ОЛОН ӨНГӨ: Байгаагаар нь хайрлая

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Ямар нэг шаардлагын үндсэн дээр хэн нэгнийг хайрлах нь байж боломгүй мэт надад санагддаг юм. Машинтай, байртай л бол хайрлая, өндөр туранхай л бол хайрлая, мөнгөтэй танилтай л бол хайрлая гэж бодоод байвал эцэстээ хэнийг ч хайрлаж чадахгүй. Хайрлахад шалтгаан хэрэггүй шүү дээ. Сэтгэл зүрхнээс ундарч хүчлэхгүй гарах сэтгэл бол хайр. Та хэн ч байлаа, ямар ч тодорхойлолттой байлаа өөрийгөө байгаа хэвээр нь хайрлаж, бусдыг ч байгаа хэвээр нь хүлээж авч хайрлана гэдэг сайхан.

Шөнө цас орсоор өглөөтэй золгоход тэр өдрийн цаг агаар олон хүний сэтгэлд гэрэл нэмдэг. Яг ийм өдөр өчигдөр тохиосон учраас тэр өдөр олж харсан хайруудын талаар бичмээр санагдлаа.

100 айлын шилэн гүүрний шатаар уруудаж буух өвөө 60 орчим насны эхнэрээ халтирах вий гээд гараас нь хөтөлж, тохойноос нь түшиж байх юм. Автобуснаас буух гэж байгаа дунд сургуулийн хүүхдүүд үерхэж байгаа л бололтой “Чи энэ ороолтоо зүү, үгүй чи зүү” гэцгээж байх юм. Дүүгээ сандал дээр суулгачихаад гуравдугаар анги л бололтой жаахан хүү тортой юм өргөчихсөн хажууд нь зогсоно. “Ээж ээ би 2020 он болж байгаа” гээд оны тухай шүлэг унших цэцэрлэгийн охиныг ээж нь энхрийлэн үнсэнэ.

Өчигдөр миний түр саатан анзаарсан өөрийн мэдэлгүй л сэтгэлээс гарах эдгээр бяцхан үйлдлүүдээс хайр эхэлж байгаа гэлтэй. Хайрыг бий болгох, эрж хайх шаардлага байхгүй юм шиг. Тэднийг харахад хайр өөрөө л бий болдог бололтой шүү. Гагцхүү бий болсон хайруудаа цэцэг шиг усалж, тордож арчлах хэрэгтэй.

Инээмсэглэн алхах олныг хараад “Хэлэхийг хүссэн хэлж чадаагүй үгсээ одоо л хэлэх сэн. Өдөр бүр шинээр дурласан юм шиг хайртай хүмүүсээ хайрлах сан” хэмээн агшин бүрт бодож явав. 2019 онд юу хийлээ гэхээс илүү хэнийг хайрлалаа, яаж хайрлалаа ч гэж бодов. “Уйлах хэрэггүй, инээх хэрэггүй, үзэн ядах ч хэрэггүй. Гагцхүү ойлгож үз” хэмээн XVII зууны үед амьдарч байсан нэгэн философич хэлсэн байдаг. Энэ үгийг сэтгэлдээ тунгаан хайрлаж байгаа хүмүүсээ ойлгож цаашдаа ч үргэлж, үүрд хайрласаар байхыг танд хүсье.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.103.37) 2019 оны 12 сарын 26

нээрээ л тийм дээ

0  |  0
Top