Бразилд үл мэдэгдэх өвчин гарлаа

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 10

Бразилын Минас Жейрас зүүн өмнөд мужийн Белу Оризонти хотод найман хүн үл мэдэгдэх өвчний оноштой эмнэлэгт хүргэгджээ.

Орон нутгийн Estado de Minas сонинд мэдээлснээр, нууцлаг өвчнөөр нэг хүн нас баржээ. Орон нутгийн эрүүл мэндийн газрын мэдээллээр, өнгөрсөн оны сүүлээр эмчид хандсан өвчтөнүүдийн хоол боловсруулах системийн үйл ажиллагаа муудаж, дотор муухайрах, хэвлий тус газар өвдөх шинж тэмдэг илэрчээ. Гурван хоногийн дотор өвчтөнүүд бөөрний хурц дутагдалд орж, нүүр нь саажиж, хараагаа хэсэгчлэн эсвэл бүрэн алдсан байна. Одоогоор эмнэлэгт хандаад буй бүх өвчтөнүүд эрчүүд гэнэ.

Мужийн эрүүл мэндийн газар эрүүл мэндийн яам, цагдаагийн албатай хамтран эл өвчний шалтгааныг тогтоохоор ажиллаж байна. Халдвар эсвэл хордлого байж болзошгүй гэж мэргэжилтнүүд таамаг дэвшүүлээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top