Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | БАЛЧИР БАГА НАС-II

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.


Үргэлжлэл..................

  1. Хотын соёл, монгол ахуй

Ээж минь сургуулиа амжилттай төгсөөд нярайн эмчээр III төрөхөд ажилд оров. Маш хичээнгүй, ажилдаа махруун, сайн эмч болж билээ. Найдваргүй болсон олон нярайг сэхээн амьдруулж, эцэг эхчүүд айл өрхийг элэг бүтэн сайхан амьдралд нь оруулсан, алтан гартай эмч гэж хүлээн зөвшөөрөгдсөн дөө. Одоо ч ээжээс минь хүмүүс байнга зөвлөгөө авна. Ээжийн бичиж өгсөн эм, эмчилгээ үр дүнгээ маш сайн өгдөгсөн. Юмыг сурахаараа бүр жинхэнэ ном ёсоор нь ямар ч хазайлтгүй сурна. Анагаахын сургуулийг төгсөхдөө оюутнууд орос хэлийг сайн эзэмшээд гардаг байсан юм билээ. “Тэр үеийн сургалтын чанар сайн, хүнд жинхэнэ мэдлэгийг өгч байж” гэж ээж минь байнга ярина. Орчин үед бид “но хау” гэж их ярих боловч түүнийхээ мөн чанарыг мэдэхгүй, ойлгохгүй байна. Зөвхөн материаллаг өнцгөөс харж, хандаж байх шиг. Шинэ, орчин үеийн тоног төхөөрөмж оруулаад ирвэл л эмчилгээ үйлчилгээний чанар сайжраад, өвчлөл, эндэгдэл буурах юм шиг, “но хау”-г нэвтрүүлчих юм шиг ойлголттой байна. Гэтэл “но хау” гэдэг маань шинэ техник, тоног төхөөрөмж оруулж ирэхээсээ гадна түүнийгээ эзэмшиж чаддаг мэдлэг, эмчийн өөрийнх нь мэргэжлийн ур чадвар, сэтгэл, сэтгэлгээ, эмчийн ёс суртахуун байж гэмээнэ жинхэнэ утгаараа “но хау” болж чадах юм. Ээж минь их царайлаг, цагаан халат  нь ээжийг улам эрхэм, энэрэнгүй болгож чимнэ. Сайн ажилласан тул мэргэжил дээшлүүлэхээр ВОЗ-ын \Дэлхийн эрүүл мэндийн байгууллагыг тэр үед орос хэллэгээр нь хэлдэг байсан\ курст Унгар явахаар болов. Ээжийгээ бид хоёр маш их санадаг байв. Ээжийг явахад бид гэртээ найр хийж хүмүүсийг урив. Тэр үед хэн нэгэн нь гадаад явах болбол заавал хүмүүсийг гэртээ урьж бараг найр шахуу юм хийнэ. Явж ирээд мөн явсан газрынхаа сонинг сонсгож цай уулгана.Сайхан үе байж. Аав, ээжийн минь зүтгэл, өвөө, эмээгийн минь ивээл, төр засгийн минь буян хишиг,  миний өөрийн төрсөн төөрөг нь ч байх, бага наснаасаа хувцасны сайныг өмсч, эдийн сайхныг эдэлж, тэр чинээгээрээ эрдэм номондоо шамдан суралцаж, зөв байж зөв хүн болох гэж мэрийж, хичээсэн. Эмээ минь хангалуун өссөн ч, халуураагүй ач нар минь гэж хэлдэг байсан. Энэ бол үнэн. Аавд яамнаас шинээр баригдсан тавдугаар хороололд, хүүхдийн 100-ийн тэнд байр өгөв. Уг нь тэр үеийн ЭХЯ-ны нэгдүгээр орлогч сайд Г.Жамбаа гуай, аав хоёрт зэрэг байр хуваарилсан юм билээ. Сайдад дөрвөн өрөө, аавд хоёр юм уу гурван өрөө байр. Гэтэл Г.Жамбаа гуай байраа авалгүй аавд өгснөөр манайх  дөрвөн өрөө байртай боллоо. Тэр үед дөрвөн  өрөө байр гэдэг чинь маш том боломж, сайхан завшаан байлгүй яахав. Бараг гэртээ дөрвүүлээ төөрөх нь холгүй, эхлээд нэг их тавилгагүй учир гэрт цуурайтдаг байв. Удалгүй хивс авч тавив. Явж байхад хивсний ширхэг дагаад явдлын чиглэл өөрчлөгдөөд байх шиг санагддаг байж билээ. Тэгэхээр Дарханы хивсний чанар бас өөр байсан байгаа юм. Монголчууд бид үндэсний брэнд болсон хивсээрээ бахархдаг байсан. Шинэ байшинд орох сайхан байсан хэдий ч өвөө, эмээгээ орхиод ирэх л хэцүү байсан даа. Дүү бид хоёрт амьдын хагацал шиг л санагдаж билээ. Өвөө, эмээ маань хүүхдүүд тусдаа дулаахан сайхан байртай боллоо, бид бас нас ахиж байна, уул ус руугаа нэг их хол явдаггүй юмаа гэхэд дөхөе гээд Налайх руу нүүж билээ. Өвөө, эмээ маань Өвөрхангай аймгийн уугуул, өвөө Хужирт, эмээ Нарийн Тээл сумынх. Налайх хот өвөө эмээгийн минь гал голомтоо асаасан, үр хүүхдүүдээ хөлийг нь дөрөөнд, гарыг нь ганзаганд хүргэсэн, эрдэм боловсрол олох суурийг нь тавьж өгсөн нүүрсний их уурхай шигээ эрдмийн их уурхай сайхан хот байсан. Харамсалтай нь дөчин жилийн өмнөх Налайх хот одоо болтол хэвээрээ байдаг нь үнэхээр сэтгэлийг минь эмзэглүүлдэг юм. Хожим Эрүүл мэндийн дэд сайд болоод хэдэн удаа очихдоо санаанд илхэн газруудаар явж бага насаа дурсаж билээ. Ингээд өвөө, эмээ минь хамгийн арын уул руу харсан гудамжинд хашаа, саалийн үнээ худалдаж аваад нэгэн шинэ амьдралыг эхлүүлсэнсэн. Үнээг Дэлдээ гэнэ. Дүү бид хоёрыг аав, ээж хоёр Налайхын автобусанд суулгаад явуулна. Оросын хуучин “Паз” автобус өдөрт хоёр удаа явна. Зун нь аав, ээж хоёр “Тэрэлж” амралтад их амардаг байж билээ. Бид хоёрыг уулын энгэрээр явдаг “Тэрэлж” явах зам дээр буулгаад цаашаа явна. Өвөө минь харалгүй өнгөрчих вий гэсэн шигхээв нэг завилаад, тамхиа татан замын голд шахуу сууж байдаг байж билээ. Автобус тоормослож очоод хазайж зогсдогсон. Бид хоёр бөөн баяр өвөөдөө үсэрч буугаад хоёр гараас нь хөтлөөд явж өгнө. Эмээ ирэхэд өрөм загсаачихсан, дуртай юм болгоныг минь бэлдчихсэн байна. Өглөө бүр айлын үнээтэй нийлүүлээд Дэлдээгээ туугаад хойд уул руу явна даа. Хүний өөрийн нийлээд арваад үхэр болно. Заримдаа хоёулаа, заримдаа ганцаараа үхрээ тууна. Өглөө үүр хаяарав уу үгүй юу эмээ босон галаа түлж, хашаа хороогоо янзлан дуу чимээ гаргана. Хэдий жаахан ч би тэгээд л сэрчихнэ. Эмээг гал түлж гэр дулаацтал би тооно харан гэгээ тусаж тэнгэрийн өнгө цайрахыг харж гоё юм бодон, мөрөөдөн хэвтдэг байж билээ. Заримдаа ингэж байгаад дуг хийчихсэн байна. Өвөө, эмээ сэрсэн бол шууд босч бай, орондоо удаан хэвтэх муу гэнэ. Тийм учраас гэр халангуут босно, тугалаа татаж өгнө. Долоо хагас гэхэд тууж яваад бараг хоёр уул аажуухан давуулаад арван нэг гэхэд гэртээ ирнэ. Өвөө, эмээ хоёр минь их магтана. Зөндөө ажил хийгээд ирсэн хүн эрхэлж, юмаа идэж аваад хамаатны хүүхэдтэй хүүхэлдэйгээр тоглохоор явна. Тэр үеийн хүүхдүүд хүүхэлдэйндээ даавууны өөдсөөр хувцас оёж тоглодог байсан юм. Тэгж байтал тугалаа татах ажил өрнөнө. Зургаан цаг болоход л тэр хавийн айлын үнээ, үхрүүд хоорондоо нийлчихсэн харайсаар уулын оройгоос бууж ирэх нь харагдана. Мал ч гэсэн тугал, гэр орон, хашаа хороо руугаа яардаг юм билээ. Эмээдээ тугалаа барьж өгнө. Хоёр ивлүүлээд л саана. Оройд арван литр, өглөөд найман литр сүү өгдөгсөн. Тугалаа тавихаар хүзүүвчнээс нь зуураастай байхад л тэмүүлсээр байгаад дөнгөж хошуу нь дэлэнд хүрэв үү үгүй юу хоб гээд сороод амандаа хийнэ. Тэгээд л хөөс сахруулаад хөхөж өгнө. Ямар хөөрхөн гэж бодно оо, би явган суучихаад их ажигладагсан. Аргагүй шүү дээ хамаг сүүг нь саачихсан юм чинь үлдэх нь бага. Гэнэт хүчтэй, хүчтэй