ОЛОН ӨНГӨ: Бага насны сэтгэлд үлдсэн Багийн төв

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

Бидний багад Бригадын төв буюу өдгөөгийн нэршлээр Багийн төв гэж хүний хүслэн болсон, гол төлөв хүүхэд, хөгшид аж төрөх бяцхан суурин байх. Тэнд сайндаа нэг албан контор, Агентын нэг жижигхэн байшин байх нь  их л холоос бараа сүртэй харагддаг байж билээ. Магадгүй хурга тугалын бэлчээрт хүрч ахуй балчир насанд минь түүнээс том байшин барилга байгаагүй байх. 

Тэгээд хэдэн муу царай муутай ч бат бөхийн туйл, цоож нь томдсон амбаар байх нь Багийн төвийн үндсэн хөрөнгө. Бригадын төвийн үндсэн иргэд бол дэлхий захирч явсан тухай дэгсдүү ярьж суух хүн чулуу шиг санагдах хэдэн өвгөд, залуудаа сайхан бүсгүй байсан хэмээн хадуурах хазгар эмгэд, хурга тугалын бэлчээрт арай хүрээгүй нялхас хүүхэд гээд болно доо. Энд хамгийн үнэтэй зүйл гэвэл асгатай уул шиг бараантаад үнсэн дээрээс үл хөдлөх мэлзэн бор ат. Номхон ноомойн туйл болсон энэ амьтан ундны ус дөхүүлдэг учраас яах аргагүй чандмань эрдэнэ. Мөнхүү дааган цагаас нь хойш ижилд нь тавиагүй гэмээр “Үстэй хад” шиг хүрэн морь уяан дээр зүүрмэглэнэ. Хэдийгээр хашин удааны туйл боловч нохойн шогшоо таслаагүй ганц “хурдан” унаа учраас үнэт зүйлд гарцаагүй орно. Хөгшдийн цайны сүүгээ шувтардаг тав гурван үнээ, тугалыг дунд нь нийлүүлчихгүй малладаг ганц унаа учраас яах аргагүй л эрдэнэ юм. Эднээс дутахгүй нэгэн эрдэнэ бол сүүдэр даган өдөр өдрийг барах сүр ихтэй банхар хуцахаас үл хэтрэх ч саахалтын бараа ойртуулж, холын чимээ дөхүүлдэг Багийн төвийн ганц “сонор” учраас яах аргагүй л үнэтэй амьтан. Ийм л нэгэн бяцхан суурин байх авч өөр өөрийн нууцтай, мэдэх мэдэхгүй зүйлтэй хүний амьдралын нэгээхэн хэсэг байдаг байв.

Учир нь хол алсын бараа хамтдаа саравчлан, хэдэн биеэ харж дөрвөн цагийг элээдэг ч сэтгэл сэтгэлдээ шивнэх зүрх зүрхний нууцтай, цаг нарны орон зайд нүд нүдээ харж суудаг ч цаг орчны тухай өөр өөрийн араншинтай, гариг эрхсийн дор бодол бодлоо уншин суудаг ч галав ертөнцийн тухай хувь хувийн бодолтой ийм нэгэн буурал намтар сэтгэлийн хойморт ярган үлджээ. Хүүхэд багын төрхөнд үлдсэн энэ л суурин миний анх харсан хамгийн том хот суурин байх.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨДӨӨНИЙ ЖОЛООЧ(203.91.117.8) 2020 оны 01 сарын 17

БАС ТОМ БААДАН БИЕЭРЭЭ ОРООСОН БАГИЙН ДАРГА,ТОО БҮРТГЭГЧ,ХҮН,МАЛЫН ЭМЧ БАЙЖЭЭ.ТЭД ИХ АЖИЛТАЙ

0  |  0
ХӨДӨӨНИЙ ЖОЛООЧ(203.91.117.8) 2020 оны 01 сарын 17

БАС ТОМ БААДАН БИЕЭРЭЭ ОРООСОН БАГИЙН ДАРГА,ТОО БҮРТГЭГЧ,ХҮН,МАЛЫН ЭМЧ БАЙЖЭЭ.ТЭД ИХ АЖИЛТАЙ

0  |  0
ХӨДӨӨНИЙ ЖОЛООЧ(203.91.117.8) 2020 оны 01 сарын 17

БАС ТОМ БААДАН БИЕЭРЭЭ ОРООСОН БАГИЙН ДАРГА,ТОО БҮРТГЭГЧ,ХҮН,МАЛЫН ЭМЧ БАЙЖЭЭ.ТЭД ИХ АЖИЛТАЙ

0  |  0
Top