Ж.Цолмонгийн "Цагийн зурвас" номын цуврал | ЭНЭТХЭГЭЭС ЭРГЭН ИРСЭН НЬ

2020 оны 03 сарын 05

Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.


3. ЭНЭТХЭГЭЭС ЭРГЭН ИРСЭН НЬ

Улсын нийслэл Улаанбаатар маань онгоцны цонхоор харахад жижигхэн ч гэсэн Азийн дагина шиг харагдаж, тэнгэр маань цэв цэлмэг, агаар маань цэгээн, гол горхи маань арвин тунгалаг байлаа. Одоо онгоцны цонхоор харахад утаан бүрхүүлтэй саарал, Туул гол маань нарийсан бургас бараг нь үгүй болсон харагдах юм. Хэмжээ хязгаарын хувьд тэлж өргөжин, сүрлэг өндөр байшингууд баригдсан ч, нийслэлийн маань хөгжлийн хэтийн төлөв, гол философ нь харагдахгүй байгаа юм шиг санагддаг. Эмээдээ үсрэн очлоо. Бид том болсон учир эмээ минь даахаа больсон байв. Тэндээс бид гэр лүүгээ явлаа. Эмээ минь их сэргэлэн хүн байсан учир оросуудаар манай гэрт одоогийнхоор бол их засвар хийлгэсэн байлаа. Бүх обойнуудыг солиод, шалыг нь сольж чигжиж будаад, цонхнуудыг нь янзалж будаж, жорлон ванныг нь сольсон байв. Тэр үед байрандаа засвар хийдэг айл тун ховор байсан байх, айлд орохоор их л хуучирсан харагддаг байсан. Хэд хоноод румыны шинэ унтлаганы ком аав, ээж унтлагын өрөөндөө авч тавив. Тэр үед гэрийн тавилга, мебель их ховор, дэлгүүрт румын, оросын мебель л байсан үе. Ер нь дэлгүүрт юу ч байдаггүй байсан. Хүмүүс хаанаас олдог байсан юм бол би бодоод гайхаад байдаг юм. Гадаадад сурдаг оюутнууд гурван талтай толь, унтлаганы мебель, эвхдэг ширээ, Орос, Румын, Германы диван бусад эд хогшлыг авчраад, гар дамжуулан танил талаараа, эсвэл хар зах дээр зардаг байсан үе. Дэлгүүрт хааяа гаднын мебель ирэхээр хэдэн өдрийн дараалал (очер) болоод, арын хаалгаар авах нь аваад дуусчихна. Тэр үед “Арын хаалга” гээч юм их хүчтэй байсан юм шиг байгаа юм. Одоо бол “авилгал” орлосон юм уу даа. Орос цэргийн хурандаа нутаг буцах болсон тул тэдний хэрэглэж байсан “стенк” гэж нэрлэдэг хананы том өрөөний мебелийг худалдаж авч билээ. Хичнээн мөнгөтэй байсан ч Монголоос олддог нь тэр байсан хойно. Пүжи бид хоёр үүдний ойр байдаг өрөөндөө орж өрөөгөө нэлээн тохижууллаа. Манайх тавдугаар хорооллын хүүхдийн зуугийн баруун урд байрлах зургаадугаар байранд байдаг байв. Эргэн тойрон төмөр замын байруудаар хүрээлүүлнэ. Тэр үед “Солонго” ресторан ашиглалтад ороод удаагүй байсан үе. Цоо шинэ, том цэлгэр гоё ресторан байсан. Одоо “Ivy” гээд ресторан байгаа шиг санаж байна. Хичээлийн шинэ жил орох ойртож байсан учир аав, ээж хоёр ЗХУ-ын ЭСЯамны дэргэдэх зөвлөлтийн гуравдугаар арван жилийн сургуульд бүртгүүллээ. Би есдүгээр ангид, Пүжи долдугаар ангид, Жамул гуравдугаар ангид орцгоов. Жамул тэгэхэд долоон настай байсан.

