Британийн дипломат алба ногоон алба болно

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 26

Британийн  дипломатууд байгаль орчныг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулах зорилгоор цахилгаан автомашин хэрэглэхээр болжээ. Парк шинэчлэл нь Британийн дипломат албыг дэлхийн хамгийн экологийн цэвэр алба болгох хөтөлбөрийн нэг хэсэг юм гэж Нэгдсэн Вант улсын Гадаад хэргийн яам пүрэв гарагт мэдээлжээ. Их Британийн гадаад улс орнуудад суугаа 30 дипломат төлөөлөгчийн газарт цахилгаан Jaguar I-Pace автомашинуудыг илгээж, цэнэглэх төхөөрөмжүүдийг суурилуулах гэнэ.

Тус улсын Гадаад хэргийн яамны ажлын хэрэгцээний автомашинуудын 25 хувь нь 2022 он гэхэд нүүрсхүчлийн хийн тэг ялгаруулалттай байх бол 2030 он гэхэд 100 хувь экологийн цэвэр автомашин ашиглах гэнэ. Түүнчлэн, Британийн дипломат төлөөлөгчийн газрын байрнуудын дээвэр дээр нарны зай суурилуулж, хуванцар аяганаас бүрэн татгалзахаар төлөвлөжээ. Их Британийн ГХЯ дэлхийн хамгийн “ногоон” дипломат алба болохоор зорьж байгаа бөгөөд цахилгаан автомашинд шилжсэнээр энэ зорилгод хүрэх боломж нээгдэнэ гэж Их Британийн гадаад хэргийн дэд сайд Саймон Макдоналд онцолжээ.

Энэ оны зургаадугаар сард тухайн үед ерөнхий сайдын албыг хашиж асан Тереза Мэй 2050 он гэхэд Нэгдсэн Вант улс хүлэмжийн хийн ялгаруулалтыг тэглэсэн “Их-7” бүлгийн анхны улс болно хэмээн мэдэгдэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top