Д.Ганхуяг: Төр МУУ МЕНЕЖЕР БИШ гэдгийг хамт олноос минь харж болно

Автор | Zindaa.mn
2019 оны 12 сарын 30

Энэ удаагийн “100 АСУУЛТ” нэвтрүүлгийн шинэ дугаарын зочноор "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг уригдан оролцлоо.


-Юуны өмнө урилгыг минь хүлээж авсанд баярлалаа. Шинэ жил сайхан уу, сайхан баярлаж байна уу?

-Сайхан баярлаж, энэ жилийн шинэ жил өргөн дэлгэр болж байх шиг байна.

-Та гэр бүлээ танилцуулахгүй юу?

-Би эхнэр, дөрвөн хүүхдийн хамт амьдардаг. Манай хоёр хүүхэд БНХАУ-д сурдаг. Хэл сурах сонирхол, бие даах чадварт нь анхаарч байна. Манай бага хүүхэд цэцэрлэгт явдаг. Эхнэр маань хувиараа ажил эрхэлдэг.

-Хүн бүрд хэлэх дуртай үг байдаг. Таны хэлэх дуртай үг юу вэ?

-Сайн санааны үзүүрт тос гэдэг үг бий. Сайн санаж, төлөвлөсөн зүйлээ хэрэгжүүлэхээр зориход бүтэхгүй зүйл гэж байдаггүй. Эзэн хичээвэл заяа хичээнэ гэдэг. Бодит амьдралаас бий болсон сургамж болохоор үгсийг залууст хэлж, зоригжуулах үүднээс сонирхдог. Энэ маань салбартаа минь холбоотой гэж хэлж болно.

-Таны багадаа хүсэж, мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?

-Би их спортын гэр бүлд өсөж, торнисон. Манай аав боксын олон улсын хэмжээний мастер хүн байсан. Маш олон шавьтай. Шавь нар нь гэр орноор их орж, гардаг. Ер нь бол спортын хүмүүжлээр хүмүүжсэн. Энэ ч утгаараа тэсвэр хатуужилтай өссөн. Би бодохдоо цэргийн хүн болохыг мөрөөддөг байсан. Их аятайхан, цэгцтэй болчих юм болов уу гэж боддог. Тиймээс ч хуульч мэргэжил эзэмшсэн.

-Ямар спортоор түлхүү хичээллэдэг байв?

-Ширээний теннис. Ер нь бүх спортыг л оролддог.

-Одоо ширээний теннис тоглодог уу. Цаг зав нь гарахгүй байна уу?

-Сүүлийн хоёр жил хичээллэж чадсангүй. Боломж олдвол сард хоёр, гурван удаа тоглодог. Жаахан дуртай гэх үү дээ. Яах вэ, контактын спортод жаахан хэцүү болоод байна. Бэртэж, гэмтэхээс эхлүүлээд л хэцүү. Санаа бол байгаад байдаг юм. Сүүлийн үед залуус спортоор хичээллэхдээ мэргэжлийн түвшинд хичээллэдэг болсон байна. Энэ нь ч гэсэн бидний үетэй харьцуулж, хичээллэхэд хэцүү болсон байна.

-Бухимдлаа хэр их тайлж байна вэ?

-Ажилтай холбоотой бухимдал бол байдаг. Дээр нь нийгмийн бухимдал бол бий. Гэхдээ тэр болгоныг гаргаад байдаггүй шүү дээ. Харин өөрийн ажил, хөдөлмөрөө хийж байхад үнэхээр болж, бүтэхгүй зүйл олон тохиолдол. Хэлсээр байтал цаг хугацаа хоцроосон, илт хийгээд гаргачих зүйлийг цаг хугацаа алдсан зэрэг зүйл бол бий. Гэхдээ эхлээд бухимдлын эзнийг нь тодорхойлох ёстой. Тэр хүнтэйгээ уулзах хэрэгтэй.

-Их л ажилтай харагдах юм. Өдөрт төлөвлөсөн ажил нь цаг хугацаандаа багтаж байх юм уу?

-Ажлаа долоо хоногоор төлөвлөдөг. Долоо хоногийнхоо ажлыг өдөр, өдөрт нь хуваана. Уулзалтын цаг мягмар, пүрэв гарагаас өөр олддоггүй юм. Даваа гарагт төрийн байгууллага бүх шатандаа ачаалалтай байдаг. Мягмар гарагт олон ажлыг амжуулна. Лхагва гарагт засаг, төртэй ажил их байдаг. Бямба, ням гарагт уулзалт, зөвлөгөөнийг амжуулах тохиолдол бий. Их энгийн зүйл шиг болж дээ.

-Уурхай руугаа хэр их очиж байна вэ?

-Сард хоёр, гурван удаа очдог. Зарим үед гэнэтийн ачаалал, ажил ялангуяа сарын сүүлчээр тайлан, төлөвлөгөөтэй холбоотой бол шахуу ажиллана. Ер нь, оны эхэнд их ажиллана. Манай уурхай тасралтгүй 24 цаг ажилладаг. Энэ ч утгаараа төв дээр ч гэсэн тасралтгүй ажиллахыг шаарддаг. Хэдийгээр эндээс дотоод сүлжээгээрээ ажилладаг ч гэсэн газар дээр нь очиж ажиллах шаардлага байдаг.

