Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | ЭНЭТХЭГИЙН ОН ЖИЛҮҮД-IV

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 22

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.


Үргэлжлэл..........

8. Гурав дахь ертөнцөд анх хөл тавьсан нь

Air India,BOING 747, аварга том онгоц, хоёр давхар. Онгоцны хаалган дээр духан дээрээ улаан мэнгэтэй бурхан шиг эмэгтэй гараа хавсарч мөргөөд, дотогшоо орохыг урьж байна. Хэл ойлгохгүй юм чинь нэг эмээж харснаа бид гурав гүйгээд л оров. Аав, ээж хоёр араас ороод ирэв. Нэл хүж, нялуун ч юм шиг тансаг үнэр ханхалсан, нэг намуун аялгуу аажуухан эгшиглэсэн орчин байв. Голын дөрвөн эгнээ, хажуугийн нэг суудал тэр чигээрээ биднийх. Бид гурав маш их баяр хөөртэй байлаа. Бидэнд тоглоом авчирч өглөө. Ойр ойрхон хоол, янз бүрийн амттан авчирч өгнө. Одооныхтой харьцуулахад үйлчилгээ, хүндлэл арай бас өөр байсан юм шиг санагдаж байна, аль эсвэл урьд нь тийм юм үзээгүй байсан болохоор ч тэгж санагдаж байсан байж болох юм.

Онгоц газардлаа. Яах бол, ямар юм бол гээд л сэтгэл нэг л сониучхан. Хаалга онгойлоо, пүн гээд л халуун агаар ороод ирлээ, бүр илт мэдэгдэм. Бид гарлаа, хэсэг газар халуун байснаа цаашаа орох тусам сэрүүхэн сайхан болж эхлэв. Элчин Сайдын Яамнаас ирж тосох ёстой, бид түр хүлээлээ. Тэр хооронд ээж бид хоёр ариун цэврийн өрөө орохоор явав. Юу ч бодолгүй ороод гэнэт нүдэнд нэг юм торох шиг болохоор нь харсан чинь газар хүн хэвтэж байна. Гэгээн цагаан өдөр хүн газар унтана гэсэн ойлголт надад л лав  байгаагүй, тэр тусмаа газар мундсан биш нойлын өрөөнд шүү. Сүнс зайлах шиг болж билээ. Ээж минь мөөмөндөө наагаад “Хурай хурай, миний охин юунаас айдаг юм бэ, хөөрхий хүн л байна шүүдээ” гэв. Түүнээс хойш “хөөрхий хүн” гэдэг сэтгэл надад бий болж бүхнийг энэрэх сэтгэл тэндээс ундаргаа авсан гэж боддог.

Элчин сайдын яамныхан тослоо, О.Нямдаваа ах маань тоссон шиг санагдаж байна. О.Нямдаваа ах Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийн \МОУХДС\ олон улсын харилцааны ангийг хинди хэлээртөгсөөд, 1976-1978 оны хооронд Делид Энэтхэг хэлний бэлтгэл хийгээд, 1978-1983 он хүртэл атташе, гуравдугаар нарийн бичгийн даргаар, 1986-1992 онд дахин томилогдон нэгдүгээр нарийн бичгийн даргаар, 1998-2002 онд Монгол улсаас БНЭУлсад суугаа бүрэн эрхт элчийн сайдаар томилогдон ажиллаж байгаад Монгол Улсын Төрийн ёслолын албаны даргаар олон жил ажиллан  гавьяаныхаа амралтыг авсан. Ерээд оны эхээс О.Нямдаваа аав, ээжтэй минь олон жил сайхан найз нөхөд байж, залуу халуун насаа тэд тэр л бурханы орон Энэтхэгт өнгөрөөсөн. О.Нямдаваа ахын эхнэр, Соёлмаа эгч чамбай, сайхан эмэгтэй байдаг. Их уран, “Бурда” сэтгүүлээс харж байгаад надад даашинз оёж өгдөг байсан. Хэдийгээр аав минь Олон Улсын байгууллагад ажиллаж байсан ч элчингийнхэнтэйгээ маш ойр дотно харьцаатай, элчингээс зохиогдож байгаа бүхий л ажилд оролцоно. Одоо харж байхад олон улсын байгууллагуудад ажиллаж байгаа хүмүүс ЭСЯ-аас зохиогдож байгаа ажилд сайн дураараа оролцох нь битгий хэл, бараг үзэгддэггүй юм билээ.

Бид онгоцны буудлаас шууд “Лоди” буудал руу явлаа байлаа. Зам зуураа явж байхад нэг л сонин, гудамжинд ургасан модод нь хүртэл өөр. Зөндөө гоё цэцгүүд тарьсан, мөн мод нь өөрөө цэцэгтэй байв. Гудамжинд нь цагаан даавуугаар бөгсөн биеэ, хөлөө ороосон эрэгтэй хүмүүс, эмэгтэйчүүд нь өнгө өнгийн саригаа өмсөнө, урьд нь сари гэж сонсож, мэдэж байсан гэхдээ ийм олон хүмүүс сари өмсөж байхыг хараагүй болохоор сонин байв. Үндэснийхээ хувцсыг их өмсдөг юм байна даа, манайд настай хүмүүс л голдуу дээл өмсөөд гудамжинд явна уу гэхээс залуу хүмүүс өмсөөд явдаггүй шүү дээ гэж бодлоо. Машины цонхоор хараад явж байхад хүний амьдрал гудамжиндаа байдаг юм шиг санагдаж байв. Гэр нь гудамжны тэр хэсэг юм шиг их л гайхалтай санагдаж байв. Хүмүүс гадаа хоолоо идээд л, унтаад л, гэхдээ нэг л тайван, юу ч хийж болдог юм шиг тэгж харагдаж байлаа. Буудалдаа ирээд элчингийнхэнтэй аав, ээж хоёр хөөрөлдөж, авчирсан юмаа өгөн, ирээгүй нэгэнд нь өгөөрөй гээд өгч явуулав. Хэд хоног буудалд байгаад урд Грэйтер Кайлаш гэж газар байдаг элчингийн байр луу очихоор тохиролцов. Маргааш нь О.Нямдаваа ахынх биднийг гэртээ хоолонд урив. Гольф Линкс гэдэг газар Монгол улсын Элчин Сайдын Яам байрладаг байв. Бид очлоо, хамгийн түрүүнд Монгол улсынхаа Төрийн далбааг харлаа. Тэр үеийн хүүхдүүд төрийн далбааны цуглуулга хийдэг, улс орнуудын нэр, төрийн далбаа, хотын нэрээр эхний үсгийг нь хэлж тааж тоглодог, гэгээлэг мэдлэг нэмэх тоглоом их тоглодог байж. Хүн ер нь бага жаахан гэлтгүй эх орноосоо хол байхаар өөрийн эрхгүй эх орноо санах, эх орноороо бахархах, нэмж байгаад сайхан болгож ярих хүсэл төрдөг юм. Тэднийх нэг давхарт, буюу манайхаар хоёр  давхарт байдаг байв.  Амараа гэдэг хүүтэй. Балба эмэгтэй харна. Бууз хийсэн байв. Бууз идэж байгаад мах хаанаас авах, ер нь мах нь ямар амттай гээд тэд ярьж байх юм. Яриан дундаас бидний идэж байгаа буузны мах лав бидний иддэг үхэр, хонины мах биш болоод явчихлаа. Энэтхэгчүүд цагаан үхрээ шүтдэг, үхэр алдаггүй, усны үхрээ алж иддэг юм байна. Нэг л сонин санагдаад явчихсан. Тэднийд анх удаа “Кампа Кола” гээд нэг их газтай хүрэн бор өнгийн ундаа уулаа. Эхлээд амсахад нэг сонин хүчтэй хамар луу цоргиод. Манай улаан уснаас\жүржийн ундаа\, илүү газтай, амтгүй юм шиг санагдаж билээ. Тэр ундаа нь “Кока Кола”-г дууриаж хийсэн тэдний үйлдвэрийн ундаа “Кампа Кола” юм. Дараа нь түүн шиг мөстэй уухад амны цангаа гаргадаг амттай ундаагүй болсон. Тэднийд нилээн тайван сууж бас гадаа гарч Сандагсүрэн гуайн хүүхдүүдтэй танилцаад найз нар болов. Сандагсүрэн гуай элчин сайдын яаманд нэгдүгээр нарийн бичгийн дарга, зөвлөхөөр ажилладаг байв. Тэднийх таван хүүхэдтэй, гурван хүү, хоёр охинтой. Том охин нь Орост сурдаг. Том хүү, Гантулга нь долоодугаар ангиа төгсөөд бүүр явах бэлтгэлээ хийж байв.  Хэрэв Оросын элчингийн сургууль найман жилтэй болох шийдвэр гарвал үлдэнэ. Удаахь охин Гангатуул, Энэтхэгт төрсөн болохоор энтэхэгийн Ганга мөрөн, манай Туул голыг бэлгэдээд өгсөн нэр, надтай чацуу. Дараагийн хүү, Гангамөрөн, Пүжитэй чацуу, отгон хүү Гансүх, таван настай байсан.

