Монгол Улс 2022 онд 36 сая тонн нүүрс экспортолж байсан бол 2023 онд 70 сая тонныг экспортолж, 8.9 тэрбум ам.долларын орлого олсон. Харин энэ 2024 оны төсвийн тухай хуульд нүүрсний экспортыг 60 сая тоннд хүрнэ гэж тусгасан. Өнгөрсөн жилийн экспортын дүнг аваад үзэхээр энэ хэмжээнд хүрэх боломжтой гэх ойлголт төрөхөөр болов ч экспортын үндсэн гол зах зээл болох Хятадын эрэлтээс шууд хамаарах юм. Тиймээс ч төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж байгаа нүүрсний экспортын хэмжээг энэ онд 60 сая тонноор төсөөлсөн нь үндэслэлгүй, хэт өөдрөг байна гэх шүүмжийг төсөв батлах үед эдийн засагчид, шинжээчдийн зүгээс ярьцгааж байсан.
Ер нь бол энэ оны тухайд нүүрсний экспорт харьцангуй өндөр хэмжээнд хүрлээ гэхэд дараа дараагийн жилүүдэд эргэн буурах төлөв байдал ажиглагдаж буйг анхаарах шаардлагатай юм.
Аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн судлаачид Хятадын нүүрсний импортын төлөвийг авч үзэхдээ, дараах дүгнэлтийг хийсэн байна.
Монгол Улсын экспортын орлогын 54 хувийг эзэлж буй нүүрсний салбар Хятадын нүүрсний импортод тодорхой байр суурь эзлэх болж, коксжих нүүрсний хамгийн гол нийлүүлэгч улс болоод буй. 2023 онд Хятадын нүүрсний импорт ойрын 10 жилд байгаагүй дээд хэмжээг тогтооход манай улс мөн адил түүхэн дээд хэмжээнд нүүрс экспортоллоо. Харин 2013 онд Хятадын нүүрсний импорт их хэмжээгээр нэмэгдэхэд манай улсын экспорт дагаж өсөж байгаагүй юм. Тухайн үед манай улсын нүүрсний экспорт 2010 оноос л нэмэгдэж эхэлж байсан тул хятадын нүүрсний зах зээлд хараахан байр суурь эзэлж амжаагүй үе юм.
Манай улсын давамгайлж буй коксжих нүүрсний нийлүүлэлт дээр ОХУ гол өрсөлдөгч болоод байна. Орос Хятадын худалдаа сүүлийн хоёр жилд эрс нэмэгдэж буй бөгөөд цаашид Оросын хувьд Европын зах зээл хумигдаж буй тул эрчим хүчний нөөцийн экспортын гол зах зээл нь Хятад байх юм.
Өнгөрсөн 2023 он манай улсын нүүрсний экспортод таатай жил байсан бол 2024 онд дараах хоёр нөхцөлөөс үүдээд тийм ч таатай байхааргүй дүр зураг ажиглагдаж байна. Нэгд, Хятад улс нүүрсний импортын тарифаа эргэн сэргээсэн нь манай улсын нүүрсний өртгийг өсгөж өрсөлдөх чадварт нөлөөлнө. Хоёрт, Хятадын нүүрс хэрэглэгч гол салбар болох барилга үл хөдлөх хөрөнгийн салбар (11 хувийг, гангийн үйлдвэр 18 хувийг) дахь томоохон дампуурал нь хятадын нүүрсний эрэлтэд дам нөлөөлөх эрсдэлтэй байна.
2025 оноос хойш Хятадын нүүрсний хэрэглээ оргил үеэс буурч, хэтдээ эрэлт улам багасах төлөвтэй тул цаашид нүүрсний салбарын экспортыг өөдрөгөөр төсөөлж тооцох нь алдаа болох юм.
Нүүрсний хэрэглээ хэзээ оргил үедээ хүрэх вэ?
Олон улсын эрчим хүчний агентлагийн гаргасан судалгаагаар Хятадын нүүрсний хэрэглээ 2025 он гэхэд оргил үедээ хүрч, улмаар цаашид буурч эхлэх ба 2050 он гэхэд оргил үеийнхээс 50%-аар бага байх болно гэжээ. 2030 оноос өмнө байгалийн хийн хэрэглээ эрчимтэй өссөөр, 2040 он гэхэд оргил цэгтээ хүрч, одоогийн түвшнээс дөрөвний нэг орчмоор нэмэгдэнэ. Газрын тосны хэрэглээ 2030 оноос өмнө өдөрт дунджаар 16.6 сая баррельд хүрч, 2050 он гэхэд аажмаар бууран, өдөрт дунджаар 12 сая баррель болох ажээ.
2025 онд Хятадын нүүрсний хэрэглээ оргил цэгтээ хүрч цаашид буурахад нөлөөлж буй гол хүчин зүйл нь эрчим хүчний хэмнэлт, сэргээгдэх эрчим хүч, цөмийн эрчим хүч эрчимтэй хөгжиж байгаа явдал бөгөөд цахилгаан машины өргөн хэрэглээ нь газрын тосны эрэлтийг мөн сааруулж буйг дурджээ.
Сэтгэгдэл ( 1 )
Өлсөж үхнэ.