“Жагсаалтын 48 мөнгө гаргахгүй, барьцаалагдахгүйгээр гишүүн болно” 

Б.Эрхэс | Zindaa.mn
2024 оны 04 сарын 25

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг найман асуудал хэлэлцсэн. Энэ үеэр байнгын хорооны зарим гишүүн ямар байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе.


УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.ЦОГТБААТАР: Үнэхээр шүүхэд анхаарал тавиагүй. Шүүхийн асуудал тээр ард хоцрогдчихсон. Шүүхээ муулах шиг амархан зүйл байхгүй болчихсон байна. Ийм байхад Монголын төр тогтвортой явна гэж байхгүй. Шүүхэд асуудал байхгүй биш байна. Шүүхэд асуудал бий. Шүүгчид асуудал бий. Энэ шүүхийг балбасаар байгаад шүүгч болох хүн олдохгүй байна. Шүүгч болж яах юм, өөр газар очих юм бол илүү цалинтай гэж боддог болсон байна.

УИХ-ын гишүүн Б.ЭНХ-АМГАЛАН: Шүүгчдийн ажлын байрны нөхцөл их муу байгаа юм. Зарим анхан шатны шүүхийн байранд гурав, дөрвөн шүүх орчихсон, шүүх хуралдааны танхим нь хүрэлцэхгүй, техник хэрэгсэл нь муу байна. Үүнээс болж судалгааны дүн гараад байгаа юм. Жишээлбэл, эдийн засгийн баталгаа хангагдахгүй байна гэдэг судалгааны дүн 67.1 хувьтай байна. Дээр нь, шүүхэд тулгардаг хүндрэл бэрхшээлийн талаар гэхэд цаг хугацаа их алддаг гэх мэдээлэл 62.5 хувьтай байна. Энэ бүгд яалт ч үгүй ажиллах орчин нөхцөл маш муу байгаатай л холбоотой. Мөрдөн шалгах байгууллагуудын байр сав, прокурор, АТГ-ын байр савыг шүүхтэй харьцуулах юм бол тэнгэр газар шиг ялгаатай байна.

УИХ-ын гишүүн Ц.МӨНХЦЭЦЭГ: Улс төрийн намын тухай хуулийг 2023 онд УИХ-аар баталсан. Хуулийн гол зорилго бол улс төрийн өрсөлдөөнийг мөнгөний өрсөлдөөн биш, бодлогын өрсөлдөөн болгох чиглэлд хийгдсэн. Улс төрийн нам, нэр дэвшигчдийн санхүүжилтийг ил тод болгож, санхүүжилтийн зөрчлийн улмаас тухайн намд нэлээн хатуу шийтгэл оноохоор заасан. Хууль энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш тодорхой намуудын хувьд хэвшихгүй байгаад байна. Тухайлбал, Улс төрийн намын тухай хуулийн 10.1.6-т сонгуульд нэр дэвших эрх олгохдоо намууд нэр дэвшигчдээсээ дэнчин, мөнгө шаардахыг хориглосон. Гэтэл АН-ын Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээсээ 60 сая төгрөгийн дэнчин авсан мэдээлэл яваад байна. Үүнийг АТГ-ынхан шалгах хэрэгтэй.

ХЗДХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.ЭНХБАЯР: УИХ-ын 2024 оны сонгуулийг 2020 оны ээлжит сонгуультай харьцуулахад жагсаалтаар нэр дэвшигч 48 хүний хувьд ямар нэгэн зардал, мөнгө гарахгүй. Хэн нэгэнд барьцаалагдахгүйгээр парламентын гишүүн болно. Тойрогт нэр дэвших хүмүүсийн хувьд тойрог томссонтой холбоотойгоор хэд дахин нэмэгдсэн. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Зүгээр л тайлангийн сэтгүүл тараах гээд тооцоо хийгээд үзэхэд л 2020 онд хэвлүүлж байснаас тав дахин их зардал гарахаар байна. Энэ бол үлэмж хэмжээгээр нэмэгдсэн байна. Миний хувьд тойргийнхоо бүх айл өрхөд тайлангаа тавих бололцоо байхгүй. Тойргийнхоо 20 орчим хувьд нь л тайлангийн сэтгүүлээ хүргүүлэх боломжтой болж байна. Ер нь, томоохон хэдхэн бизнес, мөнгөтэй хүмүүс ачааг нь даах хэмжээний л тогтолцоо байна. 

УИХ-ын гишүүн Ж.СҮХБААТАР: Анхан, дунд, дээд шатны шүүхэд компанийн шүүгч гэсэн яриа одоо ч байна. Улстөрчдийн шүүгч гэсэн яриа одоо ч хэвээрээ байна. Дээрээс нь тодорхой хүмүүсийн нэртэй нэрлэгддэг шүүгч нар ч байна. Б.Хурцын шүүгч, Б.Хурцын өмгөөлөгч, Б.Хурцын прокурор, Б.Хурцын мөрдөгч гээд. Тэр яриа одоо хүртэл арилаагүй л байна. 

УИХ-ын гишүүн Ц.СЭРГЭЛЭН: Шүүх байгууллагын хараат бус байдлыг хангахад төсөв хөрөнгө хэрэгтэй. Шүүх нь төрийн тусгай институтийн хувьд хэн ч халдашгүй хараат байх ёстой. Унаа гуйдаг, шүүгдэж буй нөхрийнхөө машинд дайгдаад шүүгч нь давхиж явдаг байж болохгүй. Ажиллах нөхцөл бололцоог хангаж өгөх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн нөхцөл байдлаас харахад шүүхийн төсвийг УИХ-аас хасдаг.  Цахим шүүх гэж яриад байна. Цахим, хиймэл оюун ухаангүй зүйл нийгэмд байхаа болилоо. Цахимын эсрэг талд кибер аюулгүй байдал гэх зүйл бий. Шүүх гэдэг гэмт хэргийн хамгийн эцсийн байдлаар тогтоосон нотлох баримтууд дээр үндэслэж шийдвэр гаргадаг. Энэ бүхэн цахим байвал та нөхөд аюултай хакеруудын дайралтад өртөж хэрэг чинь байхгүй болчихвол байг гэхгүй болно.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.209) 2024 оны 04 сарын 26

Энэ нэг хулгайч хужаа царайтыг одоо больёо

0  |  0
Зочин (202.55.188.38) 2024 оны 04 сарын 28

ЖАГСААЛТАНД ХАМГИЙН ИХ ЛУЙВРААР ХИЙСЭН, ХАМГИЙН ИХ МӨНГӨ ТӨЛСӨН НЬ ОРОХ БОЛОМЖТОЙ! УЧИР НЬ ТЭД СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨӨД ЯЛАХ МАГАДЛАЛ БХГҮЙ, УЛААНДАА ГАРСАН МАНАН МАФИЙН ГОЛ ЛУЙВАРЧИД ЮМ.

1  |  0
зочин(139.5.216.26) 2024 оны 04 сарын 25

МАН бол дандаа залуу хүмүүс гаргана гээд зарлачихсан, бусад намуудын дарга нарыг жагсаалтанд битгий ор гээд уриалсан. Тэгэхээр бусад намууддыг харж байя даа.

0  |  0
сонгогч (202.9.46.159) 2024 оны 04 сарын 25

Энэ 48-д худалч, хулгайч, дээрэмчин, гэмт хэрэгтэн, эх орноосоо урвагч гээд үл бүтэх нөхдүүд шургална байх............

0  |  0
Top