Тайландын Эрүүл мэндийн яам гарган авсан эмээрээ коронавирусээр өвчилсөн хоёр дахь өвчтөнөө эмчилсэн тухай дөнгөж сая мэдээллээ.
Шинэ эмээр эмчлэгдсэн өвчтөн нь 70 гаруй насны эмэгтэй бөгөөд вирус түргэн хугацаанд бүрэн устсан байна. Өвчтөний вирус нь устсан ч эмчилгээний дараах нөхөн сэргээх эмчилгээнд хамруулж байгаа аж. Одоогоор үүнээс өөр мэдээлэл тодорхой болоогүй байна.
Тайландын эмч нар өнөө өглөө шинэ төрлийн эм гарган авснаа зарласан юм. Тайландын эмч нар лабораторийн орчинд ХДХВ/ДОХ-ын лопинавир, ритонавир эмүүдийг томуугийн оселтамивир эмтэй хольж эм гарган авчээ. Эмчилгээний үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор ХДХВ/ДОХ-ын эмүүдийн тунг багасгаж, томууны эмийн тунг нэмсэн нь ийнхүү үр дүнтэй гарсан байна.
Шинээр гаргаж авсан эм нь эмнэл зүйн практикт албан ёсоор нэвтрээгүй байгаа ч ийнхүү эдгэрэлтийн явцыг түргэсгэж байгаа нь эмч мэргэжилтнүүдийн анхаарал татаж байгаа юм.
Эмчилгээний явц, эмийн найрлага, өвчтөнүүдийн биеийн байдал зэргийг БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах яамтай солилцохоор бэлдэж байгаа гэдгээ Тайландын Эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )