Уншигч та бүхэнд Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонгийн 2017 онд гаргасан "Цагийн зурвас" номыг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр цувралаар хүргэж байна.
Үсчин & Гипноз
1987 он. Шалгалтууд эхэллээ. Гистологийн хичээл их хэцүү, оюутан болгоны унадаг шалгалт байв. Хоёр зуун тавиад “препарат”-ыг микроскопоор хараад шууд “Энэ эрхтэний тэр хэсэг байна, тийм өвчин байна” гээд патогенез, эмчилгээтэй нь хэлэх ёстой. Хүүхдүүд шүүлгэндээ /зачёт/ их унана. “Зачёт”-аа авч чадахгүй бол шалгалтад орно гэж бодох ч хэрэг байхгүй. Харин “зачёт”-аа ямар өгнө яг тийм дүн шалгалт дээр авна. Би ч бас “зачёт” авах гэж их зовов. Шүүлгэндээ уначих юм бол тэнцэтлээ гистологийн тэнхим дээр уйлаад л хоноод байна гэсэн үг. Манай гистологийн багш Проф.М.К.Васильцов, 1972-1995 онд Эрхүүгийн Анагаах Ухааны Улсын Их Сургуулийн гистологийн тэнхмийн эрхлэгчээр ажилласан, дэлхийд нэртэй том эрдэмтэн хүн байсан юм. Маш хатуу, хоёр талдаа зэрэг хүүхэд суулгачихаад л энэ юу вэ гэж микроскопны сумыг тавиад, хоёр секунд болоход хэлэхгүй бол тохойгоороо хавирга руу хүчтэй ёвроод, ёолох юм бол дахиж асуухгүй хөөчихнө. Тэвчвэл дахиад хэд асууна, гурвыг л хэлж мэдэхгүй бол муу тавьчихна. Тэгж асуугдаж хөөгдөх тусам би тэр багшид хайртай болж, ер нь би яагаад мэдэхгүй байнаа гэхээс мэдэхийн төлөө сонирхол улам ихэсдэг байлаа. Ингэж их давтсаны хүчинд шалгалтдаа “онц” авлаа. Нэгдүгээр улирлаа “онц” дүнтэй төгслөө. Стипенднээсээ үлдсэн мөнгөөр би онгоцны билет аваад цөөхөн хоног учир Монгол явлаа. Оч бид хоёр захиа бичиж харилцана, тэр нь удаж удаж ирнэ. Би бүх юмаа бичнэ. Оч цөөхөн тодорхой үгс орос хэл дээр бичдэг байв. Утсаар бас хааяа болзож ярина. Оч минь бас өвлийнхөө амралтаар нутагтаа очно тэгээд гэртээ уулзъя гэж тохиров.
Хүүхэд болгон өвлийн амралтаар нутаг буцах болов. Зарим нэг хөдөөний хүүхдүүд үлдэв. Гэртээ ирсэн гоё байлаа. Гэрийнхээ хоолоо идээд, эмээ, дүү, аав, ээж нартайгаа уулзаад. Гэтэл Оч ирж амжсангүй. Шалгалтынх нь хуваарь тохирохгүй, намайг буцахад ирэх болчих гээд, тэгээд дэмий тэр холоос явах юм байна гээд болив. Би бүүр сэтгэлээр унаад, бас хэд хоног хэцүү байлаа. Манай Андрей надад “дипломат” цүнх авчирч өгөөрэй гээд захив. Аав кодтой түгжээтэй барууных л байсан байх тийм дөрвөлжин хатуу цүнхтэй байсан юм. Оросын “дипломат” цүнх үзэмж муутай, тэрэнд тийм цүнх байсан. Гэтэл манай монголд юу гэж тийм цүнх нь дэлгүүрт байх билээ дээ. Өнгөтэй өөдтэй юмаа, хааяа нэг гадаад явахдаа л хүмүүс авчирдаг байсан байх. Би тийм цүнх олсонгүй. Аавын цүнх илүү байсан бол түүнд өгчихгүй юу. Даанч аавд тэгж хэлж чадаагүй. Дараа нь харамсаад байдаг юм. Тэр цүнхийг нь олоод өгчихгүй яавдаа гэж. Андрей дэндүү богинохон настай байсан юм билээ. Бид нэгдүгээр курсаа төгсөхөд тэр дөнгөж арван найман нас хүрээгүй байсан. Арван найман нас хүрч байгаа учир цэрэгт татагдах вий гэж их айдаг байсан тэгээд яасныг бүү мэд түүнийг барилга барьж байсан фундаментний тогтсон уснаас олсон гэсэн. Хүнлэг сайн хүүхэд байсан найз нарынхаа конкурст орж тоог нь бодож өгч тусалдаг байсан.
Шинэ хичээлүүд нэмэгдээд нэлээн хүндэвтэр болов. Физиологийн хичээл дээр гипнозийн тухай заав. Манай физиологийн багш заал дүүрэн, ойролцоогоор зуун дал, наяад хүүхдийг зэрэг унтуулчихдаг байв. Бид “сэр” гэхээр нь сэрээд. Их сонин шүү. Индэрт ямар ч хамаагүй оюутныг дуудаж гаргаж ирээд “дөрөв” гэдэг тоог март гээд команд өгчихнө. Тэгээд нөгөө хүүхдийг самбар дээр нэгээс арав хүртэл тоо бич, нэгээс арав хүртэл чангаар тоол гэхээр тэр хүүхэд “дөрөв” гэдэг тоог бичихгүй алгасаад, уншихгүй алгасаад байдаг байж билээ. Тэгээд суухынх нь өмнө буцаагаад хэвэнд нь оруулчихна. Би нэлээд сайн сонсож байгаад сурч авахыг хичээв. Тэгсэн тэр өдөр манайд Очийн курс, МГИМО-д хамт сурч байсан Завхан аймгаас очсон Тэгштөрийн ангийн охин Жагаа ирэв. Би Очийг санахаараа байнга хамт байж Оч, Тэгшээ хоёрын тухай ярьж хонодог байв. Жагаа манайд ирэхдээ энэ удаа хонож чадахгүй, маргааш шалгалттай гээд яаруу байв. Би түүнд “өнөөдөр манайд гипнозийн тухай заасан, дадлага хийгээрэй гэсэн, би чам дээр хийе” гэв. Жагаа ч зөвшөөрч, би түүнийг гипноздох болов. Би багш шигээ түүнийг сандал дээр суулгаж байгаад, хийсэн хөдөлгөөнийг нь дуурайн, ярьсан зүйлийг нь монголоор аажуухан намуухан ярьж эхлэв. Нэлээд яриад байсан чинь тэр унтаад өгөв. Би “сэр” гэсэн команд өгөв, тэр сэрлээ. Эхлээд би түүнийг худлаа унтаж байна гэж бодов. Гэтэл тэр “үгүй” унтсан унтаагүйгээ мэдэхгүй байна гэв. Дахиад гипноздов, дахиад тэр унтав. Өнөөдөх маань тэр өдрөө явж чадсангүй. Маргааш нь “яанаа” гээд л явж өгөв. Дараа нь манай эрүүл ахуйн ангийн Жамбалмааг бас гипноздов. Тэгсэн тэр бас гипнозонд оров, тэгтэл “сэр” гэж хэлж амжаагүй байтал хүмүүс орж ирээд, Жамбалмаа тэр чигээрээ яваад өгөв. Өдөржингөө унтаа байдалтай байсан гэж надад орой нь хэлсэн. Маргааш нь давтлагын хичээл дээр манай ангийн Ангелина бид хоёр ангийнхаа хүүхдүүд дээр гипноз хийв. Энерги, оюун санаагаа нэг цэгт маш сайн төвлөрүүлэх хэрэгтэй юм байна билээ. Ер нь бол сайн сэтгэл зүйч болох ирээдүй байна гэж багш маань хэлж урам өгч билээ. Амьдралд сурсан мэдсэнээ хэрэглэх зүйл зөндөө болж байдаг, тус болсон нь их шүү. Ийм хөгтэй явдлууд оюутан байхад зөндөө л тохиолдоно. Аливаа зүйлийг өөр дээрээ, өөрсөд дээрээ бид туршиж үздэг байв. Гипнозыг гурван мянгаад жилийн өмнө Эртний Египет, Энэтхэг, Төвдийн маарамба, домч нар хэрэглэж ирсэн түүхтэй юм билээ. Гипнозыг улс орон бүр янз бүрээр нэрлэж ирсэн бөгөөд 1842 онд Английн эмч Джеймс Брэйд \James Braid\ ямар нэгэн тод, гял цал юман дээр хараагаа төвлөрүүлэх юм бол хүний бие, оюун санаанд нэг өвөрмөц байдал үүсч байгааг олж, судлан харуулснаар “Гипноз” гэж нэрлэх болсон байна. 