгуудын нэг Олхонууд овогтон Аюур захирагчийн арван таван хүүхдийн нэг нь байсан. Аав минь “Шатар заалгахгүй Монгол” номондоо : Ийнхүү миний бие “ирэхийн үзүүр, харахын харуул, хар дайсанд халх” олсон /17 дугаар зууны сурвалж бичгээс Б.Чимэд /халх гарвалтай Олхонууд овогтон ажээ гэж бичсэн байдаг.  Өвөө минь багадаа Хөөнгийн хүрээнд шавилан сууж Төвд ном, төвдийн анагаах ухааныг эзэмшин, нутаг усныхаа зон олны эрүүл мэндийн төлөө өөрийн оюун ухаан, сурсан мэдлэгээ, амьдралаа зориулж явсан тэднийхээ дунд юунаас ч үнэтэй амь насыг нь хамгаалж явсан ачтан болон өргөмжлөгдөн алдаршсан юм. Шашин номыг тас хориглож, хорьж, зүхэж байсан тэр түүхийн цөвүүн цагт ард түмний сайн сайхны төлөө гэсэн итгэл, сэтгэлдээ үнэнч байж, ухарч эмээлгүй, тууштай, тустай байж чадсан юм. “Зулын хорин таван, цагаан сараар манайх шиг нэгээс нөгөө хатавчаа хүртэл олон сайхан хөрөг бурхадаа чимэн залж, арц хүж анхилуулан, бүрээ, бишгүүр, хонх  дамар нижигнүүлсэн тийм гоё сайхан айл байдаггүй байлаа. Аав минь өвөлжөөнийхөө арын өндөр уулын шовх оройд овоо босгон тахисан нь шашин номын эсрэг тэмцсэн засаг төрийн бодлоготой харшилдаж ямар ч гай зовлон учруулж болохыг нутгийн зон олон бүхэлдээ ухааран айж ханцуйн дотроо дуугүйхэн залбирч байсан” гэж аав ярьдаг юм. Аав минь тэр сайхан овоог 1980 оноос хойш эхлэн бараг жил бүр сэргээн додомдож Жагар нутгийн хадаг яндар, үнэртэн танартнаар ариутган идээ будаа, чихэр жимснийхээ дээжийг өргөн шүтсээр гуч гаруй жил болж байна. Өвөө их нуруулаг өндөр хүн байсныг тод санаж байна. Хоёр дүү маань, ялангуяа бага дүү өвөөг илт дуурайсан мэт, метр наян найм өндөртэй ханагар сайхан залуу бий. Өвөө их цэвэр цэмцгэр, мориныхоо дэлийг ёстой дэллэсэн шиг дэллэдэг, сумласан шиг сумладаг, тэрүүгээрээ гангардаг байв. Өвлийн улиралд ардаа улаан залаатай жинстэй шовгор үнэгэн малгай, зун, намрын цагт улаан бүслүүртэй бүрх малгай, хүрэн дээл, шар буржгар бүс, лам хэт хутга, тэнзэн ташуураар гоёдог байсан гэдэг. Аав минь дурсахдаа “Өвөөгийн хатирч хар гэж жинхэнэ согоо чихтэй, тун ч уран чамин толгойтой, өндөр сэрвээ, урт нуруутай, хатирахаараа ямар ч морийг сарвайтал тавруулдаг сайхан хар хүлэг байсан” гэдэгсэн. Өвөөгийн өндөр нуруу энэ урт хар морин дээрээ ёстой жинхэнэ ванлий мэт зохисон байсан гэж ярьдаг юм билээ. Манайд өвөөгийн хар морин дээрээ ташуу сундалсан, ташуураа ташаандаа тулаад алсыг ширтэж буй ганц гоё зураг байдаг юм. Аав тэр зургийг ерээд онд Жамулд өгч янзлуулж билээ. Тэр үед Монголд хараахан компьютер, зураг янзлах программ байгаагүй байсан үе. Өвөө  найр наадам, ямар ч чухал ажилд зөвхөн тэр хар морио л барьж унана. Хамт давхиж явсан хүнийх нь морь урд нь бүдэрч унахад хүн, морь хоёулангийнх нь дээгүүр дүүлэн хариагаад гарчихаж билээ хэмээн өвөөгийн найз, нутгийн буурай Халзан Гомпил тээр жил аавд дурсан ярьсан байдаг. Ярихдаа бүүр эд хав болгон ярьдаг байсан гэдэгсэн. Нэлээд хожим нас дээр хүрсэн хар морио яагаад ч юм бэ аймгийн наадамд уралдуулж орхисон нь барианы газарт саахалтын хир газар түрүүлж ирснээ морьтон, машинтны хөл хөдөлгөөнөөс үргэн хадуурч өвөөгийн минь сэтгэлийг баярлуулан гонсойлгосон гэсэн. Хожим аав учрыг нь эрэн сурвалжилсан чинь зэргэлдээ сумын нэгэн уяачийн хурдан морьтой зүйрлэн маргаж, дэнчиндсэн юм байна билээ гэж аав ярьж билээ. Өвөө мал маллана, жин тээнэ. Заримдаа бүүр Улаанбаатар хүртэл жин тээгээд удаан явна. Тэр үед өнчин өрөөсөн, ганц ааваас өөр харж хандах хүнгүй өнчин хоёр бяцхан хүүд айж ичихээс эхлээд амаргүй үеүд зөндөө байсан байх. Өвөө бүүр тавин найм, есөн насандаа ганцаараа хөтөлгөө морьтой жинд явчихна. Нутгийн дүрсгүй залуучууд аав, ах хоёрыг цаашлуулан” танай аавыг чоно бариад идчихсэн бүүр хошногыг нь сугалчихсан гээд” айлгаж цаашлуулдаг байсан гэсэн. Гэтэл тэгж удсан өвөө минь арваад тэмээ хөтөлсөөр Цэцэрлэгийн голыг өгсөн ирж яваа харагдахад, айл саахалтаараа хүлээн цөхөрсөн тэдний магнай тэнийдэг байсан гэж дурсан ярьдаг юм.  Ирэхдээ зөндөө гоё юм авчирдаг байсан гэсэн. Түүнийг нь идээд аав, ах хоёр хамаг гомдлоо, айдсаа мартчихна.

