Бид Женевийн конвенцыг хэн нэгэн зөрчиж буй тухай бараг өдөр сонсдог. Гэхдээ үүний төлөө хэн нэгэн хариуцлага хүлээсэн тухай огт дуулддаггүй. Шүүх хурал, баривчилгаа үгүй. Зөвхөн сэтгэл зовнисон, буруутгаж буйгаа л илэрхийлнэ.
Улс орнууд эмнэлэг бөмбөгдөж, энгийн ард иргэдийн амийг хөнөөж, хүчирхийлж, тонон дээрэмдэж, эрүүдэн шүүж, олзны цэргүүдийг хөнөөсний төлөө хариуцлага хүлээдэггүй. Үйлчлэхээ больсон Олон улсын конвенцуудыг эргэн харах цаг нь болсон уу?
“Шударга” дайнаас зайлшгүй дайн хүртэл
2015 онд “Хил хязгааргүй эмч нар” байгууллагын ерөнхийлөгч Жоан Лю талибуудад эзлэгдсэн Кундуз хотод байрлаж байсан хамтран зүтгэгч эмч нартаа “Эмнэлэг бол хамгийн аюулгүй газар. Эмнэлгийг олон улсын конвенцоор хамгаалдаг. Америкчууд ч тэр, талибууд ч тэр байрлалыг нь мэддэг тул хэзээ ч буудахгүй” хэмээн тайвруулж байлаа.
Гэвч АНУ өөрсдөө тус эмнэлгийг бөмбөгдсөн байдаг. Олон арван хүн амиа алдсан. Тухайн үеийн АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Лю-гээс уучлал хүсэж, АНУ-ын Зэвсэгт хүчний командлагч агаарын цохилтыг алдаа хэмээн нэрлээд л өнгөрсөн. “Хил хязгааргүй эмч нар” агаарын цохилтыг дайны гэмт хэрэг хэмээн, хараат бус мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг шаардсан. Энэ дагуу АНУ 16 цэргийн алба хаагчид сахилгын хариуцлага хүлээлгэж, амиа алдагсдын ар гэрт нөхөн төлбөр олгожээ. Харин хэн ч эрүүгийн хариуцлага хүлээсэнгүй.
Кундуз хотын энэ хэрэг явдал цорын ганц жишээ биш. Афганистаны дайн ч энгийн иргэдийн хамгаалдаг олон улсын конвенц, гэрээний үйлчлэлийн асуудлыг тавьсан цорын ганц мөргөлдөөн биш.
Асуудал зарим талаар олон улсын хүмүүнлэгийн эрх зүй хэрхэн үүссэн түүхтэй холбоотой. Нэгт, орчин үеийн хууль, дүрмийг баруун Европын улс орнууд колоничлолын үед зохиож байсан. Тухайн үед талууд дэлхийн тэн хагасыг, түүний байгалийн баялгийг хянаж байв. Хоёрт, тухайн үед дайныг зөвхөн улс орнууд хийдэг гэж үздэг байв. Гуравт, олон улсын гэрээ, хэлэлцээрүүдийн гол зорилго нь дайтаж буй армиудыг хамгаалах явдал байсан гэж шинжээчид үздэг. Энэ нь ч үндэслэлтэй.
Хүн төрөлхтөн бүр Аристотелийн үед цэргийн ажиллагааны үндэслэлийн сэдвийг хөндөж байжээ. Хожим нь ийм хэлэлцүүлэг “bellum justum” буюу шударга дайны тухай номлол болж хувирсан. Шударга гэдэг нь тухайн дайн өөрийгөө хамгаалах хэрэгсэл гэсэн санааг агуулж байв. Аажмаар энэ номлол өөрчлөгдөж, цэргийн ажиллагаа нь төрийн бодлого явуулах хэрэгсэл болж хувирсан. Дэлхийн нэгдүгээр дайны дараа Үндэстнүүдийн лигийн үед хоёр ойлголт гарч ирсэн ба эдгээрийг одоо хэр шинжээчид ашигласаар иржээ. Энэ нь “Jus ad bellum” буюу дайн эхлүүлэх эрх ба “Jus in bello” дайн хийх үеийн эрх. Энэ нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүй.
Дэлхийн хоёрдугаар дайны дараах дэлхий
ХХ зууны эхний хагаст дэлхийн улс орнууд тухайн үед байсан гэрээ, хэлэлцээрүүдийг хэрэгжүүлэхийг оролдож байсан ч дэлхийн хоёрдугаар дайнаас болж хэрэгжүүлж чадаагүй. Харин энэ аймшигт дайн цэргийн ажиллагааны үед баримтлах олон улсын стандартыг тогтоох хүчтэй сэдэл болжээ.
