Мексикт 11 настай сурагч багшийгаа хөнөөжээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 11

Мексикийн Торреоне хотын Серватес коллежид 11 настай сурагч гал нээсний улмаас нэг багш амиа алдаж, зургаан хүн шархаджээ. Хүү өөрийгөө буудаж хөнөөсөн байна.

Мужийн нийгмийн аюулгүй байдлын яамны зохицуулагч Лагуна Аделаидо Флоресийн хэлснээр, шархадсан таван сурагч, нэг багш эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд хоёрынх нь биеийн байдал хүнд байна.

Зургаадугаар ангийн сурагч хоёр буутай байсан бөгөөд түүний эцгийн хэлснээр хүү сүүлийн үед эмээтэйгээ хамт амьдарч байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр, хүү бие засах өрөө орох нэрийдлээр ангиас гарсан байна. Удаан ирэхгүй болохоор нь багш нь араас нь явсан бөгөөд тэнд сурагч нь түүнийг бууджээ. Хууль хүчнийхэн 1999 онд АНУ-ын ахлах сургуульд болсон хэрэгтэй холбоотой эсэхийг шалгаж байна. Хүү “Natural Selection /Байгалийн шалгарал/” гэсэн бичигтэй цамц өмссөн байсан гэнэ. 1999 оны Колорадогийн ахлах сургуульд гал нээсэн этгээд мөн ийм үгтэй цамц өмссөн байжээ. Гэхдээ эрх баригчид 2002 онд гарсан “Natural Selection” хүн бууддаг видео тоглоомтой холбоотой байж магадгүй гэсэн таамаг дэвшүүлжээ. Учир нь хүү ангийнхандаа энэ тоглоомын талаар ярьж байсан аж. Тэрээр сайн сурдаг, хүмүүжилтэй хүүхэд байсан гэнэ. Хууль хүчнийхэн хүү ямар замаар буу олж авсныг шалгаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top