Австралид түймрийн улмаас 23 хүн амиа алдаж, хагас тэрбум ан амьтан шатжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 05

Австрали улсад өнгөрсөн есдүгээр сараас хойш ойн түймэртэй тэмцэж байгаа билээ. Түймэр өнгөрсөн сарын 31-нд далайн эргийн хот Маллакотад хүрч, амиа алдсан хүний тоо хамгийн багадаа 23 болсон талаар Виктория мужийн Гал түймэртэй тэмцэх албанаас мэдээлжээ. Хагас тэрбум гаруй ан амьтан шатаж үрэгдэн, 1500 байшин барилга сүйдээд байгаа аж. Гэхдээ хувийн амьтны хүрээлэнгийн ажилчдын шуурхай ажиллагааны үр дүнд олон мянган амьтны амь аврагдсан байна. Гэмтэж, түлэгдсэн амьтдыг эмчилж байгаа аж. 5.5 сая га талбай шатаж, Австралид одоо 10 сая гаруй хүн түймрийн хортой утаагаар амьсгалж байгаа юм.

Түймрийн улмаас Австралийн түүхэнд хамгийн том нүүлгэн шилжүүлэх ажиллагаа явагдаж буйг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлж байна. Сидней, Маллакота зэрэг хотод иргэдийг маск зүүж явах, шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж байгаа аж.

Австрали улсад гаднын орнууд тусламж үзүүлэхээ мэдэгджээ. Тухайлбал, хойд Америкийн 39 гал сөнөөгч Мельбурн хотод иржээ. Австралийн эрх баригчид гал түймрийг унтраахаар 3000 цэрэг, сайн дурынхныг дайчлан ажиллаж байна.

Өнгөрсөн долоо хоногт найман хүн нас барсан талаар мэдээлсэн бол 30 орчим хүн сураггүй алга болсонд тооцогдож байгаа аж. Түймрийг унтраахаар нэмэлт онгоц түрээслэхэд 13.9 сая долларын санхүүжилт гаргахаар шийдвэрлэжээ.

Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисоны мэдэгдсэнээр амиа алдсан хүмүүсийн хоёр нь сайн дурын гал сөнөөгч байжээ. Тэднийг машиндаа сууж байхад мод хугаран дээрээс нь унаж амиа алдсан байна. Тэрбээр ойн түймрийг уур амьсгалын өөрчлөлттэй холбоогүй гэж үзэж байгаа бол австраличууд түүнийг гэр бүлээрээ гадагшаа явж амарч байсан, түймэртэй тэмцэхээр яаралтай арга хэмжээ аваагүй гэж буруутгажээ. Скот Моррисон түймэрт нэрвэгдсэн ард иргэдтэйгээ биечлэн уулзахаар очсон ч шүүмжлэлд өртсөн байна.

Гал түймрийг хэт халалтаас үүдэлтэй гэж үзэж байгаа бөгөөд саяхан Сиднейд 48.9 градус хүрч халсан байна. Тус хот хэсэг хугацаанд дэлхийн хамгийн халуун газар болжээ. Зарим мужид салхи ихтэй байгаа учир түймрийн хамрах талбай ихсэж, Австралийн зүүн урд хэсэгт тэнгэр улайн, харанхуйлах болсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top