  1. Орос гурав

    1983 оны есдүгээр сарын нэгэн. Хичээлдээ эхэлж, эрдэм номынхоо ажилд шамдан орох гэж шинэхэн формоо өмссөн сурагчдыг улам өнгөлөг, гоёхон, цоглог, золбоолог харагдуулах гэж нар байдгаараа хичээн гэрэлтэж байгаа мэт санагдаж байлаа. Нар яг өөдөөс гэрэлтэж, нарны туяа агаарт олон өнгө ялгаруулан цацарч, тэнгэрт бүртийх ч үүлгүй цэлмэг өдөр байв.  Би ч хоёр дүүтэйгээ баяр хөөртэй, бас бага зэргийн айдастай алхаж явлаа. Зөвлөлтийн гуравдугаар сургууль циркийн баруун талд байрлана. Одоо ч “орос гурав” нэртэйгээ л байгаа. Би “9Б” ангид бүртгүүлсэн байв. Манай анги даасан багш Ирина Кошкоровская гээд химийн багш байсан. Москва хотоос томилогдож ирсэн ануухан сайхан эмэгтэй. Хичээлийн шинэ жилийн нээлтийн үгийг намайг хэлж нээ гэв. Би анх удаагаа энэ сургуульд орох гэж байгаа, нэг ч хүүхэд танихгүй, яаж хэлнээ л гэж бодож байлаа. Ямар ч байсан тэр олон хүүхдийн өмнө индэр дээр гараад маш цоглог дуугаар үг хэллээ. Намайг индэр дээр гарахаар явж байхад хүүхдүүд шивэр авир хийн “энэ хэн бэ” гээд л хоорондоо ярьж эхэлж байхыг би анзаарав. Манай ангийн багш “маш сайн байсан” гээд надад урам өгөв. Аравын “А” ангийн нэг эрэгтэй орос хүүхэд нэгийн “А” ангид орж байгаа бяцхан  монгол охиныг мөрөн дээрээ суулган хичээлийн шинэ жилийн анхны хонхыг дуугаргалаа. Хонх дуугарснаар бүгд дэс дараатайгаар сургуульдаа оров. Манай анги хоёр давхарт шатаар гарангуут зүүн талд химийн зориулалттай зохион байгуулагдаж тоноглогдсон анги байлаа. Хүүхдүүд өөр өөрийнхөө суудалд сууцгаалаа. Надад өөрийн гэсэн суудал байхгүй учир нэг их хойно биш дунд хавьцаа голын эгнээнд очоод суучихлаа. “Миний суудал, бос” гэвэл босохоос гэж бодлоо. Хэн ч бос гэсэнгүй. Миний хажууд хэн ч суусангүй. Ангийн багш өөрийгөө танилцуулаад “Та бүхнийг аравдугаар анги төгстөл би хариуцна” гэлээ. Хүүхдүүдийг өөрсдийгөө танилцуулахыг хүслээ. Хүүхэд болгон зүүн эгнээний эхний партнаас эхлээд эгнээ эгнээгээрээ өөрсдийгөө танилцуулав. Миний ээлж ирлээ би өөрийгөө Энэтхэгт сурч байсан, та нартай хамт сурах болсондоо баяртай байна гээд суулаа. Багш маань за одоо би та нарын химийн мэдлэгийн түвшин тодорхойлох шалгалт авна гэлээ. Бүгд “өөө” гээд л орилцгоов. “Эхний өдөр шүү дээ, баярын өдөр” гээд л хүүхэд болгон эсэргүүцлээ. Багш “За ном дэвтрээ далд хийгээд, ширээгээ цэвэрлээд, хоосон цаас, үзгээ бэлд” гэж хэлээд самбарыг дундуур нь шохойгоор хоёр хуваалаа. Дээд талд нь “А вариант”, “Б вариант” гэж хуваан тус тусад нь таван асуулт бичлээ. Бид нар бараг уншиж дуусаагүй байхад бичээд дуусчихав. Тэгээд эсрэгээр зүүн гарын эгнээг “А” баруун гарын эгнээг “Б” гэж өгөв. Яагаад гэвэл хүүхдүүд асуулт бичиж байхад нь өөрийн оногдох вариантын асуултыг номноос, дэвтрээс, бусдаасаа асууж бөөн шуугиан болж байсан юм.  Бид ч “контрольный” хийж эхлэв. Хамгийн түрүүнд манай ангийн дарга болсон Маша гээд охин хийж дуусаад цаасаа өглөө, дараа нь би өгөв. Бүх хүүхдүүд цаасаа өгөөд завсарлахаар гарав. Хичээлийн нээлтийн үйл ажиллагаан дээр үг хэлсэн минь, бас химийн контролийг хурдан хийж дууссан минь хүүхдүүдийн анхаарлыг татсан бололтой. Ямар ч байсан манай ангийн эрэгтэй хоёр гурван хүүхдүүд над дээр ирэв. Миний хажууд манай ангийн Эрхэмбаяр гээд, Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, Сүрэн гуайн хүү ирж суулаа. Хажуулдаж суучихаад нэлээн тийм эрх дархтай ч юм шиг, задгай ч юм шиг байдалтай хүүхэд шиг сэтгэгдэл төрсөн. Шууд л надтай юм яриад, ном, сурах бичиг авахад хамт явж туслана гэлээ. Би дуугарсангүй. Орчин тойрноо, ангийнхаа хүүхдүүдийг сайн мэдэхгүй учир бүх юм надад шинэ байлаа. Дараагийн хичээл тэр ангидаа орлоо, одоо бол яг химийн хичээл орлоо. Эрхэмбаяр надтай хамт суугаад үлдэв. Завсарлагаанаар тэр хаанаас ч юм чулуу олчихсон надтай таалцаж тоглов. Би ч дуу шуу ороод таахыг хичээж, таахгүй бол улайраад таах гэж хичээгээд, бид хоёр инээж хөөрөн тоглож байв. Химийн хичээл дээр багш завсарлагаанаар бидний контрольный ажлыг шалгачихаад дүнг хэлэв, би “онц” авсан байлаа. Энэ байдал маань хүүхдүүдэд илүү таалагдаж, тоогдож эхлэв. Манай ангид Серго гээд, Боловсролын дэд сайд асан Ахмед гуайн хүү, хичээлдээ маш сайн, хөөрхөн казах хүү байдаг байсан. Санрагчаа гээд, Рагчаа генералын ач хүү гэсэн байхаа нэг хүү байдаг байсан. Цав цагаан царайтай, маш шартай, хичээлдээ их сайн, Эрдэнэбат гээд аав нь бас л нэг том албан тушаал хашдаг, их инээдтэй дүрсгүй хүү байж билээ тэд нар надтай танилцав. Зоригоо гээд, Очирхүү зохиолчийн хүү бас манай ангийнхныг байнга инээлгэж хөгжөөж нэгтгэж байдаг хүү байсан. Эрдэм гээд, Цэдэнбал даргын референт Ариунболд гуайн хүү, нилээн буурь суурьтай нүдээрээ инээмсэглэсэн, харахад Брюсли-тэй төстэй ч юм шиг харцтай, биднээс хоёр ах хүүхэд байсан. Тэр дээд ангиас ямар нэгэн шалтгааны улмаас улиран орж ирсэн гэсэн. Гэхдээ хүүхдүүд тэрийг нь огт ярьдаггүй. Түүнээс айдаг, түүнийг хүндэтгэдэг байв. Наранбат гээд, Англи улсад БНМАУ-аас суугаа бүрэн эрхт элчин сайд Дүгрээ гуайн хүү, англи хэлэндээ сайн, бид хоёр англиар хоорондоо их ярьдаг байв. Айлын бага хүү юм уу даа,  нэлээн эрх, түргэн ууртай, цайлган сэтгэлтэй хүүхэд байсан. Лхагваа, аав нь БНХАУ-д Монголын элчин  айдын яаманд ажиллаж байсан гэсэн байх аа, бараг байгаа байхгүй нь мэдэгдэхгүй маш дуугай хүүхэд байдаг байж билээ. Би ангийнхаа Нямдалай гээд охинтой их сайн найз болон, бид хоёр маш удаан үерхсэн. Нямдалай маань манай ангийн хамгийн хөөрхөн охин байсан. Өндөр намаараа надтай адил, ер нь биеийн гаднах төрх байдлаараа ч тэр бид хоёрыг хамт явж байхад дандаа хүмүүс эгч дүү юу, эсвэл ихэр үү гэж л асуудаг байсан. Нямдалай хичээлдээ маш сайн, ялангуяа тооны хичээлдээ бүүр сайн. Түүний аав нь манай тоо физикийн нэртэй эрдэмтэн багш Очирбат гуай. Байнга уртавтар халимаг үстэй, тэр нь их хөөрхөн зохино. Дарьсүрэн гээд даруухан, нүдний шилтэй, хичээлдээ их сайн, аливаа юманд чин сэтгэлээсээ уйгагүй ханддаг охин байсан. Марита гээд өндөр европжуу царайтай хөөрхөн охин байсан. Дарьсүрэн тэр хоёр гэр нь ойролцоо зуун хорин мянгатад байдаг болохоор байнга хамт явж, их дотно үерхэнэ. Оюунаа, Дамбийням генералын охин, оросын есдүгээр сургуулиас манай ангид шилжиж ирсэн. Бид хоёр хамт суудаг, их дотно үерхдэг байв. Оюунаа гээд бас Орос есөөс шилжиж ирсэн дуугай охин байсан. Дулмаа, академич Содном гуайн зээ охин, хөөрхөн улаан хацартай, байнга инээж байдаг, биерхүү, сэргэлэн охин байсан. Валя гэж намайг ирэхэд л дууддаг байсан, монгол нэр нь Ариунаа, өтгөн хар гэзэгтэй, нэлээн ширүүн характертай, тэр үеийнхээр бол атамандуу охин байсан. Бид байнга тэднийд очдог байж билээ. Хишгээ гээд, жижигхэн биетэй, маш хурдтай, боровтор царайтай, их өрөвчхөн сэтгэлтэй, хөдөлгөөнтэй охин байсан. Болормаа гээд орос царайтай, ээж нь местный орос, охин байдаг байсан. Ангийнхаа хүүхдүүдийг эргэн бодож дүр төрхийг нь нүдэндээ харан баяртайгаар би санан санан бичиж байна. Яг тэр үед хэн нь хэний хүүхэд гэдэг нь хамаагүй үерхэлдээ үнэнч, нэгэн сайхан хамт олныг бүрдүүлж, тоглож, шоглож, дурлаж явах л сайхан байсан болохоор нарийн зүйлүүдийг санахгүй байна. Хэрэв би буруу зөрүү бичсэн бол ангийн хүүхдүүд минь өршөөнө биз.  Ангидаа гуч хүрэхгүй хүүхдүүдтэй байсан, үлдсэн нь ЗХУ-аас БНМАУ-д суугаа дипломат ажилчдын хүүхдүүд, Унгарын элчин сайдын хүү Жолт гээд хүүхэд.  Манай ангийн Орос хөвгүүд, охидууд мөн  даруухан сайн хүүхдүүд байдаг байсан. Бид Орос, Монгол гэж ялгарахгүйгээр бүх юман дээр хамт байдаг байв. Манай ангийн хүүхдүүд аравын “А” ангийнхныг бодвол харьцангуй даруухан, харин аравын “В” ангийнхныг бодвол нэлээн хөдөлгөөнтэйд тооцогддог байв. Аравын “В” ангийнхан цөөхүүлээ, голдуу дуугүй, томоотой хүүхдүүдээс бүрдсэн байв. Харин Орос хүүхдүүд нь нэлээн хөдөлгөөнтэй, тооны хувьд ч олон байсан санагдаж байна. Дараагийн хичээлийн завсарлагаанаар манай ангид нүднийхээ голд, духан дээрээ мэнгэтэй, байнга нүдээрээ инээмсэглэсэн хөөрхөн бор охин орж ирэв. Тэрийг бор болохоор нь тэгсэн юм уу, үнэхээр “Бороо”/Н.Оюун-эрдэнэ/ гэж дууддаг байв. Одоо ч хүмүүс тэгж дууддаг. Хожим манай Пүжитэй “Монгол Газар” компанид олон жил ажилласан. Пүжи “Монгол Газар” компанийн тэргүүн дэд захирал байсан юм. Бороо манай ангийн Эрдэмтэй үерхдэг юм байна. Тэр хоёр ёстой гоё хосууд гэж надад хэн нь ч билээ дээ хэлэв. Үнэхээр тэгж санагдсан. Завсарлагаан болгоноор манай ангид орж ирнэ. Хичээл тарахаар хамт явна. Эрдэм байнга өглөө гэрээс нь аваад өдөр хүргэж өгдөг байв. Тэр үед үерхэж байгаа  хүү нь үерхдэг охиноо байнга хүргэж авдаг, цүнхийг нь барьж явдаг байсан юм. Бидний үед бол үерхэл маш ариун, нандин. Ихэнх тохиолдолд үерхсэн бол цаашид гэр бүл болдог, үр хүүхэдтэй өнөр өтгөн сайхан амьдардаг, тэгэх ёстой л гэж ойлгож байсан. Тийм ч учраас үерхэе гэсэн санал ирэх юм бол маш их бодож байж, бараг амьдралын том шийдвэрийг гаргаж хэлдэг байсан үе. Охидууд бидний хувьд “за” л гэж хэлсэн бол тэр хүнтэйгээ амьдарна гэж ойлгодог байсан, тэгж л хүлээж авдаг байсан юм. Хичээл ч тарлаа. Би гэрийн зүг явлаа. Хэсэг явж байгаад эргэж харсан чинь манай ангийн хөвгүүд увж цувраад явж харагдав. Эд нар бүгд миний явах зүгт амьдардаг юм байна даа гэж бодлоо. Тэгээд байрныхаа гадна очоод харсан чинь, нөгөө хүүхдүүд бас л ирж байна, гэхдээ бие биентэйгээ юм ярихгүй тус тусдаа явж байгаа юм шиг. Гайхаад энэ байранд амьдардаг юм болов уу гэж бодоод орцондоо ортол тэд бас л дагаад ороод ирлээ. Бүүр гайхаад бүгд манай орцонд байдаг юм болов уу гэж бодлоо. Тэгээд гэртээ орчихлоо. Ээж минь хаалга тайлж өгөв. Ээж тэр үед хараахан ажилд орж амжаагүй байсан. Энэ өдөр, шинэ ангид ороод жоохон эвгүйрхэж, ганцаардсан, учраа олоогүй үед гэрт хүн байна гэдэг, тэр тусмаа ээж байна гэдэг ёстой  гоё байв. Ээжтэй юм ч ярьсангүй, ярих ч юм байсангүй. Ээж ч юм асуусангүй. Ном авах ёстойгоо хэллээ. Манай ангийн нэг хүүхэд ирж надтай хамт явна гэсэн, тэр хаана ном зардгийг мэднэ гэсэн гэж хэллээ. Ээж мөнгө өгөв. Баяраа /Эрхэмбаяр/ утасдлаа ингээд очноо гэж хэлэв. Би жаахан байж байгаад гэрээсээ гартал нөгөө хүүхдүүд бүгд хана налаад л зогсож байв. Гэтэл тэр хүүхдүүд шинэ охин, таалагдсан охинтойгоо танилцах гэж хүлээж байсан юм билээ. Тэр үеийн хөвгүүд тийм л байсан. Гэнэн хөөрхөн ч юм шиг. Пүжи манай ангийн хөвгүүдтэй сайхан найз нар болцгоож, тэд манайхаар байнга ирдэг болсон. Манайх нэг хэсэг кино театр шиг байдаг байсан, яагаад гэвэл манайд приставка буюу видео тоглуулагч байдаг байв. 1983 онд видео тоглуулагчтай айл за даа, бараг байгаагүй байх шүү.  Бид нэлээн олон кинотой. Тэр дунд зодоонтой, Брюслитэй кинонууд олон. НАХЯамны хараанд байдаг байв. Хэдэн ч удаа ирж нэгжлэг хийж кинонуудыг маань хурааж авч байсан юм бэ дээ. Бас л эвгүй аймаар юм билээ. Одоо бодоход инээдтэй юм. Хийх юмаа олж ядсан. Баяраа бид хоёр ном авахаар хэд хэдэн номын дэлгүүр орлоо. Есдүгээр анги учир сурах бичгийн номноос гадуур унших номнуудын нэрсийн жагсаалтыг бидэнд өгсөн байв. Тэр номнуудыг заавал унших ёстой байдаг учир авах шаардлагатай. Бид хоёр хэдэн номыг нь л олов. Олдохгүй номыг нь тэр надад өгнө гэв.

Хичээлийн шинэ жилтэй хамт, мөн ажлын шинэ жил бараг эхэлдэг байв. Яагаад гэвэл ихэнх хүмүүс зун амраад, зуслангаас орж ирнэ. Гэтэл энэ их ажил өрнөж байсан үед бүхнийг түгшээсэн мэдээ гарлаа. АНУ-ын Нью Йорк хотоос Өмнөд Солонгосын Сөүлийн чиглэлд нислэг хийж байсан онгоцыг Оросын агаарын сөнөөгч онгоц буудаж унаган, тэнд байсан хоёр зуун жаран есөн хүн бүгд нас барав. Оросууд манай хилийг албаар өдөж зөрчсөн, тагнуулын үйл ажиллагаа явуулах гэж оролдсон гэдэг мэдэгдлийг зурагтаар, сониноор хийж байв. Бид ч тэр үед яагаад Оросын агаарын хилийг зөрчиж нэлээн хол явж байгаа юм бол, аягүй бол дайн өдөөх гэж байсан байх гэж ярьцгааж, ойлгож байлаа. Хүйтэн дайны айдас хүйдэс бага боловч биднийг нөмөрч эгдүүцэл төрж байв. Ямар ч байсан энэ үйл явдал нь цаашид онгоцны бүтцийн зохион байгуулалт, илүү мэдрэмжтэй тоног төхөөрөмжүүдийг нэмж байрлуулах, бүтээх үйл ажиллагааг хурдасгахад нэмэр болсон байх гэж би боддог юм. Хөөрхий тэнд байсан хоёр зуун жаран есөн хүний дотор Америкийн конгрессийн гишүүн Лэри МкДоналд байсан юм билээ. Арван зургаан орны иргэд байсан бөгөөд зуун тав нь өмнөд Солонгос, жаран хоёр нь Америк, хорин найм нь Япон, хорин гурав нь Хятад улсын иргэд байсан. Тэр үед Монголчууд Америк руу цөөхөн явдаг байсан үе. Элчингийн хэдэн ажилчид хоёр жилд нэг удаа, НҮБ-ын чуулганд оролцох гэж жил болгон явдаг байснаас өөр явдаггүй байсан үе. Одоо бол ч бараг өдөр болгоны нислэгт манай иргэд явж байгаа. Тэр үед мэдээллийн хэрэгсэл их цөөхөн  зурагт, радиогоор л мэдээ авна. Тэр нь дандаа хяналттай, барууны мэдээг авах нь маш ховор, урт долгион антенн барьж байж паржигнасан юм сонсоно. Тийм учир бидэнд өгч байгаа мэдээлэл бүрийг анхааралтай сонсож хүлээж авч, анализ хийдэг байсан үе.

