ОЛОН ӨНГӨ: Аав, охин хоёр

Админ | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Үдшийн бүрий айлчилж, гудамж талбай хүний хөлд дарагдана. Ажил, хичээл тарж автобус дотор гишгэх газар үгүй. Автобусны цонхоор ажваас машинтай нь түгжрэн бухимдаж, явган нь хаашаа ч юм бүү мэд яаран яаран алхсаар. Гудамжинд явах эл хүмүүсийн дунд урт хар пальто өмсөн, үсээ хойш нь самнасан 30 эргэм насны залуу, тод ягаан куртик, хар хамба хилэн гутал өмссөн дөрөв юм уу, тав орчим насны охиноо хөтлөн юунд ч яарсан, зорьсон шинжгүй алхана.

Нүдэнд тусмаар эгдүүтэй охин, стилтэй аав байсныг нуух юун. Охин хөөрхий ганцаараа л нүдэнд үзэгдэх сонин содон бүгд рүү заан амандаа бувтнан өөрийгөө эрхлүүлэн, өөртөө зугаатай гэгч нь ойрхон ойрхон гишгэлэн алхана. Аавынх нь аз жаргал, анхаарлын төв нь нөгөө “Смарт” тодотголтой утас гэгч гайхал юмсанжээ. Охиныхоо юу ярихыг үл анзааран, гайхлынхаа дэлгэц рүү орох шахам нүдээ салгаж үл чадна. Охиноо хөтлөн алхах бус охиндоо хөтлүүлэн алхах нь гуниг төрүүлэм.

Охины хайр, үнэт зүйл аав нь, харин аавынх нь хайр, үнэт зүйл нөгөө нэг гайхал бололтой. Зөвхөн энэ аав гэлтгүй энэхүү жижигхэн гудамжинд алхлах хүмүүсийн гурван хүн тутмын нэг нь гайхал руу ширтэн чихэндээ дөнгө зүүсэн байх нь өнөөдрийн бидний дүр төрх юмсанжээ.

А.Амартүвшин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top