-Таны хамгийн аз жаргалтай байсан үе хэзээ вэ?

-Оюутан нас. Идэвхтэй оюутан байсан. Би МУИС-ийн Хууль зүйн сургуульд их хүсэж орсон. Цэргийн албаа хаачаад Эрдэнэт хотод очиж нэг жил ажилласан. Манай өвөө сургуульд сурах боломж байна, Эрдэнэтэд конкурс олон удаа өгсөн ч бүтээгүй. Аймгаас ялангуяа хуультай холбоотой мэргэжил авна гэдэг бол хэцүү. Өрсөлдөөн ихтэй байдаг. Үүнээс гадна захиалгаар хуваарь авчихдаг. Одоо ч гэсэн ийм зүйл байгаа л юм билээ. Хүний амьдралыг шийддэг чухал мөч атлаа шийдлээ олоогүй байна гэдэг бол нэг талаараа харамсалтай. Өөрийгөө илэрхийлэх, ном унших сонирхол их байсан. Сургуульд орсон, ороод хоёр жил хичээсэн. Тэр үед шатар тоглож, ном их уншдаг байсан. Хуулийн ном их уншсан. Их дурлаж орсон ч гэсэн хуулийн чиглэлээр ажиллаагүй.

Оюутан байхдаа Худалдаа аж үйлдвэрийн танхимд ажил хөдөлмөр эрхэлж, сурахын хажуугаараа өөрийгөө хөгжүүлж байсан. Үнэхээр цаг наргүй, хүч хөдөлмөр гаргасан, хамгийн гол нь өөрөө дуртай байсан болохоор их хичээж зүтгэсэн он жил байсан гэж боддог.

-Та төрийн томоохон аж ахуйн нэгжийн захирал. Энэ ч утгаараа гадна, дотнын их олон хүнтэй уулздаг байх. Анх хүнтэй уулзахдаа юуг нь харж, дүгнэдэг вэ?

-Биеэ авч явж байгаа байдал болон сэтгэл хөдлөлийг нь эхэлж хардаг. Сандал дээр суухаас эхлээд өөрийгөө илэрхийлж байгаа байдал, асуудлын гүн рүү орж байгаа зэрэг хандлага их чухал байдаг. Даруухан, дөлгөөхөн хүмүүс их бий. Ялангуяа гаднын олон жил үйл ажиллагаа явуулчихсан зөвлөхүүд их байдаг.

-Авлига, хээл хахуулийн асуудлыг хэрхэн дүгнэж, хардаг вэ?

-Зохион байгуулалттайгаар ашиг, сонирхлын зөрчил бий болгож үүсгээд, түүнээсээ урьдчилж бэлтгэсэн ажил дээрээ сонирхол бүхий этгээдүүдийг оруулж ирж шахалт үзүүлэх хэлбэрээр тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө бий болгож авах хэлбэр гэж хардаг. Агуулгын хувьд зохион байгуулалттай л хийж байгаа зүйл юм. Өөртөө илүү орлого, ашиг бий болгохоор хийж байгаа л үйлдэл гэж бодож байна.

-Яавал багасгах, өөрчлөх ёстой юм бэ?

-Сэтгэлгээний хандлагыг өөрчлөх ёстой. Хууль, эрх зүйн орныг нь чангатгах хэрэгтэй. Ялангуяа авлигад өртөх өндөр албан тушаалтай хүмүүсийн жагсаалтыг гаргах шаардлагатай. Тэднийг авлигаас яаж хамгаалах вэ гэдгээ тодорхой, хяналт байх ёстой юм. Нөгөө талаараа авлигад өртөж, байцаагдаж байгаа хүмүүсийг харахад ихэнх нь багш нар байна. Хүч тарамдаж хөөцөлдөх авлигын шинжтэй жижиг гэмт хэрэг түгээмэл байна. Үүнийг эрсдэл талаас нь харж үзэх ёстой гэж боддог. Эрх зүйн шинэчлэлт хийх ёстой.

-Танд үлгэр дуурайлал авахаар ямар хүн байна вэ?

-Олон ахмад байна. Бас урлаг, соёлын томчууд байна. Ялангуяа би Н.Жанцанноров гуайг их хүндэлж явдаг. Тэр хүний хийж бүтээсэн, хүлээн зөвшөөрөгдсөн байдал нь хөдөлшгүй. Энэ хүнийг хайрлаж, хүндэлж явдаг.

-Эмэгтэй хүний ямар зан, чанар таалагддаг вэ?

-Эр, эм гэлтгүй хүний байгаагаараа байх шиг сайхан зүйл байхгүй. Миний амьдралдаа баримталж явдаг зүйл. Гэхдээ хүн 10 жилд байсан шигээ байна гэж байхгүй л дээ. Тэр болгон төрөл арилжсан юм шиг өөрчлөгдөөгүй гэж өөрийгөө боддог. Хүн өөрийнхөө дотор бодсон зүйлээ тэр хандлагаараа илэрхийлэх шиг сайхан зүйл байхгүй. Хүн бодсон бодлоо шууд л илэрхийлж байх хэрэгтэй. Энэ нь нөгөө хүнд цаг хугацаа хэмнэх боломжийг олгоно.

