ОЛОН ӨНГӨ: Шүхэр

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 24

Орчлонгийн гэрэл гэгээ болсон охид гэдэг хэчнээн хайр татам, ариг энхрий  билээ дээ. Тэд минь айх айдасгүй, зовних аюулгүй нийгэмд аж төрж, сурч боловсорч ирээдүйд хэн болохоо тодорхойлж, төлөвших учиртай. Гэтэл нийгэм нь өөр болоод байна уу, охид нь нэг л “өөр” өсөөд байх шиг. Харанхуй үдшээр байшингийн булан тохойд бөртөгнөх залуухан охид хөвгүүдтэй нийлчихсэн шинэ жилээр тасартлаа ууснаа гайхуулан ярьж сонсогдох юм.

ТҮЦ-ний ар өврөөр бултагнах хөөрхөн охид цэцэгс илбэмээр энхрийхэн гартаа янжуур хавчуулчихсан сурмаг сорж үзэгдэх юм. Цайны газраар эргэлдэх жаалхан охид цүнхээ даахгүй хэр нь амандаа багтамгүй хараалын үгсээр биесээ сүлбэж харагдах юм. Тоглоом, наргиа, зугаа зуурхны зүйл байж болох ч ирээдүйд эх болох үрсэд даанч зохихгүй дутагдлын хажуугаар дуугүй өнгөрч боломгүй занг хөдөлгөж орхино. Аргадах, учирлахын завсраар ахсын сургаал айлдах гэхэд зарим нь зээр шиг цочоод цахилж одоход зарим нь өөдөөс үг сөрж, цэхэн хялан хийх янзтай. Ээж аав, эгч ахаараа үг хэлүүлж үзээгүй эмзэг танхи болохоор тэгдэг сэн үү, мэдэхгүй юм даа.

Юутай ч орчлонгийн гэрэл гэгээ болсон хайр татам, ариг энхрий  охидоо нийгмийн муу, муухай бүхнээс хаацайлж, хамгаалах шүхэр нь болчихоод бүгдийг нь дагаж, дагуулж явах сан гэж эмзэглэн, энхрийлэн, эвийлэн бодох юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top