Маргааш нь ээж бид хоёр Лоди буудлын хавьд байдаг зах руу орж үзэв. Олон янзын даавуун хувцаснууд өлгөчихсөн тэр нь хийсээд л, хүмүүс бид хоёрыг их сонирхож харна. Энэтхэгчүүд их сониуч, шооч хүмүүс. Ялангуяа залуу эрэгтэйчүүд нь гараа элгэндээ зөрүүлж хумьж зогсож байгаад л нүдээ ч завчихгүй хараад байна. Тэгж байгаад л инээнэ. Нэгэн бодлын гэнэн хонгор ч юм шиг. Эмэгтэйчүүд нь арай өөр жаахан харж байгаад яваад өгнө.

1978 онд дэлхий ертөнц хоёртом үзэл суртлын лагерьт хуваагдчихсан байсан үе. Энэтхэг орны хувьд Хятадын дараа хамгийн их хүн амтай, Ази тивдээ хамгийн ардчилсан орон гэдгээрээ онцлог байв. Энэтхэгт хүн амых нь тоонд дарагдаад ч тэр юм уу гудамжинд гадаадынхан харьцангуй цөөн явж харагдана. Энэтхэгийн Их хаалга, Палика базаар гээд томоос том газар доорхи нүхэн зах, төв хэсэг, олон хөлийн дэлгүүр хоршоо, хоолны газраар хиппичүүд их тааралдана. Хиппичүүдийг би сайн мэддэг байлаа. Угаасаа харахад их содон, нэг харахад ядуу зүдүү хүмүүс юм шиг, нөгөө харахад мөнгө төгрөгтэй мөртлөө ядуу байхыг эрмэлзэж байгаа хүмүүс юм шиг надад бодогдож байж билээ. Аав ч ярьж өгнө. Тэр үед 1965 оноос эхэлж гарч ирсэн  хиппичүүдийн урсгал хаа сайгүй, хэдэн социалист орноос бусад орнуудад явж байв. Барууны орны чинээлэг, эдийн засаг, улс төрийн тогтолцооны үзэл баримтлалд итгэл үнэмшлээ өгч байсан айлын хүүхдүүд өөрийн амьдрал, эцэг эхийн хараа хяналтад байхаас уйдаж эрх чөлөөтэй амьдралыг сонгоно гэж гэрээсээ дайжин бүлэг бүлгээрээ нэгдэн, энд тэнд хонуучилж амьдрал үзэх нэрийдлээр улс орнуудаар явдаг байв. Тэд өөрийн нэгэн онцлог дотоод үзэл баримтлалыг бий болгож, тэдний хувьд амьдрал эрх чөлөөтэй, тайван амгалан, хайр энэрэлээр дүүрэн, ямар ч харгис хэрцгий явдалгүй байх ёстой гэсэн үүднээс хандаж, “Хайр сэтгэл мандтугай, Дайн сөнөтүгэй” гэсэн уриатай байв. Энэ урианаас болж хүмүүс тэднийг “Цэцэгсийн хүүхдүүд” гэж нэрэлдэг байв. Үнэн хэрэг дээрээ тэдний хүссэн тэр байдал амьдралд бодит байдлаар байгаагүй учир тэр өөрсдийн хүссэн ертөнцөд орохын тулд хар тамхийг хэрэглэн мансуурч, дотоод ертөнцийн эрх чөлөөт байдлыг бий болгож гадаад ертөнцөөс тасарч байв. Ихэнхдээ  марихуана, хэлюсинажэнс зэргийг хэрэглэдэг байв. Тэд амьтны мах иддэггүй, өөрсдийнхөө итгэл үнэмшлийн төлөө тайван байдлаар тууштай тэмцэж чаддаг. Ер нь бол утоп чиглэлийн хүмүүс. Тэдний зарим нь зочид буудалд ч хонохгүй, үсээ ургуулан өнгийн будгаар сонин хэлбэртэй засаж, хаа ч хамаагүй олдсон газартаа хонож олдсон юмаа идэж явна. Тийм хүмүүс харагдана. Царайлаг сайхан охидууд, хөвгүүд, зарим нь ч аймаар нүүр царайтай, янз бүрийн л хүмүүс байна. Тэд эрээн өнгийн даавуун хямд, биед хөнгөхөн бөгөөд эвтэйхэн хувцсаа даг даарь болтол нь өмсөнө. Зарим нь нялх хүүхдээ тэвэрчихсэн бас сонин хачин өнгөөр үсийг нь будчихсан тэвэрч яваа нь их сонин байдаг байж билээ. Тэдний дунд орсон ихэнх охидууд эмэгтэй хүний гэр бүлийн ажил хуваарилалт, дарамтаас зайлж, өөрийн тайван орчинд орох тэмүүлэл нь тэднийг тэдний дунд нэгдэж орох хүчин зүйл болж байв. Тэр үеийн нэртэй одууд Боб Марлей \Bob Marley\, Боб Дилан \Bob Dylan\бүгд хиппигийн үзэл баримтлалыг дэмждэг, хиппигийн хөдөлгөөнд идэвхитэй оролцогчид байсан. Аав хиппичүүд болон панк урсгалын талаар ярьж өгч буруу болохын учрыг хэлж өгдөг байсан учир энэ бүх ойлголт маш сайн тогтсон юм. Хаалттай, нэг л үзэл суртлыг түлхүү сурталчилсан, социалист нийгмээс гэнэт өөр ертөнц, хэт задгай нийгэм рүү ороод ирэхээр ёс суртахууны хэлбэлзэл өсөн торниж яваа хүүхдэд гаж байдлаар тогтож магадгүй гэсэн үүднээс сэргийлж байсан байх.

