ОЛОН ӨНГӨ: Замын багш

Админ | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

Хотоос замд гарах хүртэл дуу маань гарсангүй. Нэг мэдэхнээ л сүндэрлэх барилга сүмбэрлэх уулсаар солигджээ. Хэлбэр дүрс хэд хэчнээн гэх боломжгүй зүгээр л тэнгэр халхлах үүлс яг л миний сэтгэл шиг ойлгомжгүй. Дүрслэх урлагийн хичээл дээр өнгө уусган зурдаг байсан гурвалжин уулс энэ харагдаж байгаа уулс яг мөн өө. Түүнээс нааш өргөн тал үргэлжлэн машин замд тулж ирлээ. Цонхонд духаа наан эгц доош гадагш харвал жирэлзэн урсах зам яг л туулж өнгөрүүлсэн, яг одоо өнгөрч байгаа цаг мөч бүхэн шиг минь хайран санагдана. “Ямар сайхан юм бэ” гэж дуу алдмаар зураглалыг харсандаа сэтгэл нэгэнтээ уужирч тэнгэрээс эхэлсэн бодол минь өөр дээр минь хүрч ирлээ.

Би гэдэг хүн эрдэм номын мөр хөөж аав, ээж, нутаг ус, амраг садан ер нь тэгээд өөртөө байсан бүх зүйлээ орхиод хот газрыг зорьсон сон. Түүнээс хойш нутагтаа тоотой хэдхэн л очсон надад тэр бүхэн хэдийнээ минийх биш болсон мэт. Ээжийнхээ гуйлтаар дургүйхэн замд гарсан минь энэ.

Хэнтий явна гэсэн зарын дагуу нэг машинд суусан ч надаас өөр зорчигч байсангүй. Нутаг ус, ээж аавын тухай монголчууд ийм их дуулсан билүү гэлтэй машины хөгжим тасралтгүй эгшиглэнэ. Жолооч ах дуунд баясаж гэнэтхэн дагаж дуулна. Тэгснээ гэнэт намайг явж байгааг санасан уу яасан дуугаа намсгаж аялах төдий л дуугарна.

Тэгснээ хоолойгоо засаж ирээд өөрийгөө танилцуулснаа, залгуулаад миний нэрийг асуулаа. Би ч нэрээ хэлэх юм бол дараа нь бөөн асуултад хариулах болохоо мэдээд энэ удаа сонсоогүй мэт өнгөрөөлөө. Тэгсэн ч нөгөө ах үргэлжлүүлж ярьсаар. “Манай нутаг сайхан шүү тийм ээ, ах нь ээж дээрээ очих санаатай. Очихгүй нэлээд удаж” гэлээ.

Хотоос гарахаас өмнө намайг ээжтэй түр тар хийн ярихыг сонссон бололтой. Ах хүн л болсон хойно зааж сургах гээд л ингэж ярьж байна гэж бодон цонхноос харц буруулсангүй. Гэтэл тэр үргэлжлүүлэн “Үнэнийг хэлэхэд ахынх нь ээж өнгөрөөд таван жил болж байна. Ээж дээрээ очиж байгаа  гэж худлаа хэлсэн юм биш шүү. Ах нь ээжийнхээ төрөхөөсөө үхэх хүртлээ амьдарч, хань ижилтэйгээ таарч, үр хүүхэд биднийг өсгөж хүмүүжүүлсэн нутагт нь очиж байгаагаа ээж дээрээ ирж байна гэж өөрийгөө хуурдаг ухаантай” гэх нь тэр. 

Ингэж хэлээд дуугаа хураасан нь надад өөрийгөө буруутгах боломж өгч байгаа мэт. Энэ үед надад хүсээд ч дуугарах нүүр олдсонгүй. Харин би дотроо “Ээжээ охин чинь очиж байна шүү” гэж орилж байсан юм.

А.АЗЖАРГАЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top