Сонгуульд “мартаж” бэлдсэн нь...

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 20

УИХ-ын өчигдрийн /2019.12.19/ чуулганаар Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг батлах төлөвлөгөөтэй байв. Гэтэл Төрийн байгуулалтын байнгын хорооноос оруулж ирсэн санал дээр гишүүд зөрөлдөж эхэлсэн тул завсарлаад өнөөдөр үргэлжлүүлэхээр болсон. Парламентын найм дахь сонгуулийн өмнө найм дахь удаагаа өөрчлөгдөх гэж байгаа хуульд замын дундаас хэрэгтэй, хэрэггүй олон юм орсны балаг л даа. Саяхан Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа “Сонгуулийн аливаа хэлбэрийг хуулиар тогтооно” гээд засчихсан. Тэгэхээр цаашдаа ес дэх парламентын сонгуулийн өмнө ес дэх удаагаа, арав дахь сонгуулийн өмнө арав дахь удаагаа өөрчлөгдөөд явах байх. Хорлонтой нь сонгуулийн хуулийг эрх баригч бүр өөрчилсөн байдаг ч өөрсдөдөө ашигтай болгож чадаагүй юм. Гэхдээ “Халагдах цэргийн нүүр халуун савны дотор шиг эмзэг болчихдог” гэдэг шиг улстөрчид хуулиа өөрсдийнхөө санасанд хүргэж өөрчлөхгүй бол унтаж ч чадахгүй байгаа болов уу. Хуулийн төсөлд сонгуулийн тогтолцоо анх 50:26 холимог хэлбэрээр туссан байлаа. 50 нь тойргоос, 26 нь улс нэг тойргоос сонгогдоно гэсэн санаа. 2012 оны нам дугуйлсан пропорционалийн хүн дугуйлах хэлбэр нь ч гэж ойлгож болно. Энэ хувилбарыг МАН-ын Удирдах зөвлөл, УИХ дахь МАН-ын бүлэг өөрчилсөн хийгээд манай сонин өмнө нь тайлбарлаж байсан болохоор ингээд орхиё.

Харин өдгөө хэлэлцэж байгаа хувилбар бол томсгосон мажоритар юм. 1992, 2008 оны сонгууль ийм дүрмээр болж байлаа. 2012 оны сонгуулийн 48 тойрог ч бас энэ дүрмийг ашигласан. Аймаг нэг тойрог гэвэл илүү ойлгомжтой болох байх. Тухайн аймаг хэдэн мандаттайгаас шалтгаалж сонгогч төдий тоогоор санал өгнө. 2008 болон 2012 оны туршлагаас харах юм бол гар гараасаа бариад хамтдаа сонгогдохоор гарсан журмын нөхөд сонгогчид дээр очихоороо нэг нэг­­нээ далдуур хорлож, хожим заналт дайснууд болсон тухай жишээ их. Учир нь, өөрийнх нь намын дэмжигчдийн саналыг хуваах хамгийн том дайсан бол намынх нь хүн болчихоод байдаг зовлонтой. Жижиг тойргийг бодвол олон хүний санал авч гарах учраас ажиллагаа их шаарддаг. Тэр хэрээр нэр алдартай эсвэл хуучин УИХ-ын гишүүн байсан хүмүүс сонгогдох магадлал өндөртэй юм. Ийм ч болохоор УИХ-д 64 суудалтай эрх баригчид уг хувилбарыг барьж авсан биз. Үүнийг нотлох нэг зүйл бол сонгуулийн сурталчилааны хугацааг уртасгах битгий хэл улам богино болгох тухай яриад эхэлж. 2016 оны сонгуулийн сурталчилгааны хоног 18 байлаа. Жижиг буюу хэдэн сум эсвэл хороотой тойргийн хувьд боломжийн хугацаа. Харин одоо бол аймаг нэг тойрог гэж явна. Ийм тохиолдолд хорин хэдэн сумтай аймгийг 18 хоногт туулаад өөрийгөө таниулаад өрсөлдөнө гэдэг шинэ хүмүүст хатуу тусна. Сумын баг бүрээр ороод явж чадах ч үгүй. Үүнийг нь мэдсэн зориудын зүйл л дээ. Зориудын явдал ганц энэ ч биш. Жишээ нь, Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн сонгуулийн сурталчилгаа гэсэн бүлгийн 40.2.6-д Радио, телевизийн сурталчилгаа ашиглах гэж сонинг зориудаар орхигдуулсон байв. Тэгээд сурталчилгаагаа дараа нь устгаад алга болгох цахим сайт, сошиал сүлжээ, телевизийн дүрсээр явуулах нь. Баримтгүй баахан ярих гэсэн байж мэднэ. Сонин гэдэг хэвлэгдсэн л бол тэр чигтээ үлддэгээрээ онцлох мэдээллийн хэрэгсэл юм. Тийм болохоор хамгийн хариуцлагатай үг, баримттай материал хэвлэгддэг онцлогтой. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат санал гаргаж сонинг оруулсан байна лээ. Мөн телевиз, сониноор явуулах сурталчилгаанд хязгаар тогтоож, тухайн мэдээллийн хэрэгслүүд сүүлийн нэг жилд хэрэглэсэн үнийн тарифаа мөрдөх тухай хуулийн төсөлд орсон байв. Мэдээллийн сайт, сошиалыг бас л зориуд үлдээчихсэн байгаа юм. Үнэ төлбөрийн хязгаарлалтгүй, хуулиар зохицуулагдаагүй том сурталчилгааны орон зай гаргаж авах гэсэн хэрэг. Үүнийг нь ч санал гаргаж засуулжээ. Ажлын хэсгийнхэн нь “Өө мартчихсан байна. Оруулчихъя” гэсэн юм уу даа. Манайхан угаасаа их мартамхай. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглоно” гэсэн заалтыг санаачилж, уг хуулийн төслийн нэгдүгээр хэлэлцүүлэг дээр дэмжүүлж орхисон. Аль 2008 онд ийм асуудлаар Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргачихсан байдаг. Тухайн үед Цэцээс “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т “Нэр дэвшигч нь … дараах шаардлагыг хангасан байна” гээд 27.4.3-т “ялгүй байх” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсгийн “… төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй”, Хорин нэгдүгээр зүйлийн 3-т “УИХ-ын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөн байна. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3 дахь заалтын “ялгүй байх” гэснийг Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 4 дэх заалтыг үндэслэн 2008 оны тавдугаар сарын 14-нөөс эхлэн түдгэлзүүлсүгэй” гэж дүгнэсэн байдаг.