Дипломат корпусынхан, олон улсын байгууллагынхан буюу бусад улс орнуудын элчин сайдын яамныхан өөрсдийн явдаг газартай, гадагшаа гарвал машинаар очих газраа хүрээд л өөр нэг их гарахгүй. Бас аюулгүй байдлын үүднээс улс орнууд өөрсдийн иргэддээ тэгж анхааруулдаг ч байсан байх. Энэ 1978 он шүү дээ, одоогоос гучин есөн жилийн өмнө. Манай Монголчуудын хувьд бол арай чөлөөтэй, дуртай газраа явж сууна. Гэхдээ л маш болгоомжтой байхыг шаарддаг байв. Гурав дахь хоног дээрээ юмаа янзалж аваад элчингийн урд байр луу нүүлээ. Бид гурав их л баяртай байлаа. Угаасаа нүүдэлчин удамтай монголчууд нүүж сууж байвал баярладаг цаанаасаа тийм зан чанарыг агуулж төрдөг юм шиг байгаа юм. Грэйтер Кайлашд байдаг байшин гурван давхар эргэн тойрон хашаатай, харьцангуй том байшин. Хамгийн доод давхарт нь элчин сайдын өргөө, хоёрдугаар давхарт нь Гал ахынх, дипломат ажилтан, мөн давхарт Энхтайван ахынх, дипломат ажилтан, гуравдугаар давхарт Бэгзжав ахынх, элчин сайдын жолооч. Ийм дөрвөн айл тэнд амьдардаг байв. Хашаа хороо цэвэрлэх, цэцэгчин, цэвэрлэгч, манаач гээд энэтхэг ажилчидтай, тэд нар нь элчингийн залгаа арын жижигхэн хэсэгт гэр бүлтэйгээ амьдардаг. Тэд Монголын Элчин сайдын яам байгуулагдаж эхэлснээс хойш үе дамжин ажиллаж амьдарч байгаа, сайн муугаа мэддэг, зан араншингаа авалцсан, бараг монголжсон хүмүүс байв. Их үнэнч. Гэхдээ заримдаа жаахан заваан, муу хийж байна гэсэн асуудал гарна. Толгойгоо бөнжигнүүлээд “Сер, дахиж тэгэхгүй” гээд л явна. Хүн л юм хойно, гарал үүсэл, яс үндэстэн ондоо ч ээнэгшин дасдаг юм билээ. Бид Элчингийн байрны хоёдугаар давхарт, Гал ахын хажуугийн буудлын журмаар ашигладаг жижигхэн өрөөнд буудаллаа. Багтаад л бараг гурван сар амьдарсан байх шүү. Бид амьдрах байраа олох, бас машин унаа Японоос захиалах, тавилга авах гээд ажлууд байлаа, тэрийгээ цэгцлэхэд бараг гурван сар орсон. Бидний үеийн хүүхдүүд гол төлөв байв. Биднийг ирэхэд элчин сайдынх эзгүй байв. Тэднийх Балба явсан байлаа. Элчин сайд жуух бичгээ гардуулахаар явсан байсан шиг санаж байна. Тэр үед элчин сайд их том хүн санагддаг байж билээ. Гэтэл өнөөдөр миний хань О.Оч Монгол улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллага, Европын холбоонд суух байнгын төлөөлөгч, Бүрэн Эрхэт Элчин Сайд болж Элчин цолыг хүртсэн байна. БНЭУлсад суугаа бүрэн эрхэт элчин сайдаар Бадамтарын Балдоо гуай томилогдон ажиллаж байсан юм. Б.Балдоо гуай 1976-1984 онуудад БНАСУ, БНЭУ/Балба, Шри Ланкаг хавсарч байсан/, Унгар/Австри улсыг хавсарч байсан/ элчин сайдаар томилогдон ажиллаж байсан, манай эртний дипломатчуудын алтан үе. Б.Балдоо гуай БНЭУлсад жил гаруйхан байгаад биеийн байдлын улмаас нутаг буцсан. Хожим, Монгол Улсад анх удаагаа ЮНЕСКО-гийн ивээл доор Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэн байгуулагдаад би 1998-2007 онд гадаад харилцааг хариуцан ажиллаж байв. Тэр үед 1999 оны нэгдүгээр сард  билүү дээ, манай ахмад эрдэмтэд цугларч нэгэн хуулийн шинэчлэн найруулга дээр сууж миний өрөөнд шөнөжин ажиллаж билээ. Тэгэхэд манай шедевр болсон эрдэмтэд, буурлууд маань бараг бүгд цугларсан байсан, Б.Ширэндэв, Б.Балдоо, Т.Хайсандаа, Ш.Бира, Б.Чалраа, Б.Энхтүвшин гээд... Бусад эрдэм судлалын ажлаар ч тэд нартайгаа олон жил хамтарч ажилласан, би азтай хүн шүү. Тэр үед би тэр настай эрдэмтдийг хараад ямар дуулгавартай, захирах захирагдах ёсоо мэддэг, төрөө дээдэлдэг, өөрийн биеийг үл огоорон, түмний төлөө чин сэтгэлээсээ зүтгэх аугаа их чанарыг өвлөж төрсөн, дөлгөөн сайхан, уул шиг түшигтэй хүмүүс вэ гэж бодон бишрэхийн зэрэгцээ, өөрийн эрхгүй хайрлал, хүндлэл ундран гардаг байж билээ. Харахад ямар гоё хүмүүс байгаа вэ, бие бялдар, өнгө зүс, донж маяг, зан ааш. Үнэхээр агуу хүмүүс байжээ тэд нар минь.  Бидэнд ахмад үеэсээ сурах юм асар их байсан. Тэгж чадлуу? Одоо бүүр хожимдоогүй байгаа дээрээ амжиж суралцах юмсан. Тэдний маань ихэнх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлж дээ. Б.Балдоо гуайн гэргийг Ё.Найдалмаа гэнэ. Маш өндөр боловсролтой, байнга Оросоор ярьдаг, соёлтой, яг нэг Оросын сэхээтний дүр төрхийг агуулсан тийм хүн байж билээ. Ё.Найдалмаа гуай манай Дуурь бүжгийн академик театрын гоцлол дуучин, Монгол улсын гавьяат жүжигчин. Олон сайхан, дэлхийд танигдсан дуурийн дуулаачдыг бэлтгэж гаргасан гавьяатай багш, сурган хүмүүжүүлэгч хүн. “Большой” гэдэг үгийг би тэр үед л тэд нараасаа анх сонсож, тэр үгийн жинхэнэ “том” утгыг ойлгож байлаа. Тэднийх хоёр охин, нэг хүүтэй. Том нь хүү. Том хүү, охин хоёр нь Улаанбаатарт ахлах ангид сурна. Монгол улсын хувьд, зөвхөн бидний хувьд ч биш социалист орнуудын хувьд хэрэв өөрийн дунд сургууль элчин сайдын яаманд байхгүй бол Зөвлөлт Холбоот Улсын сургуульд явна. Өөр сургуульд орохыг хориглоно, үзэл суртлын үүднээс ч тэр, бас төлбөр мөнгийг нь дийлэхгүй тул. Орон нутгийн сургуульд ч явах бас асуудалтай байв. Делигийн хувьд бид Оросын Элчингийн сургуульд явна. Бүх социалист орны хүүхдүүд явна, Ардчилсан Герман хүүхдүүдээ нөгөө  баруун Германаас хоцроохгүй гээд дуртай сургуульд нь явуулна. Тэд голдуу АНУ-ын элчингийн сургуульд явуулна. БНХАУ өөрийн сургуультай. Вьетнам, Лаос хүүхдийн сургуулийн асуудлыг хэрхэн шийддэг байсныг мэдэхгүй юм, харин Ардчилсан Солонгос Улс хүүхдүүдээ авчирдаггүй байв. Элчинд ажилладаг хүмүүс нь ганц биеэрээ томилогддог гэж ярьдаг байсан. Б.Лагшмаа, бид тэр үеэс бие биеэ мэдэж олон жил Москвад оюутан ахуй цагтаа үерхэж, тэр алтан он жилүүдийг дурсагдах сайхан мөчөөр дүүрэн өнгөрөөж билээ. Цаашид ч ЭМШУИС-ийн Удирдах Зөвлөлийн дарга байхад олон чухал үйл ажиллагаанд хамтарч оролцож, Монголын анагаах ухааныг хөгжүүлэх ариун үйлсэд хамтран зүтгэсэн, миний багын анд. Харин тэдний бага охин Б.Дагзмаа аав, ээжтэйгээ хамт байсан юм. Хожим аавынхаа шийрийг хатаасан философич, эрдэмтэн болсон. Би, яагаад ч юм бэ сайдынх хурдан ирээсэй гээд хүлээгээд байж билээ. Элчин сайд их өндөр, гонзгой нүүртэй туранхай хүн байв. Эхнэр нь оростой төстэй царайтай сайхан ааштай хүн байлаа, надтай шууд л оросоор мэндэлсэн. Охин нь жижигхэн хөөрхөн охин мэндлээд, тоглоомоо бид нарт үзүүлсэн. Солигддог өнгөт зурагтай, дуугардаг, бас ярьдаг хүүхдийн зурагт юм уу даа тоглоом бидэнд өгч тоглуулав. Тэр тоглоом  бидний дунд их моодонд орж билээ. Хүүхэд болгон тийм тоглоомтой болох гээд аав, ээжээсээ гуйна. Хүүхэд насанд аав ээж минь дэргэд, идэх юм, тоглох тоглоом л байвал болдог хойно. Ямар удаан үргэлжлэх юм биш дээ. Ахархан хүүхэд нас. Маргааш нь сайдынх биднийг гэртээ оройн зоогонд урив. Сайдынх нэлээд хэдэн өрөөтэй. Хоолны өрөө нь их гоё санагдаж билээ. Томоо хоолны ширээ өрөөний голд, хүрэн хилэн торгон бүтээлэгтэй, тойроод бараг хорин хүн суухаар багтаамжтай. Сандал нь мөн адил тийм өнгийн бүрээстэй. Урд нь тийм том ширээ, тийм их сандал, тийм гоё өнгөний зохиомж үзээгүй болоод тэр юм уу, их л гоё харагдаж билээ, нэг ёсны тансаг. Тэр үед тансаг гэдэг үгийг мэддэггүй байсан юм чинь. Ер нь Монголчууд “тансаг” гэдэг үгийг 1995 оны шинэ жилээр Монгол Улсын анхны ерөнхийлөгч П.Очирбат “Нэкст стоп” шинэ жилийн арга хэмжээн дээр хэлснээр моодонд оруулж, түүнээс цааш ердийн хэлбэрээр хэрэглэж эхэлсэн гэж би боддог юм. Сайдынх өвөр монгол тогоочтой байв. Бас л хэл нэгт монгол гээд барааддаг, элчинд олон жил ажилласан, хижээл насны хүн байв. Тогооч нь бидэнд Энэтхэг маягийн хоол хийж өгөв. Анх удаа идэж байгаа болоод тэр үү хачин амттай санагдсан. Одоо ч Энэтхэг хоолонд нугасгүй л дээ.