Дайны дараа хоёр туйлт ертөнц бий болсон ч улс гүрнүүд илүү нарийн, тодорхой дүрэм тогтоохыг хичээжээ. Ийн Женевийн конвенц бий болсон байна. Тухайлбал, шархадсан болон өвчтэй цэргүүдийн тухай, цэргийн олзлогсодтой харьцах тухай, дайны үед энгийн хүн амыг хамгаалах тухай Женевийн конвенц гарчээ. Өнөөдөр эдгээр конвенц нь олон улсын хүмүүнлэгийн эрх зүйн суурь болжээ. 1950 онд хүчин төгөлдөр болсон Женевийн конвенцод өдгөө 194 улс орон нэгдээд байна.
Зэвсэгт мөргөлдөөн хэрхэн өөрчлөгдөв
Дэлхийн хоёрдугаар дайнаас хойш зэвсэгт мөргөлдөөн ч өөрчлөгджээ. Дайтах нь багассан ч харин албан ёсоор дайн зарлах үзэгдэл бараг үгүй болж байна. Ихэнх томоохон мөргөлдөөн нь олон улсын хэмжээнийх биш байв.
Олон улсын мөргөлдөөн ч мөн өөрчлөгдөв. Жишээ нь дайсан улс бараг үгүй болжээ. Сүүлийн 20 жилд гарсан цус урсгасан дайныг алан хядагч байгууллагуудын эсрэг явуулсан. Есдүгээр сарын 11-ий халдлагын дараа терроризмын эсрэг зарласан дайн 20 жил үргэлжилж байгаа бөгөөд олон зуун мянган хүний амь эрсдээд байна.
Ийм нөхцөлд Женевийн конвенц орчин цагийн бодит байдалд хэр нийцэж байна вэ гэсэн асуулт тавигдах болжээ. “Исламын улс” эсвэл “Аль Каида” зэрэг бүлэглэлүүдийн алан хядагчдад конвенцод юу гэж заасан нь огт хамаагүй. Тэдэнтэй хэрхэн тэмцэх вэ?
Олон улсын эрх зүйд “терроризм” гэх ойлголтын нэгдсэн тодорхойлолт байдаггүй. Гэтэл улс гүрнүүд “терроризм” гэх нэр томьёог буруугаар ашиглах нь ихэссэн гэж шинжээчид үздэг.
Тэд терроризмыг улс төрийн зорилгоор, улс төрийн өрсөлдөгчдийнхөө нэр төрийг гутаахын тулд ашиглаж байна.
“Алан хядагч” гэдэг үг “шидэт” үг болж хувирсан. Хэн нэгнийг алан хядагч гэж нэрлэхэд түүнийг яаж ч болох объект болгодог гэж шинжээчид онцолжээ. Терроризмын эсрэг дайн нь олон суурь хэм хэмжээг мартахад хүргэсэн. “Алан хядагч” гэдэг үг эрх зүй, хүнлэг ёсны зарчмыг мартах боломж олгож байна. Аливаа гэмт хэрэгтнийг эзэн биегүй болгосноор бид өөрсдөө хүн чанараа алдаж байна. Энэ бол маш аюултай. Бид хүчирхийллийн тойрог эцэс төгсгөлгүй болохыг харж байна.
Хэрэг байдал дүрэмд бус
Женевийн их сургуулийн профессор Марко Сассолигийн үзэж буйгаар, улс гүрнүүд өнөөдөр ямар ч асуудлаар тохиролцож чадахгүй болсонд гол асуудал байна. Гэхдээ ийм байдал үргэлж байсан. Үргэлж бүгд бүхнийг зөрчдөг. Зөвхөн ОХУ, Хамас биш. Израил, АНУ, Украиныг ч буруутгадаг.
Оросын үйлдэл, Гуантанамод олзлогсдыг хорьж байгаа, хүн барьцаалах нь гэмт хэрэг гэдгийг мэдэж байгаа нь чухал юм.
Өөрөөр хэлбэл эрх зүй эдгээрийг хууль бус гэж тодорхой хэлж байна. Үүнийг хохирогчид, гэмт хэрэгтнүүд, ажиглагчид бүгд мэддэг. Хэн нэгэн зөрчиж байгаа учир дүрэм байсаар байдаг. Энэ утгаараа олон улсын хүмүүнлэгийн эрх зүй улсын үндэсний хуулиас ялгаагүй.
Аль нэг арми сургууль эсвэл эмнэлгийг бөмбөгдөж байгаа тул иргэний объектод халдахыг хориглосон хориг хүчин төгөлдөр үйлчилсээр байгаа.
Женевийн конвенцын үндсэн дүрмүүд өнөө хэр чухал, ач холбогдолтой хэвээр гэж Мичиганы их сургуулийн эрх зүйн профессор Стивен Ратнер үзэж байна. Украиныг ч Женевийн конвенцыг зөрчиж байна гэж буруутгаж байсан. НҮБ-ын хүний эрхийн төлөөлөгчид зөвхөн Орос төдийгүй Украин ч цэргийн олзлогсдыг шүүлгүйгээр цаазалсан, хүнлэг бусаар харьцсан гэж буруутгагдаж байв.
