ОЛОН ӨНГӨ: Сүмийн хашааг нээе

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 08

Хэд хоногийн өмнө дүү нар маань гүүглийн газрын зургаас Хөвсгөл аймгийн Мөрөн хотын зургийг татаж үзээд “Тэнд тоглодог, энд тэгдэг байсан” гэцгээж байснаа гэнэтхэн Нью-Йорк хотыг харах юм болцгоов. Дараа нь “Хөөх ийм шигүү хотод яасан том цэцэрлэгт хүрээлэнгүүд байдаг юм бэ” гэж дуу алдацгаах нь тэр. Хоёр жилийн өмнө Энэтхэгийн хуучин Делид хоёр сар болсон юм. Айхтар чихэлдсэн барилгатай, зарим гудамжаар нь машинтай битгий хэл явган явахад тээртэй хэр нь цэлгэр том цэцэрлэгт хүрээлэн байсгээд таардаг нь тэгэхэд санаанд орж байлаа.

Манай Улаанбаатар хот сая гаруй хүнтэй, автобусны нэг чиглэл 45 орчим км газар явдаг гэхээр яавч жижиг хот биш. Гэхдээ Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс өөр том гэчихмээр талбайтай салхилах газар алга. Харамсалтай нь, хүн бүр тэнд алхаад оччихоор ойрхон биш. Энд тэнд уулын орой дагуулаад ганц нэг юм байгуулсан ч гэрэлтүүлгийн хувьд өрөвдмөөр дөө. Шөнө оройн цагаар бол жихүүдэс төрөм. Хорооллын дундах ихэнх хүүхдийн талбай элдвийн барилга болчихоод байдаг.

Уг нь манайх шиг хүн амтай, залуусын хот шөнө унтах учиргүй боловч гараад салхилах газаргүйгээс гэр, гэртээ утсаа ухаад сууж байгаа юм. Гардаг юм гэхэд баар, караоке л ордог байх даа. Ер нь тэгээд хүүхэд байтугай ганц хоёроор нь эмэгтэй хүнийг ч шөнө гаргамааргүй түгшүүртэй бүүдгэр хот болж хувирлаа. Харин бидний гэрийн ойролцоо байдаг юм бол том жижиг хийдүүд. Тухайлбал, манай гэрийн хажууханд Дашчойлин хийд бий. Бараг ажлын цаг дуусахтай зэрэгцээд тэр хийд төмөр хаалгаа дангинатал түгжээд гэрлээ унтраагаад нам жим болдог юм. Өдөр бол хашаагаа төлбөртэй зогсоол болгоод хөөрхөн мөнгө олчихдог сүм л дээ. Хашаандаа сандалтай, зайтай. Төв гандан ч ялгаагүй. Хаа нэг орсон хүнийг харуул нь сэжиглэж хурц гэрэл дагуулж тусгасаар гаргадаг.

Ядаж энэ хийдүүдийн хашааг сайхан гэрэлтүүлэгтэй нь 24 цаг нээлттэй болговол шөнө салхилж яваа хүн, болзсон хосууд сууж байх газар нэмэгдэх юм даа. Бурхан номын газар байгаа хүний сэтгэл ч тайван байх бус уу. Ашгийн бус, буян бодсон ийм газруудад хотын удирдлагууд маань аятайхан шиг санал тавьбал бараг баярлаад хүлээж авах байх шүү.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эрка(202.21.115.126) 2020 оны 01 сарын 08

Буян номын газар бурхан,чөтгөр хоёр хамт оршдог гэж сонсоогүй юм уу?Шөнө нэг их зугаалаад байхаар газар биш шүү

0  |  0
Top