1870-аад оны сүүлээр Францын мэдрэлийн эмч Жан Мартен Шарко /J.M.Charcot/ анх удаа сэтгэцийн өөрчлөлттэй өвчтөнүүд дээр хэрэглэж эхлэн, эмнэл зүйд гипнозыг хэрхэн хэрэглэх, түүний хэрэглэх үечлэлийг судалсан байна. Улс орон болгон энэ чиглэлээр эрдэм судалгааны ажлыг хийж, өөрсдийн арга барилаар хөгжүүлэн эмчилгээний практиктаа хэрэглэж эхэлсэн. Гипноз хийж байгаа хүний маш тодорхой зорилготой, чиглүүлэгдсэн, итгэн үнэмшүүлэх үйлдлийг яриа, түүний өнгө, биеийн хөдөлгөөнөөр дамжуулан хүний сэтгэл зүйд нөлөөлөн ямар нэгэн байдлаар ухамсарт байдлыг тодорхой зогсолтод оруулж, хуурамч унталтын байдалд ухамсаргүйгээр команд биелүүлэх хэмжээнд хүргэдэг юм. Гэхдээ, шинжлэх ухааны үүднээс, материаллаг түвшинд буюу хүний биед, цус, эд эсийн түвшинд гипнозын үед ямар нэгэн өөрчлөлт гарсан баримт нотолгоо байхгүй байгаа тул, энэ утгаар нь гипноз байдаг гэж хэлэхэд бас асуудалтай юм.
Би чөлөөт цагаараа хүүхдүүдийн үсийг засдаг байв. Ялангуяа дээд ангийн эгч нарын үсийг их засч өгнө. Тэд нар дэгжин гоё охидууд байсан. Ихэнх нь гэр бүлтэй. Оюутан байхад хоёр гурван насны зөрүү их гардаг байв. Ахлах анги л бол ахархах, ихэрхэх дуртай байдаг байв. Үс засахдаа толгойных нь ерөнхий хэлбэрийг харж байгаад хотойсон газар нь төвийлгөж, төвгөр газар нь үсийг нь нимгэлж, зөв хэлбэрийг гаргаж засаж өгнө. Маш жаахан деталийг өөрчлөхөд л толгойны, нүүр царайны хэлбэр өөр болдог юм. Засахаасаа өмнө засуулах гэж байгаа эгчдээ “Таны үс ийм байгаа юм байна, энэ чинь царайг чинь ийм болгож байна, таны нүүрний хэлбэр ийм, дагзан хэсэг, болон толгойн хэлбэр чинь ийм байна, тэгэхээр ингэвэл дээр гэж бодож байна, ямар вэ” гээд л асууж, ярилцана. Тэд нар маань “Тийм байна, тэгээд засаад өг” гэнэ. Засуулчихаад баяртай яваад өгнө. Бүр оочер үүсчихсэн байдаг байж билээ. Би заримдаа шалгалттай, шүүлэгтэй бол “нүгэл үйлдэхгүй” гээд засаж өгдөггүй байв. “Засаад өгчих л дөө, гайгүй ш дээ” гээд л гуйгаад байна. Заримдаа аргагүй байдалд ороод засаж өгнө, заримдаа засаж өгөхгүй. Хожим Бельгийн Вант Улсад суугаа Элчин Сайдын Яаманд Оч томилогдоод ажиллаж байхад авдаг хэд маань бага учир, мөн үс засахад нэлээд үнэтэй тул Очийн үсийг би дандаа засч өгдөг байлаа. Өөрийнхөө үсийг бол байнга өөрөө тайраад л засчихна. Оюутны байранд хөгжилтэй бөгөөд даруухан амьдрал минь үргэлжилж байв. Сард нэг удаа байрандаа их цэвэрлэгээ хийнэ. Бидэнд дандаа усанд ордог газрыг угаах ноогддог байв. Хүн болгоны хир хананд нь наалдчихсан, түүнийг арилгана гэж хэцүү, гэхдээ л арилгаад хүлээлгэж өгнө. Бусад оюутнуудад коридор, гал тогоо, цонх, хаалга, гуанз гээд л хуваарилагдана. Арай л хялбар байх шиг байдаг байсан. Тэд аль хэдийн дуусчихсан байхад бид дуусаагүй л зүлгэсэн хэвээр байдаг байж билээ. Эрхүүд байгаа Монголын консулын газарлуу бид эх орон руугаа буцах виз авах гэж очдог байв. Оюутны асуудлыг С.Ламбаа гээд намхавтар залуу хариуцдаг байсан нь одоогийн УИХ-ын гишүүн асан, Эрүүл мэндийн сайд асан надтай гурван жил хагас С.Баяр, Сү.