Ямартаа ч МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр чамгүй сандарч Төрийн ордноор орж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнтэй хүртэл уулзаад авсан. Тэрбээр “Энэ бол Н.Энхбаярт зориулсан заалт. Насан туршид минь ингэж яллаж болохгүй. Сонгуулийн хуулиар намайг шинээр яллаж, нэр дэвших боломжийг минь хааж болохгүй. Үндсэн хуулийн заалтаа харсан ч хүний эрхийг ингэж хохироож болохгүй. Өмнө нь энэ асуудал яригдаж, Цэц дээр маргаан үүсгэж байсан. Үндсэн хуулийн цэц энэ асуудлыг 2008 онд шийдсэн байдаг. Үүнийг гишүүдэд хэллээ” гэж гомдоллосон юм. Үнэндээ л тийм. Гол нь Н.Энхбаяртаа байгаа юм биш. Хүнийг ер нь нэг алдаагаар нь дүгнэж болдог уу. Тухайлбал, хүн төрөлхтний сод бүтээлийн нэг Виктор Хюгогийн “Шоовдор хүмүүс” гэж роман бий. Шоронгоос гарсан Жан Вальжан болоод мөрдөгч түшмэл Жавер гэж гардаг. Одоо энд номын тойм оруулалтай биш. Гишүүн өөрөө олоод уншчих байлгүй. Ер нь тэгээд авлига албан тушаалын гэмт хэрэгт шийтгүүлж байсан хүнийг АТГ-ын даргаар эсвэл татвар, гаалийн газрын даргаар томилчихвол энэ буруу. Томилогддог албан тушаалууд дээр ийм шаардлага тавих ч хэрэгтэй. Харин сонгууль гэдэг өөр зүйл. Тухайн хүний сайн, мууг иргэд дүгнэнэ. Үнэхээр л муу хүн бол яаж сонгогдох вэ дээ. Ард түмэн алдсан хүнийг уучлах уу, хэлмэгдсэн эсэхэд нь итгэх үү гэдэг тэдний л хэрэг. Тэгж яривал “тэдэн хувийн тэр” гэдэг хүртлээ алдаршсан мөртлөө ял зэм хүлээгээгүй хүн ч байж л байдаг.

Мартахын хувьд эмэгтэйчүүдийн квот бас нэг жишээ болно. Хуулийн төсөлд эмэгтэйчүүдийн нэр дэвших квотыг 20 хувь гээд оруулчихсан бай­гаа. Урьд нь 30 хувь байсныг 2016 оны сонгуулийн өмнө засахдаа ийм болгочихсон юм. Тиймээс ч эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөллүүд Төрийн ордны чуулганы танхимын гадна зогсолт хийж, квот нэмэгдүүлэхийг шаардаж, бас хувиараа гишүүдтэй уулзаж лоббидож байгаа харагдсан. Хэлэлцүүлэг дээр ч олон УИХ-ын гишүүн “Эмэгтэйчүүдийн төлөөлөл их байх нь зөв” тухай ярив. Гэх­дээ санал хураалт явуулахад мартсан. Энэ олон санамсаргүй алдаа, марталт том тойрог дээр л өрсөлдөх бэлтгэл юм даа. Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль өнөөдөр батлагдана. Сонгуулийн хуулийн сонин хачин ийм байна. УИХ-ын сонгууль ирэх зургадугаар сард болох ч сүнс нь хуулийн хэлэлцүүлгийн энд тэнд үзэгдлээ. Маргаашнаас биежээд янз бүрийн хэрэг тарих байх даа.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top