“..Хангай говийн заагийг

Жингийн цуваагаар хөрөөдөж

Хан сарьдагийн цуурайг

Жийхүү дөрөөгөөр хөглөж

Хөмөрсөн тогоо шиг харанхуйд

Хуучин хүү шиг мунхраагүй

Уужим тэнэгэр орчлонгийн

Учрыг эгээрч гэгээрсэн

Бичиг номонд болсон

Билэг хурц ард байсан” гэж Миний аав Завбалгаравын Жадамба хайрт аавынхаа талаар шүлэглэн хэлсэн байдаг.

Аав минь аавынхаа талаар дурсахдаа “Лам нарыг ангуучлан барих их баривчлагаанаас зугтааж хорогдох газар, хоног өнгөрөөх итгэлт нөхдөө бараадан цөөнгүй он жилийг өнгөрөөж, аргагүйн эрхэнд лам дээл, орхимж юугаан халж, нутаг дүрвэн, харын дүрийг эсгэн миний ээж Равдангийн Долгортой ханилан “хайрт” нам засгийн бахархан цоллох дуртай ядуу малчин болон хувирсан гэдэг. Ийнхүү лам хуврагыг хоморголон устгах их яргалалын аймшигт тахлаас амь насаа бултуулж, наян гурван насыг зооглосон аав минь жаргал зовлонгийн зовлонтой нь арай илүү учирсан болов уу даа. Шарын болон улааны цэрэгт хүчээр татагдаж тэр бүхнээс амь наана, там цаана дүйн оргож.. нутаг нугынхаа сор болсон олон лам хуврага, гэм зэмгүй ард олноо шарын, улааны хоёр хүчний хооронд хэмлүүлсэн он жилүүдийг халаглан үдэж ... цэл залуухан авааль ханийхаа мөнх бусыг үзэж..., өнчин таван хүүхдийнхээ эцэг нь ч, эх нь ч болон амьдралын хатуу хөтүүг сөрөн, эрдэм номын мөр хөөлгөх гэж... таван жилүүдийн төмөр төлөвлөгөөний ялын буулганаас мултрах гэж ... буян заяа хурсан мал сүргээ нэгдэлд хүчээр нийгэмчилж ... өсөж өндийж үүрээ орхин одсон үр хүүхдийнхээ эрдмийг өвөртлөн эргээд ирэх алтан мөчийг хүлээх гэж... үнэнхүү айван, тайван амьдарч жаргахын заваар даанч хомсхон байсан болов уу даа. Хэдэн ч боть номоор эс хэмжигдэх амьдралынх нь үүх түүхийг хуудасхан өгүүллэгээр хүүрнэн мөнхлөх чадваргүй хоцорсон холчгүй бодол, хомсхон ухаанаа харамсан зэмлэвч нэгэнт оройтжээ.