Аав ажилдаа өглөө яваад орой таван цагийн үед ирнэ. Ээж бид дөрөв тэр хавиараа талх тарианд гараад өрөөндөө голдуу байна. Грэйтер Кайлаш надад их гоё өөрийн гэсэн өвөрмөц өнгө аяс, аялгуу, үнэр, өнгийг санагдуулдаг билээ. Тэндэхийн талх их амттай, өглөө болгон сүү авахаар явах гоё санагддаг байж билээ. Сүүний газарт сүү өглөө таван цагийн үед ирнэ. Шинэ сүү авах гээд сүү авах өдрийн үүрээр сүүнд явна. Манай бидоныг бодвол их биетэйгээ ижил задгай амтай төмөр бидоноор сүү авна. Очоод төмөр мөнгөө хийгээд сүүгээ тосоод авчихна. Тэр хавийн хүмүүс маш эртэч, өглөө зургаа хагас гэхэд л үүд, хороогоо цэвэрлээд эхэлнэ. Байнгын нартай, хүний сэтгэл тэнүүн, уужим байхаас аргагүй, уурласан уцаарласан хүмүүс байхгүй байнга л инээж байна. Ядуу ч байсан, дунд зэргийн амьдралтай ч байсан, үгээгүй хоосон ч байсан, баян тансаг ч байсан байнга л инээмсэглэж байна. Түүнийг хараад өөрийн эрхгүй дагаад инээмсэглэдэг байж билээ.  Манай байрнаас баруун урд зүгт том кино театртай. Тэнд хагас бүтэн сайнд кино үзнэ. Гал ах тэр үед элчин сайдын яаманд гуравдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байв. Бага зэргийн халзан, цагаан шаргал царайтай, хүүхдүүдэд их сайн, их тайван ах байж билээ. Тэднийх хоёр хүү, нэг охинтой. Том хүү Г.Баясгалан нь хоёрдугаар анги, охин Г.Цэлмүүн нь дөрвөн настай, орос цэцэрлэгт явна. Бага хүү Г.Нэмүүн нь жижигхэн бомбогор цагаан хүү дөнгөж нэг настай. Гал ахын гэргий Д.Оюунцэцэг урлагийн хүн, төгөлдөр хуурч.  Хожим “Хобби” сургуулийг үндэслэн байгуулж түүний захирлаар ажиллаж байна. Миний бага охин “Хобби” сургуулийг төгссөн. Бид нэг гэрт хөгжилтэй сайхан амьдарч байлаа. Гурван сар гэдэг хүлээсэн хүнд их хугацаа,  бидэнд бол дороо л өнгөрсөн. Хагас бүтэн сайнд тэр үед “монополь” гэдэг тоглоом эд гарч байсан, тэр дөрөв  маш сонирхолтой тоглоно доо. Эсвэл канастер тоглодогсон. Сүүлдээ хүүхэд шуухадгүй хамтраад тоглоно.  Аав, ээж хоёр нэлээн их судалж, эрэл хайгуул хийсний эцэст Гольф Линкс гэдэг газар, Элчин Сайдын Яамны нэгдүгээр байрны ойролцоо байр авахаар болов. Беди гэдэг айлын хоёрдугаар давхарт оров. Ноён Бэди Энэтхэгийн хамгийн амттай мөхөөлдөс үйлдвэрлэдэг “Куалити” мөхөөлдөсийн үйлдвэрийн эзэн юм. Тэднийх хоёр хүүтэй. Том хүүгийнх нь хурим болж бид бүгдээрээ бидний хурим болсон юм шиг л баярлаж билээ. Бид гурвыг өөрийн хүүхдүүд шиг л хайрлаж гоё чихэр жимс өгнө, гэртээ оруулахыг их хүснэ. Даанч бид гурав орох нь ховор. Орой болгон манай гудамжаар мөхөөлдөс агуулсан тэргэнцэрийг нэг энэтхэг түрээд “Кууаааалиитиии аййскрэээм” гээд л сунжруулан уянгалсан хоолойгоор орилно, бид тэр дуунаар гарч ирээд мөхөөлдөс авч иднэ. Маш хямдхан байдаг байж билээ. Хамгийн гоё мөхөөлдөс нь “butter scotch”, шаргал өнгөтэй сүүн мөхөөлдөс мөн гадуураа самартай шоколадтай мөхөөлдөс байв. Хамгийн их авч иддэг хамгийн хямдхан бөгөөд хэзээ ч уйддаггүй бас амны цангаа их гаргадаг мөхөөлдөс бол жүржийн шүүсийг хөлдөөж хэвэнд оруулсан мөхөөлдөс байж билээ. Аав бүсийн хурал зөвлөгөөн, байсхийгээд өөр тийшээ явах учир Монголчуудаа, элчингээ бараадаад байсан нь дээр гээд ойрхон байр авсан гэсэн. Бид нүүлээ. Бас л нэг шинэчлэлт, өөрчлөлт, дасан зохицолт. Гольф Линкс 95 гэсэн байранд орлоо. Нийлбэр тоо нь тав. Миний дуртай тоо. Амьдралд гараагаа тавын тооноос эхэлж, балчир томоогүй бага насаа үдэж, ертөнцийг өөр нүдээр харах хүүхэд насны минь дунд үе эхэллээ. Манай гэр цэлгэр сайхан том, дөрвөн унтлагын өрөөтэй, зочид хүлээн авах өрөөтэй, зоогийн өрөөтэй, тэгээд л гал тогоо, угаалгын өрөө гээд нэлээн том. Халуун орон болохоор байнга хүйтэн агаараар үлээгчийг асаана. Эхлээд дуу нь жаахан чихэнд чийртэй мэт байж байгаад сүүлдээ анзаарахаа ч болив. Ялаа шумуулаас сэргийлэх үүднээс цонхнууд маань бүгд давхар төмөр нарийн тортой байдаг байв. Зун бол заавал шумуулнаас сэргийлдэг хүж асааж тавина. Гольф Линкс их тайван Элчин сайдын яамдууд ихтэй, цэвэрхэн дүүрэг байв. Нэг том цэцэрлэгт хүрээлэнг тойроод хэсэг айлууд, тэгээд дараагийн хэсэг айлууд, дахиад нэг том цэцэрлэгт хүрээлэнг тойроод айлууд байна гэх жишээтэй. Айлууд нь дандаа хоёроос дөрвөн давхар тусдаа хашаатай хувийн хауснууд. Аавын захиалсан машин ирэв. Бид анх удаагаа өөрсдийн хувийн “Мицүбиши” гэдэг улаан хүрэн өнгөтэй суудлын машинтай болов. Тэр үед Монголд зөвхөн оросын “Москвич”, “Жигули” байдаг байсан учир ийм гоё машин унах нь байтугай огт үзээгүй байсан юм. Дарга нар “Волга” унадаг байсан үе. Аав машин барьж огт үзээгүй. Аавын дарга, Хариш Чандра гээд намхан пагдгар, их алиа, харахад өхөөрдөм, гаднаасаа сайн хүн гэдэг нь тодорч харагдсан тийм хүн байж билээ. Хариш Чандра гуай аавыг ажлаас нь гэрт хүргэж ирээд хамтдаа машин барих дадлага хийнэ. Аав хоёр, гурван өдөр зам дээр дадлага хийгээд машинаа өөрөө барьж эхэлсэн. Жолоочийн үнэмлэх авахад хүнд суртал гэж ерөөсөө байхгүй, бараг намын батлахаа үзүүлээд авчихсан гэж ярьж байсан шиг санаж байна. Ингээд л аав жолооч болж, бид хөл дүүжлэх унаатай болж билээ. Пүжи бид хоёр Зөвлөлтийн элчин сайдын яамны дэргэдэх сургуульд дөрөв, хоёрдугаар ангид, Жамул цэцэрлэгт оров. Бид өглөө болгон элчин дээрээ  алхаж очоод, элчингийн машинд бусад хүүхдүүдтэй нийлж суугаад сургууль руугаа явдаг байв. Тэр жижигхэн машинд яалт ч үгүй арван гурван хүүхэд багтчихдаг байж билээ. Сайдын охин, Гал ахын хүү, Бэгзжав ахын гурван хүүхэд, манай гурав, Сандагсүрэн гуайн гурав, Нямдаваа ахын нэг, Баярсайхан ахын нэг хүүхэд нийтдээ арван гурван хүүхэд. Тэр үед манай элчин сайдын яаманд том машин байгаагүй гурван машинтай сайдын машиныг оролцуулаад.  Тэгээд л тэр суудлын машинд бүгдээрээ багтаж чихээд л явдаг байж. Би сая, бүүр гайхаад дахин дахин тооны машин дээр бодож үзлээ, яах аргагүй арван гурван хүүхэд байв.  Яалт ч үгүй нэг удаа тэр машинаар биднийг зөөдөг байсан нь үнэн. Гэхдээ ард багажинд манай Пүжи, Гангамөрөн, бас нэг хүүхэд хэн нь ч хамаагүй, гурван хүүхэд багажид ороод хаалгыг сайн хаагаад явдаг байв. Хөөрхий тэр гурав үг дуугүй л ордог байж билээ. Яаж тэр халуунд бүтэж үхэх гэж явдаг байсан бол. Ихэнхдээ Энэтхэг жолооч хүргэж өгнө. Түүнийг Вильям гэнэ. Нэг өдөр бид сургуулиа тараад явж байтал яг Ашока зочид буудлын тэнд дугуй маань салаад өнхрөөд явчихаж билээ. Вильям чадварлаг жолооч байсан тул ямар ч юм мэдэгдэхгүйгээр тэнцвэрээ олж явж байгаад зогссон байх. Тэндээсээ бид элчин рүү мэдэгдээд удалгүй Бэгзжав ах ирж авсан шиг санаж байна. Тэр жилийн хичээлийн гурав, дөрөвдүгээр улирал энэ мэтээр хурдан дуусав. Зуны амралт эхэллээ. Элчингийнхэн хоёр жилд нэг удаа нутагтаа очиж амарна. Тэр мөчийг хүүхэд болгон айл болгон тэсэн ядан хүлээнэ. Тэр зун Сандагсүрэн гуайнх, Бэгзжав ахынх нутагтаа амрахаар явав. Гангатуул, Гантулга, Гангамөрөн одоо бид нар явлаа гээд л их онгирч гайхуулна. Тэднийг явахаас өмнө зургаадугаар сар арай гараагүй байхад сайдын хотод сурдаг хүү, охин хоёр нь ирэв. Бид олуулаа боллоо. Гантулга, би, Улаанаа /Гангатуулыг тэгж дуудна, сургууль дээр бол Гата гэж дууддаг байж билээ/ Пүжи, Гангаа / Гангамөрөнгийн товчилсон нэр/  бид тав сайдын хүүхдүүдтэй танилцлаа.  Лагшмаа, түүний ахтай ингэж танилцаж билээ. Бид өдөр болгон уулзаж хамтдаа зугаалж, дугуй унаж, хөгжилтэй сайхан байж билээ. Удалгүй Сандагсүрэн гуайнх эх орондоо амрахаар явав.