Удалгүй ээж Найрамдлын районы хүүхдийн больницэд эмнэлэг эрхэлсэн орлогч даргаар, аав ЭХЯ-ны гадаад харилцааны хэлтсийн даргаар ажилд оров. Тэр үеийн албан тушаал, рангийг одоогийн албан тушаал, хэргэм зэрэгтэй зүйрлэхээргүй нэр хүндтэй байсан үе. Бага байх үеийнхээс бүх юм бас өөр болсон байв. Дэлгүүр хоршоонд ч идэх уух юм харьцангуй дээрдсэн юм шиг. Гэхдээ мэдээж махны оочер, дугаар бол хэвээрээ байсан. Аав, ээж орос дэлгүүрт ордог “пропуск”-тай учир ихэнх идэх юмаа орос дэлгүүрээс авна. Манай хажуугийн есөн давхрын доор орос дэлгүүр байдаг байсан. Тэр дэлгүүр их буянтай, тэр хавийн ихэнх хүмүүс яаж ийж байгаад орчихдог байв. Үүдэнд нь сууж пропуск /үнэмлэх/ шалгадаг местный орос настай эгч бараг л бүгдийг нь оруулчихна. Монголчууд ч тэр эгчид их хайртай байсан юм. Нэгэнт дэлгүүр дотор орсон л бол орос худалдагч нар юу ч асуухгүй үйлчилдэг байлаа. Өдөржингөө манайд хүүхдүүд байдаг байв. Ээжийн авч өгсөн хамаг хиам, талхыг бүгдээрээ идээд дуусчихна. Аав, ээж маань хүүхдүүд том болоод их иддэг байж л гэж боддог байсан гэсэн. Пүжид “Adidas”-ын оригиналь хөл бөмбөг байдаг байв. Тэр үед тийм бөмбөгтэй байна гэдэг бол бүхэл бүтэн бахархал байсан юм. Тэрүүгээр их тоглоно. Мөн Пүжи каратэ хийнэ. Түүнд “нунчайк” янз бүрээрээ байдаг байв. Тийм нунчайктай хүүхэд ч бас байгаагүй. Эрхэмбаяр хоёр бөөрөнхий модыг хооронд нь олсоор холбочихсон гар хийцийн нунчайктай байв. Тийм учраас хүүхдүүдийг татах юм манайд их байсан юм. Өдөржин цугларч кино үзэж шуугилдаж байгаад орой тав хагас гэхэд бүгд явцгаана, бид хоёр гэр орноо цэвэрлээд, хоолоо хийгээд үлдэнэ. Өвөл болох дөхөж байсан тул өвлийн хувцас авах шаардлага гарав. Ээж намайг дагуулаад Улаанхуарангийн орос дэлгүүр орж улаан эрээн хөвөнтэй дотортой пальто авлаа. Зүгээр л энгийн. Тэр үед бас тэрүүхэн тэндээ манай сургуулийн хүүхдүүдийн ихэнх нь дарга, сайд нарын хүүхдүүд байсан учир дубленка (нэхий) өмсөх сонирхолтой байв. Тийм мода ч байсан юм шиг байгаа юм. Миний хувьд мода гэхээсээ илүү дулаахан байх нь чухал байв. Харин ч надад өмсөхөд хөөрхөн харагдаж байлаа. Манай ангийн охидууд, бусад сургуулийн охидууд жаахан голонгуй, гадаадад байсан баян айлын охин байж ийм юм өмслөө гэж  байв.

 Хоёрдугаар улирал дуусах дөхөж байлаа. Дүн гарах шалгалтууд эхэлж байв. Манай ангийнхан дүнгээ ахиулах гэж бүгд хичээлдээ идэвхтэй сууж эхлэв. Асуугдахдаа зохион байгуулалтад орж байв. Хэсэг хэсгээр нь уншаад, багш нэр дуудахаас өмнө гараа өргөөд бэлдсэн сэдвээрээ асуугдаад явъя гэж ярилцав. Гэхдээ бидний энэ хуйвалдаанд Оросууд ордоггүй байв. Тэд Монгол хэл мэдэхгүй учир бидний юу ярьж байгааг ойлгохгүй. Ялангуяа хичээлдээ тааруу хүүхдүүддээ туслах журмаар бид ийм зохион байгуулалтад орсон юм. Хэрэв багш гараа өргөөд байхад нь асуухгүй бол бүгд зэрэг “Ээ, багш аа, Зоригоо гараа эхэлж өргөсөн шүү дээ, түүнийг асуу л даа” гэдэг ч юм уу. Багш тэгэхээр бидний үгэнд ордог байв. Харин тооны хичээл дээр бол үнэхээр хэцүү байлаа, өөрөө л тэр тоог бодож чадахгүй бол яаж ч туслах аргагүй байсан. Бид ч шалгалтаа өгч дүн гарлаа. Зарим хүүхдүүд баяртай, зарим нь сэтгэл дундуур, зарим нь бүр тоохгүй. Тэр үеийн хүүхдүүд цайлган, энгийн, даруу, сайхан сэтгэлтэй, атаархах сэтгэл, хорон муу санаагүй байдаг байсан. Ямар цагаахан, ямар гэгээн үед өсч, өндийж байсан юм бэ гэж боддог юм. Шинэ жилийн үдэшлэг боллоо. Манай сургуулиас ахлах ангийн сурачдад зориулж зохион байгуулдаг үдэшлэг нэг болно, мөн анги болгон өөрсдөө ангидаа нийлнэ. Делид сурч байсантай нэг их зохион байгуулалтын ялгаа байхгүй боловч олон монгол хүүхдүүдтэй байгаагаараа, бас арай том анги болохоор их л сонирхолтой санагдаж байв. Нэгдсэн үдэшлэг манай сургуулийн концертын заал буюу гуанзтай зааланд болов. Тэр үдэшлэгт бид нар бүгд очлоо. Бүх ахлах ангийн сурагчид ирэх ёстой, яагаад гэвэл сургуулиас зохион байгуулж байгаа арга хэмжээнд ангийн багш нар хүүхдүүдээ идэвхтэй ороцуулах үүрэгтэй. Тэр үдэшлэг дээр Эрхэмбаяр намайг урьж бүжиглэв. Би их л ичингүйрч нэг л сонин байлаа. Тэгээд зэрэгцээд сууж байтал гэнэт тэр гараа санаандгүй миний гар дээр тавьчихаж билээ. Би ч тогонд цохиулсан юм шиг өөрийн эрхгүй гараа татаж авлаа. Тэгэхэд нэг л сонин мэдрэмж төрж билээ. Тэгж байтал Баяраа надад “Би чамд хайртай, да или нет, гурав дахь нь өгөгдөөгүй” гэж хэлэв. Өмнө нь надад хэд хэдэн хүүхэд үерхэе гэж хэлсэн боловч би шууд л “үгүй” гэж хэлж байлаа. Яагаад гэвэл зөвшөөрчих юм бол би заавал тэрэнтэй сууна, тэгэхээр хайргүй бол яана? Тийм учраас маш их айж болгоомжилдог байсан юм. Би түүнд “за” гэж хэллээ. Ингээд анх удаагаа хүнтэй үерхэх зөвшөөрлийг өөртөө өгч, юу болохоо мэдэхгүй, төсөөлөхгүй зогсож байлаа. Тэр миний хариултыг сонсоод баярлаж миний гарыг атгасныг санаж байна. Үдэшлэг тараад Баяраа намайг хүргэж өгөхөөр явав. Өнөөдрөөс эхлээд би хүргэж өгдөг, авдаг, цүнхээ бариулдаг хүнтэй боллоо. Үүдэнд хүргэж өгөөд намайг тэр үнслээ, би хацраа өгөв. Анхны үнсэлт! Миний амьдрал өөр болов. Ганцаараа биш хоёулаа болов. Би чин сэтгэлээсээ хүлээж авсан. Би хэлсэн болгонд нь итгэсэн. Итгэхийг хүссэн. Хүн болгон түүнийг “Монхоо” гэж дууддаг байв. Харин би “Баяраа” л гэж дууддаг байсан юм. Манайх дөрөвдүгээр давхарт байдаг. Баяраа гурав, дөрөвдүгээр давхрын яг дунд парны тэнд зогсоод таван хуруугаа хооронд хавирч чанга дуугаргана. Би тэр дууг нь сонсоод гарч ирнэ. Түүнээс хойш байнга ингэж дуудна.