нударна. Дэлдээ маань өвдсөн ч тэвчинэ, харин хариуд нь долооно. Адгуус ч бай эх л юм болохоор хайр энэрэл ямагт  харагдаж, мэдрэгдэж, би харж, мэдэрч зогсоно. Зуны тугал ялангуяа орой их хөхөх нь дэмий гэнэ. Тэгээд ч унтатлаа хамт дураараа мөөмөө идсэн шигээ байдаг юм чинь... Үнээ, тугалаа туух нь бас ээлжтэй. Миний ээлжтэй өдөр биш бол би эмээтэйгээ аргалд явна. Хатаж хөхөртсөн аргалыг эвдлэхгүйгээр арганд сайхан байрлуулаад үүрээд ирнэ. Үүрч бутарсан аргал гал болохгүй. Арай хатаагүй, харахад том сайхан аргал байх юм бол эргүүлж тавьчихаад хатахаар нь дараа ирж авна. Адууны хөх хомоол түүнэ, ялаа батганаас хамгаалах зорилгоор оройд уйгуулж өгнө дөө. Өгч байсан бордоо, тэжээл  нь өөр байсан болоод тэр юм уу тэр үеийн аргал, хомоолоос гарах үнэр нэг л анхилуун сайхан байсан юм. Одооны аргалаас тийм сайхан үнэр үнэртэхгүй л байх шиг байдаг юм. Үхрийнхээ байрыг шинэхэн халуун баасаар шавах бас их урлагтай бөгөөд чадвар шаардсан сонирхолтой ажил байж билээ. Хэд хийгээд ирэхээр гарт ороод ямар зайнаас ямар хүчээр ямар хэмжээтэй шидвэл сайн шавагдаж наалдаж газар бага унах вэ гээд л бодож эхэлнэ. Яагаад гэвэл газар хэдий чинээ их унагана дараа нь өөрөө цэвэрлэнэ шүү дээ. Малын хороо бол хамгийн цэвэр, ариун байх ёстой газар гэж эмээ хэлж сургана. Өвөө байшин барьж байсан учир хээр явж том машины хаягдсан обуд өнхрүүлсээр авчирна. Төмрийн чанар, хэлбэр, зэвэрсэн байдлыг нь өвөө харж байгаад найман ширхэг хамгийн сайныг нь сонгоод байшингийнхаа дор одоо нэг ёсны суурь болгож ашиглахаар сонгов. Тэр суурин дээрээ өвөө байшингаа барив. Тэр байшин маань их том биш, гэхдээ жижиг биш. Зуны халуунд байшиндаа ороод л дээшээ тарвалзаад хэвтчихнэ. Өвөө, эмээ дуудтал гарахгүй, сургуульд орсон болохоор ном унших их дуртай. Эмээ мөнгө төгрөгийн боломжтой бол шинэ үстэй даавуу худалдаж аваад, боломжгүй бол хуучин даавуу зүүж өвөлдөө бэлтгэн үхэр, бяруу, тугалдаа нэмнээ оёно. Нэлээд хэдэн нэмнээ оёж эмээдээ тусалсан. Шинэ хөвөн сайхан тарж тавигдана, заримдаа хуучин хөвөн тэгж сайхан болохгүй салж өгөхгүй бөөгнөрчихнө. Тэр үед ихэвчлэн хилийн бор хөвөн гардаг байсан юм. Хөвөнг дотроо гүйхгүйн тулд ойрхон ойрхон хавж өгнө. Эмээ минь үйлэнд уран, үгэнд цэцэн жинхэнэ хатуужилтай ухаан санаа хурц, жин багатай тэгш сайхан нуруутай, долгионтой хар үстэй, царайлаг, хүнлэг сайхан сэтгэлтэй, биеийн тэнхээ, хүч ихтэй хүн байж билээ. Миний хамгийн сайн зан чанар бүхэн эмээгээс минь өвлөгдсөн гэж боддог. Эмээ минь миний хамгийн хайртай хүн байлаа. Их намуухан гэхдээ хурдтай, юмыг ул суурьтай, тэвчээртэй зааж өгдөгсөн. Дээл эсгэх, тэр дотроо дотортой дээл, тэрлэг эсгэхийн ялгаа гээд л бүгдийг зааж өгсөн. Би эмээдээ нэг тэрлэг, нэг дан дээл, нэг хантааз өөрийн гараар бага охиноо төрүүлчихээд байхдаа оёж өгсөн. Хэмжээ, уртын хувьд маш сайхан таарсан байна, настай хүнд хормой нь арай бариу юм уу даа гэж билээ. Намар болохоос өмнө усаа ахиухан базааж байгаад гэрийн бүрээсээ угаана. Өвөө, эмээ минь дөрвөн ханатай гэртэй байсан. Эмээ бага залуу байхдаа Налайхын уурхайд мотористоор ажилладаг байсан гэж ярьдаг байв.