1970-1980 он бол Энэтхэг Улсыг олон улсын тавцан дээр тодорхойлох чухал арван жил байсан юм. Энэ үед Энэтхэгийн Ерөнхий сайд Индира Ганди \Indira Priyadarshini Gandhi\,нэрт жүжигчин Амитаб Бачан, алдарт крикетчин Сунил Гаваскар нар Энэтхэгийн нүүр царай байлаа. Дэлхий үзэл суртлын үндсэн хоёр хэсэгт хуваагдсан байсан үе.Зөвлөлт Холбоот Улс \ЗХУ\, Америкийн Нэгдсэн Улс \АНУ\ хоёр эдийн засаг, шинжлэх ухаан, улс төрийн салбарт бие биентэйгээ өрсөлдөн ахиц дэвшил гаргаж байсан нь дэлхийн, ялангуяа шинжлэх ухааны хөгжилд асар том түлхэц өгч байсан юм. Анх, 1961 оны дөрөвдүгээр сарын арван хоёрны өдөр “Восток-1” хөлгөөр хүн төрөлхтөнөөс хамгийн анх удаа Оросын сансрын нисгэгч Юрий Гагарин сансрын уудамд ниссэн билээ. Тэрбээр сансарт нэг цаг тавин минут байж дэлхийг нэг бүтэн тойрсон байна. Энэ бол шинжлэх ухааны гайхалтай ололт дэвшилт байснаас гадна тэр хүний дэлхийн хөгжлийн төлөө өөрийн биеэ зориулж чадсан агуу их зориг, чанарыг харуулсан үйл явдал болсон юм. Юрий Гагариныг "Дэлхийн иргэн" гэж дэлхий дахинаар өргөмжилж байлаа. Хувь хүнийхээ хувьд ямар царайлаг, хөөрхөн хүн байж вэ. Түүний инээмсэглэл “Улыбка Гагарина” бүх дэлхийг уярааж, зөөллөж, гэрэлт ирээдүй рүү уриалж байсан юм. Дээрх үйл явдал хүн төрөлхтөнийг донсолгосон үйл явдал болж байсан хэдий ч найман жилийн дараа 1969 оны долоодугаар сарын хорины өдөр Америкийн сансрын нисгэгч Нил Алден Армстронг \Neil Alden Armstrong\саран дээр хөл тавьж  найман өдөр  арван дөрвөн цаг арван хоёр минут гучин нэгэн секунд байсан нь өнгөрсөн зууны хамгийн том дэвшил гэж барууны ертөнцөд тооцогдож байв. Олон чухал үйл явдлууд болж байснаас аль нэгийг нь илүүд онцлон ач холбогдол өгч  гаргаж ирэх нь аль өнцгөөс харж байгаа, аль нийгмийн тогтолцоог дэмжиж байгаатай холбоотой байсан байна гэж би боддог. Социалист ертөнцөд амьдарч байсан бидэнд сансарт анх хүн нисэх нь саранд хүн хөл тавьснаас арай илүү ой тоонд үлдэж  бахархах сэтгэлийг төрүүлж байж билээ. Энэ нь мэдээллийн хангамж нэг тал руугаа хэт хазайсан тэгш бус мэдээллээр хангагддаг байсныг гэрчилнэм. Энэ дашрамд нэг зүйлийг мартаагүй дээрээ бичих нь зөв гэж яарч бичив. Сэрээнэнгийн Галсан гуай, манай Боловсролын салбарын нэрт зүтгэлтэн, Ардын багш  “Сансар” гэдэг үг хожуу гарсан юм шүү дээ, Пушкины шагнал хүртээх том арга хэмжээ Москва хотноо болж орос хэлний чиглэлийн том эрдэмтэд дэлхийн өнцөг булан бүрээс цугларсан юм, тэнд миний найз Энэтхэгийн нэрт эрдэмтэн Чакраварти “Сансар” гэж санскрит үгийг санал болгож анх монгол хэлний үгийн баялагт орж ирсэн түүхтэй юм” гэж өөрийн биеээр ярьж өгсөнийг л мартахаасаа өмнө бичих гэж яаран бичлээ. “Сансар” гэдэг үг гарахаас өмнө “Огторгуй” буюу “огт оргүй” гэдэг үгийг л сансар огторгуйн ухагдахуунд хэрэглэдэг байсан гэж хэлж билээ. Латин Америкт өрнөсөн үйл явдлууд, Фидель Кастро\Fidel Alejandro Castro Ruz\, Че Гевара\Che Guevara\, Камбож, Вьетнам, Уганда-Танзаний, Афганистаны дайнууд, Дэн Сяопиний эдийн засгийн шинэчлэл, анхны хуруу шилэнд үржүүлсэн хүүхэд төрсөн гээд л өнчрөл хагацлыг авчирсан дайн дажин, цуст мөргөлдөөнүүд, хувьсгалын романтизм авчирсан, шинэ техник технологи, эдийн засгийн дэвшилт гарсан олон үйл явдлууд өрнөж байлаа. Яг энэ үед хүмүүс бүх юмаа  золиосолж бүгдийг авахын төлөө явж байлаа. Эцэст нь тэд авсан юмаа эзэмших гавьяатай байлаа. Барууны ертөнцөд Вудсток, Парисын коммун, Раасел, Аполло 11- Нил Армстронг, ЖФК, Мартин Лютер Кинг, Битлз, Роллинг Стоун, Ален Гинсберг, Боб Дилан, Вьетнам зэрэг ар араасаа дагасан үйл явдлууд өрнөдгөөрөө өрнөж, үргэлжилсээр байв. Социалист ертөнцөд таван жилийн бүтээн байгуулалтууд явагдаж, Монгол оронд гурав, дөрөвдүгээр хорооллууд сүндэрлэн босож байв. Энэтхэгийн хувьд жараад он бол далаад онтой харьцуулахад тийм оволзсон он жилүүд биш байлаа. Жавахарлал Неру \Jawaharlal Nehru\, Энэтхэгийг дэлхийн радарын төвд зоож өгч байсан хүн мөнх бусыг үзүүлж, дэлхий Энэтхэгийг мартагнаж эхэлж байв. Хятадын дайралт, өлсгөлөн, Лал Бахадур Шастри /Lal Bahadur Shashtri, Энэтхэгийн хоёр дахь Ерөнхий Сайд, Энэтхэгийн Үндэсний Конгресс намын дарга/-ын үхэл, PL 480хуулийн хэрэгжилтийн бүтэлгүй байдал, улаан буудайн тусламж, энэтхэгийн рупи үнэгүйтсэн байдал, энэ бүгд Энэтхэг улсын хувьд доройтол байлаа. Жараад он дуусах дөхөж байсан энэ үед Энэтхэгт, байнгын тэмцэлд байсан үндэстэнд, зүдэрч ядарсан ард түмэнд чиглүүлэгч хүч хэрэгтэй байлаа. Ганди маш эрэмгий шийдэмгийгээр ард түмнийхээ шилэн хүзүүн дээрээс  хүчтэй эргүүлэн хөгжил дэвшил, амжилт бүтээлийн замд нь орууллаа. Индира Ганди \Indira Priyadarshini Gandhi\ түүхэнд хамгийн удаан Ерөнхий сайдын албыг 1964-1977 онд хашсан, хамгийн анхны эмэгтэй юм. Жараад онтой харьцуулах юм бол далаад он Энэтхэгийн хувьд шинэ эрин үе байлаа. 1972 онд Бүгд Найрамдах Энэтхэг Улс \БНЭУ\ өөрийн тусгаар тогтносон эрх чөлөөт үндэстэн болсныхоо хорин таван жилийн ойг тэмдэглэв. Тусгаар тогтнолоо олохоос өмнө байсан харанхуй бурангуйн байдлаас гарч, гашуун дурсамжаа мартагнаж эхэллээ. Энэтхэг Улс өөрийн шинэ баатруудаа тодруулж эхэллээ. Энэтхэгийн жинхэнэ сор, тархи нь болсон хэсгээ тодруулж, тэднийгээ дэмжиж, зоригжуулж, хөгжүүлж эхэллээ. Ард түмний насанд хүрсэн хэсэг хат суун, хатуужиж,  улам бүр төлөвшин боловсорч аугаа үндэстнээ бүтээж байлаа. Энэ байдал нь мөрөн дээгүүрээ эргэн харан барууныхнаас зөвшөөрөл авч байдаг хөөрхийлөлтэй байдалд цэг тавин, энэтхэгчүүдийн өөрийн үнэлэшгүй үнэлэмжийг бий болголоо. Яг л энэ үед ямар ч энэтхэг хүнээс “Энэтхэгт хамгийн чухал зүйл юу вэ?” гэж  асуувал тэд ямар нэгэн эргэлзэх зүйлгүйгээр, айдасгүйгээр крикет, кино, улс төр гэж хариулах байсан. Энэ бол үнэн. Энэтхэгийн төдийгүй дэлхийн улс төрийг Индира Гандигүйгээр төсөөлөхийн аргагүйтэй адил Энэтхэгийн крикетийг Сунил Гаваскаргүйгээр, энэтхэгийн кино урлагийг Амитаб Баччангүйгээртөсөөлшгүй ээ. Энэ гурван хүн түүхийн нэгэн үед хамт гарч ирж, ард түмнээ гурван талаас нэгэн зүгт нэгтгэн эвлэлдүүлж байсан гол учиг нь тэдний хийж байгаа зүйлдээ өөрийн хүчийг бүрэн үнэлж чадсан агуу чадамж, өөртөө хэт итгэлтэй байдал байв. Энэ зан чанарууд нь Энэтхэгчүүдийн хувьд шинэ байлаа. Бид яг тэр үед байж, тэр агуу үетэй хамтдаа өсөж өндийсөн билээ. Зун эх орондоо явж амрахгүй айлын хүүхдүүддээ зориулж Оросын элчин сайдын яамнаас зуны хүүхдийн зусланг зохион байгуулж ажиллуулдаг байв. Өдөр болгон бид өглөө долоо хагаст очоод, өдөр дөрвөн цагт тарна. Тэр хооронд өдөрт хоёр хоол идэн, хүүхэлдэйн кино үзэж сэрүүхэн сайхан газар тоглож, усанд орж өнгөрөөдөг байв. Хамгийн гол нь хичээл хийхгүй, өдөр болгон тоглох гэж явна гэдэг бол үнэхээр гоё байлаа. Орос хэлийг төрөлх хэл шигээ сурах боломж бидэнд олгож байлаа. Өдөр болгон уран зохиолын ном уншиж ярилцана. Тэр дундаа бас янз бүрийн дугуйлантай. Хүсэл сонирхлоороо хүүхдүүд хамрагддаг байв. Хоол хийх, оёдол, уран зохиол, уран уншлага, усан сэлэлт, хөл бөмбөг, дархан гээд л. Зөндөө юм хийж сурсан. Гэртээ ирээд хоол ундаа идчихээд оройн хоол болтол ном уншдаг ч юм уу, гэрийн ажил бага зэрэг хийдэг байв. Тэгж байтал аав ажлаасаа ирнэ. Бид бөөн баяр. Нялх, бага байхад аав, ээж ажлаасаа ирэх шиг сайхан юм байдаггүй байж билээ. Томрох тусмаа тэр баяр хөөрөл бага болно. Эсвэл ичиж түүнийгээ дотроо барьдаг болдог ч байж магадгүй юм. Аав ирээд ажил дээр нь юу болсон, монголоос сонин сайхан мэдээ байвал түүнийгээ ээжид голдуу ярьж өгнө. Бид ч яахав сонирхолтой хэсгийг нь сонсоод, сонирхолгүй гэснийг нь нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ ямар ч шүүлтүүргүйгээр гаргачихна.  Тэгээд хоолоо иднэ. Хоол идэх их сонирхолтой байж билээ. Манайд Ноён Лал гэгч тогооч ажилладаг байв. Тэр баян, дээд кастын Энэтхэг айл, мөн Англи айлд тогоочоор ажилладаг байв. Ноён Лал маш цэвэрч, байнгын  гялалзтал нь тосолсон хар гутал, цагаан цамц өмсөнө. Ноён Лал ямар хоол хийсэн бол гэхээс хоол идэх дур сонирхол ихэснэ. Хөөрхий минь ядуу хүн болохоор юухан хийхэн өгсөн ч их баярлана. Англиар жинхэнэ язгууртан хүн шиг ярина. Бид хоол идэх, ширээний ард суух соёл, ширээ засах урлагт ном ёсоор нь суралцаж билээ. Хоолны дараа бид гэртээ суугаад кино үзнэ. Голдуу Энэтхэг кино гарна. Тэр үед хар зурагт л байдаг байсан. Энэтхэгт үйлдвэрлэсэн зурагт их чамин, гаднаас нь харахад гоё мебелэн шүүгээ шиг, хаалга нь хоёр тийшээ гүйж онгойно. Бүх суваг нь энэтхэг хэл дээр гарна. Энэтхэг кино их үздэг байсан тул хинди хэл гайгүй сайн ойлгодог болсон байсан. Дугуй их унана. Цэцэрлэгт хүрээлэнд жирх их байдаг байж билээ. Том болох тусам тоглох нь багасаж ном унших, хүүхдүүдтэй зүгээр уулзаж юм ярих, өөр шинэ зүйл хийх сонирхол миний хувьд ихэсч байв. Тэр үед бид цэргээр их тоглодог байж билээ. Бидний Монголд тоглодог байсан оросын тугалган цэрэгнээс шал өөр хуванцар ногоон цэрэгнүүд байдаг байсан. Гэхдээ одооных шиг боловсронгуй биш. Зөвхөн тоглоомон цэргэн дээр л харьцуулалт хийхэд юм их хөгжиж, өөрчлөгдсөн нь харагдаж байгаа юм.