Батболдын хамтарсан Засгийн газарт эрүүл мэндийн салбарын төлөө зүтгэж байсан С.Ламбаа сайд маань юм. Оюутнууд С.Ламбаа гуайд их сайн байдаг байв. Бидэнтэй ч их эвтэйхэн, намуун харилцана. Ер нь бага залуугаасаа уур уцааргүй, юмны эв эеийг олохыг урьтал болгодог хүн байсан юм. Би тэднийд хааяа очно. Манай аав, ээж тэд нар бие биеэ мэддэг найзууд байсан юм. Би нэг өдөр тэднийд яваад очтол тэднийх найр хийх гэж байна. Шинэ машины найр. Тэр үед машин авна гэдэг бол ховорхон тохиолдол байсан. Цоо шинэ “москвич” байсан байхаа. Намайг очиход консулын газрын айлын эзэгтэй нар тэднийд бараг бүгд цугларчихсан хоол, цай, салат хийж би ч бас туслалцлаа. Тэднийх хоёр хөөрхөн дэрсхэн охидтой, би их тоглодог байсан юм. Ер нь хоёр охинтой эр хүмүүс их өвөрмөц зан характертай, цайлган, зөөлөн, уян, тууштай, итгэлтэй, хүчтэй хүмүүс байдаг шиг санагддаг. Миний мэдэх хоёр охинтой олон хүмүүс байна, жишээ нь МУ-ын анхны Ерөнхийлөгч П.Очирбат, МУ-ын Ерөнхий сайд асан С.Баяр, УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл, МАН-ы Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАН-ы нарийн бичгийн дарга асан Т.Гантулга, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, Боловсро, моёл, шинжлэх ухаан, спортын сайд асан академич Г.Чулуунбаатар, УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгэм хамгааллын сайд С.Чинзориг, УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан С.Ламбаа, Ж.Буш, Дик Чейни, Ричард Никсон, Билл Клинтон, Борак Обама, В.Путин гээд л ... дурдвал зөндөө. Очийн ах Цолмон ах маань хүртэл хоёр охинтой, ямар гоё хүн, сайн аав бэ. “Хамгийн аз жаргалтай амьдармаар байвал хоёр охинтой бол, хамгийн эв нэгдэлтэй, эв эетэй, аав ээжийгээ зовоодоггүй, аав ээждээ итгэдэг, бие биенийгээ үл тоодоггүй, хоорондоо зодолдож муудалцдаггүй, зөв хүмүүжилтэй, бие биенийхээ дээр гарч жөтөөрхөх сэтгэл байдаггүй” гэсэн дүгнэлтийг Английн “The telegraph” нэрт сонин гаргасан байхыг уншсан юм байна. Тэр судалгаагаар хамгийн сайн хувилбар бол нэгт, хоёр охин; хоёрт нэг хүү, нэг охин; гуравт хоёр хүү; дөрөвт гурван охин; тавт, гурван хүү; зургаад дөрвөн хүү; долоод, хоёр охин нэг хүү; наймд хоёр хүү, нэг охин; есд гурван хүү, нэг охин; аравт гурван охин, нэг хүү; арван нэгт, хоёр хүү, хоёр охин; арван хоёрт дөрвөн охин гэж судлаач нар үзсэн байна билээ. Дараа нь олон жилийн дараа нэг засагт хамтран, хоёр намын хүн байж, ёстой эв эеийг хичээж ажилласандаа. Ямар сайндаа л бид хоёр “Эвт хоёр шаазгай” нэр авч байх вэ дээ. Эрхүүгийн өвөл их гоё шүү, ялангуяа цас орсны дараа бүх модод мөнгөн дуулгатай юм шиг мөчир болгон цасанд хучигдаад, чийглэг хүйтэн учир тэр нь хөлдчихнө. Тийм болохоор модонд тогтсон цас гялалзаад, мөстөөд мөд арилна гэж үгүй. Мөчир болгоноор нь усанд дүрээд хөлдөөчихсөн юм шиг үзэсгэлэнтэй.