-Таны сурч байх хугацаанд тань санаанаас гардаггүй дурсамжтай ямар сайхан зүйл тохиолдож байсан бэ?

-Сурна гэдэг бол хариуцлага юм. Би ах Худалдаа аж үйлдвэрийн танхимд С.Дэмбэрэл дарга дээр ажил цаг, нартай явдаг гэдгийг мэдсэн хүн юм. Тэр үед эдийн засаг, нийгэм, байгаль орчин гэдэг дээр нийгмийн харилцаатай бодлогын бичиг, баримт дээр ажиллаж байсан юм. Тэр үед би гуравдугаар дамжааны оюутан байлаа. Нэлээн юм уншиж, харчихсан гэж өөрийгөө ойлгодог байсан үе. Юм бичиж боловсруулах, төвлөрч унших, стандартын бичиг баримт боловсруулж гаргах чадварыг тэндээс сурсан. Олон ч сар, олон ч хоног нойргүй хоносон. Нүдэн дээрээ олон ч бичиг, баримт уруулсан даа. Тэгэхэд анхны цалингаа авч, сургалтын төлбөрөө хийсэн үе маш гоё л доо. Тэр үе маань огт мартагддаггүй юм. Ямар ч байсан ээж, аавыгаа баярлуулж байсан гэж ойлгодог.

-Амласан амлалтдаа хэр хүрдэг захирал вэ?

-Ер нь, хүрэхийг хичээдэг. Мэдээж системтэй зүйл. Ганц Б.Ганхуяг ажиллаагүй, бүхэл бүтэн баг ажиллаж байна. Энэ бүх зүйл орж ирсэн төлөвлөсөн ажил явагддаг болохоор цаг хугацаатай. Энэ 2019 оны хувьд төлөвлөгөөгөө хангасан. Хувь хүн талаасаа амлавал хэрэгжүүлье гэж боддог, хичээдэг. Жижиг гэж хэлэхгүйгээр амласан л бол түүнийгээ биелүүлэхийг хүсдэг. Гэхдээ хувь хүний цэвэр хариуцлагын асуудал байдаг болохоор хариуцлагатай хандахыг хичээдэг.

-Хамгийн сайхан баяр ямар баяр байна вэ?

-Наадам шүү дээ. Зуны улиралд их дуртай. Бодол санаа ч тэнүүн сайхан байдаг.

-Хэр сайн аав бэ?

-Боломжийн аав шүү.

-Цаг зав хэр зарцуулж байна вэ?

-Бодсон хэмжээнд бол биш байна. Их ачаалал, хариуцлагатай ажил хийж байгаа болохоор тэр болгон чаддаггүй байж мэдэх юм. Гэхдээ аль болох цаг зарцуулахыг хичээдэг. Хүүхдүүдтэйгээ цуг байхыг боддог. Гэр бүл гэдэг их чухал. Нэг номерын зүйл юм. Тэндээс би өөрийгөө цэнэглэдэг. Гэр рүүгээ яардаг.

-Тун удахгүй он солигдоно. Гэр бүлтэйгээ хэрхэн баярладаг вэ?

-Оныг гэр бүлтэйгээ цуг угтдаг. Сүүлийн хоёр жил хоёр хүүхэд маань алга. Он солигдох мөчид унтаагүй байх ёстой гэдэг зарчимтай. Энэ бол ховор мөч шүү дээ.

-Дэлхийн ирээдүйн хөгжилд уул уурхайн салбар ямар нөлөө үзүүлэх вэ?

-Тодорхой байр суурьтай байх нь тодорхой. Гэхдээ өнөөдрийнх нь зонхилохгүй байх гэж боддог. Манай хамт олон 2019 онд маш олон эрдэм шинжилгээний байгууллагатай санамж бичиг байгуулсан. Эцсийн бүтээгдэхүүн боловсруулах тал дээр эрдэмтдийн багийг дэмжих тал дээр анхаарч ажиллаж байна. Нүүрснээс ямар эцсийн бүтээгдэхүүн гарч байна вэ гэдгийг судлуулж байна. Дэлхийн чиг хандлага бол мэдээлэл, технологийн хөгжил давамгайлж байна. Өглөө сэрэхэд л мэдээлэл, технологийн нэг шинэ зүйл нээгдэж байна. Тэр болгон нь бидэнд маш олон сувгаар ирж байгаа болохоор алийг нь авах, авахгүйг хэрэглээнээсээ шалтгаалаад хязгаарлагддаг. Мэдээлэл бидэнд байгаа боловч яг шинжлэх ухааныг нь судлахгүй байна. Хэт бүдүүн хөгжөөд л яваад байна. Мэдээлэл, технологийн салбараа сайн хөгжүүлэх хэрэгтэй.

-Шүүмжлэлийг хэр хүлээж авдаг вэ?