Пүжи их нямбай, тэр талаараа ээжийг дуурайсан хүүхэд байв. Цэргүүд болон бүх тоглоомнууд нь тэр хэвээрээ хадгалагдаж байгаад Жамул тоглоод өөрийнх нь хүүхдүүдэд өвлөгдөж очсон. Манай ангид Эвелина Димитрова гээд Болгар охин байж билээ, бид бараг таван жил үерхсэн. Болгарын Элчин сайдын яам Гольф Линкст тэр үед байдаг байсан бөгөөд хоёр жилийн дараа Оросын элчингийн ард шинээр том байранд нүүсэн юм. Хагас бүтэн сайнд Болгарын соёлын төв дээр шинэ киноны нээлт их болно. Би анх тэдний соёлын төв дээр “Ямааны эвэр” гэж кино үзэж байж билээ. Болгар Туркийн дарлалд байх үеийн амьдрал, тэр тусмаа эмэгтэй хүн дээр хэрхэн хүнд байдлаар тусч байсныг харуулсан бас нэлээн эротик, тэр үедээ социалист орны кино ертөнцөд тэр талын үсрэлт болсон кино байлаа. Манайх, Нямдаваа ахынх, Баярсайхан ахынх зун амрахаар нутаг яваагүй үлдсэн тул нийлээд кино их үзнэ. Баярсайхан ах, элчингийн техник ажилтан буюу холбоочин байв. Эмээ минь их сэргэлэн бараг сар болоод л бидэнд холбоогоор мэндчилгээ, хэлэх зүйлээ хэлж явуулдаг байж билээ. Яаж тэгж болдог байсан юм бол бүү мэд. Ямар ч байсан хэлэх юмаа дамжуулчихаад л байдаг байсан. Баярсайхан ах морзоор уншиж өгнө. Тэдний эхнэр Гэрэлмаа гээд чамбай залуухан эгч. Тэднийх Золбоо гээд ганцхан охинтой. Жижигхэн хөвөн шиг. Би ер нь Золбоотой дахиж тааралдаагүй юм байна. Гэрэлмаа эгч дипломат ажилтан болж, Сингапур зэрэг орнуудад элчинд томилогдон ажилласан. Бидний анхны үзсэн кино “Ма” буюу “Ээж” гэдэг кино байсныг сайн санаж байна. Тэр кино сэтгэл эмзэглүүлсэн, хүнд кино байж билээ. Өөрийн эрхгүй нулимс урсана. Ямар хэцүү амьдрал вэ. Ямар хэцүү нийгэм бэ? Тийм л нийгэмд Монгол орноо оруулж тийм л амьдралаар цөөхөн Монголчуудаа амьдруулахгүй юмсан гэж тэр л өдрөөс эхлэн бодож билээ. Гэтэл бид тэр амьдрал руу өөрийн хүсэлтээр орчихож билээ. Тэр кинонд ядуу ээж, хүү хоёрын амьдралын тухай өгүүлнэ. Хэчнээн ядуу зүдүү, хүнд хүчир ажил хийн амьдралаа залгуулж байгаа ч ээж, хүү хоёр бие биенээ хайрлан элэг бүтэн аз жаргалтай амьдардаг байв. Гэтэл ээж нь хүнд өвчинд нэрвэгдэн түүнийгээ хүүдээ мэдэгдэхгүй байхыг хичээж байгаад хүндрүүлэн, улмаар хэвтэрт орж тэдний амьдрал улам доройтож эхлэв. Өвчинд шаналсан ээжээ харж өрөвдөн уйлахаас өөр юм хүү хийж үл чадна. Ажил хийж амиа зогоож байсан бол, ээжийгээ өдөрт орхиж явж чадахгүйгээс болж ажлаасаа ч хөөгдөв. Ядуугийн зовлон гэж ямар аймшигтай вэ. Хүн болгон хялайн харна, хөөнө, тууна. Нүдэн дээр нь ээж нь улам бүүр сульдан муудаж байлаа. Хүү ээждээ эм олох гэж зүдэрнэ, олдохгүй, хүнээс гуйгаад өгөхгүй, эм авах мөнгөгүй, хүмүүс олон гуйгаад байхаар өшиглөж хөөнө, ямар их зовлонг хүү эдэлж, ямар их сэтгэлийн тэнхээг ээж нь гаргаж, хүүгээ орхин явахаа мэдэх тусам хүүгийнхээ ирээдүйд шаналж байгаа эх хүн, хүү хоёрын хүйн ариун холбоог гаргасан эмгэнэлт драм байв. Би тэр киног үзээд хүн үхэх гээд байхад хүлээж авах эмнэлэг байхгүй, байсан ч хүлээж авахгүй, эм авах мөнгө огт байхгүй байна гэдэг чинь байж боломгүй, тийм юм огт байх ёсгүй мэт санагдаж байж билээ. Яагаад ах дүү нар нь туслахгүй хөөж байгаа юм бол, нөгөө хүн хүнээ хайрлах ёс хаана байна гэж бодож билээ. Аргагүй шүү дээ, өвдөх  л юм бол эмнэлэгтээ үнэгүй үзүүлнэ, албатай юм шиг өвчин тусчихаад үйлчлүүлнэ, зарим эмийг нь үнэгүй олгоно, үнэтэй эм нь хямд, хөрш айл, хамаатан садан гудманд зөрөх хэнд ч хандсан гараа сунгана. Ийм л нийгэмд өссөн тэр л нийгмийн үр шимийг хүртсэн надад их сонин, байж боломгүй, аймаар санагдаж байж билээ. Гэтэл одоо тэр амьдрал бидний цөөхөн Монголчуудын дийлэнхэд нь нүүрлээд байна.  