Хавар ирж байлаа. Энд тэндгүй мөс хайлж ус доошоо дуслан “дон дон” гэж дуугарна. Байгаль дэлхий сэргэж, цэцэг навч дэлгэрч, мод нахиалж, зулзган модууд ургаж, нялх үрсүүд шинээр мэндэлж, дэлхий баясаж байлаа. Энэ жил дэлхийн хүн ам таван тэрбумд хүрч бид улам олуулаа болсныхоо баярыг тэмдэглэж байлаа. Дэлхий гэх ганцхан гэртээ хүмүүн бид эв нэгдэлтэй байж энх тунх, элэг бүтэн амьдрах дэлхийн иргэн бүрийн мартаж болшгүй үүрэг, эрхэм зорилго байгаасай гэж хүснэ. Би шилжих асуудлаа зохицуулчихсан, хаврын семестрийг дуусгаад л “мөнгөлөг Эрхүү” баяртай гээд л явахад бэлэн болоод байлаа.
1987 оны зургаадугаар сарын арван хоёрны өдөр, миний төрсөн өдрөөр АНУ-ын Ерөнхийлөгч Рональд Рейген Берлиний Бранденбургийн хаалган дээрээс ОХУ-ын удирдагч М.Горбачевт хандаж “Энэ хаалган дээр хүрэлцэн ир! Ноён Горбачев, энэ хаалгыг нээ! Ноён Горбачев, энэ хаалгыг тасдаж хая!” гэж уриалав. (Come here to this gate! Mr. Gorbachev, open this gate! Mr. Gorbachev, tear down this wall!)
Гэнэт яг энэ мөчид бичиж байхад “Love behind wall” буюу “ Хананы цаадахь хайр” гэдэг кино санаанд минь орж ирлээ. Тэр кинон дээр шавар хананы наана цаана шал хоёр өөр ертөнц, хүний амьдрал, ухамсар байгааг тов тодоор харуулахыг оролдсон, тэр хананы хоёр талд амьдарч байгаа хоёр залуу бие биедээ хайртай болж байгааг өгүүлсэн сонин бүтээл юм. Баруун Германы охин нь эрх чөлөөтэй зүүн Герман руу орж гараад байдаг гэтэл зүүн Германы манай залуу хайртай охин дээрээ очиж чадахгүй байдаг дүр зургийг өөрөөр хэлбэл хүний эрхийн асуудал ямар өөр төвшинд байгааг харуулж байлаа. Бид Сочигийн зүг нислээ. ИЛ62 гээд оросын хамгийн том онгоц, ар бөгснөөсөө онгойдог онгоцонд суугаад явав. Бараг найман цаг гаруй ниссэний дараа бид Сочид буув. Бөөн нар биднийг угтаж авлаа. Олон ч орны оюутан залуучууд ирж амардаг юм байна. Ихэнх нь онц сураад урилгаар ирдэг байв. Өдөрт заавал нэг тийшээ байгалийн үзэсгэлэнт газрыг үзэхээр явна. Даам, шатар их тоглоно. Арав хоног сайхан амарсан. Гэрийн зүг яарч байлаа.