-Авна. Би харьцангуй нээлттэй хүн. Тиймээс ямар асуудал байна, асуудал байвал хэлчих, битгий тойроод хугацаа алдаад байна гэдэг шаардлага их тавьдаг. Тийм ч болохоор ажилчид шат дамжлага гэхгүйгээр надтай шууд ярьчихдаг байх гэж бодож байна. Шүүмжлэлийг хүлээж авдаг. Гэхдээ хүн ирж шүүмжлэхээс илүү би өөрөө нэхээд авчихдаг.

-Таны аав, ээжийн захиж хэлж байсан сургаал юу вэ?

-Манай аав спортын хүн. Нэг их илүү дутуу зангүй хүн байсан. Хүүхдүүддээ нэг л зүйл хэлдэг. Зорилгоо тодорхойл, энэ дэлхийд зорилгогүй хүн гэж байдаггүй. Зорилгоо тодорхойлчихсон бол түүнийхээ хойноос л яв. Битгий илүү, дутуу салаа замаар орж гар гэж хэлдэг байсан. Би тэнд хүрнэ гээд бодсон л бол тэрнийхээ төлөө явах ёстой. Тэр зорилго чинь чамайг зөв замд хөтөлнө. Би зөв гэж бодсон зүйлийнхээ төлөө л явж байна. Энэ Таван толгой ордтой 2007 оноос зам нийлсэн. Хэцүү замыг туулсан. Өнөөдөр гэрэл, гэгээтэй зүйлд хүрсэн. Одоо яах вэ гэдэг асуулт байна. Үүнийг зөв замд нь оруулахын төлөө би явна. Хамт олондоо ч гэсэн үнэнч яваад дуусах ёстой.

-Та маш их уурлахаараа яадаг вэ?

-Биеэ барьдаггүй, гэхдээ барихыг хичээнэ. Ямар тохиолдолд уурладаг вэ гэхээр маш ойлгомжтой, энгийн, хэн ч хийчих зүйлийг хийхгүй байдаг, хойш нь тавьдаг, албаар удаашруулдаг, саад болдог зүйл байна. Энэ бол эрсдэл. Компанийг эрсдэлд оруулах үйлдэл гаргасан бол бухимддаг. Тэр хүнд нь шууд хэлдэг.

-Таны сонсохыг ч хүсдэггүй дургүй үг юу вэ?

-Бий бий. Хүмүүс шагнал их авдаг. Шагнал авчаад “Энэ бол намайг биш хамт олныг маань шагнаж байгаа юм” гэж хэлдэг. Тэр үгийг сонсохоор дотор зураад л явчихдаг.

-Яагаад тэр вэ?

-Өөрөө л хөөцөлдөж байгаа авч байгаа шүү дээ. Өөрөө авахаа ч мэдэж байгаа биз дээ. Хүн өөрийгөө мартаж болохгүй. Миний үүнийг үнэлчихлээ зэргээр бодож, ярьж байх хэрэгтэй.

-Та шагнал авбал юу гэж хэлэх вэ?

-Ямар учраас шагнал авав гэдгээ мэдэх ёстой. Түүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Намайг хүлээн зөвшөөрөөгүй байхад шагнал өгөх нь хэнд хэрэгтэй юм. Би “Алтангадас” одонгоор шагнуулж байсан. Оюутны байгууллагын шинэ үеийн сэргэн, мандалтыг байгуулахад өөрийн хувь нэмрээ оруулсан гэж олгосон. Тэр үг нь надад таалагдсан. Нээрээ л 2000 он гэхэд оюутны сэргэлтийн үе байлаа шүү дээ. Оюутны сургалтын хөтөлбөрт өөрсдөө саналаа өгдөг болсон. Боловсролын түвшинд оюутны оролцоог хангаж чадсан. Ингээд бодохоор энэ чинь шагнал байж болно. Миний хийсэн зүйлийг шагнасан. Энэ бол бодитой зүйл юм.

-Таны тэвчихэд хамгийн хэцүү зүйл юу вэ?

-Мэдсээр байж худлаа ярьдаг хүн. 2007 оноос хойш Таван толгой төсөлтэй холбоотой таван хүний нэг нь юм. 2009 онд лицензээ хүлээж аваад 2010 онд анхны гэрээ барьж, ажлаа эхлүүлж байлаа. Өнөөдөр ажиллаж байгаа 800 хүнийг би мэднэ. Мэдсээр байж худлаа ярьдаг. Мэдсээр байж ажил хийдүүлээд цалин аваад явдаг залуус бий. Үүнийг нь мэдсээр байж хамгаалдаг хүмүүс. Ийм зүйлд дургүй, үзэн яддаг.

-Таны очих дуртай газар юу вэ?

-Хөдөө явах дуртай. Жилд нэг удаа Хөвсгөл бол явна шүү. Их гоё байдаг юм.

-Та хэр шударга хүн бэ?

-Өөрийгөө шууд шударга гэж хэлдэг хүн ховор байх. Гэхдээ сайхан итгэл, зүтгэл бол байна.

-Ямар үед өөртөө итгэлтэй байх юм бэ?