  1. он
  1. Баяраа

Өвлийн амралтаараа хүүхдүүд гол төлөв гэртээ л байдаг байв. Өөр гараад үзээд байх юм байхгүй. Манай хоёр дүү Баяраад их сайн. Тэр гурав хамтдаа диван дээр бие биеэ налж суугаад кино үзнэ, зодолдоно. Каратэ хийнэ. Дөрвүүлээ хэлхэлдээд кино театрт очиж кино үзнэ. “Элдэв Очир”, “Ленин клуб”, “Ард” гэсэн кино театруудад л голдуу кино үзнэ. Хороололд, зуун хорин мянгатад, Сансарын үйлчилгээний төв дээр кино театрууд байна. Баяраа их сэргэлэн, тэр үеийн хэллэгээр “панал” сайтай хүүхэд байж билээ. Оочерт нэг ч оочерлож зогсохгүй, паналдаж байгаад л урдуур нь ороод авчихна. Бид хоёр салахгүй гээд /түүний санаачилга/ тэр ороолтныхоо хоёр үзүүрийг нийлүүлээд зангидчихсан юм. Хэрэв энэ зангилаас тайлагдвал хоёулаа сална гэж тэр хэлж байв. Тэгээд тэр том ороолтны үзүүрийг нь зангидчихсан чинь нэг л том зангилаас. Тэр үүнийгээ ерөөсөө тоохгүй хүзүүгээрээ ороогоод л өмсчихнө. Миний үсний зүүлтийг бугуйндаа хийчихнэ. Хүүхдүүд түүнийг шоолно, ялангуяа манай ангийн Валя түүнд нэг их сайн биш байсан. “Чи тэнэг байх аа, эмэгтэй хүний үсний зүүлт гартаа хийчихээд, ороолтоо ч олигтой ороочихож чадахгүй” гэж билээ. Мэдээж шүү дээ тийм хачин ороолттой юм чинь. Тэр болохоор “Тхх, яадгийн гоё байгаа биз дээ? Чамд байхгүй атаархаа юу? Авмаар байна уу” гээд гараа түүн рүү өгнө. Гарт байгаа зүүлтнүүдээ бараг нүүрэнд нь тулгаад үзүүлнэ. Хэчнээн санаа зовсон ч түүнтэй байхад би айдаггүй байв. Нөгөөдөх нь ширэв татаад л явж өгнө. Бид хоёр ангийн жижүүр хамт хийнэ. Бид хоёрын жижүүр хийсэн өдөр манай анги хамгийн цэвэрхэн байдаг гэж манай багш дандаа магтдаг байсан. Бид хоёр салахгүй гээд үзэгнийхээ толгой, их биеийг солиод хийдэг байв. Тэр үед бид алтан хошуутай хорин тавын үзгээр бичдэг байсан. Тэр үзэгнийхээ бүх эд ангийг хоорондоо солиод эрээн үзэг болгочихно. Юу ч авсан хувааж иднэ, хамт биш байвал идэхгүй хадгалж байгаад заавал хувааж иднэ. Бүр болохгүй тохиолдолд хагасыг нь заавал хадгалж байгаад өгч идэхийг нь хардаг байв. Баяраа намайг өглөө эрт ирж авна. Яагаад гэвэл хичээл эхлэхээс өмнө очиж хоёулаа тоо боддог байсан юм. Тэр хичээлдээ сайн боловч эсвэл муу, эсвэл онц дүн авна. Хичээл дээр харин хамт суудаггүй байв. Би Оюунаатайгаа хамт суудаг байсан. Оюунаа сууж байхдаа хөлөө зогсолтгүй чичигнүүлээд хөдөлгөнө. Хөдөлгөхөөр ширээ хөдөлнө. Бүр зуршил болчихсон болохоор хэзээ ч болихгүй, мартаад л хөлөө хөдөлгөөд байна. Тийм чичигнэсэн юман дээр чинь яаж сууж бичих юм бэ. Тэгээд дагаад хөдөлдөг болчихов тэгэхээр өөрөө хөдөлж байгаа болохоор юмаа ч бичээд уншаад байв. Гэтэл Оюунаа бодсон юм байлгүй гэнэт хөлөө хөдөлгөхөө больж билээ. Тэгж л хоёулаа хөдөлгөөнгүй ширээн дээр хичээлээ хийдэг болсон юм.  Оюунаагийнд Пүжи бид хоёр их очно, дэвтэр авах, ном өгөх гээд л. Оюунаа айлын ганц охин, эсвэл нэг ахтай ч бил үү, ямар ч байсан гэртээ байнга ганцаараа байна. Тэднийх цонхныхоо хөшгийг ч онгойлгодоггүй байсан. Бид хоёрыг очихоор Оюунаа хаалгаа онгойлгоод намайг оруулаад Пүжигийн өмнүүр хаалгаа хаачихдаг байж билээ. Одоо бодохоор их инээдтэй. Тэгээд Пүжи орцонд намайг хэдэн цаг ч хамаагүй хүлээж байдаг байж билээ. Үдийн цайны цаг их таалагддаг байж билээ. Заавал хоол иднэ. Хүүхдэд их эрч хүч өгдөг байсан шүү. Тэр завсарлага гучин минут болдог. Хүүхдүүд цадахгүй бол мөнгөөрөө нэмж юм авч иднэ. Хичээлээ тараад Баяраа бид хоёр манайд ирнэ. Цайгаа хамт уучихаад хичээлээ давтана, тэгээд манай гэрийг цэвэрлэнэ. Баяраа маш ажилсаг хүүхэд байж билээ. Манай тоосыг нэгд нэггүй арчиж өгдөгсөн. Тэгээд манай оройны хоолны юмыг хамт бэлдээд яваад өгнө. Манайхаас тэднийх хүртэл хамгийн хурднаараа гүйдэг юм уу, явдаг юм уу бүү мэд, ямар ч байсан долоон минут болоод очоод утсаар ярьдаг байв. Би түүнд нь дасчихсан болохоор долоон минут л явна, тэрнээс удах юм бол гомддог байв. Гомдоохгүй гээд тэр яг долоон минутын дараа ярина. Тэр үед ямар гар утас гэж байсан биш. Айл болгон цахилгаан холбооны таван дугаартай утастай. Манай утас 23688 гэсэн дугаартай. Би хааяа “Манай тийм юм хаана байгаа вэ” гэж асуудаг байж билээ. Тэр манай бүх юмыг маш сайн мэддэг, тэнд энд тэдэн ширхэг байгаа гэж хэлнэ. Бид хоёр өдөр болгон адилхан хоол гэртээ хийнэ. Уралдаж хийнэ. Би дандаа түрүүлнэ. Тэр буузны гурилыг маш гоё, бас хурдан элдэнэ. Гурилыг ингэж элдвэл хурдан бөгөөд сайн болдог юм байна шүү гээд юм судлаад мэдээд ирнэ. Тэрийг нь бид хоёр туршина. Бидний үерхэл, сурагчийн амьдрал нэг ийм хэмнэлээр явдаг байв.

1984 оны хоёрдугаар сарын найман. Энэ өдөр Холбооны Бүгд Найрамдах Социалист Югослав Улсын Сараево хотын тэнгэрт өвлийн арван дөрөвдүгээр олимпын бамбар дүрэлзэн асч байлаа. Монголчууд их л дотноор хүлээн авч олон хүмүүс олимп үзэхээр явсан. Аавын найз Цэвэгжав ах нэлээн хэд хоногийн өмнө манайд хүрч ирээд өвлийн олимп үзэхээр явлаа гэж хэлж байсныг саналаа. Цэвэгжав ах “Өвлийн олимп Югославд болж байна, энэ бол бидэнд сайхан боломж, очиж үзнээ” гэж байв. Бид өвлийн олимпийн нээлтийг “Орбита 1” каналаар үзэж байхдаа Цэвгээ ахыг дурсан ярьж байв. 

1984 оны хоёрдугаар сарын есөнд ЗХУ-ын Коммунист Намын Ерөнхий нарийн бичгийнДарга Юрий Андропов таалал төгсөв. Тэр өдөр хүйтэн өдөр байсан. Би ээжийнхээ ажил дээр өдөр нь очих гээд автобусанд явж байтал энэхүү мэдээ явж билээ. Тэр үед бүх нийтийн гашуудлыг зарлаж нэг минутын хүндэтгэл үзүүлдэг байв. Арван тавхан сар болоод нас барна гэж хэн ч бодож байсангүй. Бас л нэг улс төрийн хямрал. Түгшүүртэй л байсан байх нь, хүүхэд надад мэдрэгдэж байсныг бодоход. Хоёрдугаар сарын арван гуравны өдөр ЗХУ-ын Коммунист Намын тав дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар Константин Устинович Черненко боллоо гэж зарлав. Тэрбээр мөн Дээд Зөвлөлийн тэргүүлэгчдийн даргыг дөрөвдүгээр сарын арван нэгнээс давхар хашиж байсан. Черненко Брежневийн явуулж байсан бодлогыг сэргээн үргэлжлүүлж Сталины нэр хүндийг дахин сэргээх оролдогыг хийсэн бөгөөд өрнөдийнхөнтэй харицаагаа сайжруулж чадаагүй юм. БНХАУ-тай, хэдийгээр улс төрийн хувьд зөрчилдөөнтэй хэвээр байсан ч эдийн засгийн харилцааг хөгжүүлэх алхмууд хийсэн талаар хожим улс төр сонирхдог болохдоо уншиж л байсан.

 Бид хичээлдээ явсаар. Биеийн тамирын хичээл их сонирхолтой мөртлөө хамгийн сүүлчийн цаг л биш бол тасална, яагаад гэвэл тэр хооронд дараагийн хичээлээ уншиж даалгавраа хийх гэж тасалдаг байсан юм шиг байгаа юм. Ихэнхдээ монгол хүүхдүүд л тасална. Биеийн тамирын заал руу явдаг хонгилд ширээний теннисний ширээ байдаг байв. Тэр ширээ бүтэн өдөржингөө завгүй. Хичээлээ тасалсан хүүхдүүд тэнд л тоглож харагдана. Тэрүүгээр хичээлийн эрхлэгч явж шалгахгүй бол хүүхдүүд тоглож л байна. Завсарлах хонх дуугарангуут хүүхдүүд гарч ирээд том оочер үүсгэн хүүхэд болгон математикийн хатуу номоо бэлдэж ширээ тойрч оочерлож байгаад нэг цохичихоод яваад өгнө. Манай ангийн Лхагва Хятадад байсан болохоор ширээний теннис их сайн тоглоно. Ер нь бүгдээрээ сайн тоглоно. Тэр тоглож байгаа хүүхдүүдийн цаана, цонхны наана буланд аравын “А”-ийн Оч гээд хүүхэд гитар тоглоод сууж байдаг байж билээ. Тэр манай сургуулийн эвлэлийн үүрийн дарга, онц сурдаг, томоотой, гитар, хөл бөмбөг, сагс, теннис маш сайн тоглодог, өндөр царайлаг хүүхэд байсан. Орос сургуулиудын дунд их нэртэй. Би байнга түүний талаар сонч, мэддэг байсан боловч мэндэлж ч үзээгүй байв. Хамгийн сонин нь Баяраа Очийн хажуугаар өнгөрөхдөө миний толгой дээгүүр курткаа нөмөргөөд, хүзүүгээр тэврээд тэрийг харуулахгүй явдаг байж билээ. Би яагаад чи ингэдэг юм бэ гэж асуусан чинь “Чи түүнийг харвал дурлачихна” гэж хэлдэг байсан юм. Түүнд бас совин байсан юм билээ. Тэр Оч гэдэг даруухан, ухаалаг, хүнлэг залуу миний насны хань минь, миний эр хүн болох юм гэж би тэр үед мэдэхгүй явж байж билээ.Тэр төгөлдөр хуур сайн тоглоно. Надад зориулж “Огинскийн полонез” байнга тоглож өгнө. Намайг ирээсэй гээд тоглоход би яг ороод ирдэг байсан гэж дандаа ярина. Би ч гэсэн тэдний үүдэнд ирэхэд яг тэр аяыг дарж байдаг байв. Хичээлдээ бид их дуртай, сурагчийн амьдрал их сонирхолтой байдаг байсан. Зарим хичээл дээрээс бид багшийг цаашаа хараад самбар дээр юм бичиж байх хооронд нэг нэгээрээ чимээгүйхэн мөлхөөд гарчихдаг байж билээ. Нэг л ангийн хамт олон учир хамтаараа тийм шийдвэр гаргасан бол дагахаас өөрцгүй. Заримдаа асуугдах ёстой хичээл дээр гарч явна шүү гэхээр хэцүү санагддаг ч гэсэн бусдыгаа дагана. Нэг удаа уран зохиолын хичээл дээр бүгдээрээ тэгж мөлхөж гараад, миний ээлж болов мөлхөөд хаалга онгойлгоод гарч явтал “Цолмон” гээд манай тооны багш зогсож байна. Ёстой ухаан алдталаа цочсон. “Юу хийж байгаа юм, яаж байгаа юм” гэхэд нь гарах гэж байсан юм гэж үнэнээ хэллээ. Тэгээд хоёр авав. Тэр дүнгээ засах гэж зовсон шүү. Заримдаа тооны шалгалт болж байхад аравын “А”-ийн Дэмбээ ширээн доогуураас гэнэт гараад ирнэ. “Чишшш, чимээгүй, бодсон уу, хариугаа өг” гэдэгсэн. Ёстой дүрсгүй байж ээ. Заримдаа шалгалтын үеэр тохирч байгаад ноолийн өрөөнд хүүхдүүд сэм уулзалдаж хариугаа солилцоно. Ялангуяа аравын “А”-гийн Бямбаа тоондоо сайн, тэр тэгж бусдад их тусалдаг байж билээ.  “НВП” (Начальная военная подготовка-цэрэгжилтийн хичээл) гээд цэргийн хичээл орно. Тэр бүх хүүхдүүдийн сонирхолтой хичээл байсан. Бүгд жигд алхаж сурна. Манай ангийн Монголчууд алхах, “Калашников” буу угсрахдаа маш хурдан, сурамгай, байнга рекорд эвдэнэ. Манай ангийн хоёр орос эрэгтэй хүүхэд хичнээн заагаад байхад гар хөл хоёроо зөрүүлж чадахгүй дандаа муу авч, бид мөн инээдэгсэн. Манай багш цэргийн хурандаа, хатуу, чанга багш байж билээ. 

