Дэлхийн яруу найргийн өдөрт зориулав

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 21

 

Г.Аюурзана

Алга ташилт биш бодлогошронгуй

Бодлогошронгуйн төлөө би шүлэг бичдэг

Алхаагаа тааруулан уртасгаж,

Богиносгож шивнэсэн үйлт нэрүүд

Хэзээ нэгтээ байсан цаг хугацааны

Хэсэгтэй орооцолдон шүлэг минь бүтдэг

Хэзээ ч юм бэ, бий болох цаг хугацааны

Хэлтэрхийд ойх өөрийнхөө гэрлээс гялбаж

Нар мянган цацрагаа аних

Надад бишрэм харагддаг

Харж суухнаа

Нам гүм гэж энэ аниатайг хэлдэг юм шиг

Надад санагдаад, би шүлэг бичдэг.

Оргилох шүлгээ алга ташилт биш,

Бодлогошронгуйг мөрөөдөж буулгаж суухдаа

Орчлонг минийхтэй адилхан нүдээр

Ажиж болзошгүй хэн нэгнийг хүлээдэг

 

*                     *                    *


Чөтгөр мэт өвлийн моддын дундуур

Сайхан бодол нисэлдэнэ.

Чөлөөтэй, ядуу амьдралдаа тавьсан цэгийг минь

Чи олоод харчих надад ичгүүртэй.

 

Тэр ажигч харцнаас

Нуугдахын эрхэнд ганцаардана.

Тэвчээргүй учрал мартагдаж өгөхгүй,

Дутуу дулимаг санагдана.

 

Илүү ганцхан шөнийг

Цуг барсан сан бол,

Ингэтлээ санахгүй, бодохгүй,

Дурсамж минь ханачих байсан шиг.

 

Ахиад ганц амраглах дутуугийн амт

Насаар нэг гашуун

Азгүй дурлалын үр сад, бид.

Азгүй дурлалын үр сад!

 

*                     *                    *

Л.Өлзийтөгс

БИ ЦЭВ ЦЭНХЭР АТЛАА

 

БИ цэг цэг цэг атлаа
Би үүлнээс ч илүү үүл, уснаас ч илүү ус, үл баригдахуй атлаа
Би салхины бие, шувууны нисэлт, өвлийн тэсгим жавар атлаа
Би хязгааргүй, хайрын биелэл атлаа
Биеэр минь дүүрэн ертөнц, нүдээр минь дүүрэн тэнгэр атлаа
Цаг хугацаа хаана оршдогийг ганцаарханаа мэддэг атлаа
Цасны ширхэг бүрийг нэрлэж чаддаг атлаа
Гайхамшигт, гүн нууцлаг амьдралаас айдаггүй мөртлөө
Галд гараа дүрэхээс буцдаггүй атлаа
Ганцхан чиний л өмнө үл дүрэлзэн гэрлээ хумьж
Гарт чинь буй сарнай адил нам гүмхэн юунд бөхийнө вэ

 

*                     *                    *

 

Д.БАТТТОГТОХЫН ДУРСГАЛД

 

Одоо ганцхан дурлачихаад үхье

Одоо ганцхан дурлуулчихаад үхье

Одоо ганцхан л намрыг, шарласан тэнгэртэй нь харчихаад...

Орь залуухан хавраар нэг л амьсгалчихаад...

Бов бор шорооноос ногоон өнгө дэлгэрэхийг үзчихээд

Болжморын нүдэн дэх инээмсэглэлийг

гэрэлтэн гэрэлтэтлээ харчихаад

Өвс чирсэн шоргоолжийг үүр рүүгээ зүтгэхийг үзчихээд

Өндрийн ганц шувууг саравчлан харчихаад

Би эндээс явъя

Солонго руу давхиж яваа эрмэг цагаан гүүг

Солонгон доторх солонготой нь ганц л харчихаад явъя

Модон шөнөөр ододтой байраа солихыг үзчихээд

Одны гэрэлтэй усанд хөлөө нэг л дүрчихээд

Бүр явъя

Сүүлчийн удаа, ганц л удаа

Сүмийн оройд заларсан гөрөөсөнд мөргөчихөөд буцъя

Ээ, хичнээн их хүсэл, сэтгэл яасан их вэ!