-Хариуцлагаа ухамсарласан үедээ итгэлтэй байдаг. Хариуцлага хүлээх чадвартай боллоо гэдгээ мэдсэн үед. Би 2018 онд өндөр итгэл үнэмшилтэй байсан. Компани Төлөөлөн удирдах зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг 100 хувь биелүүлэх юм байна, 2019 он ч адилхан. Өнгөрсөн онд 100 хувь биелүүлсэн. Бид 630 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байсан бол 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан нь үнэн. Энэ онд 800 орчим тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах байсан бол 1.1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар ажиллаж байна. Давуулан биелүүлж байна гэсэн үг. Энд итгэл, үнэмшил байсан болохоор уурхайчдадаа итгэсэн. Одоо төлөвлөгөө, ажлаа хийчихсэн хүмүүс байна. Одоо хийж байгаа үйлдэл болгон нь эх орныхоо төлөө хийж байгаа зүйл юм.

-Танд хандаж бусдын хэлж байсан ямар сайхан үг байна вэ?

-Олон хүнээс олон сайхан үг сонсдог. Ялангуяа төр, нийгмийн болон бизнесийнхэн нэлээн зүйл хэлдэг. Ер нь, олон нийтийн байгууллага төр биш, төр бол сайн менежер биш гэж хэлдэг байсан. Одоо энэ үгний эсрэг үйлдэл нь би болоод байна л даа. Төр бол итгэл, сэтгэл байгаад нэг хамт олныг зорилготой болговол үр дүнд хүрдэг юм байна гэдгийг баталсан. Төр муу менежер биш гэдгийг манай хамт олноос харж болно. Тэгэхээр төрд бүх муу зүйлийг нааж, түүгээрээ дамжиж хамааралгүй болгоод хувийн бизнес болгох сонирхол давамгайлсан үг их ирдэг байлаа. Одоо хийгээд зүтгээд явахад маргалдахгүй байна. Гэхдээ үр дүнг цаг хугацаа харуулна. Энэ ч утгаараа манай хамт олон маш том хүлээлтийн доор байна. Төр муу менежер биш гэдгийг хамт олон минь харуулж байгаа юм.  Энэ оны өнгөрсөн тавдугаар сараас дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унасан. Өнөөдөр 26 ам.доллароор унасан. Бид 71.7 ам.доллароор зарж л байна. Учир нь, бидний худалдан авагчид баталгаатай, тогтвортой. Тэднийг бид сонгон авч чадсан.

-Та Таван толгой төсөл дээр ажиллаж байсан. Тухайн үед ажиллаж байхад төсөөлөл бол байсан байх. Яг одоо тэр үеийн төсөөлөлтэй харьцуулбал?

-Зөв замдаа орсон. Ирээдүй үнэртэж байна. Ирээдүйгээ гартаа барьчихлаа гэхэд болно. Таван толгой дээр 2012 онд стратегийн хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах тендер болж байсан. Дэлхийн томоохон уул уурхай болон ижил төстэй хөрөнгө оруулагч банктай нийлсэн 12 газар өрсөлдөж байсан. Дөрвөн компани шалгараад явж байхад нь би ч байсан, гал тогтоог нь бариад шүү. Тэр үед компанийг 3.7-24 тэрбум ам.доллароор үнэлж байсан. Харьцангуй ойлголт байгаа биз дээ. Тийм хэмжээний зөрүүтэй байсан тоо. Дээр нь компани санхүүгийн чадамжгүй байсан үе. Борлуулалтын орлого байхгүй, боловсон хүчин нь бэхжээгүй байлаа л даа. Нөөцийн нэгдсэн тайлан байхгүй байлаа. Засгийн газар нь ойлголтгүй, УИХ нь олон санаатай. Одоо бол энэ бүх зүйл алга болсон. Засгийн газар нь бүх тогтоол шийдвэр гээд ажиллах орчныг нь бүрдүүлж өглөө. УИХ нь 100 хувь шийдэж өглөө. Үндэсний аюулгүй байдал нь ойлголттой боллоо. Санхүүгийн хувьд гадаад, дотоодын ямар ч өргүй боллоо. Дээр нь компани 1 их наяд төгрөгийн цэвэр ашигтай болж ирлээ. Ингээд бодохоор ямар ч аж ахуйн нэгж сонирхоно. Гэхдээ хэзээ үнэ цэнэ хүрэх үү, үгүй юу гэдгийг сайн нарийн хэмжинэ. Зөв замдаа орсон л гэсэн үг. Үүнийг л бид хүсэж байсан гэхэд болно.

-Таван толгойн төслийн хэрэгжилтэд улс төр нөлөөлдөг үү?

-Нөлөөлсөөр ирсэн. Гэхдээ энэ парламентын үеэс гаагүй болж байна. Ер нь бол бизнесийн зүйлийг бизнесийнх нь зарчмаар явуул, олон улсын нээлттэй аж ахуйн нэгж болох ёстой, хараат бус зөвлөх захирал байх хэрэгтэй, олон улсын томоохон хөрөнгө оруулагчид өөрсдийнхөө баталгаатай хөрөнгийг хийгээд энд улс төрөөс нөлөөгүй байх бизнесийн шийдвэрийг УИХ-аас гаргасан. УИХ-ын 73 дугаар тогтоол болон Засгийн газрын удаа дараагийн тогтоолын дагуу бид “Эрдэнэс Тавантолгой майнинг” гэдэг компанийг байгуулж, зөвхөн нэг лицензийг нь олон улсын зах зээлд гаргахаар бэлтгэл ажлыг нь хангаад дууслаа.

