ОЛОН ӨНГӨ: Эр болон эм төрсөн өдөр

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 18

Насны ой буюу төрсөн өдрийн баяраа мөнчиг сүртэй, мөнгө хаян тэмдэглэдэг нэгэн байхад жирийн л бор хоног гэж үзэх нөгөө нь бий. Ертөнцийг үзэх үзэл, бэл бэнчингээсээ хамаардаг ч байж болох. Үүнийг жендэрийн талаас нь харвал, төрсөн өдрийн шоуны эзэн эр, эсвэл эм байхаас шалтгаалан өөр болдог заншил бидний үеийнхний дунд нэгэнт тогтжээ. Хүндлээд, эмэгтэйчүүдээсээ эхлэе.

Голдуу найз охид, хүүхнүүдээ цуглуулна. Яг л томоохон компанийн шинэ жилийн цэнгүүн мэт баярын мэнд хүргэсэн том зурагт самбар угтаж, гол үйл ажиллагааны тасалгаанаас гадна гоёлын даашинзаа солих тусдаа өрөөтэй. Эхлээд хувцас солих өрөөгөөр үйлчлүүлээд, хэд татан улаа бутрахаасаа өмнө төрсөн өдрийн эзэнтэй нэгийн цуваагаар зураг даруулж гарна даа. Муухай гарсан тохиолдолд зурагчингаа халж сэлгэн, өрөөлд таалагдатлаа даруулна. Нэг хүн дор хаяж арав удаа зогсолтоо сольдог байх аа. Албан ёсны арга хэмжээ ёсоор ээлж дараалан төрсөн өдрийн эзнийг тэнгэрт тултал магтаж, бэлгээ гардуулцгаана. Гэхдээ олонх тохиолдолд гуялсан бэлэг болж таардаг.

Оргил мөч нь  хүслээ бодон насныхаа тоотой лаа үлээх хэдхэн секунд. Гэрэл унтарч, аль үнэтэй гар утастай нь бичлэг хийх мөчид арван жилдээ англи хэл арай дориун сурсан ганц нэг нөхөр маруухан хэдээ чирээд хоолой салгаж өгнө дөө. За тэгээд, үндсэн үйл ажиллагаагаа өндөрлүүлсний дараа тооцоогоо хүндээ тэнцүү хувааж, төлөөд тарцгаана. Харин эрчүүд бол маш товчхон. Уулзлаа уулаа, төрсөн өдрийн эзэн яасан ч бүх тооцоогоо хийнэ. Өөрөө чадваргүй бол картыг нь сугалаад уншуулчихна. Бэлэг сэлт барьж ирээгүй андууд гараад үргэлжлүүлэн даалгана. Зураг авахуулах тухайд, гоё ч бай, муухай ч бай бөөнөөрөө ганц нэг дарсан сэлфигээ маргааш өглөө нь л утсаа ухаж байгаад олж үздэг. Яаж гэртээ ирснийг нь тэнгэр л мэдэх байх.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top