Гадаа хаврын урь ирж, хүүхдүүд нимгэн хувцсандаа орж, хүүхдийн дуу цангинах нь ихсэж байлаа. Манай сургууль циркийн хажууд тул, завсарлагаанаар бид циркийн тийшээ их очно. Мөн хажуугийн байрны орцонд их ордог, тэнд юм ярьдаг, гитар тоглодог байв. Үнэхээр өөр хийх, явах, орох газар байдаггүй байсан. Заримдаа долдугаар гуанзанд орж гөөхий, гадаа зарах жаран мөнгөний мөхөөлдөс, буузны гуанзнаас тавин мөнгөний бууз авч иднэ. Компьютер, гар утас, янз бүрийн тоглоомын газар, баар, цэнгээний газар гэж байхгүй байсан ч хүүхэд орж болохгүй, интернэт кафе байгаагүй. Очих байх газар нь ойлгомжтой эсвэл сургууль, гэр, гадаа гарвал байрны орц. Нэгнийдээ пянз, касет авч  очиж сонсоно, уншсан номоо солилцож уншина. Их сургуулийн үдэшлэгт оролцох их мундаг бөгөөд гоё байдаг байсан. ДСНК \Дом Советских наук и культур-Оросын соёлын төв, одоо бол РЦНК\, Ленин клуб дээр хаяа Оросын шинэ кино ирнэ, эсвэл концерт үзнэ. Сургууль хоорондын сагс, хөл бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнүүдэд оролцоно бас очиж үзнэ. Сургууль дээр сагсны дугуйланд голдуу эрэгтэй хүүхдүүд явна. Хорин дөрөвдүгээр сургууль дээр сагсны тэмцээн их болдог байв. Тэмцээний дараа байнга зодоон болно. Тэр сургуулийн атаманууд эсвэл, тэр хавийн атаманууд отож байгаад л манай эрэгтэй хүүхдүүдийг өдөж, зодолдоно. Тэгээд л мод, чулуу болно. Заавал нэгнийх нь хамраас цус гарах, эсвэл тархи хагарах, нэг л юм болно. Эмэгтэйчүүд бид хол байхгүй бол, бүр тус биш ус болно гэхээс айна. Сурагчийн амьдрал ийм л байв.

Аав нэг өдөр гэртээ ирэхдээ аймшгийн мэдээ бидэнд дуулгав. Америкийн эрдэмтэд ДОХ-ын вирусыг нээжээ. Энэ вирусээр өвчилсөн хүн хэзээ ч эдгэхгүй үхдэг. Маш түргэн хугацаанд үхэж болно, удаан тээгээд ч явж болно. Энэ вирус нь бэлгийн замаар болон цусаар халддаг гээд... Ямар ч байсан их аюултай өвчин гарч байгаа юм байна гэж ойлголоо. Хор хөнөөлийг нь сайн ойлгохгүй байсан, тэр байтугай дэлхий нийтээр ч сайн мэдээлэл байгаагүй үе. Гэтэл энэ вирусээр өвчилсөн эмнэлзүйн шинж тэмдгийг анх 1981 онд Америкт ажигласан байна. Түүнээс хойш эрдэмтдийн групп судалгаа хийсний дүнд 1984 оны дөрөвдүгээр сарын хорин гуравны өдөр анх энэхүү вирусыг нээсэн талаар зарласныг аав сонсоод хамгийн түрүүнд бидэнд мэдээлэл өгч байсан юм. Түүнээс хойш гуч гаруй жил болж байхад энэ өвчнийг бүрэн эдгээх эм, тариа хараахан гараагүй л байна. 

Манай гэр дуу шуугиантай, хүүхдүүд манайд байх дуртай, ёстой бужигнадаг айл байв. Аав, ээж маань ч манайхаар дүүрэн хүүхдүүд байхад дуртай байдагсан. Найз нар маань ч аав, ээжид их сайн байдаг нь Пүжи бид хоёрт найз нөхдөөрөө хүрээлүүлэх хүчин зүйл болдог байлаа. Юм их ховор байсан учир өнгөтэй өөдтэй юм өмссөн байх юм бол байнга дээрэмдэнэ. Ялангуяа эрэгтэй хүүхдүүдийг дээрэмддэг байсан юм. Тэр үед яагаад ч юм “Дов, дош” гээд л их ярьдаг байж. “Дов, дош” болгон өөрөөр хэлбэл район болгон, байр болгон өөрийн атамантай байдаг байж. Дөчин мянгатын атаман, төмөр замын атаман, 2А-ийн атаман гээд л... Өөр дошин дээр очвол байнга зодуулна, дээрэмдүүлнэ. Ганцаараа явж болохгүй, олуулаа явах ёстой. Делид хамт байсан манай Гангатуулыг тавин мянгатад явж байхад нь хэдэн хүүхдүүд зогсоогоод дээрэмдэх гэж оролдон саатуулж зогсоосон гэсэн. Гангатуул нэг атаманы нэр “Сөөнгө” ч гэл үү хэлсэн гээд ярьж байв. Манай хажуугийн “2А-ийн Батаа” гээд алдартай атаман байсныг мэднэ. Зуун хорин мянгатын атаманууд гаднын хүүхэд л явж байвал барьж авдаг байв. Пүжиг ээж юманд явуулахаар, байнга нэг юмаа алдаад, дээрэмдүүлээд ирнэ. Тэгээд хүрч ирээд надад би ийм юмаа дээрэмдүүлчихлээ гээд л хэлнэ. Би “за чи одоо яваад бүгдийг нь буцаагаад аваад ир гээд” хэлнэ. Тэр “за” гээд л буцаж яваад яг бүгдийг нь авчраад надад үзүүлнэ. Тэр үед хүүхдийн өмсөж явсан “шанхай” кет тэр үедээ л их гангараа байсан юм, пүүз их ховор, “альбатрос” гээд нэг пүүз дэлгүүрт гардаг байв, тайлж аваад оронд нь өөрийнхөө муу уранхай гутлыг өмсгөөд явуулчихна. Эсвэл замд нь цүнхийг нь уудлаад гадаадаас оросоос захиж авчруулдаг үзэгний савыг (тэр үед “пинал” сурагчдын ганц гангараа байсан юм) нь дээрэмдчихнэ. Бас оригиналь жинс өмсөж явбал дээрэмдээд, тайлаад авчихна байг гэхэд ярликийг нь хутгаар зүсээд авчихна. Том хүмүүсийн булган малгайг байнга шүүрнэ, тэгээд хар зах дээр дамлаад зарчихна. Эмэгтэй хүний цүнхийг булаах гэх мэт гэмт хэргийн шинж тэмдэгтэй хэргүүд байнга болно. Хүмүүс айдастай явна уу гэхээс, эргэж цагдаад мэдэгдэх нь ховор. Харин том хүмүүс цагдаад хандаад алдсан, шүүрүүлсэн юмаа зарим тохиолдолд олдог байсан юм билээ. Яагаад гэвэл дамын наймаа хийдэг газар зарна, дамладаг хүмүүс нь маш тодорхой байсан үе. Би яагаад Пүжиг буцаж очвол зодуулна, тэр хүмүүсийг яаж олох юм бол, аюултай  гэж огт  боддоггүй байсан юм болдоо. Харин ч шударга ёс үйлчлэх ёстой, алдсан бол эргүүлж авах ёстой, эр хүн хүнд дээрэлхүүлж болохгүй л гэсэн зарчимтай байсан юм шиг байгаа юм. Огт санаа зовохгүй тэгж хэлнэ. Пүжи хожим “Чи ямар ч ахаас илүү байсан, чи намайг өөрийгөө хамгаалж чаддаг, ямар ч байдлаас гарч чаддаг, эр хүн болгосон” гэж хэлж байсан. Одоо ч ингэж хэлдэг юм. Пүжи заримдаа хүүхдүүдтэй муудалцана. Би хамт байж байвал “За зодолд, шударга байх ёстой, дүрэм тогтооно, чих, нүд, бүлдэг рүү цохихгүй, бусдыгаа хамгаал” гэж хэлээд хараад зогсоно. Танихгүй хүүхдүүд шүү дээ. Бас миний үгэнд орж л байдаг. Тэгээд чих рүү юм уу, тохирсон газар руу цохих бол “зогс” гээд дахиад эхлүүлнэ. Цусаа гартал зодолдоод дийлснийг нь би “дийллээ” гэж хэлдэг байв. Бидний хүүхэд ахуй амьдралын “дов, дошны” амьдрал нэг иймэрхүү адал, явдлаар дүүрэн байдаг байв. Бас тэр “дов, дошны” эрэгтэй хүүхдүүд өөрсдийнхөө охидуудыг сайн мэддэг, тэд нарыгаа битүүхэн хамгаалж харамладаг байсан юм. Манай тэр хавийн хүүхдүүд Баяраад их дургүй, гэхдээ надад сайн болохоор хамаагүй гар хүрэхгүй. Гэтэл нэг өдөр яасан юм бүү мэд, Баяраа тэд нарын дургүйг хүргэсэн юм болов уу, бүү мэд. Манайд байж байгаад орой таван цагийн үед Баяраа явах болов. Яагаад ч юм бэ Пүжитэйгээ хамтдаа гарч гаргаж өгөхгүй бол болохгүй юм шиг санагдаад хамт гарлаа. Тэгсэн нэг л бишээ. Бид гурав хамтдаа явж байгаад цаашид явж болохгүй юм шиг аймшигтай санагдахаар нь хүүхдийн “100”-д оров. Тэнд хэсэг холхив. Юм авахгүй болохоор бид гурвыг юм хулгайлах гэж байна гэж бодсон ч юм уу, хөөв. Бид гурав гарлаа. Тэгсэн гучаад хүүхэд хүлээж байна. Тэр хавиар зөндөө хүнтэй байдаг тул, түүнийг ашиглаад бид гурав хурдан алхаад цаашаа явлаа. Баяраагийнх хоёр зуун хорьд, циркийн цаана байдаг байсан. Цирк хүрчихвэл л өөрийнхөө “Дош”-нд оччих гээд байдаг.Тэгээд хурдтай явж байгаад яг циркийн наахна ирлээ. Араас нөгөө хүүхдүүд бүгд дагаж байлаа. Яахын аргагүй зогсоод тэд нар руу эргэж хараад хамаг байдгаараа чангаар бид хоёр Баярааг “гүйгээрэй” гэж хэллээ. Тэр ч хар хурдаараа гүйлээ араас нь нөгөө хүүхдүүд бүгд чулуу нүүлгэлээ. Ганц хоёр чулуу тэрийг оносон гэсэн, гэхдээ тархи толгойг нь хагалсангүй. Гэхдээ л энд тэндээс нь цус гарч шалбарсан байсан. Би эргээд хараад зогслоо. Нэг нь Пүжиг заамдаж авлаа, тэгсэн би “Та нар юу юм бэ, зодмоор байгаа бол, намайг зод, миний дүүд бүү гар хүр гэлээ”. Атаман нь бололтой нэг хүүхэд “Боль, дүү нь юм байна” гэсэн. Тэгээд бүгд нэг зүг болохоор хамт буцсан. Би түүнтэй дуугарахгүй, зэрэгцэж явав. Пүжи миний хойноос явж байв. Түүнээс хойш тэд нар Баярааг дахиж оролдоогүй. Биднийг хамгаалдаг болсон. Би ч дандаа тэдэнтэй мэндэлж хүндэтгэнэ. Хүүхэд нас хөөрхөн байжээ. Тэд ч бас хүүхэд. Бид бүгдээрээ л хүүхдүүд. Хамгийн хэцүү нь тоглох юм, сатаарах юм байдаггүй байсан болоод тэр юм уу, дандаа айлын цонх руу чулуу шидээд, харж байгаад хүн цонхоор орилбол гүйж зугтана. Энд тэнд байгаа гудамжны чийдэнг чулуугаар онож хагална. Тэр үеийн хүүхдүүд “сүйтгэх” үйл ажиллагаанд идэвхтэй байж. Одоо, энэ цаг үед хүүхдүүд айлын цонх хагалах, хүний өмч болон нийтийн өмчид халдах, санаатай болон санамсаргүй сүйтгэх үйл ажиллагаа бараг харагдахгүй болж. Харин бие биеэ дээрэмдэх бүлэглэх явдал нь хэвээрээ бөгөөд арай өөр хэлбэрт орсон юм шиг санагддаг юм. Илүү аюултай болсон мэт зарим талдаа гайгүй болсон ч юм шиг.

Ялалтын баяр буюу тавдугаар сарын есний өдрийг Оросууд өргөнөөр тэмдэглэдэг байв. Манайхан ч тэмдэглэдэг байсан. Сургууль дээр, ахмад дайчин ирж дайны талаар болон тэр хүнд хэцүү үед, хүүхдүүдийн, пионер, комсомолуудын эх орондоо эрэлхэг зоригтойгоор оруулж байсан хувь нэмрийг ярьж бидэнд эх оронч үзлийг төлөвшүүлдэг байв. Бид ч эх орныхоо төлөө шаардлагатай тохиолдолд “үхнэ” гэсэн л ойлголттой, тийм сэтгэлгээгээр хүмүүжигдэж байсан юм. Түүнээс биш мөнгөтэй болоод тийм байр байшин авна, тэгж сайхан амьдарна гэсэн ойлголт, тийм ярианы сэдэв бидэнд байгаагүй юм. Би бүүр багаасаа мундаг сөрөг тагнуулч болох юмсан, тэгээд л шаардлагатай бол үхнэ гэж боддог байж билээ. Нэг л тийм эрэлхэг зориг, эх орондоо хайртай зан чанар цээжний гүнээс, бүүр хэвлийгээс гардаг байж билээ. Яг урд өдөр нь буюу тавдугаар сарын наймны өдөр ЗХУ АНУ-ын Калифорния мужийн Лос-Анжелес хотод болох хорин гуравдугаар зуны олимпод бойкот зарлаж, оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдэв. Лос Анжелес хоёр дахь удаагаа зуны дэлхийн олимпийг авч байгаа нь энэ билээ. 1932 онд буюу тавин хоёр жилийн өмнө тэнд аравдугаар олимп болж байсан. БНМАУ ч оролцсонгүй. Ихэнх социалист орнууд, Куба, Зүүн Герман нийт арван дөрвөн орон оролцсонгүй. Энэ нь 1980 оны олимпийн, нэгэн бодлын, өшөө авалт байлаа. Бас л тамирчид хохирч, хүч, самбаагаа сорьж чадсангүй. Тийм болохоор тэр олимп тэгсхийгээд болоод өнгөрөв,

Дөрөвдүгээр улирлын дүн гарч, зуны амралт эхэллээ. Айлууд зусланд гарч эхлэв. Манайх ЭХЯ-ны Чингэлтэйн цаад аманд байдаг зусландаа гарахаар болов. Баяраа аав, ээжтэйгээ Болгар явж амрахаар болов. Тэр надад “After eight”гэдэг минттэй гучин ширхэг жижиг шоколад өгөөд “Өдөр болгон намайг санаад идээд байгаарай, тэгээд л би ирнэ” гэж хэлэв. Бас англи хэлний ном өгөөд энд байгаа бүх дасгалуудыг хийгээрэй гэж хэлэв. Тэр явахынхаа өмнө манайд ирээд явав. Тэгээд маш хурдан нөгөө долоон минутандаа гэртээ гүйж очин, гаран гартлаа надтай утсаар ярив. Тэр онгоцны буудал дээр очоод дахиад л над руу залгалаа. Би утсаа хараад л сууж байв. Гар утас байхгүй шүү дээ, гэрийн л утсаар яриад байгаа хэрэг. Одооны хүүхдүүдэд бол утсаар ярих маш амархан байх. Тэр өдөржингөө би ганцаардаж муухай байлаа. Би нөгөө шоколадаа идэх гэснээ эрт идчих юм бол өдөр удаан өнгөрнө гэж бодоод идэхгүй тэвчлээ. Номоо онгойлгоод хуудаснуудыг нь тоолоод гучин хоногт хуваав. Өдөрт дөрвөн хуудас дасгал хийхээр байв. Аль болохоор сатаарах гэж оролдсон боловч хэцүү байлаа. Бид төдөлгүй эмээгээ аваад зусланд гарав. Олон жилийн өмнө гарч байсан хүүхдүүд том болсон байлаа. Яагаад гэвэл социализмын үед нэг ажилд орсон бол карьер өгсөх замаар амжилтад хүрдэг байсан бөгөөд тогтвортой ажилладаг байсан. Одоогийнх шиг нэг засаг солигдох, нэг дарга солигдоход дагаад хоморголон ажилчдыг сольж, хольдог тогтолцоо, ойлголт байгаагүй юм. Тийм учраас ЭХЯ-ны ажилчид албан тушаал ахих нь ахисан, тэтгэвэрт гарах нь гарсан, шинээр нэмж орж ирсэн болохоос үндсэн бүрэлдэхүүн нь хэвээрээ байсан юм. Энэтхэг явахаас  өмнө том хүүхдүүдийг харж хэзээ том болох бол эд нар шиг шөнө бөөгнөрч суугаад аймшгийн зүйл ярьж, сагс, хөл бөмбөг тоглон, уул хадаар зугаалж, самар жимсэнд явах юмсан гэж боддог нас одоо бидэнд ирсэн байв. Тэр үеийг бодох юм бол зуслан маань гэрэл тогтой болсон байлаа. Манай зусланд тэр үед орлогч сайд байсан Жамбаа, газар хэлтсийн дарга нар, аж ахуйн дарга, жолооч, тэгээд үлдсэн байранд нь ажилчид гардаг байв. Мөн л орой ажил тарангуут яаман дээрээс автобус явна. Яг зургаан цагт хөдөлдөг байсан. Бид хааяа хот орох ажилтай бол өглөө ажилчидтай хамт яваад орой яамны гадаа хүлээж байгаад хамт ирдэг байв. Нөгөө бага байхад тогтоосон зохион байгуулалт хэвээр байв. Оройд нэг нь уулын орой дээр жижүүрлээд... Эмээ минь байсан болохоор бидэнд тэгэх шаардлага байхгүй. Эмээ бүх юмаа хийчихнэ. Эмээ бид гурвыг “Миний муусайн хүүхдүүд зуны богинохон цагт эрүүл агаарт сайн тоглог” гээд л дандаа эрхлүүлнэ. Урд жил нь эмээ Дэлдээгээ нутгийн хоёр хөгшин гуйгаад байхаар нь өгчихсөн гэдэг. Дэлдээ маань байсхийгээд гэртээ ирдэг, гэрээс хоёр хөгшний нэг нь ирж буцаагаад туугаад явдаг байсан гэсэн. Азаар тэр хоёр хөгшин Дэлдээд минь их хайртай. Дэлдээ минь ч буян хишгээ харамгүй өгч байсан гэдэг. ЭХЯ-ны эмнэлгийн тусламж үйлчилгээ одоогийнхоор бол хариуцсан газрын дарга Түмэндэмбэрэл гуайнх манай аав, ээж нар сайн найзууд байв. Тэднийх гурван охинтой Бурмаа, Болормаа, Ангирмаа. Болормаа бид хоёр маш сайн найзууд байв. Болормаа хожим одоогийн УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын гэргий болсон. Зарим зуслангууд дээр хагас, бүтэн сайн өдрүүдэд гадаа кино гарна, бас диско болдог байв. Бид хаана хэзээ ямар кино гарах, диско болохыг андахгүй. Бүлэг бүлгээрээ явж бусад зуслан дээр очиж дисконд нь оролцоно. Диско тарах алдад түрүүлж явахгүй л бол заавал зодоон болдог байв. Болормаа бид хоёр байнга хамт явдаг учир зодоон янз бүрийн юманд бас л хамт байна. Өдрийн халуун наранд ном их уншина. Олон ч сонгодог зохиол, шилдэг романуудыг уншиж дуусгаж билээ. Тэр үеийн хүүхдүүд ном их уншина, даам, шатар тоглоно. Мөн ширээний теннис, боловсронгуй биш ч сагсны шийт зуслан болгонд байна. Хөл бөмбөгийн хаалгыг хоёр том чулуу тавиад л болоо. Би гайгүй сайн хаалгач байж билээ. Бас хажуугаар нь англи хэлний дасгалаа хийнэ, нэг ширхэг шоколадаа иднэ. Хуруу тоолон хүлээж байлаа. Шоколад багасах тусам би баяртай болно. Заримдаа Пүжи миний шоколаднаас зөвшөөрөлгүй идчихээр бөөн юм болно. Би аав, ээжид ховлоно. Ээж Пүжиг загнана, яах гэж идсэн юм гэж. Надад орлуулаад өөр шоколад өгье гэнэ, би “Түүгээр чинь яах юм бэ, яг тийм шоколад өг” гээд л уурлана. Энэ бол надад их чухал байсан. Би өөрөө хэний ч юманд хүрдэггүй, өгсөн ч авдаггүй. Гэтэл Жамул, Пүжи хоёр хэлсээр байтал шоколадыг минь идэж намайг дандаа гомдоодог байж билээ. Идчихээд л би тэр хоёртой дуугарахгүй болохоор гэмшинэ. Намайг сайндая гэж гуйна, тэгээд л дахиад л шоколаднаас маань идчихнэ. Нөгөө асуудал дахиад л давтагдана. Яах гэж тэгдэг байсан юм бол.  