Тэр үед хүүхдүүд бидэнд нийлж тоглох тоглоом их ховор байв. Ихэнхдээ черта, лапта, резин, дээс тоглоно. Том хүүхдүүд бол ширээний теннис, сагс тоглоно. Бид бас нүдээ боож, нуугдаж тоглодог байв. Тал дээр хаана нуугдах вэ дээ тэгэхээр черта их тоглоно. Шилний үйлдвэрийн тэр хавьцаа олон өнгийн шилний хэлтэрхий их байна. Түүнийг түүж ирээд ээжийн тосны хайрцаганд нандигнаж хадгалж байгаад газар черта тоглоно. Зүлэг, шороон дээр чулуу, модоор зурна, асфальтан замтай газар бол шохойгоор черта зурж байгаад гутлын тосоо дуусаагүй байхад нь ухаж хаяад савыг нь люкс болгон тоглоно. Тэр үед “люкс” гэж нэртэй гутлын тос гардаг байсан юм. Тэрнээс нэр нь гарсан юм шиг байна лээ. Дуусахыг хүлээвэл маш удна тийм учир хүүхдүүд тосыг нь ухаж аваад дотор нь элс, хайрга хийж хүндрүүлээд өшиглөдөг байсан юм. Юм олддоггүй, ялангуяа, хүүхэд зугаацах юмаар ховор хэцүү үе байсан шүү. Өвөө, эмээ минь надад юмны учрыг мэддэг болсон цагаас өгч идүүлж байгаа юмныхаа мөн чанарыг тайлбарлаж өгдөг байлаа. Би түүнд нь их итгэж дуртайяа иддэгсэн. Эмэгтэй хүүхэд үйлэнд  уран байх ёстой тиймээс тагнай идэх сайн гээд идүүлнэ. Цэцэн цэлмэг болж байнга сайн үг хэлж сайхан юм ярьж байх болно гээд хэл идүүлдэг байлаа. Хараа сайн, мэлмий хурц, дандаа сайн сайхан бүхнийг олж хараг гээд нүдний ухархайны мах идүүлнэ. Би хөдөө явж байхдаа хонь гаргасан айлтай тааралдахаар энэ бүгдийгээ нэхэж идэхэд их л гайхдаг юм. Тархи сийрэг, ухаантай болог гээд хонины тархи их иддэг байж билээ. Дандаа сайн юм сонсож, соргог байг гээд чих их идүүлдэг байсан. Зөөлхөн мөгөөрстэй, сайхан амттай. Шийр, хуйх их иднэ. Хөл дээрээ тэнцвэртэй, их хурдтай байг гэж хэлдэгсэн. Харин богц нэг их идэх дургүй байж билээ. Идэх болгоны өмнө тайлбар хэлж, ерөөж идүүлнэ. Тэр нь хоёр талтай л байсан байх. Мах ховор учир томчуул өөрсдөө иддэггүй юмаа тэгж идүүлдэг байсан байх гэж зарим хүмүүс тайлбарладаг. Монгол ухаан агуу, түүний хүчинд би өдий зэрэгт хүрсэн байх гэж гүнээ итгэдэг. Олдвол идэхийг хүсдэг. Монгол хүн болохоор дөрвөн хөлтэй амьтны мах л иднэ. Одоо ч манайхан тахиа, шувуу, загас жараахай их иддэг болж, миний хувьд бол үнэхээр өлсөөгүй бол идэхгүй шүү. Сонголт байгаа тохиолдолд бол үхэр, хонины махаа л иднэ. Харин амьдралдаа хэзээ ч тарвага, адууны махыг идэхгүй гэж өөртөө амласан юм. Монгол хүн морио дээдэлж, шандаст хурдан хүлгийнхээ хүчинд дэлхийн талыг эзэлсэн түүхтэй. Тэр холын бартаат, урт замд халуун, хүйтэн, жаргал, зовлонг хамт туулж хань болж явсан эрдэнэт сайхан хүлэг. Тийм учраас би ханилсан ханиа хэзээ ч идэж болдоггүйн учир адууны мах идэхийг өөртөө цээрлэсэн юм. Хүмүүс адуун сүргийнхээ буяныг гайхаад, морь уралдуулан, шагнал гавьяаг нь хүртэж байгаагаа бахархан ярьдаг мөртлөө хүлэг морио алаад идэхээр нь би гайхдаг юм. Тарваганы мах яагаад идэхгүй гэсэн гэхээр бага байхад дэлхий дээр долоон нар байж ард түмэн уух ундгүй болон ган тарчигт нэрвэгдэж байхад нь Эрхий мэргэн зургаан нарыг нь харваж алаад долоо дахийг нь харваж чадахгүй бол “Эрхий хуруугаа тасдаж, ус ууж, өвс идэн хар нүхэнд амьдарна” гэж тангарагласныхаа дагуу тарвага болон хувирсан гэдэг үлгэрийг байнга ярьж өгдөг байсан. Энэрэнгүй, шударга ариун хүмүүжлийг бидэнд олгох гэж ясли, цэцэрлэгээс аван сургаж байсан болохоор энэ нь ухамсарт гүн суусан гэх үү дээ. Тийм учир зон олны сайн сайхны төлөө өөрийн амьдрал, сайн сайхнаа золиослон өгсөн тангарагтаа үнэнч байж чадсан тэр баатар эрийг би хүндэтгэх ёстой гэж бага наснаас өөртөө хэлсэн юм. Тиймээс, хүн хүнээ иддэггүйн адил би тарвагыг иддэггүй юм. Энэ нь өөртөө үнэнч байж чадаж байгаагийн нэг хэлбэр гэж би өөрийгөө зөвтгөж найз нөхөд ид гэж ятгахад нь татгалздаг юм.