-Нүүрсийг төмөр замаар зөөхийн сайн, ашигтай тал нь юу байх вэ?

-Захын нэг жишээ. Одоо нэг тонн нүүрсийг 28-32 ам.доллароор тээвэрлэж байна. Тавантолгойн-Гашуун сухайтын төмөр замаар тээвэрлэснээр найман ам.доллар болно. Энэ хэмжээгээр ашиг өснө, энэ хэмжээгээр хэмнэнэ. Ингэж ойлгох хэрэгтэй. Төмөр зам бол зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ ганцхан гарцтай төмөр замтай байна гэдэг эрсдэл. Өнөөдөр манайх ганцхан гарцтай авто замтай. Тэр хаах юм бол бүх зүйл зогсдог. Хятадын талаас шийдээд л явдаг. Тэгвэл Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлээс гадна хэд, хэдэн гарц нээж байж чөлөөт өрсөлдөөнийг бий болгоно. Одоо бол хавчигдмал байна л даа.

-Танай компани 2019 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан. Үүнийхээ хүрээнд бүтээн байгуулалтын ямар ажлыг хийв?

-Хоёр төрлийн бүтээн байгуулалт явагдана. Эхнийх нь уурхайн хөгжлийн дотоод асуудал байна. Энэ чиглэлд хэд, хэдэн төлөвлөгөөт ажил хийгдэж байна. Ганц, нэг бүтэхгүй байгаа зүйл нь Төрийн олон Орон нутгийн өмчийн тухай хуулиар худалдан авах ажиллагаа хийх үүрэгтэй л дээ. Энэ хүрээнд хуулиас болж хугацаа алдсан зүйл бий. Ямар ч гэсэн төлөвлөсөн ажил маань үргэлжилж байна. Гол зүйл бол хоёр том бүтээн байгуулалт болох төмөр замын асуудал байна. Энэ бүтээн байгуулалтын хүрээнд 4000 орчим ажлын байр бий болсон. Жишээ нь, Тавантолгойгоос Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад зэвсэгт хүчний анги нэгтгэлээс гадна 10 орчим аж ахуйн нэгж ажиллаж байна. Энд 3000 гаруй боловсон хүчин, мэргэжилтнүүд ажиллаж байна. Нийт ажлынхаа 28 хувьд явж байна. Энэ бол үндэсний хэмжээний бүтээн байгуулалт мөн юм. Ер нь, бүтээн байгуулалт сэргэлтийг хөдөлмөр л бий болгоно. Хоёр дахь нь Тавантолгойгоос Гашуун сухайт чиглэлийн 245 км төмөр замын бүтээн байгуулалтын ажил юм. Энэхүү бүтээн байгуулалт удаан хугацаанд зогслоо. Хөрөнгө оруулалт нь саатлаа. Ажил нь энэ хэрээр цаг хугацаа алдсан. Үүнд зоригтой хөдөлж, энэ бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж чадлаа. Хоёр төмөр замын бүтээн байгуулалтын ажил 28 сарын хугацаанд дуусна. Энэ хугацаанд бусад жижиг, дунд, хүнд, хөнгөн үйлдвэрийн төсөл нь эхлээд бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байх ёстой.

-Хамгийн их хувьцааг танай компани эзэмшдэг. Иргэд ногдол ашиг авах хүлээлттэй байдаг. Үүнийг хэзээ өгөх вэ?

