Токио хотын зэргэлдээх Ёкохома хотын боомтод өнгөрсөн даваа гарагаас карантинд ороод буй “Diamond Princess” усан онгоцны зорчигчдоос дахин арван хүн шинэ төрлийн коронавирусээр халдварласан нь тогтоогдож, нийт халдвар авсан хүний тоо 20-д хүрээд байна. Тэднийг мөн Канагава мужийн эмнэлэгт хүргэх аж.
Японы өөрийгөө хамгаалах хүчний цэргүүдийг тус хөлөг онгоцны нийт 3700 зорчигчид тусламж үзүүлэх зорилгоор дайчлаад байна гэж тус улсын батлан хамгаалах яамнаас пүрэв гарагт /2020.02.06/ мэдээлжээ. Усан онгоц дээр нийт 50 гаруй орны 3700 иргэн хөл хорионд ороод байгаа бөгөөд цэргүүд тэдэнд хүнс болон шаардлагатай хэрэглээний эд зүйлсийг хүргэх гэнэ.
“Diamond Princess” хөлөг онгоцны нэгэн зорчигчоос шинэ төрлийн коронавирус илэрснээр тус онгоцыг өнгөрсөн даваа гарагаас эхлэн карантинд оруулаад байна. Хөлөг онгоц өнгөрсөн сарын 20-нд Ёкохама хотоос гарч Кагошима, Хонконг, Окинава чиглэлээр аялж, өнгөрсөн даваа гарагт Ёкохама хотод буцан иржээ. Хонконгт буусан 80 настай аялагчаас анх коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд даваа гараг гэхэд зорчигчид биеийн байдал муудсан талаар гомдолжээ.
Японы эрх баригчид бүх 2666 зорчигч, онгоцны багийн 1045 гишүүн, үйлчилгээний ажилчныг эрүүл мэндийн үзлэгт хамруулах шийдвэр гаргаад байна. Энэ сарын 20-ныг хүртэл тэд усан онгоцон дээр карантинд байх магадлалтай байна.
Сэтгэгдэл ( 0 )