  1. он
  1. Өвөөгөөсөө хагацав

Өвөө, эмээ хоёр минь Налайхад удаан сайхан амьдарч чадсангүй. 1976 онд өвөө минь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж идэр сайхан насандаа үр хүүхэд биднийгээ орхин явсан юм. Тухайн үед үлээвэр хөгжимтэй өвөөгөө гаргаж өгч байсныг санаж байна. Өвөөгийн ах Мандгай, нутаг усандаа нэртэй, их эрдэм номтой, төвд санскрит хэлтэй, том лам, хуварга хүн байсан юм. Мандгай ах ирж хойд замыг нь засч өгч бүтэн өдөржингөө ганцаараа өвөөгийн хажууд ном уншиж билээ. Иймэрхүү зан үйл хийх хориотой байсан үе.  Өвөөгийн маань буян их байсан болохоор буяны  ажил элбэг дэлбэг байсныг аав, ээж ярьж байсан. Хүүхэд байсан болохоор, нарийн юмыг яаж мэдэх вэ ямар ч байсан зөндөө банкя /Болгарын вафли/, нандин чавга, цагаан самар гээд л ховор нандин жимс, чихэр зөндөө байгаад би хүүхдүүдэд атга атгаар нь өгөөд л байснаа санадаг юм. Тэр үед “Хүнсний ХИД-1” гэж их гоё дэлгүүр ашиглалтад орж байсан үе. Одоо хувьчлаад “Хартфорд” сургууль, бас нэг телевиз нь орчихсон харагдсан. Ард түмний хөрөнгө ахархан заль мэхээр хэсэг хүний өмч болчихсон байхыг харахаар их харамсдаг юм.. Нэг нь явж бусад нь үлддэг нь хорвоогийн жам хэдий ч, бүх зүйлийг өөдрөгөөр төсөөлж дандаа л тийм байх юм шиг бодож явсан бяцхан надад хайртай өвөөгөө дахиад харахгүй гэдэг аймшигтай байлаа.

“Нүгэлт хорвоог жаргал хэмээх мунхагийн дотор уужим ч

Нүүдлийн шувуу шиг орхиод одох насны хязгаар хатуу

Мөнхийн юм шиг амьдралд шунах хүний хүсэл хөлгүй ч

Мөчийн дараа байхын барилгүй хөөрхий бие нь хэврэг” гэж аав минь “Шатар заалгахгүй монгол” номдообичсэн юм.

