Хэрвээ байгаль дэлхийг хүний араншинд нийцүүлэн бүтээсэн бол энэ дэлхий аль эрт сөнөх байсан гэх санааг нэрт яруу найрагч Ренчиний Чойном нэгэн шүлгэндээ дуун алдан өгүүлсэн нь бий. Эндээс харвал байгалийг хүний араншинд бус хүнийг байгалийн араншинд зориулан бүтээснийг яруу найрагч олж мэдэрсэн хэрэг. Магадгүй өвөг дээдсээс авч үлдсэн зүйл ч байж болно. Өнөөдөр идэр гурван есийн хүйтэн ид тачигнаж, хүйтний эрч чангарч байна, “Гурван есийн хүйтэнд гунан үхрийн эвэр хуга хөлдөнө” гэх зэргээр халуун дулаан улирал мөрөөдсөн яриа сүүлийн өдрүүдэд өрнөж байгаа нь дээрх үгийг өөрийн эрхгүй санагдуулна. Хэрвээ наран шарсан өдрүүд удаан үргэлжилбэл бороо бүү хэл өвлийн цас, тэсгим хүйтнийг хүсэх тийм л араншин гагцхүү хүнд заяажээ. Жавар тачигнаж буй эл өдрүүдийг хүмүүс буцаж яваа цаг мэтээр ярьдгийг би огтхон ч зөвшөөрдөггүй. Магадгүй этгээд сонин санагдаж болох ч миний хувьд ирж яваа өдрүүд үргэлжилж байгаа мэт тийм дотнохон санагддаг.
Учир нь арванхоёрдугаар сарын 22-ны өдөр нар буцдаг. Энэ өдрөөс эхлэн он цаг алгуурхан урин цагийн үзүүр рүү минут, хором, мөч бүрээр дөхөж явдаг жамтай. Хэтэрхий удаан явж буй учраас хүнд тэр бүрий цаг хугацаа ажиглагддаггүй байх. Түүнээс өнөөдөр нэгдүгээр сарын 14-ний өдөр арванхоёрдугаар сарын 14-ний өдрөөс даруй гучаад минут урт болсон байна.
Идэр есийн хүйтэн эхэллээ хэмээн сэтгэл чилээж суусан иргэд, тэр тусмаа малчид гурван ес эхэлсэн энэ өдрүүдэд нөхцөл байдалдаа дасан зохицож, “гурван ес дуусчихвал ч цаг уярна”, “Таван ес эхлэхээр тавьсан будаа хөлдөхгүй” гэх мэтээр сэтгэлд зөөлрөн сууна. Тэгэхээр энэ бол ирж яваа цаг санж. Гагцхүү буцаж буй мэт санагдах ирж буй цаг юм. Өвөг дээдэс маань ч энэ үеийг ирж яваа цаг хэмээн үздэг байсан нь илт. Энэ өдрөөс түүчээлсэн нарны тойрог явсаар зургаадугаар сарын 22-ны өдөртэй уулзана. Халуун дулааны энэ цагаас эхлэн нар буцаж, зуны налгар өдрүүд хором мөч бүхнээр нараа хумьсаар явдаг учиртай. Тийм дээ ч “Наадмын маргааш намар” хэмээн өвөр зуураа хэлэлцэж, хадлан тэжээлээ базаахаас эхлээд бүхий л ажлаа амжуулж эхэлдэг нь цаанаа бас учиртай.
Цаг хугацааг чөдөрлөж туших аргагүй, цаг хугацааг хуурах боломжгүй учраас эртнээсээ хүн төрөлхтөн байгаль, цаг уурын араншинг таньж мэдэрч ирсэн хэрэг. Ажиглаж мэдэрсэн нэгэнд цаг хугацаа түр амасхийн хууч хөөрч, заримдаа ижил сүргээдээ гүйсэн алдуул морь шиг зуларч, заримдаа яст мэлхий шиг удаан гээд янз бүр байж таарна. Энэ л цаг хугацааны бүхий л араншинг дааж гардгаараа, зохицож чаддагаараа хүн төрөлхтөн бол ертөнцийн аугаа суут бүтээл мөн. Буцаж буй мэт ирж яваа цаг дор мөргөм үү.
Сэтгэгдэл ( 1 )
Өглөөний мэнд хатагтай, эрхэм ээ\nБид таны мөрөөдөлд хүрэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; Эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байвал бидэнтэй шууд холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, эргэн төлөлтийн хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй холбоо барина уу: matildalecoustre@gmail.com\nwhatsapp:0033 7 52 89 40 37