Оч маань олон улсын харилцаа, хууль эрх зүйг судалж дипломат урлаг, эрдэмд суралцаж байлаа. Монгол Улсын гадаад бодлого, гадаад харилцаанд гарч буй үйл явдлууд бидэнд их сонирхолтой болж эхэлсэн байв. Оч их юм үзэж, их юм уншина, түүнийгээ надад ярьж өгнө. Би ч тэрийг нь их хөхиүлэн дэмжинэ. Яагаад гэвэл надад ярьж өгөхдөө тэр мэдлэгээ улам бататгаж байв. Жилээс жилд бид хоёр Монгол Улс хэдэн оронтой дипломат харилцаа тогтоох нь вэ гэж бараг тоолдог болов. Энэ жил БНМАУ АНУ-тай дипломат харилцаа тогтоогоод удаагүй байв (1987 оны 1 сарын 27) Монгол Америкийн дипломат харилцаа олон жилийн өмнө тогтох боломж байсан боловч тухайн үеийн ЗХУ-ын удирдлагууд Алс Дорнод дахь хүчний харьцаанд нөлөөлж магадгүй хэмээн болгоомжлон үзэж хориг тавьсаар 1987 оныг хүргэсэн гэсэн байх шүү. Дуншиж дуншиж 1987 онд АНУ-ын нийслэл Вашингтон хотноо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Ж.Шүлц \George P.Shultz, 1982-1989\, элчин сайд Р.Нямдоо нар БНМАУ, АНУ хоёрын хооронд дипломат харилцаа тогтоох тухай баримт бичигт гарын үсэг зурсан юм билээ. Мөн БНМАУ Бразил улстай таван сарын арван наймны өдөр дипломат харилцаа тогтоов. Монголчууд бид Бразилийн хөл бөмбөгийн багийн улаан дэмжигчид хэзээд байсан билээ.
Ардын хувьсгалын жаран зургаан жилийн ойн баяр наадам маш сайхан болж өнгөрөв. Дархан аварга Х.Баянмөнх улсынхаа их баяр наадмаар арав дахь удаагаа түрүүлж, наадамчин олныхоо магнайг тэнийлгэн баярлуулав. Ард түмэн үнэхээр сүр хүчийг бахдан баярлаж байлаа. Дархан аварга маань 1963 онд зодоглож, анх 1968 онд түрүүлснээс хойш ийнхүү олон жил дараалан түрүүлж, монгол бөхийн гайхамшгийг харууллаа. Х.Баянмөнх аварга дэлхийд эх орныхоо нэрийг цуурайтуулж 1978 оны Мюнхений олимпоос чөлөөт бөхийн төрлөөр мөнгөн медаль хүртэж. 1975 онд монгол бөх, монгол хүн дэлхийн аварга болов. Би Х.Баянмөнх аваргыгаа байнга хүндэлж, хайрлаж ирсэн, бага залуу байхаасаа. Тэр үед цөөхөн сайхан бөхчүүдтэй байсан юм. Миний хүндэлдэг бөхчүүд бол Х.Баянмөнх, Ж.Мөнхбат, Д.Цэрэнтогтох, Д.Хадбаатар, Б.Бат-Эрдэнэ нар юм. Одоо ч олон чадалтай, чансаатай, чармайлттай бөхтэй Монгол улс болсон байна билээ. Миний бодлоор нийгмээсээ түрүүлж сэтгэсэн хүн дээ.
Энэ жил Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын минь зүрхэнд тэнгэр өөд цойлсон алтан шаргал оройтой цагаан өргөө сүндэрлэн босож, нийслэл маань өнгө зүс нэмэв. Шинжлэх ухаан техникийн соёлын ордон (ШУТСО) ашиглалтад оров. Удалгүй бид соёлын төв өргөө гэж нэрийдэж билээ. Тэр үедээ төдийгүй одоог хүртэл хамгийн сайхан ордон хэвээр түүнийг давж баригдсан нэг ч ордон байхгүй билээ. Анх соёлын төв өргөөнд Оч бид хоёр залуухан “Харанга” хамтлагийг үзэж сэтгэл хөдөлж байсан, мөн тэр ордонд би ажил амьдралынхаа найман жилийг өнргүүлсэн нь саяхан мэт.
15. Дахин хамтдаа
“Тёплый Стан” метроны улбар шар шугамны хамгийн эцэст байрлах буудал. Энэ буудал дээр Очийн олон улсын эрх зүйн факультетийн оюутны байр байрладаг байв. Долоон давхарт байрлах Оч, Тэгшээ хоёрын өрөөнд орлоо. Манай өрөө Эрхүүгийн оюутны байрыг бодвол тохилог. Гурван өрөө айлын байрыг нэг нэг өрөөгөөр нь өгчихсөн, дундаа гал тогоо, жорлон ваннтай. Цоо шинэ югослав мебель ор, шкаф, ширээ, шүүгээтэй. Манай өрөөнд Оч, Тэгшээ хоёрын хоёр мебелэн хүрэн ор, нэг том мебелэн хувцасны шкаф, шүүгээ, хоёр хичээлийн ширээ байв. Бид хоёр доор агуулахаас Очийн хадгалуулсан хайрцагтай ном, бусад зүйлс, цагаан хэрэглэлээ аваад ирэв. Бид хоёрын хамгийн анхны хамтдаа амьдрах өдөр. Энэ жижигхэн өрөө бид хоёрын гэр. Оч хаашаа ч явах шаардлагагүй. Тэр жижигхэн өрөөнөөс бид хоёр цайгаа чанаж, гал голомтоо бадрааж, өнөр өтгөн болон хоёр хөөрхөн үрс минь мэндэлж, хорвоо дээр дөрвүүлээ болж билээ.
Хичээлийн жил эхэллээ. Оч сургуульдаа, би сургуульдаа оров. Оч бид хоёр “Юго-Западный” буудал хүртэл хамт яваад тэнд Оч буугаад, би цаашаагаа явдаг байв. Очийн хичээл хоёр, гурав гээд эрт тарчихна. Минийх өдөр болгон орой долоон цаг хүртэл ганц өдөр тав хүртэл хичээллэдэг байв. Нэг паар цаг гучин минут үргэлжилнэ, өдөрт дөрвөөс таван партай дундаа нэг цагийн зайтай тэр хооронд Москвагийн нэг булангаас нөгөө булан хүртэл эмнэлгүүдийн хооронд явна. Ихэнх мэргэжлийн дадлагын хичээлүүд эмнэлэг дээр орно. Нэгдсэн лекцүүд төв байранд ордог байв. Ёстой Москваг хөндлөн гулд явдаг байж билээ. Орой замдаа “Юго-западный” дээр уулзаад хамт харина. Оч намайг иртэл сургууль дээрээ номын санд суух, эсвэл, сагс тоглох, тэр хавийн дотуур байраар нэгнийдээ байх байдлаар цаг нөхцөөдөг байсан байх. Би Очийг байнга “сок авч өг” гээд л гуйгаад байна. Дандаа алимны өтгөрүүлсэн шүүс ууна. Манай хажуухан хүнсний дэлгүүрт алимны өтгөрүүлсэн шүүс зардаг байсан юм, их амттай. Тэгээд бүүр байнга “сок, сок” гэсээр байгаад би Очид “Сок” гээд нэр өгчихөж билээ. Түүнээс хойш би болон манай гэрийнхэн бүгд Очийг “Сок” гэж дуудна. Би “Сокуша” гэж ихэвчлэн дуудна. Одоо ч тэгж дуудна. Шинэ жил дөхөж байлаа, цас их орсон жил байв. Бие хүндрээд, хурдтай, удаан хугацаагаар, ялангуяа өгсүүр зам дээр явж чадахгүй Оч дандаа намайг хойноос түрж явдаг болов. Анхны хүүхэд болохоор, бид нарийн ширийн зүйл мэдэхгүй. Миний жин нэлээд нэмэгдэж байлаа. Аав, ээж хоёр тэр үед “Баянгол”-ын валютын дэлгүүрээс экспортод гаргадаг бие барьсан, нарийхан тайлтай нэхий дээл авч өгсөн байсан юм. Тэр дээл маань товчлогдохоо больж хэчнээн хүйтэн байсан ч задгай явдаг болов. Шинэ жил өнгөрөхөөр шалгалт, шүүлгээ өгчихөөд бид хоёр нутагтаа очиж, хуримаа хийхээр төлөвлөж байлаа. Аав, ээж, маам нар маань ингэж шийдсэн байв.
Сэтгэгдэл ( 3 )
unszixd taatai bla. eejni nairamdal duurg..n emnelegt ajillaj bsn nerni orj irdeggui ee. ix xoorxon xuuxen.
unszixd taatai bla. eejni nairamdal duurg..n emnelegt ajillaj bsn nerni orj irdeggui ee. ix xoorxon xuuxen.
Баярын татаасаар цагтаа жаалж явсан авгай даа.