Японд тусгаарлагдсан усан онгоцны 41 зорчигчоос вирус нэмж илэрчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 02 сарын 07

Энэ сарын 3-наас хойш Японы Ёокохама хотын боомт орчим карантинд ороод буй “Diamond Princess” усан онгоцны зорчигчдоос шинэ төрлийн коронавирусийн халдвар нэмж 41 хүнээс илэрч, халдварласан хүний нийт тоо 61-д хүрсэн талаар өнөөдөр /2020.02.07/ тус улсын эрүүл мэндийн яамнаас мэдээлжээ.

Тэднийг ойрын хугацаанд усан онгоцноос Японы төвийн таван мужийн эмнэлэгт шилжүүлэхээр ажиллаж байна.

Халдвар авсан нь батлагдсан 41 хүний биеийн байдал нь бүгд хэвийн байгаа аж. Нийт халдвар авсан 61 хүний 28 нь Япон, 11 нь АНУ, долоон Австрали, долоон Канадын иргэн, Хятадын 3 иргэн, Их Британи, Шинэ Зеланд, Тайвань, Филиппин, Аргентины тус бүр нэг иргэн байна гэж Японы эрүүл мэндийн сайд Кацунобу Като мэдээлжээ. Эдгээр өвчтөнүүдийн дунд хөлгийн багийн гишүүд байхгүй бөгөөд өвчтөнүүд 20-80 насны иргэд байна. Өвчтөнүүдийн 21 нь 70-аас дээш насныхан гэнэ.

Тус хөлөг онгоцонд өдгөө 3.7 мянган хүн тусгаарлагдаад байгаа бөгөөд 50 гаруй орны иргэд байгаа юм. Усан онгоц дээр хоёр долоо хоногийн карантин тогтоогоод байгаа бөгөөд хүнс, хэрэглээний зүйлсийг тус улсын өөрийгөө хамгаалах хүчний алба хаагчид хүргэж байгаа юм.

Үүнтэй зэрэгцэн Японы эрх баригчид Хонконгоос Японыг чиглэн ирж буй “Westerdam” хөлөг онгоцыг Хонконг руу буцахыг хүсжээ. Тус хөлгөөр зорчиж буй Японы иргэдийг Хонконгоос агаараар эх орондоо буцан ирэхийг санал болгож байна. Тус хөлөг онгоцны зорчигчдын дунд халдвар авсан өвчтөн байж болзошгүй гэх мэдээлэл байна.

Японы Ерөнхий сайд Абэ Шинзогийн мэдэгдсэнээр, Японыг чиглэж бусад хөлөг онгоцны талаар ийм арга хэмжээг авахад бэлэн байна.

Хонконгт мөн карантинд ороод “World Dream” онгоцонд тусгаарлагдаад буй 3600 гаруй зорчигч, хөлгийн багийн гишүүдээс коронавирус нэмж илрээгүй байна. Өмнө нь тус хөлгийн найман зорчигчоос коронавирус илэрсэн гэж ВВС агентлаг мэдээлжээ.
 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top