Хэний ч бичээгүй шүлэг ганцийг биччихээд л...

 

*                     *                    *

М.Уянсүх

ЯРУУ НАЙРАГЧИЙН БУЛШИН ДЭЭР БИЧСЭН ШҮЛЭГ

 

Энэ ер яасан цэлмэг тэнгэр вэ?

Эзэнгүй зууны тэртээ шувууд үймцэн нисээгүй юм шиг

Эртний өвгөдийн нулимс түүн шиг хурж зангираагүй юм шиг

Энэлж уйлсан бүсгүй дээш сарвайж дуудаагүй юм шиг

Энэ ер яасан цэлмэг тэнгэр вэ?

Энэ ер яасан зөөлөн өвс вэ?

Энхрий охид, хөвгүүдийн нялх багын сэвлэг юм шиг

Эрвээхэй хуарлах цэцэгсийн өнө хожмын зүүд юм шиг

Эндээс тийшээ явсан танихгүй хүний хайр юм шиг

Энэ ер яасан зөөлөн өвс вэ?

Энэ ер яасан төгс аялгуу вэ?

Эрдэнийн чавхдас гэмээнэ өөрөө дуугарах хөг юм шиг

Эхлэл, төгсгөл хоёрын зөрж хэлэлцэх үг юм шиг

Ээжийн үнэр шингэсэн уул хэцийн салхи юм шиг

Энэ ер яасан төгс аялгуу вэ?

Энэ ер яасан гоё чулуу вэ?

Эрх чөлөө, яруу найргийн хуучин булш биш юм шиг

Эрин зуун түүний өмнө хэзээ, ямар ч буруугүй юм шиг

Эгшигт шүлгийн нэгээхэн шадыг яг тэнд сийлээгүй юм шиг

Энэ ер яасан гоё чулуу вэ?

Булшны чулууны дэргэд би өвс мэт бөгтөр зогсном

Бурхад завилсан тэнгэрийг өчигдрийн зүүд гэж итгэнэм

 

*                     *                    *

Б.Баясгалан

 

Яруу найраг... Энэ бол

Урсаж л явсан гол горхи гэнэтхэн буруулж

Улаан гол руу минь цутган орж ирэхийн,

Улаан цусыг минь түрж судас бүрээр минь

Дулаан илчийг минь хөөж, салаалж эргэхийн,

Тунгалаг шил шиг болох яг тэр мөчид минь

Тунчиг нууцыг минь бүхэнд гэрэлтүүлж харуулахын

Нэр.

Яруу найраг... Энэ бол

Сувд үзүүлнэ гээд далайн гүн рүү

Шумбуулж дөнгөсөн илбэчний гараас

Атгаж амжсандаа живсээр буй ч

Аз жаргалаар халгин байхын, гүнээс дуулахын,

Уран дуулах минь дээш түгээд

Усны мандал дээр долгилон байхын

Нэр.

Яруу найраг... Энэ бол

Цагийг захирагчийн хүйтэн мутраас

Цай уугаад үүрд унтахын,

Бутарч үйрээд бүтэн үлдэхийн,

Бусдаас өөр гунигаар үхэхийн

Нэр.

 

*                     *                    *

Б.Эрдэнэсолонго

 

Золбин тэнэмэл, гудамжны дуучин байж залхлаа

Зоос шидэх чимээ хачин яруу сонсогддог байлаа

Зол баяр гэдэг үнэндээ хүмүүсээс ирдэггүйг мэдлээ

Үнэн гоё, үнэн ядуу амьдарлаа би.