Өвөө өнгөрснөөс хойш эмээ минь их ганцаардаж билээ. Тэгэхэд дөнгөж тавин зургаахан настай байж дээ эмээ минь. Зургаахан настай дүү минь нэг хэсэг эмээтэй хамт байсан. Ямар юмны хань болох вэ дээ гэхдээ л өдөрт гангар гунгар гээд нэмэртэй л байсан байх. Би эмээ дээрээ очно. Налайх хол, бас хичээлтэй тул тэр бүр очиж чадахгүй. Хүн бүлгүй айлд нэг бодлын айдастай цөвүүн цаг байжээ. Өвөөг өнгөрснөөс хойш бярууг минь хүн алж идээд, толгойг нь хашаа давуулаад шидчихсэн байсан. Эмээ бяруугаа эрээд хэд хоносон гэдэг, ганцаараа болохоор яаж ч чадахгүй. Нэг мэргэн хүнээс асуусан нь та хуваагаад л идчихсэн юм байна шүү дээ гэсэн гэнэлээ. Хашааг нь давуулаад толгойг нь шидчихсэн байсныг хэлсэн бололтой. Гэрийн эзэн өнгөрөнгүүт нөгөө сайн байсан, үргэлж өвөөтэй минь шатар нүүж, шагай харваж, даалуу өрж, бараашиг ууж, айраг шимдэг найз нөхөд танил талууд байхгүй, нүүрээ бууруулсан.  Ер нь тийм өнгөц зүйл амьдралд элбэг шүү дээ. Шөнө болгон хулгайч хашаа давж орж ирээд өвс, тэжээл болон бусад юм хулгайлаад гарна. Өглөө болгон савируулсан ул мөр нь байж байна. Би дөнгөж найман настай, дүү зургаатай, эмээ бид хоёрыг айлгахгүй байхыг, бид хоёр дотроо айдастай ч бас эмээгээ айлгахгүй байхыг хичээнэ. Тэр нэг шөнө яг хулгайч ирнэ, түүнийг барих, үгүй юмаа гэхэд мэдэх хэрэгтэй байлаа. Уг нь айл хөршөөсөө хань болж өгөх талаар гуйсан ч нэг их хүлээж авсангүй, айлын том хүүхдийг гуйсан аав ээж нь дургүйцэв. Эмээ бид гурав гэгээ дөнгөж тасрангуут, гэрэлтэйд хийвэл бас мэдэгдчихнэ гээд, урт гэгчийн гэрлийн утсыг хашааны хаалгатай холбоод үхрийн хашаа, өвсний амбаар хулгайч явж болох газраар дайруулаад хүн анзаарахгүй өвдөг хавьцаа байхаар татаад гэрээ цоолоод үзүүр хэсгийг нь молоконы лаазыг цоолж нүхлээд дотор нь чулуу ороож уяад хөндий тавьчихав. Гэтэл яг дөрвөн цагийн үед үүрээр нөгөө молоконы лааз маань татагдаад чулуу нь лаазан дотроо хүчтэй дуугарч яг хулгайч орж ирсэн нь мэдэгдсэн. Эмээ минь хөөрхий, хувцастайгаа бэлэн, гартаа мод барьчихсан, шууд гараад явж чадаагүй ч “ХӨӨЕ ЮУН ХҮН БЭ” гээд байдаг тэнхээгээрээ орилсон, бас их зориг шүү. Хөөрхий эмээ минь бид хоёроор л хань татсан байхдаа. Гэрийн минь туургыг нэвт хутга шааж байж билээ. Тийм аймаар, айдастай үе байсан юм. Түүнээс хойш тийм утсан хэрээс байж магадгүй гэж бодсон ч юм уу арай гайгүй болсон. Тэгээд удалгүй эмээгээ хот руу нүүлгэж билээ. Эмээ минь долоон буудалд Дэлдээ үнээтэйгээ хашаа худалдаж аваад амьдарч эхлэв. Хотод ирчихсэн болохоор ойр ойрхон хагас, бүтэн сайнд очиж хононо. Эмээдээ тусална. Бас л үнээгээ цаашаа уулын орой руу тууна. Тэнд “Дамбадаржаа”-гийн рашаан гэж байдаг байж билээ, түүнээс арвын бидоноор ундны усаа зөөнө. Тэгэхэд тэнд нэг ч айл байдаггүй байсан, одоо бол дүүрэн айл, Дарь эхийн овоо гэдэг хороолол сүндэрлэн боссон. Дэлдээ маань ганц удаа л дагуулж яваад, дараа нь өөрөө гэрээ олоод хээвнэг хүрээд ирдэг болсон.

  1. он
  1. Арван жилийн алтан босгыг алхав

1975 оны намар ээжийнхээ гараас хөтлөөд VI арван жилийн алтан босгыг алхаж билээ. Нэгийн “Б”, Тунгалаг багшийн ангид орлоо. Тэнд “А” үсэг заалгаж, бага ангийн мэдлэгийг олж авсан. Манай анги дөчин нэгэн хүүхэдтэй. Бүгдээрээ өөр өөрийн онцлогтой царай зүстэй, хөөрхөн хүүхдүүд байсан. Их эвтэй анги байсан шиг санагддаг юм. Яг л тэр ангид цагаан толгойн үсэг заалгаж байсан шигээ “хүн” байх цагаан толгойг тэндээс заалгасан гэж боддог. Хичээлдээ сайн сурч, онц авахыг эрмэлзэнэ. Тэрүүхэн хавьдаа хүрээлэлтэй. Ямар ч байсан цүнхээ өөрөө барьж явдаггүй байсан юмдаг. Заавал хоёр, гурван дагуултай явна. Тооны олимпиад, монгол хэлний олимпиадад түрүүлж, шагнал авна. Шинэ жил болгоноор өвлийн өвгөн ааваас бэлэг авна. Шинэ жилийн багт наадамд ангиараа оролцоод, шалгарч дүүргийн багт наадамд, тэгээд улсад орсон. Аав бидэнд туулай, чонын баг картон цаасаар хийгээд будаад чимээд өгнө. Тэр үед баяраар тэргүүний шилдэг хүүхдүүд Улс төрийн товчооны гишүүдэд индэрт гарч цэцэг барьдаг байсан цаг. Би нэг удаа  шалгарч цэцэг барьсан юм. Хамгийн сонин нь тийм тэргүүний сурагч байсан мөртлөө пионерт элсэж чадалгүй би Энэтхэг рүү аав, ээжтэйгээ яваад өгч билээ. Сурагч болгон пионер болох ёстой байсан үе. Гуравхан жил сурсан болохоор ангийнхантайгаа бараг сураг тасарсан. Наран, Өлзийжаргал, Оюунтуяа л холбоотой байсан. Аав маань ДЭМБ-ын Зүүн өмнөд азийн бүсэд ажиллахаар тэр олон Азийн улс орнуудын хүмүүс дундаас сонгогдон, томилогдоод явах болоход Наран “аваад яваарай” гэж гуйдагсан. Антропологич, том эрдэмтэн болсон. Саяхан би Нью-Йоркод байхдаа холбогдоод, бараг өдөржин хууч хөөрч инээлдэж билээ. 