Сул тал
Олон улсын эрх зүйг хэрэгжүүлэх нь сул тал болоод байна. Женевийн конвенцыг зөрчсөний төлөөх хариуцлага, шийтгэлийг конвенцод нэгдсэн орнуудын эрүүгийн хуулиар шийтгэх заалттай. Онолын хувьд.
Улс хоорондын маргааныг шийдвэрлэхийг тулд 1946 онд Олон улсын шүүхийг байгуулсан түүхтэй. Украин дайн эхэлснээс хойш хоёр дахь өдөр нь олон улсын шүүхэд хандсан. Шүүх ч ОХУ-д цэргийн ажиллагааг зогсоохыг үүрэгдсэн. Үр дүн нь дайн гурав дахь жилдээ үргэлжилж байна.
Бас нэг асуудал нь Олон улсын эрүүгийн шүүх цэргийн гэмт хэргийг мөрдөн шалгадаг ч сэжигтэн өөрийн биеэр шүүх хуралд оролцсон тохиолдолд л ял оноодог. Тиймээс тэд шийтгэлээс зугтах боломжтой гэсэн үг.
Олон улсын шүүх түүхэндээ 40 гаруй хүнд л ял оноож байв. Хамгийн алдартай хэрэг нь олон хүний аминд хүрсэн Суданы ерөнхийлөгч Омар аль-Баширын хэрэг. Түүнийг баривчлах зөвшөөрлийг 10 гаруй жилийн өмнө олгосон ч 2020 онд аль-Баширыг төрийн эрхээс унагасны дараа Суданы Засгийн газар түүний шилжүүлэхийг зөвшөөрсөн хэдий ч өнөөг хүртэл шилжүүлээгүй л байна. Аль-Башир өдгөө 80 настай.
Олон улсын шүүх хэрхэн ажилладгийг хүн төрөлхтөн хуучин Югославын жишээгээр харсан. Югославын ерөнхийлөгч Слободан Милошевич Хаагын шоронд ялаа хүлээж байгаад нас барсан.
Путин эсвэл Нетаньяху дээр ирж, олон улсын эрх зүйг бүдүүлгээр зөрчихөө зогсоохыг шаардах “олон улсын цагдаа” байдаггүй. НҮБ-ын Олон улсын шүүх Орос, Израилын талаар түр арга хэмжээ авсан ч хоёул үл тоомсорлосоор л байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл НҮБ-ын дүрмийн дагуу заавал хэрэгжүүлэх арга хэмжээ авах боломжтой ч авч чадахгүй л байна.
Учир нь Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүд өөрсдийнх нь ашиг сонирхолд харшилсан аливаа шийдвэрт хориг тавьдаг.
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гишүүн орнууд өөрсдөө олон улсын эрх зүйг зөрчиж байхад ажиллаж чадах эсэхэд Украины дайн эргэлзэхэд хүргэсэн. Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн бус орнуудын эрхийг өргөжүүлэхийг санал болгосоор байна. Тэр “дэлхий дахин таваас олон” гэж мэдэгддэг. Өдгөө түүнтэй олон улс санал нэг байна.
Харин НҮБ-ын дүрмийн дагуу энэ бол боломжгүй нөхцөл байдал. Байнгын гишүүнийг Аюулгүйн зөвлөлөөс хасах боломжгүй. Учир нь байнгынх. Онолын хувьд аль ч улсыг НҮБ-аас хасах боломжтой. Гэхдээ Байнгын зөвлөлийн зөвлөмжийн дагуу. Аюулгүйн зөвлөлд хориг тавих эрхтэй нөгөөх л таван байнгын гишүүн бий. Нөгөө л чөтгөрийн тойрог. Эцсийн бүлэгт олон улсын эрх зүй бол бидний хүн чанар юм гэж шинжээчид дүгнэжээ. Эх сурвалж: ВВС
Сэтгэгдэл ( 1 )
ИЗРАЙЛИЙН ЭНГИЙН ИРГЭДИЙГ БӨМБӨГДӨЖ БАЙГАА ХЯДЛАГА, УКРАЙН, ЗЕЛЕНСКИЙН НАЦИСТ ДЭГЛЭМ ЭНГИЙН ИРГЭДИЙГ 8 ЖИЛ ИХ БУУ ПУУЖИНГААР ХЯДСАН ХЯДЛАГА, АНУ ЫН ИРАК, СИРИ, АФГАНИСТАН .... УЛСУУДЫН ЭНГИЙН ИРГЭДИЙГ ОЛОН ЖИЛ БӨМБӨГДӨЖ БАЙГАА ХЯДЛАГУУДЫГ ЗОГСООХ ХҮЧ НҮБ - Д БИШ ЗӨВХӨН ОХУ - Д Л БАЙНА.