-Үүнийг анхнаас нь ярихыг хүсдэг юм. Маш товчхон. Ер нь хөрөнгийн зах зээл бол хоёр дахь зах зээл шүү дээ. Хөрөнгийн зах зээлийн тоглогч бүх нийтээрээ, улс орон даяараа байна гэдэг бол бахархах зүйл мөн юм. Зүгээр нэг арилжааны банкнаас аваад хувь өгч байгаа зүйл биш шүү дээ. Өөрөө хувьцаа аваад тэр хувьцаа нь хөрвөж өсөөд өсөхөд нь зарах гэх мэт ажиллагаа байдаг. Дэлхийн хөрөнгийн зах зээл бол өнөөдөр маш эрчимтэйгээр хөгжиж байна. Энэ хөрөнгийн зах зээл рүү төр санаачилгатайгаар хөдөлж, бүх иргэнээ авч орсон. Хэдий улс төрийн зорилготой байсан ч гэсэн хөрөнгийн зах зээлийн хэрэглэгчид буюу тоглогчид байх ёстой гэсэн том эдийн засгийн зорилт агуулсан үйлдэл юм. Энэ дагуу 1072 хувьцаа маань олон удаа амь орсон гэж хэлж болно. Ногдол ашгаа ч өгч явж байсан. Тухайлбал, тэтгэврийн насныханд сая төгрөг авсан. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд авсан. Оюутнууд сургалтын төлбөр хэлбэрээр авсан байдаг. Дээр нь нийгмийн даатгалын тодорхой шимтгэлийн энэхүү сангаас хийсэн. Энэ мэтээр харилцаанд бол ороод л байгаа юм. Тэр 2012 онд өгсөн нэг сая төгрөг ч гэсэн энэ компанийн өр төлбөр 1072 хувьцаатай шууд л холбоотой байлаа шүү дээ. Тэгэхээр өгөөжөө өгөөгүй биш өгсөн төсөл шүү, энэ. Харин одоо бол цэвэр бизнесийн утгаар нь 1072 хувьцааг хөгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна. Энэ дагуу Засгийн газар 296 дугаар тогтоол гаргасан. Тэрхүү тогтоолын дагуу Засгийн газарт танилцуулагдаад явж байна. Бүртгэл бол харьцангуй цэгцэрчихлээ. Одоо насанд хүрээгүй иргэд хувьцааныхаа дансыг нээлгээгүй байна. Гадаадад амьдарч байгаа маш олон иргэн дансаа нээгээгүй байна. Өөрөөр хэлбэл, 600 орчим мянган иргэн хувьцааныхаа дансыг нээлгээгүй байна гэх үү дээ. Бусад нь нээлгэчихсэн. Тэгэхээр хувьцаа хөдлөхөд бэлэн болчихсон. Би энэ компанийн гүйцэтгэх захирлын хувьд менежментийн баг нэг зарчим баримталдаг. Төр 85 хувийг эзэмшдэг. Иргэд 14.7 хувийг нь эзэмшдэг. Харин 0.05 хувийг аж ахуйн нэгж эзэмшдэг юм. Үүнийг том хувьцаа эзэмшигч, жижиг хувьцаа эзэмшигч гэж ялгахгүй. Тэр ч утгаараа 2018 онд 807 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Үүнийг би мэдээлэх үүрэгтэй. Эндээс тухайн компани хөрөнгө оруулалтын зардлыг хасна. Хасаад ногдол ашиг хэдэн төгрөг болох вэ гэдгийг үүргийнхээ хүрээнд тооцож, боломжоо гаргаж ирнэ. Компани ашигтай ажилласан тохиолдолд иргэн ашгаа хүртэх ёстой. Нэг иргэнд 2017 онд 27 мянган төгрөгийн ашиг олгох тооцоо гарсан. Өнөөдөр зөвхөн олборлолтын үйл ажиллагаа явуулж байна. Засаг шийдвэрээ гаргасан. Өнөөдөр төмөр замгүйгээр 32 ам.доллароор нийлүүлж байснаас ногдол ашиг олгохгүйгээр хөрөнгө оруулалтаа төмөр замд хийх шийдвэр, чиглэлийг өгсөн. Энэ хүрээнд бүх бизнесийн бодолт явагдаж байна.

-Компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлыг хийж байгаа харагддаг. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Ялангуяа 2019 онд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд олон ажлыг хийлээ. Бид 2 сая 511 мянган хувьцаа эзэмшигчтэй. Энэ дагуу Төлөөлөн удирдах зөвлөл, хувьцаа эзэмшигчтэйгээ яриад Улаанбаатар хотыг утаагүй болгох тал дээр том алхмыг хийсэн. Сайжруулсан түлшний түүхий эдийг Тавантолгой ордоос авч ирэх, тээвэрлэх болон техник технологид нь манай компани ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Энэ үр дүнгээ өгвөл энэ компанийн оролцоо байгаа гэдгийг мэдэхэд илүүдэхгүй байх. Бид цагаан овоо багт их анхаарал хандуулсан. Хамгийн их тоосжилт, эрүүл мэндийн хувьд өндөр эрсдэлтэй багийг нүүлгэн шилжүүлэхэд хамгийн их анхаарч, үнэлгээг нь хийлгээд авчихлаа. Иргэдтэй уулзаж, мэдээллээ солилцоод 2020 онд нүүлгэхээр боллоо. Бусад нийгмийн хүрээнд хийсэн ажил бол олон байна. Төрөл шинж нь нэмэгдсэн. Сайн ажиллалаа гэж үнэлж байгаа юм билээ.

-Хариуцлагатай уул уурхай гэдэг зүйл бий. Танайх хэр хариуцлагатай уул уурхайн компани вэ?

-Уул уурхайн бүх компани өндөр хариуцлагатай байхыг хүсэж, түүнийхээ дагуу бүх журам, дүрмээ тавьж явдаг. Энэ 2019 онд манай компанийн хувьд нэг том зүйл тохиолдсон. Энэ нь дэлхийн менежментийн нэгдсэн стандартад шилжиж чадлаа. Монголд анх удаа шүү. Энэ бол үйлдвэрлэл үйл ажиллагаа, байгаль, хөдөлмөрийн аюулгүй байдал гэсэн гурван цогц асуудлыг өнгөрсөн есдүгээр сард Парис хотноо гардаж авлаа. Нэгдсэн дэлхийн стандартад нийцсэн компани болсон гэсэн үг. Нөгөө талаараа уул уурхайн хараал хүрсэн улс, орон их бий. Тодорхой хүмүүс нь маш их хөрөнгөтэй, иргэд нь яг хэвээрээ байдаг. Үүнээс бид маш зайтай явах ёстой. Тиймээс олон улсын стандартыг нэвтрүүлэх нь зүй ёсных юм. Бусад төслийг бодвол манайх 100 хувь төрийн өмчид. Энэ ч утгаараа иргэдийн хяналтад байдаг компани юм. 

