Хэн нэгэнд дулдуйдах, хэврэгхэн харилцаанд найдах гэдэг өөртөө итгэлгүйн шинж. Хүн өөрийнхөө л чадамжид найдаж амьдрах хэрэгтэй. Зарим хүмүүс миний ах дүү, хамаатан садан тийм дарга, тийм сэтэртэй, ийм танил талтай гээд “томордог” сурагтай. Үнэнээрээ явж байгаа, үнэний төлөө дуу хоолойгоо өргөж яваа “шонхрууд” нь өд сөдөө зулгаалган тасчуулж, даль жигүүрээ хугачуулан бэртдэг нь хорвоогийн жам болсоор хэвийн үзэгдэл мэт нийгмийн дунд дасал болжээ. Хугарсан тэр далавч, хууртагдсан тэр үзэл бодлынхоо төлөөсөнд хугасхан өдрийн сэтгэлийг нь хуурах таван төгрөгийг гуйлгачин аятай шидэх “мяндаг тушаалтнууд” яасан ч олон юм бэ дээ. Өнөөдөр ард түмнийг өнгөцхөн үнэлэмж, үл мэдэг нэр төрөөр хуурч болох ч хожмын түүх таныг шүүх болно гэдгийг боддог болов уу?
Өнөөдрөөрөө, үнэнээрээ, өөрийнхөөрөө амьдарч байгаа хүн бүхний төлөө бурханд талархмаар. Өчүүхэн нэр алдар, ашиг сонирхлын төлөөнөө найз нөхөд, хамт олон, ижий аав, эх орноо арилжигсдыг бурхан л шийтгэх биз ээ. Галав юүлж байвч, газар хөдөлж байвч, галт уул дэлбэрч байвч, гариг эрхис мөргөлдөж байвч гагцхүү өөртөө үнэнч, өрөөлд худалгүй байсны тань төлөө мянган жилийн дараа таныг шагнавал та гомдолгүй биз дээ? Энэ ертөнцийн тавилан ийм хойно.
Сэтгэгдэл ( 0 )