Ингэж байтал гуч хоног дуусч Баяраа ирэхээр болов. Би бөөн баяр хөөртэй байлаа. Өглөө аав, ээжтэй хот явлаа. Гэртээ хүлээгээд байж байтал, гадаа орцонд хуруунуудаа хавсран чанга дуугаргалаа. Би хаалгаа онгойлгов. Хүүхэд насны үерхэл хөөрхөн байж, бөөн баяр. Надад явсан, үзсэн харснаа зөндөө ярьж өгөөд уут дүүрэн бэлэг өгөв. Би анх удаа аав, ээжээсээ өөр хүнээс бэлэг авч үзэж байгаа минь энэ. Би уутыг онгойлгосон чинь дотор нь одоогийн манай хүүхдүүд дуртай “М&M, Kinder, Kit Kat, haribo” чихэр байлаа. Мөн “Puma”-ийн косметикийн ком байлаа. Тэр үед ийм чихэр манайд огт гардаггүй байсан юм. Оросын л чихэр байна. Баавгайтай чихэр, улаан малгайт, ирис бол дандаа байдаг байсан шүү. Үнэ нь янз бүр, хамгийн том шоколодтай чихэр нь кг нь жаран төгрөг, дөчин найм төгрөгнөөс эхлээд арван нэг хорь, зургаан төгрөгийн чихрээр дуусдаг байсан. Бидний үед нүүр амаа будахыг огт мэддэггүй байсан. Хэрэв тийм охин явж байвал “аальгүй” гэж л хочлуулах байсан байх. Тийм гоё юмтай болсондоо баярлаж, зуслан дээрээ очоод баахан охидуудаа цуглуулж тойруулж суугаад Баяраагийн авчирсан чихрийг өгч, нөгөө косметикийн будгаа үзүүлж, байдгаараа инээж, чанга чанга ярьж, хэн ч ирсэн чихрээсээ харамлахгүй өгч байсан нь хүүхэд насны гэнэн хонгор жаргалтай мөчүүдийн нэг байсан юм. Тэр косметик одоо хүртэл манай шүүгээнд байдаг юм.

Зуны амгалан тайван, налгар байдлыг эвдэж бид бүхний сэтгэлийг гэнэт түгшээв. 1984 оны наймдугаар сарын арван нэгний өдөр АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейган “Миний Америкчууд аа, та бүхэнд би Орос улсыг үүрд хууль бус гэж үзсэн тушаалд гарын үсэг зурснаа хэлэхэд таатай байна. Одоо бид таван минутын дотор бөмбөгдлөө” гэж хэлсэн билээ. Тэгээд түүнийгээ тоглосон юм гэж хэлэв. Ерөнхийлөгч Рональд Рейган АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөхөөр бэлдэж, хагас сайн өдөр болгон ард түмэндээ хандаж үг хэлдэг үеэр урьдчилж бэлдсэн байсан сэдвийнхээ оронд шалгах нэрийдлээр хэлсэн байна. Энэ бол Рейганы нэг биш удаа үйлдэж байгаа шоглоом байсан юм. Манайхан, ер нь бол АНУ дайн өдөөх санаатай байдаг юм байна гэсэн санааг баталж байна гэж ярьж байж билээ. Хүүхдүүд бид ч түгшүүртэй байсан. Ялангуяа “BBC, CNN”-ний мэдээллийг манайд байсан Германы “Grundig” радиогоор сонсч. Япон болон бусад улс орнуудын тайлбарыг сонсдог, багагүй мэдээлэлтэй байсан юм. Энэ нь бид англи хэл мэддэг байсны сайн тал байв.

Төр засаг маань тогтвортой байж нэг нам, нэг л хүний удирдлага дор, заасан зам нь зөв гэж үзэж хүмүүжигдэж явсан бидэнд сэтгэл сэртхийлгэж “яаж байгаа юм болоо” гэж өөрийн эрхгүй бодсон үйл явдал боллоо. Ер нь бодоод байх нь ээ эдийн засгийн хямрал тэгж нүүрэллээ, ийм мөнгө төгрөгийн гачигдал, ийм ажилгүйдэл, өвчин зовлон гэдэг асуудлаас илүү улс төрийн ч юмуу даа, тэр үед улс төрийн гэж нэг их ялгаж ойлгохгүй, Оростой, Америктай холбоотой асуудлууд л их түгшээдэг байсан санагдана. Гэтэл гэнэт манай төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь огцруулав. Үүнийг томчуул бараг шивнэх дөхөн хойд хөршийн шахалт гэж ярьж байхыг сонсож байхдаа “Яагаад тусгаар тогтносон биеэ даасан улс орны тэргүүний асуудлыг хажуу хөрш улс орон дур мэдэн шийдэж байгаа  юм бол” гэж бодож байлаа. Олон жил нэг хүнээр удирдуулж байнга л ийм байх юм шиг бодож байсан бидэнд цочроосон үйл явдал болж билээ. Гэтэл хожим унших нээ 1984 оны дөрөвдүгээр сарын хорин есний өдөр ЗХУКН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоо “Монголын асуудлаар” тогтоол гаргаж, манай төр засгийн тэргүүн Ю.Цэдэнбалыг албан тушаалаас нь чөлөөлүүлэх шийдвэр гаргасан юм билээ. Түүний дагуу МАХН-ын Төв Хорооны ээлжит бус VIII бүгд хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга Ю.Цэдэнбалыг албан тушаалаас чөлөөлж  МАХН-ын Төв Хорооны  Ерөнхий нарийн бичгийн даргад Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнхийг томилсон байв. Ж.Батмөнх гуай Их сургуулийн ректор байхдаа маамтай нэг үе хамт ажиллаж байсан, сайн таньдаг, их дотно, журмын сайхан нөхөд байсан юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан одоо ЗГХЭГ-ын дарга асан УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат 2012 онд “Долоон бурхан харвадаггүй” хэмээх түүхэн киног бүтээж олны хүртээл болгож, Монгол Улсын Тусгаар Тогтнол ямар үнээр яаж олдож байсан түүхэн сургамжийг орчин цагийн залуучуудад олгосон сайхан кино болсон талаар бүгд ярьж байсан билээ. Ерөнхий дарга маань энэ удаад “Бүү Март” хэмээх Монголын түүхэн удирдагчдын нэг Жамбын Батмөнхийн тухай ялангуяа Ардчилсан хувьсгал өрнөсөн “Цагаан морин” жилийн үйл явдал, “Цусаар бий болгосон тусгаар тогтнол”-оо хэрхэн эвээр хамгаалж Ардчилсан Монгол орныг цогцлоон байгуулахад тухайн үеийн Улс Төрийн Товчооны гишүүдийн гаргасан мэргэн, түүхэн, гавьяатай шийдвэр, тэдний оруулсан үнэтэй хувь нэмрийг тод томруунаар тусгасан  кино зохиолыг бичсэн билээ. “Хүмүүн Студи”-ийн хамт олон зураг авалт дээр ажилласан юм. Тус кинонд төр шашны тэргүүн Богд Жавзундамбын дүрд СТА, жүжигчин У.Батбаатар, Ардын Засгийн Ерөнхий Сайд асан Л.Бодоон дүрд СТА, жүжигчин Ц.Төмөрхуяг, Маршал Х.Чойбалсангийн дүрд Ардын жүжигчин Л.Дашпэлжээ, Маршал Ю.Цэдэнбалын дүрд Төрийн Соёрхолт УГЖ Ц.Төмөрбаатар тус тоглосон юм. Ж.Батмөнхийн дүрд СТА, жүжигчин Н.Төмөрбат тоглож зураг авалтынхаа наян хувийг авахуулчихаад уран бүтээлийнхээ төгсгөлийг нь үзэж чадалгүй ажлынхаа байранд эрүүл мэндийн улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлэв. Миний хувьд энэ киноны түүхэн ач холбогдол, урлагийн бүтээл, бүтээж буй хамт олны зүтгэлийг анхнаас нь харж, мэдэрч бас санаа оноогоо хэлж байсан болохоор мөн тэр хамт олны нэгнийгээ гэсэн сэтгэл, “Боломж байдаг бол ганц байр аваад өгчих юмсан, асар их буян болно доо” гэж хэлж байсан үгийг би хэрэгжүүлэхийг хүссэн юм. Улаанбаатар орж зураг авахуулахаар явах болгондоо сүүлийн минут хүртэл түлээгээ хагалж, хашаа хороогоо дулаалж гэрийн ажлаа хийсээр явдаг байсан гэж анд нөхөд нь дурсан ярьж байхыг олонтаа сонссон юм. Хаа хамаагүй би, өөрийн төрсөндөө илүүчилж чаддаггүй ч, тэр тусмаа огт надад хамаагүй ч тэр аавын, тэр хамт олны хүслийг биелүүлэхийг хүссэн юм. Ерөнхий нарийн бичгийн даргаа ч, намаа ч бас бодосон хэрэг. Би Ж.Мөнхбатад амласан учраас хэлсэндээ хүрээд л өгсөн. Намаа ялуулах гээд л кино хүртэл хийгээд тэрэнд нь мөнгө нь хүрэхгүй бэрхшээл олон л байх шиг байсан. Үр хүүхэд хань ижил нь миний сэтгэлийг ойлгож, бас баярлаж байгаа байх гэж итгэнэм. Дархан хотод шинээр баригдаж буй “Ласти таун” хотхонд цоо шинэ нэг өрөө байрыг 2015 оны арванхоёрдугаар сарын хорин зургааны өдөр бэлэглэж билээ. Энэ бол миний зүгээс кино урлагийн салбарт, намдаа оруулсан оруулж буй хувь нэмэр юм. Ардын жүжигчин Г.Мягмарнаран гуай, бусад олон сайхан нэр хүндтэй алдар гавьяатнууд надад чин сэтгэлийн талархлаа илэрхийлж “Түүхэнд ийм явдал тохиож байгаагүй, ийм сайн хүн, сайхан сэтгэл бас өнөө үед байдаг л юм байна” гэж хэлж билээ. Энэхүү түүхэн кино нь анх удаа Монгол, АНУ, ЗХУ, БНХАУ улсын хамтарсан баг ажиллаж бүтээгдсэн кино гэж хэлж байсан. Киноны найруулагчаар АНУ-аас Крис Мартин, дууны найруулагчаар ОХУ-аас Михаил Жуков нар ажиллаж, БНХАУ-д уг киноны “пост продакшн” хийсэн. Кино найруулагч СТА А.Мөнхсүх, зургийн дарга СТА Д.Базарсад, кастинг найруулагч СТА Н.Отгонтогос, ерөнхий зураглаач СТА Н.Батжаргал, эвлүүлэн найруулагч СТА Ш.Мөнхбат, нүүр хувиргагч СТА, Ц.Дэлгэр, тусгай нүүр будагч Б.Чимгээ нарын уйгагүй хөдөлмөр, мэргэжлийн өндөр ур чадвар, авьяас билгээр түүхэн кино маань бүтэж, 2016 оны УИХ-ын сонгуулийн өмнөхөн нээлтээ хийж ээж бид хоёр оролцож билээ. Монголын төрийн тэргүүнд байсан хүмүүсээ бид хайрлаж явах учиртай. “Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу” гэж хүмүүсийн дунд үг явдаг. Монголын төрд зүтгэж буй хэн боловч ялангуяа төрийн тэргүүн нь зүтгэсэн шиг зүтгэж, Төр нь үнэлсэн шиг үнэлдэг байх үе удахгүй ирэх байх, тийм л төрийн тэргүүнийг Монголын ард түмэн хүсэмжилж, хүлээсээр удаж байна...

Би аравдугаар ангид, Пүжи наймдугаар анги, Жамул Дөрөвдүгээр ангид тус тус оров. Сурах бичиг сургуулиас өгчихнө. Эртхэн очиж авахгүй бол хуучин нь үлдчихнэ. Гэхдээ голдуу шинэ сурах бичиг байдаг байсан. Аравдугаар анги учир таван төгрөгийн дөчин найман хуудастай дэвтэр нэлээд хэдийг, мөн хичээлээс гадуур унших номнуудаа Дарьсүрэн бид хоёр дөрөвдүгээр хорооллын эцэст том номын сан байгуулагдсан байсан тэндээс очиж авав. Одоо тэнд “BSB” электрон барааны дэлгүүр байгуулагдсан юм уу даа. Номын дэлгүүрүүд, номын сангууд ерэн оноос хойш нэлээд устаж, одоо л нөхөж бий болж байх шиг байна. Энд тэнд номын киоскууд их байдаг байсан бүгд байхгүй болж,номын сангуудад бараа зарагддаг болж, ном унших газаргүй болсон шүү нэгэн үе. Нэг өдөр хичээлээс тараад орцондоо ортол тас гээд явчихав, зүүн хөмсөгний дундуур хоёр аравны зургаа орчим см язарч, цаад яс нь гарсан байлаа. Ямар зорилготой,  яах гэж цохисныг мэдэхгүй, тэр үед орцонд ороход их аюултай байдаг байсан үе. Гадуур явж байхад сахлын хутгаар (бритва) хүүхдийн үсийг хусдаг, нүдийг зүсэж сохолдог байсан үе, эсвэл шууд хутгалдаг, тэрний нэг л болсон байх гэж би боддог юм. Тэр өдөр ээж жижүүртэй байсан. Аав шууд л шархны лентээр “band aid” махыг нь нийлүүлж байгаад наачихав. Зүүн зовхи дээшээ болохгүй шууд унжин нүд хаагдсан байсан. Цаанаас нь “Духны ясны” хөмсөгөн доор байдаг хэсэг язарч гарсан байв. Одоо бодохнээ зүүн талын “Supraorbital foramen” бага зэрэг гэмтсэн юм шиг байна билээ. Ээж өглөө намайг унтаж байхад орж ирээд үнсэх гэсэн чинь “хоёр толгойтой” аймаар юм хэвтэж байсан гэсэн. Ээж “Хөөе Жадамба, энэ хүүхэд чи яачих аа вэ?” гээд л орилсон чинь би сэрэв. Би ээжид “Яагаа ч үгүй ээ, цохиулчихсан юм аа, зүгээр болно оо” гэж хэллээ. Жижүүр хийгээд ирж байхад, даанч яавдаа гээд хэлэв. Алив одоо явъя “Эмэгтэй хүүхэд, гоо сайхан, одоо яанаа” гээд л сандрав. Аав, зүрхний Бундан гэж алдаршсан хүний гавьяат эмч, ангийнхаа хүүхэд рүүгээ ярилаа. Бундан эмч маш цэвэрхэн оёо тавьж өгөв. Юун одоогийн гоо сайхны мэс засал, хавьгүй дээр. Одоо хөмсгөн дотор хоёр аравны тав орчим см урт сорви байдаг юм. Түүнээс болж хөмсөг маань их унасан. Ханиад хүрэх юм уу, бие муу болохоор сорви их өвдөнө. Бундан эмч гэмтлийн эмнэлэгт хэвтэх нь зөв байх гэж зөвлөсний дагуу би хэвтэв. Эмнэлэгт байхад өдөр болгон Баяраа ирж хичээлээс хоцруулахгүйн тулд хичээл зааж өгнө. Хорь хоног хэвтсэний дараа би эмнэлгээс гарав. Нэлээд хүйтний шинж орсон байлаа. Бид хоёр кино үзэхээр тохиров. Миний л санаачлага байсан юм. Орой кино үзэх тухайгаа аавдаа хэлтэл, аав “орой нэг сайн эмчид үзүүлнэ, өнөөдөр гарсны  хэрэггүй” гэлээ. Эгзэгтэй хэцүү насан дээр ч явж байсныг хэлэх үү, мөн өөрийн зан характер нэлээд зөрүүдийг ч хэлэх үү, би явна гээд зөрлөө. Аав аргаа бараад гуйгаад, дараа нь бид хоёр муудалцав. Тэгж байтал Баяраа гадаа ирээд гараа дуугарган дуудлаа. Би гарч ирээд “Би явж чадахгүй нь ээ, эмчид үзүүлэх юм байна” гэж хэлэв. Баяраа “За, тэгвэл, билетээ буцаагаад зарчихъя” гэлээ. Уг нь асуудал ийм л амархан байж. Би Баярааг бодож тийм хүйтэнд яваад, бас хүмүүсийн наана цаана болж билет авсан, тэгж их хөдөлмөр зарсан байхад нь үзэхгүй гэвэл гомдоно гэж маш эмзгээр хүлээж авсан минь гол алдаа байж, дэмий аавтайгаа зөрсөн байна билээ. Бас нэгэн амьдралын сургамж залуучуудад болоосой л гэж бичлээ. Бид хоёр аравдугаар ангиа амжилттай төгсөөд хамт дээд сургуульд орно. Тэгээд хуримаа хийнэ, маш аз жаргалтай амьдарна гэж ярьдаг байсан. Хичээл номоо хамтдаа давтаж, бие биедээ сайн үлгэр дуурайл болж, бусдыг манлайлж, үерхэлдээ үнэнч  байсан. Баярааг дөнгөж явангуут, Алтанцэцэг эгч Баяраагийн ээж утасдав. Би утсаа түрүүлж авч амжсангүй аав утас авлаа. Тэр хоёр юу ярьсныг бүү мэд, нэг л юм боллоо. Удалгүй Баяраа утасдаад “Яасан бэ, юу болсон бэ...” гээд хэлж дуусаагүй байтал утсыг нь авч шидээд, “Чи дахиж наад охинтой ярихгүй шүү” гээд утас тас хийгээд тасрав. Миний бие тасрах шиг болсон. Би яаж ч чадахгүй. Хэн нэгэнд гомдож, хэн нэгнийг ч буруутгаж бодсонгүй. Зөвхөн маргаашийг хүлээж байлаа. Маргааш боллоо. Бид хоёр хичээл дээрээ уулзав. Би санах гэж оролдож байна. Ирээдүйдээ итгэлтэй, бодож санах юмгүй, бүх л юм хэвээр байх юм шиг бодож, дэгэж дэрвэж явсан гэнэн хонгор хүүхэд нас минь хүнд дасаж, өөрсдийн хүслээр бус, өрөөлийн нөлөөгөөр хагацаж, зовох юм гэж би яаж мэдэх билээ. Эрэгтэй хүүхэд ээжийнхээ үгэнд иймэрхүү нөхцөлд их ордог юм билээ. Нэг үзэм ч байсан хувааж иддэг байсан бид хоёрт маш хэцүү байлаа. Тэр өдрөөс хойш бид хоёр хоорондоо дуугарахгүй болсон мөртлөө идэх гэж байгаа юмныхаа талыг нэг хэсэгтээ заавал бие биедээ өгдөг байлаа. Хэн хэн нь өөрийн аав, ээжийгээ өмөөрсөн байх. Манай ангийн хүүхдүүд ихэнх нь Баяраад буруу өгч түүнтэй зарим нь дуугардаггүй байв. Хичээл дээр түүнээс хоёр парт зайтай сууцгаадаг байж билээ. Тэр үед “Зүүдэнд оромгүй явдал” гэж кино гардаг байсан үе. Оросын нэрт зохиолч Галина Щербаковагийн “Роман и Юлька” гэдэг зохиолоор нэрт найруулагч Илья Фрэза найруулж, 1981 оны гуравдугаар сарын хорин гуравны өдөр ЗХУ-ын бүх хотуудын кинотеатрын дэлгэцнээ гарч байсан түүхтэй. Тэр кинон дээр  Катя, Рома хоёр зөвхөн өөрсдийн хүсэл эрмэлзэл оюун ухаанаараа асуудлыг шийдэх гэж тэмүүлж байсан бол бид хоёр зөнд нь орхисон юм. Тус кино үзсэн хүний тоогоороо арван хоёрдугаар байрт орж, нийт хорин зургаан сая хүн үзсэн юм билээ. 1981 онд “Советский экран” журналын асуулгаар хамгийн сайн киногоор өргөмжлөгдөж байсан, 1982 оны гуравдугаар сарын таванд “Love and Lies” нэртэйгээр Нью Йорк хотноо гарч байсан. Хөрөнгөтөн болон социалист орнуудын залуучууд, өсвөр үеийнхнийг байлдан дагуулж байсан гайхамшигтай гоё кино. Уг кинонд хүүгийн талынхан тэр хоёрын үерхлийг таслахыг оролдсон үйл явдлуудыг харуулдаг юм. Катягийн дүрд Татьяна Аксюта, Ромагийн дүрд Никита Михайловский нар тоглосон билээ. Амьдрал намайг Очтой минь уулзуулах гэж, амьдруулах гэж, хоёр хөөрхөн үрийг минь хорвоод мэндлүүлэх гэж тус болсон байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Боогии(66.181.161.93) 2020 оны 03 сарын 06

Үрэлжлэл ....

0  |  0
Болормаа(66.181.161.93) 2020 оны 03 сарын 06

Сайн байна уу? Энэ үйл явдал яг тэр үеийн бодоит явдал байна даа. Миний амьдралыг эргүүлж бодогдуулсанд баярлалаа.

1  |  0
tsog(202.126.89.185) 2020 оны 03 сарын 05

sonin ym uuriiguu goy amidrasan mundag elit gd bdg huuhen daruu hun bol tegehgui bh l daaa odoo zasraad nom bichdeg bolj dee

0  |  0
X(57.73.48.37) 2020 оны 03 сарын 05

пИнал биш пЕнал gej bichideg yumaa, Tsolmon. Harvaas 14-15 nasnaas ehelj eregtei huuhduudtei orootsoldoj yavsaar taarauhan surdag baisan bololtoi.

0  |  0
X(57.73.48.37) 2020 оны 03 сарын 05

Tsolmon, oros surguulid onts sursan geed bga biz. Пинал gej bal uzeg hiisen savaa heleed bna? Пенал gej zuv bichdeg yumaa.

0  |  0
Top