ДЭЛГЭРЭНГҮЙ ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ЭНДЭЭС ҮЗНЭ ҮҮ!

 

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1072 Ш ХУВЬЦАА(103.9.90.98) 2020 оны 01 сарын 05

ЦАГААН САРААС ӨМНӨ НОГДОЛ АШИГ ТАРААЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЗҮГЭЭР ЗАЙЛААРАЙ.

0  |  0
1072 Ш ХУВЬЦАА(103.9.90.98) 2020 оны 01 сарын 05

этт ашигтай ажиллахаар 1072 ш хувьцааны ногол ашиг өгнө гэсэн тэгээд өгөөч ээ. юу н бүртгэл 10 жил бүртгэлээ ш дээ . ногдол ашиг өгч чадахгүй бол шалтаг тоочилгүй ТУЗ тайгаа огцорч зайлаарай. наад хувьцаа чинь 2.5 сая иргэний хувийн өмч шүү. ногдол ашиг өгч эхлбэл нэг шөнийн дотор бүртгүүлнэ. ӨГЧ ЧАДАХГҮЙ БОЛ ЗАЙЛ

0  |  0
Хог (162.243.163.134) 2020 оны 01 сарын 04

Хөтлөгч ямар пялдага гар вэ асууж байгаа асуултуудын ээ

0  |  0
Хог (162.243.163.134) 2020 оны 01 сарын 04

Хөтлөгч ямар пялдага гар вэ асууж байгаа асуултуудын ээ

0  |  0
Зочин(202.55.188.42) 2020 оны 01 сарын 03

Тѳр муу менежер. Чи бол мундаг. Нэр дэвшээгүйд чинь онцгойлон баяр хүргэе. Чи шүү.

0  |  0
matilda(41.79.219.209) 2019 оны 12 сарын 31

Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид хувь хүмүүсийн хооронд мөрөөдлөө хэрэгжүүлэх боломжийг олгох зорилгоор зээл олгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Зочин(104.157.67.251) 2019 оны 12 сарын 30

Мэргэжил хэрэггуйг чамаас Харлаа мал минь.би хуульч одоо мэс заслын эмч хийнээ

0  |  0
Зочин(104.157.67.251) 2019 оны 12 сарын 30

Мэргэжил хэрэггуйг чамаас Харлаа мал минь.би хуульч одоо мэс заслын эмч хийнээ

0  |  0
Зочин(104.157.67.251) 2020 оны 01 сарын 05

Мэргэжил хэрэггуйг чамаас Харлаа мал минь.би хуульч одоо мэс заслын эмч хийнээ

1  |  0
Зочин(104.157.67.251) 2019 оны 12 сарын 30

Мэргэжил хэрэггуйг чамаас Харлаа мал минь.би хуульч одоо мэс заслын эмч хийнээ

0  |  0
Зочин(104.157.67.251) 2019 оны 12 сарын 30

Мэргэжил хэрэггуйг чамаас Харлаа мал минь.би хуульч одоо мэс заслын эмч хийнээ

0  |  0
ETT(192.82.68.252) 2019 оны 12 сарын 30

Teneg durak.Yamarch medleg bolovsrol bhgui nam dagasan tsunh barigch bugs doloogch.Bas ih hurald ner devshij garah ym genee.Erdenetiinhen ene durakiig yu gej gargah ve dee.Uuriiguu ih magtaj bn.Avilgagiin bol avahiig uzuulj bgaa gesen shuu.2 jiliin dotor tsalingaaraa bents jip avch unaj chadah uu..gent bayajih amind haltai daa...

0  |  0
Жэкей(66.181.188.223) 2019 оны 12 сарын 31

ЖЕНКО ГАНХУЯГ 2-Т ТТ НҮҮРСНИЙ МӨНГИЙГ ДУР ЗОРГООРОО ҮРЭН ЦАЦАХ ТАРААХЫГ ЕР НЬ ХЭН ЗӨВШӨӨРЧИХСӨН ЮМ БЭ. ТОМ ДУРТАЙ ГАЗАР РУУГАА ТӨМӨР ЗАМ БАРИНА.ЭНЭ ТЭНЭГ НЬ ЭРДЭНЭТЭД СОНГУУЛЬД ДЭВШИНЭ ГЭЭД БОГД БООВ ЦАЦАЖ БАЙГАА ЮМ ШИГ Л ЮМ БОЛЖ БАЙНА .ХҮРЭЛСҮХ ГЭДЭГ СЭЛЭМЧИН ЗАСАГ ТОЛГОЙЛЖ БАЙГАА САНАГДАХЫН

2  |  0
Top