ОЛОН ӨНГӨ: Ирж буй он жилүүд

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 31

Нэгэн оны хуудас эргэж нэгэн оны хуудас нээгдэж байгаа энэ торгон мөчид 2019 онд юу хийж бүтээв гэдгээ эргэн харцгаая. Нэг л хэвийн мэт санагдах энэ амьдралын өдөр бүр өөр, өөр өнгөтэй байсан байж таарна. Зарим өдөр нь сэтгэл хөнгөн дүүлэн нисэж, дуу аяланхан, орчлон хорвоогийн энэ амьдралыг хувьхан заяаны хишиг хэмээн залбирах, зарим өдөр нь битүүхэн гуниглан, нар сарны хооронд унтах, идэхийн төлөө мэт учир утгагүй үймэлдэх үй түмэн хүмүүсийн нажидтай, эцэс төгсгөлгүй эргүүлэгт амьдралаас зугтмаар санагдах.

Эсрэг тэсрэгцлийн дунд элээсэн өдөр хоногууддаа юу үлдээв? Гомдол цөхрөл үү, баяр баясал уу, тайтгарал ухаарал уу, үзэн ядалт уу, атаа жөтөө юу, уур хорсол уу, уучлал өршөөл үү? Хүмүүний сэтгэлд бүтээсэн энэ бүхий л зүйл үнэндээ өөрөөсөө ургуулсан өөрийгөө л хэмлэх хоосон зүйлс. Өдөр хоног, цаг хугацаа ч гэж үгүй. Хүмүүний л зохиосон тоолол. Тэгэхээр юу бодит үнэн юм бэ? Бодит үнэн гэвэл хүн төрөх нь үнэн, үхэх нь үнэн. Энэ үнэн дунд туучихдаа эргээд уулзахад нэр бүтэн, нүүр бардам, хэн нэгнийг хэмлэж өвтгөөгүй, хэн нэгний нулимсыг үзээгүй, хэн нэгнийг өөрөөсөө дорд үзэж, баянд бөхийж, барлагт дээрэлхээгүй, түрхэн зуурын нэр алдар, эд мөнгөний төлөө хүн чанар, мөн чанараа арилжаагүй байх нь л үнэнд дүйцэх хэмжүүр.

Он жилүүдээ эргээд бодоход сэтгэл тань хөндүүрлэн эмзэглэж, шархиран шаналж байна уу, аль эсвэл дүүрэн бялхаж, өег хангалуун байна уу? Алин байсан ч хүн бүр бүхнийг чин үнэн сэтгэлээсээ хийж, бүхий л хүмүүст чин үнэн сэтгэлээсээ хандвал нийгэм тэр чигээрээ сайн сайхан болох сон. Ирж буй он жилүүд ийм л байгаасай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top