Хойд Солонгос гаднын иргэдийг үзлэгт хамруулж байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 03

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх зорилгоор, Пёньяны “Найрамдал” эмнэлгийн эмч нарын баг тус хотын дипломат дүүрэгт оршин сууж буй гаднын иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж эхэлжээ.

Хамгаалалтын хувцас, амны хаалт, шилтэй эмч нар олон улсын байгууллагуудын ажлын байр болон гаднын иргэд амьдарч буй орон байранд очиж, гаднын оршин суугчдын биеийн халууныг тусгай багажаар хэмжиж байгаа аж. Өндөр халуунтай хүн илэрсэн тохиолдолд “Найрамдал” эмнэлэгт хүргэх гэнэ.

Эмч нар гадуурх үзлэгийг өдөрт хоёр удаа буюу өглөө, орой явуулах гэнэ. Түүнчлэн, Пёньяны дипломат дүүргийн гарц дээр эмнэлгийн явуулын пост ажиллаж байгаа бөгөөд эмч нар орж, гарч буй бүх зорчигчдын халууныг үзэж байна.
Солонгосын мэдээллийн төв агентлагийн мэдээлснээр, тус улсын эрх баригчид энэ сарын 13-наас хойш Хойд Солонгосын хилээр орж ирсэн гаднын болон тус улсын иргэдийг карантилж байна. Хойд Солонгосын эрүүл мэндийн яамны мэдээллээр, одоогийн байдлаар коронавирусээр халдварласан ганц ч тохиолдол бүртгэгдээгүй байна.

Энэ сарын 13-наас хойш тус улсад ирсэн гаднын иргэд дипломат корпусынхны үйлчлүүлдэг “Найрамдал” эмнэлэгт үзлэгт хамрагдах ёстой бөгөөд хоёрдугаар сарын 1-нээс хойш тус улсын хилээр орж ирсэн дипломат ажилтнууд 15 хоног карантинд байх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top