 1975 оны дөрөвдүгээр сарын гучны өдөр хойд Вьетнам болон Өмнөд Вьетнамын Вьетконгийн коммунистууд Сайгоныг эзлэв. АНУ-ын ЭСЯ-ны байрны дээвэр дээрээс нисдэг тэрэг хөөрч байсан зургийг дэлхий даяар цацаж байлаа. Яг арван найман жил дөрвөн сар дөрвөн долоо хоног нэг өдөр үргэлжилсэн тэр хөнөөлт хар дайн коммунистуудын ялалтаар дуусч Хойд, ӨмнөдВьетнам нэгдэн Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс байгуулагдав. Бид тэр үед балчир бага байсан ч Вьетнамын дайн бол түрэмгий, эзэрхэг дайн, Вьетнамын баатарлаг ард түмний эсрэг дайн, Вьетнамын ард түмнийг хуваан бутаргаж, ах дүүг хооронд нь тэрсэлдүүлсэн дайн, тэрхүү дайныг өдөөн хийж байгаа АНУ-г муу улс гэж ойлгож байсан юм. Коммунистуудын эсрэг хүчийг Өмнөд Вьетнам, АНУ-аар тэргүүлсэн найм, тэднийг дэмжигч есөн улс орнууд бүрдүүлж байв. Коммунистуудын талд Хойд Вьетнам түүнээс гадна Кхмерийн улаан хамгаалагчид, Лаосын тэмцэгчид нийт дөрвөн хүч, дэмжигчид нь ЗХУ, БНХАУ, Куба, Хойд Солонгос, Чехословак, Болгар байв. Хэрэв тэр дайнд АНУ ялах юм бол бидэнд аюул нөмрөх юм шиг ойлгож, зүрхээ чагнан зурагтаар гарах мэдээг хүмүүс сонсоно. Тийм ойлголтыг өгөх зурагт самбар энд тэндгүй, мөн сонин дээр хачин муухай хамартай хүнийг зуран “Хар сарвуугаа Вьетнамаас ТАТ” гэсэн уриа байдаг байсан юм.  Тухайн үед надад төрж байсан ойлголт бол ийм л байсан. Тэр үеэс Монгол Улс ах дүүгийн ариун барилдлагатай дүү гэж дуудах БНСВУ, БНАЛАУ, БНСКампуч улсуудтай ахан дүүс улс орнууд болсон юм.