“Олоон удаа хуучилсан надад үүх түүхээ

Ойшоож сонсохоор даанч мөхөс

Ойворгон тэнэг үрээ аав минь

Ой тойндоо шингээсэн гэж итгээ бизээ

Даан ч ажингүй төрсөн

Энэхэн биеэ мянгантаа зүхэж

Далдаас ширтэх зөөлөн харцанд нь

Эмтрэнхэн суухаас өөр яалтай ч билээ дээ” гэж аав минь өгүүлсэн байдаг нь үр хүүхдүүд бидэндээ захисан алтан сургааль, ухаарлыг хожуу бус өнөөдөр ол! гэсэн хатуу зарлигийг буулгасан мэт. Яс нь муудаж байна даа, аав минь, хичээгээд юм гарахгүй бол яана даа гэж бид эмээнэ. Өршөө аав аа. Хэний ч өмнө өөрийн чадвар, оюун билэгтээ итгэж, амлаж, түүнийхээ төлөө зүтгэхийг зорино. Зөвхөн аав, ээжийнхээ өмнө дэндүү өчүүхэн гэдгээ мөч ирэх тусамд мэдэрч байна. Ядаж ингэж бодож чадах ухааныг биетэй минь хамт төрүүлсэн аав, ээждээ баярлаж байна даа.  Бид бас үр хүүхдүүддээ энэ л сургаалийг энэхүү номоороо дамжуулан үлдээж байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үзэн ядагч(202.21.124.132) 2020 оны 01 сарын 29

Түүхэн хүн ч биш, хийсэн бүтээсэн зүйлтэй ч хүн биш Цолмонгийн намтар, дурсамжийг унших ямар хүсэл алга. Өөрөө мөр цагаан, хүний хүндлэл хүлээж чадах хүн л олонд өөрийнхөө дурсамжаа бичиж ном болгож үлдээдэг болхоос бие, сэтгэлээ үнэлж албан тушаал горьлогч бөөлжис цутгуулж яахнав дээ

0  |  0
Үзэн ядагч(202.21.124.132) 2020 оны 01 сарын 29

Түүхэн хүн ч биш, хийсэн бүтээсэн зүйлтэй ч хүн биш Цолмонгийн намтар, дурсамжийг унших ямар хүсэл алга. Өөрөө мөр цагаан, хүний хүндлэл хүлээж чадах хүн л олонд өөрийнхөө дурсамжаа бичиж ном болгож үлдээдэг болхоос бие, сэтгэлээ үнэлж албан тушаал горьлогч бөөлжис цутгуулж яахнав дээ

0  |  0
Zochin(202.131.227.51) 2020 оны 01 сарын 29

Hiih ajilgui hun yum uu? Ene huuramch professor, ded professor tsoliig algassan gesen, haana, henii tushaalaar ch bolsniig MAN ni l medeh baih. Hen negneer bichuulsnee uuriin nereer gargadag baih daa. Tengert odson negnii neriig daraad l uuriin erdem shinjilgeenii ajil bolgodog ichguurgui, uviagui, shunaliin dev bolson emegtei.

1  |  0
lol(66.181.161.32) 2020 оны 01 сарын 29

шуналтай авгай үхсэний нь доктор байхийн аан

1  |  0
баабаа(202.9.46.184) 2020 оны 01 сарын 29

сайхан л дурсамж байна

0  |  2
(202.179.24.92) 2020 оны 01 сарын 29

MONGOL GUUNIA BOLGON ZOHIOLCH BOLOH NI LDE,YAASAN IH TSAG ZAVTAI HUN BE ENE?,NOM ENE TER BICHEEL UDURJIN ZUGEER SUUJIIDAG.

1  |  0
Top