            Найдалмаа гуай, манай ээж, Лагшмаа бид хэд хаяа дэлгүүр хоршоо орж юм сонирхоно. Надад нэг гутал авахаар болов. Найдалмаа гуай намхан, хөлд эвтэйхэн энэ гоё гутал байна гээд янз бүрийн гутал авчирч өгнө. Халуун дулаан болохоор битүү гутал биш ихэнхдээ сандаал өмсөнө. Би тэрийг нь хараад нэг л биш санагдана. Харин надад зузаан ултай, өндөр өсгийтэй алтан боронзон сандаал нь их гоё санагдаж билээ. Тэр л таалагдаж, авна гэсээр байгаад авлаа. Тэд гайхаад л энэ халуунд хөлөнд эвтэйхэн авсаархан гүйж харайхад хялбар юм авахгүй гээд л дурамжхан байв. Их өмссөн дөө, санасныг бодвол их бөх, харин ч хөлөнд эвтэйхэн тэгсэн мөртлөө гоёмсог гоё гутал байлаа. Тэгэхэд би арван нэгэн настай байлаа. Түүнээс хойш би намхан гутал амьдралдаа өмсөөгүй. Уулын оргил булаацалдах тэмцээнд хамт олноороо саяхан орохдоо хүртэл өндөр өсгийтэй гуталтайгаа л түрүүлж байлаа.

Би роман  их уншина, элчин сайдын яам жижигхэн номын сантай, тэнд байсан бүхий л романуудыг уншиж дуусгасан. Голдуу түүхэн роман, нийгмийн, хайр сэтгэлийн, амьдралын сэдэвтэй романууд. Уншсан номоо би Лагшмаад заримаас нь ярьж өгнө, тэр бас уншсанаа ярьж өгнө. Тэгээд л ялангуяа хайр сэтгэлийнх нь сэдвийг нэлээн дэлгэрэнгүй, сэтгэлийн хөдлөлтэйгээр яг бичсэнээр нь цээжилсэн юм шиг л ярьж өгнө. Тэгж их ном монгол хэл дээр уншиж байсан болохоор монгол хэлэндээ гайгүй гэж өөрийгөө боддог юм. Хожуу Нүүдлийн Соёл Иргэншлийг Судлах Олон Улсын Хүрээлэнд \НСИСОХ\ Монголч эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байхад тэд ч тэгж үнэлдэг байсан. Ихэнх сонгодог уран зохиолууд, романууд орос хэл дээр байна. Эх хэл дээр нь унших шиг амттай юм гэж байхгүй. Асар их ном уншдаг байж билээ. Бид өсөж өндийж байлаа. Байгаль дэлхий өөрөө гоё цэцэг тарьж, өөрөө тордон торинуулж, тэр цэцэг нь дэлбээгээ нээх тусам үзэсгэлэн төгөлдөр болж байлаа. Ямар ч байсан тэр үеэс эхлэн өөрийн амьдралын зорилгыг тодорхойлж эхэлж байсан юм шиг байгаа юм. Тэр зорилго нь өдрөөс өдөрт мэдлэгээ нэмж, ухаан тэлэх тусам  өөрийн гэсэн томъёоллоо олж байв. Тун удалгүй өөрийн амьдралын үечилсэн хатуу зорилгыг бий болгож тэрэндээ хүрэх гэж хичээж, асар их хөдөлмөрлөж амьдарсан.

Зуны зугаатай сарууд дуусч, илүү хариуцлагатай сарууд ойртож байлаа. Хотод амрахаар явсан хүмүүс ч ирлээ. Бид тэсэн ядан хүлээж байв. Хүний нутагт цөөхүүлээ ч гэсэн бид нэгэн сайхан хамт олныг бүрдүүлэн, тэр хамт олон нэгэн том гэр бүл шиг амьдарцгааж байлаа. Хот явсан хүмүүс  ирж бид бөөн баяр болж, тэд хотын сонин дуулгана. Хоёр жил нутагтаа очоогүй хүүхдүүд Монгол тэгж хөгжсөн байна, ингэж өөрчлөгдсөн байна гээд л заримыг нь нэмээд, фантазлаад ч ярьж байсан байх. Хэлсэн болгонд нь чин сэтгэлээсээ үнэмшиж баярлана. Хичээлийн шинэ жилд бэлдэх, бэлдээд байх ч юм нэг их байхгүй л дээ, ямар сурагчийн дүрэмт хувцас өмсөнө гэх биш, ном худалдаж авна гэх биш гэхдээ зун уншаарай гэсэн нэлээд номын жагсаалт байсан, тэрийг харин давуулан биелүүлсэн байв. Би гэртээ байхдаа Пүжи, Жамул хоёроороо байнга тоглоно. Нэг ёсны зугаагаа их гаргадаг байж. Пүжи их гижигтэй тэгээд л тамалж эхэлнэ дээ. Пүжигийн ганц эмзэг сэдэв нь “Эр хүн байх”. Эр хүн зоригтой, хүүхэн шиг биш, тэвчээртэй байх ёстой, нууц хадгалдаг байх ёстой, хүчтэй байх ёстой, хурдтай байх ёстой, овсгоотой байх ёстой гээд. Тэр бүгдийг би хэлж зааж өгнө. Тэгж чадахгүй бол өөдгүй, эр хүн биш гэнэ. Тэр надад нэр хүнд олж, надад тоогдохын тулд байнга “Эр хүн” шиг байхыг хичээнэ. Хулчгар, аймхай, за тэгээд урвагч гэдэг үгийг бүүр сэтгэл зүрхнээсээ үзэн ядна. Тэгж хэлэх л юм бол шар нь хөдлөөд бөөн юм болно. Тэгвэл тэрийгээ батал гэнэ. Тэр “за” гэнэ, би хүссэн юмаа хийнэ дээ. Гарыг нь толиноос зүүгдүүлж байгаад гижигдэнэ. Ингэхэд инээх байтугай нүдээ цавчиж хөдөлгөж болохгүй. Ингэх юм бол хэрвээ дайсанд баригдвал бүх сул талаа харуулна гэсэн үг. Нөгөөдөх чинь тэвчинэ. Үнэхээр тэвчдэг байсан. За тэгээд л хүнд юм өргүүлээд зогсооно. Маш хурдан өмнөх рекордоо эвдээд сүүнд яваад ирэх, авъяас, ур ухаан, хүч шаардсан юм их хийлгэнэ. Гар барихгүйгээр дугуй унах, хөл бөмбөгийг хөлөөрөө жонглердох, дандаа өмнөх амжилтаа эвдэх ёстой гэх жишээтэй. Заримдаа эмэгтэй болгож нүүр, нүдийг нь будна. Тэрийгээ “Хэрэв чи тагнуул болбол, эмэгтэй болох хэрэг гарна шүү дээ, тэгэхээр тэвч гэнэ” нөгөөдөх чинь зөвшөөрөөд тэвчинэ. Би нүүр ам, нүд хөмсгийг нь будна, яг охин шиг болдог байж билээ. Жамул яахав дээ жаахан юм чинь нэг их миний нүдэнд өртөхгүй. Харин би түүний үсийг байнга долоодог байж билээ. Би боддог юм, их долоодог байсан учир өтгөн үстэй болоход нөлөөлсөн байх гэж. Үнэхээр өтгөн сайхан үстэй. Манай хоёр дүү хоёулаа долгионтой тас хар үстэй. Би бол тийм биш аавын залуугийнх нь өтгөн улаан хүрэн, шулуун үсийг дуурайсан.