1976 он

1976 оны дөрөвдүгээр сарын хорин нэгэнд миний бага дүү төрж билээ. Миний өвөө, аавын аав, хоёр дүүд минь нэр хайрласан юм. Эр хүмүүс болохоор нэрийг нь маш сайн оноож бас олон юмыг бодож өгөх хэрэгтэй байсан байх. Миний удаах дүүг Пүрэвцэрэн, бага дүүд минь Жамьянсүрэн гэж нэрийг өгсөн. Бага дүү маань Жамул нэрээрээ олны танил болсон доо. Гэр бүлд маань хүн нэмэгдэж, энэ чинээгээрээ бөөн баяр, аз жаргал ирэв. Би хоёр дүүдээ их хайртай. Ээж төрсний дараа чөлөө авсан учир өдөр болгон гэртээ байх болсон нь хүүхэд надад гоё байсан. Гэр илүү дулаахан болоод паар илүү сайн халаад ч байх шиг, их хүйтэн байдаг байсан, мах чанаад дөнгөж гаргангуут л царцчихдаг байсан юм. Угсармал байрууд хүйтэн гэж ярьдаг байв. Аав маань Эрүүлийг хамгаалах яаманд гадаад харилцааны хэлтсийн даргаар ажиллаж байлаа. Чингэлтэйн цаад аманд, жижигхэн хөөрхөн бөглүү газар яамны зуслан байдаг байв. Дөрвөн талаасаа уултай. Бид тавдугаар сарын сүүл гэхэд  зусланд гарав. Өөр ямар ч айл байхгүй. Тэр үеийн байгууллагын зуслангийн байшин гэдэг чинь хааш хаашаа дөрвөөс зургаан метр юм уу даа нийт арван таваас хамгийн томдоо л хорин таван ам метр дөрвөлжин талбай бүхий дан амбаар. Хайрцагны модоор ихэнхдээ зүүгээд хийчихсэн, тэр завсраар нь гадаах ертөнцийг бүхэлд нь харна, цонхоор харах шаардлага байхгүй.  Жил болгон зусланд гарахдаа сайхан савандаж угаагаад нүх сүвээ бөглөнө, ямар силикон энээ тэрээ байсан биш, хөвөн, сонингийн цаасаар бөглөнө, наанаас нь тогтоох замаск бас байхгүй юм чинь. Найман  талаас сийгэж гарна даа. Шал нь бас завсар нүхтэй, дээвэр нь мөн адил, дусаал гоожно. Нэг өглөө сэрсэн чинь ээж, аав хоёр чанга л яриад байна. Харсан чинь нэгхэн сартай дүү маань нил цасанд булагдчихсан байдаг байна шүү. Тэгсэн мөртлөө сэрэхгүй сайхан унтаж байна. Ээж ханиад хүрчих вий дээ гэж байв. Аав дажгүй, энэ зэргийг даах эр хүн гээд тоосонгүй. Тэгж тордчихоод дараа жил нөгөө байшиндаа гарахгүй, өөр айл гарчихна.  Зусланд тог байхгүй байв, хэдий тийм ч зуны бүтэн гурван сар хагас зусландаа гарч, мөн бид хоёр эмээтэйгээ  зусав.

 1976 оны есдүгээр сарын есний өдөр БНХАУ-ын  Коммунист Намын дарга Мао Цзэдун наян гурван насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлэв. Манай хоёр орны харьцаа амаргүй байсан үе. Бид ЗХУ-ын талд орж хятадын гегемоны эсрэг, БНХАУ болохоор ЗХУ-ын ноёрхлын эсрэг байсан тэмцэлт он жилүүд байлаа. Мао Цзэ Дуны нас баралт нь ямар үр дагавар авчрах бол гэж дэлхий даяар таамаглан ярьж байсан байх. Дорнын их соёлтой ч  харанхуй бүдүүлэг хятад орныг бичиг үсэгтэй, орчин үеийн хятад орон болгож хүн амынхаа тоог хоёр дахин өсгөж, эмэгтэйчүүдийн байр суурийг бэхжүүлэн, чадавхижуулж, ард түмнийхээ эрүүл мэнд, боловсролыг дээшлүүлж, хятад хүний дундаж наслалтыг уртасгаж бие даасан, хараат бус эдийн засаг, улс төрийн дэлхийн том хүч болох бат бөх үндэс суурийг тавьсан орчин үеийн түүхийн хамгийн чухал хувь хүмүүсийн нэг мөнөөс мөн.“Холын саднаас ойрын хөрш дээр” гэсэн хятад ардын үг байдаг. Хөрш оронд минь болсон энэхүү үйл явдал бүх хүмүүст хамаатай байсан юм.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
MAN gishuun(193.165.153.190) 2019 оны 12 сарын 27

Ene neg ichih medremjee aldchihsan avgai boliosoi. Tulbur tulj neg yum gargaad, uuriin zahirgaand ajilladag heden huniig ajlaas halna hemeen surduulj comment bichuulne. Songuulid ner devshih geed seruun zuudleed namiin dargaa uuriin meddeg argaar toiglood baigaa daa, suuliin ued. Jinhene hiisen davuu baidlaa tultal ashiglaj chaddag jinhene “chadvartai” hun dee. Hunii amidrah arga, chadah zuil uur baidag bolohoor yaltai ch yum be

0  |  0
Irgen(91.141.1.219) 2019 оны 12 сарын 26

Hvrgeer bichvvleegvi bgaasai !!! Manaihan busadin Patent bolon bvteelvvd deer uuriin nereer gargaj n ix bolhoor helle kkk

0  |  0
зочин(64.119.21.253) 2019 оны 12 сарын 27

Сайхан бичсэн бна шүү.Хорин тэр хивсийг Улаанбаатард л хийдэг байсан шүү.

1  |  0
Зочин:(66.181.161.7) 2019 оны 12 сарын 26

Эрх мэдэл албан тушаалын хойноос нэр нүүрээ баран хөөцөлдөж байхаар зохиолч болсон бол зүгээр байждээ.

0  |  0
k(103.26.193.89) 2019 оны 12 сарын 26

darkhand hivs hiideggui baisan l daa.erdenet baih

0  |  0
Ганаа(202.131.235.74) 2019 оны 12 сарын 27

Маш их хөдөлмөр ч зөв бүсгүй шиг харагддаг

0  |  1
Top