            “Есөн сарын нэгэн дээ

Ерөөсөө бидний баяр даа...” гээд нэг дууг бид бага ангид байхад заалгаад дуулдаг байсан. Гадаадад томилолт аваад ажиллана гэдэг багш нарт хамгийн нэр хүндтэй асуудал. Тэр сонгон шалгаруултад тэнцэхийн тулд нэлээд сайн багш байж тэнцэнэ. Арын хаалга байлаа ч бас учиртай хүн ирнэ үү гэхээс хаа хамаагүй хүн ирдэггүй л байсан байх. Бүх улс  оронд байгаа ЗХУ-ын Элчин сайдын яам сургуультай байв. Манай сургууль байдаг хэсэг ерөнхийдөө нэг жижиг хотхон шиг. Тэнд бүх юм байна. Дэлгүүр, хоршоо, эмнэлэг, сургууль, бассейн, биеийн тамирын талбай, хүүхдийн тоглоомын талбай, кино театр, тэнд бас концерт болно, орон сууцнууд бүгд тэр хашаанд байдаг байв. Чинээлэг, дураараа өссөн дипломатуудын хүүхдүүдэд заана гэдэг багш нараас нэлээн ур ухаан, авьяас шаардагдана. Манай  ангид орос, монгол, чех, болгар, куба, унгар хүүхдүүд сурна. Нийт хорин найман хүүхэдтэй байв. Хоорондоо их эвтэй байсан. Сургууль дээр бол хэн нь хэний хүүхэд, ямар орны иргэн байх нь хэнд ч огт падгүй, тэнд зөвхөн Оросын сургуулийн ардчилсан бөгөөд сургуулийн дотоод журам дээр суурилсан хатуу зарчим үйлчилнэ. Би зориуд “ардчилсан” гэдэг үгийг энд хэлж байна. Жинхэнэ ардчилсан зарчим үйлчилж байсан юм. Хэн нэгнийг ялгаварлан гадуурхахгүй, хэлэх үг, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, нийтээрээ шийдсэн бол бүгдээрээ дагаж мөрддөг. Энэ бол ардчиллын үндсэн зарчим. Түүнээс биш эсэргүүцэж, нэгнийгээ шүүмжилж доош нь хийж, хийснийг нь үгүйсгэхийг ардчилал гэдэггүй. Ардчилал гэдэг үгийг бид ерээд оноос хойш мөн чанарыг  нь хагас дутуу ойлгон үглэж эхэлсэн болохоос биш, жинхэнэ утгаар нь ардчиллыг бий болгож чадсангүй. Социализмын үед ардчилал огт байдаггүй биш  байдаг л байсан. Харин аль түвшиндээ ямар хэлбэрээр гэдэг нь учир дутагдалтай байсан нь үнэн. Тэр үед миний мэдэхийн, бид “ардчилал” гэдэг үгийг мэддэггүй, огт хэрэглэдэггүй байсан. Манай хичээл нэг хагасын үед тарна. Арван нэгэн цагийн үед хоолонд орно. Үдийн хоол хүүхдүүдэд эрч хүч өгдөг байсан шүү.М.Энхболдын Засгийн газарт миний нутгийн, журмын ах Ө.Энхтүвшин БСШУ-ны сайдын үүрэгт ажлыг хашиж байхад “Үдийн цай” хөтөлбөрхэрэгжүүлж эхэлсэн нь бяцхан үрсэд маань хичээлдээ явах сонирхол, эрч хүчийг сэлбэх, бас тодорхой амин дэмээ авах, хоолгүй, ядуу зүдүү айлын хүүхдүүдэд хоол болсон.  Харин түүнийг ашиг хонжоо олох нэг арга зам болгож хүний мөсгүй үйлдэл хийх тохиолдлууд одоо ч гарсаар байна. Олон хүүхдүүд хоолны хордлого авч, хүүхдийн эрүүл мэнд хохирч байгаа тохиолдлууд цөөнгүй.  Бид яаж ч бизнес хийж, яаж ч хүч хөдөлмөрөө дайчилж мөнгө олж болно. Хийх нь ч зөв, гэхдээ, нугасгүй муухай юм хийж бяцхан иргэдийнхээ, үрсийнхээ аяга ч хүрэхгүй сүү, тарагнаас хороож завшина гэдэг бол сүнсгүй муухай гэмт хэрэг...  Эргээд бодоход бидэнд үдийн цайны цагаар өгдөг хоол их хэрэгтэй байсан байна шүү гэж бодох юм. Нэг, хоёрдугаар хоол, жимс өгнө. Тэгээд завсарлага дуусна хичээлдээ сэргэлэн дуу шуутай хүүхдүүд ордог байж билээ. Заримдаа бид чинь элчин дээр машины хүрэлцээ муу, их ажилтай байвал машинаа удаан хүлээх ч асуудал гарна. Гэтэл нэг их өлсөхгүй цангахгүй, тэр хоолны хүчинд байдаг байсан.

Октябрийн баярыг маш сүр хүчийг бадраан тэмдэглэдэг байв. Хаа сайгүй тийм байсан үе. Монголд бол бөөн цэцэг, далбаа болоод, тэр үеийн хүйтнийг ч хэлэх үү, аав, ээж нар минь, ер нь тэр үеийн хөдөлмөрчид бүгд жагсаалд хамрагдан өглөөний найман цагаас эхэлж цуглаад, үд болтол гадаа зогсдог байж билээ. Энэтхэгт бол жагсахгүй, амралтын өдөр. Гэхдээ манай сургуулиас маш том концерт бэлтгэдэг байв. Энэ бол баярын гол арга хэмжээ байлаа. Тэр концертыг бүх элчингийнхэн, эцэг эхчүүд үзнэ. Манай дуу хөгжмийн багш Сергей Владимирцов гээд авьяаслаг хөгжимчин, зохион байгуулагч, удирдаач, концертмейстр байв.  Сургуулийн хоёр зуу орчим хүүхдүүд бүгд оролцох ёстой. Маш том найрал дууг /хор/ бүрдүүлдэг байв. Концертод зориулаад шинээр хувцас хийж өгнө. Тэндээс би жинхэнэ концерт дэглэх, найрал дуу \хор\ гэж юу байдгийг мэдэж авч цаашид зөвхөн тэр үнэлэмжээрээ дүгнэдэг болов. Тэр концертод манай Оюунцэцэг эгч хоорын \хор\ нэг дуун дээр төгөлдөр хуур дарна. Найдалмаа гуай хоорын гоцлол дуулаач болно, мөн өөрөө нэг дуу дуулна. Тэгээд бусад нь дан хүүхдийн бүтээл. Хүүхдүүд ямар цоглог, ямар хүчтэй хоолойтой, ямар авъяаслаг, ямар агуу их хүчийг бий болгож чаддагийг тэндээс харж болдог байв. Найдалмаа гуайг явсны дараа орос эмэгтэй гоцлол дуулаач болов. Үнэхээр сүрлэг сайхан болдог байсан. Би гэртээ ирээд бид хооронд /найрал дуу/ орсон, том концерт бэлдэж байгаа гэхээр аав, ээж хоёр миний охин тэнцсэн юм уу гэж асуудаг байж билээ. Би үнэхээр дуу дуулах авъяасгүй л дээ. Тийм хоолой надад заяагаагүй гэхдээ л тэр хооронд орсон, цаана нь нийтийн дуунд нь хүч болж өгч байсан. Ийм байдлаар цаашид дөрвөн жил концертод орж билээ, эхлээд хоёр дахь эгнээнд зогсдог байсан бол гурав дахь, дөрөв дэх гээд цаашид ахисан нь том болсон, том  ангид орсныг гэрчилж байсан юм. Октябрийн баяр дуусна, шинэ жилийн баяртаа бэлдэж эхэлнэ. Багт наадам гэж бас их том ажил байж билээ. Арван нэгдүгээр сар дундаа оров уу үгүй юу Делигийн гудамж гоёл чимэглэлээ зүүж эхлэнэ. Ялангуяа төв газар, дэлгүүр, кино театрууд гэрэл чийдэн, өнгө өнгийн гялалздаг чимэглэлүүдээр чимэглээд гоё, өнгөлөг, сүрлэг болно. Элчин сайдын яаман дээрээ бас шинэ жилийг тэмдэглэнэ. Айл болгон өөр төрлийн хоол хийж ирэх үүрэгтэй. Хүүхдүүдийн дунд уралдаан зарлаж, бэлэг өгнө. Баярсайхан ах өвлийн өвгөн болдог байв. Би зургийн уралдаанд дандаа түрүүлдэг байсан. Монголчуудаараа цуглах сайхан боломж гардаг байв. Сургууль дээр нэгдсэн сургуулийн шинэ жил, багт наадам болно. Монголд багт наадмын багийг бид өөрсдөө хийдэг байсан бол дэлгүүрээс авчихна. Ангиуд  тусдаа ангиараа шинэ жилээ тэмдэглэж, шинэ жилийн ширээ засан, хөгжөөнт тоглоом тоглож, бүжиглэнэ. Хотоос хүн ирэхээр эмээ минь хонины мах бүтнээр нь, ясыг нь аваад өөрийнхөө гараар чанаад боож явуулна. Тэр хол газар тэр халуун оронд хэдэн газар дамжин, хэд хонож ирж байгаа мах дөнгөж сая чанасан юм шиг ирдэг байсан. Бид нутагтаа байгаа хүмүүсээс илүү хонины махаар тасардаггүй байж билээ. Энэ бол миний эмээгийн сэтгэл, зүтгэл, эмээгийн минь хөлс болгон шингэсэн ариун цагаан хөдөлмөр байсан юм. Сайхан үе байж, одоо бол аль ч улс орны хил дээр “Мах, борц байгаа юу” гээд биччихсэн, хилээр мах байтугай юм авч гарах боломжгүй болсон. Эмээдээ би маш их хайртай. Эмээ минь надтай гучин есөн нас хүртэл минь хамт байж, нялх хүүхэд шиг бөөцийлөн араас аягатай цай барин хошуу цорвойн “уучих, идчих” гээд гуйдаг байж билээ. Тэр үед би эмээгээ мөнхөд надтай байх юм шиг бодож, өгсөн юмыг нь идихгүй, удаан гуйлгаж  байж дээ. Шинэ жилийг Монголынхоо шинэ хонины махтай байнга угтдаг байсан.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top