Сэтгэл гуйсан хоосон алган дээр

Өглөө бүхэн нүцгэн сэрдэг байлаа

Сэлүүн, хүйтэн шөнийн хөвчийг тастахын тулд, үдэш бүр

Өд, тонгорог дэрлэж унтдаг байлаа

Хачин тухгүй, хар дарсан зүүд шиг амьдарлаа би

Хуучин гутлынхаа шинэ мөрийг бахдан харж

Шинэ гутлынхаа хуучин мөрийг танимхайран ширтлээ

Хувь заяа чамайг магтан дууллаа

Хууртмаар баян, уйлмаар цайлган амьдарлаа

Алдар хүндийн унаанаас аль эрт хоцорч

Цагаасаа эрт төржээ би

Амьтан хүнээс хайр энэрэл горьдож цөхөрлөө

Мартагдсан бохир буланд малгай тосон мэхийж ханалаа.

Хүн байсны төлөө бутархай хэдэн зоос чулуудсаны учир

Хүсвэл би ч бас яг та нар шиг аяглаж чадахын учир

Золбин тэнэмэл гудамжны амьдралдаа цэг хатган бослоо

Зоос шидэх араатнуудын дунд тийнхүү уусан алдрахад

Зовхи нулимстай, сэтгэл хөндүүр байна.

 

*                     *                    *

БҮХ УТГААР НЬ


(Яруу найрагчдад)

 

Хэн ч огт хайрладаггүй бороог хайрласны төлөө

Хэн ч анзаардаггүй, хэн ч тоодоггүй

Хэсүүл салхинд дурласны төлөө

Орц хонгилоор нэг хөглөрч байдаг

Тэнүүлчин луйварчдыг тэвэрч үнссэний төлөө

Уйлж зовсон нүдийг уйтгараас салгасны төлөө

Уугаад дуусгахгүй байсан архийг ууж дуусгасны төлөө

Дуулаад дуусахгүй байсан дууг дуулж жаргаасны төлөө

Урсаад л өнгөрөх байсан, урсаад л алга болох байсан

Агшин хором бүхнийг амжиж үлдээснийх нь төлөө

Гол шиг урсаж, гол шиг ургах охидын гоог

Онцолж магтсаны төлөө

Агаар шиг дэгдэмхий, цас шиг будангуй

Аяс зөөлөн байсны төлөө

Агт морьд сульдаах алтан гургалдайн дуунд

Аяншиж ядраагүйн төлөө

Ард Галсансүхийн аялгуулан хэлснээр

Сэтгэл гэдэг эрхтнийхээ бүх мөчийг тастуулсан ч

Тэргэнцэр дээр тэсээд үлдсэний төлөө

Хавирга нэвт үлээх дөрвөн цагийн салхинд

Халуунаараа үлдсэний төлөө

Урваж шарваагүй, хуурч мэхлээгүйн төлөө

Өд сөдөө зулгаалгасан ч ниссээр байсны төлөө

Өрөөсөн далавчаа газарт

Нөгөөг нь тэнгэрт чирсэн мөрний төлөө

Ижлээ идэж, ханиа барах хатуу цагт

Идүүлсэн ч ахин дахин цэцэглэсний төлөө

Цаг хугацааны эрүүг цайрч хувхайртал

Заалдсаны төлөө

Хавар шиг ирж, намар шиг буцсаны төлөө

Харц шиг амьдарч хаан шиг үхсэний төлөө

Үхэвч үргэлжилсээр байсны төлөө

Бүх утгаар нь чамайг хайрлана

Яруу найрагч аа.

 

*                     *                    *

Б.Одгэрэл


ШҮЛЭГ БИЧИХГҮЙ БАЙХЫН АРГАГҮЙ ...

 

Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан нутаг, бөглүү хязгаар

Шүлэг бичихгүй байхын аргагүй зовлонт амьдрал, гажаагүй амьдрал

Шүлэг бичихгүй байхын аргагүй сайхан дүү нар, ялдам эгч нар

Зам, жим, нам, өвөл, хаврын шуурга

Шүлэг бичихгүй байхын аргагүй өвгөн багш

Аав, ээж, өндөр тэнгэр, тансаг түүх

Хүн төрөхийн гайхамшиг, орчин үе, цаг хугацаа

Шүлэг бичихгүй байхын аргагүй хуурамч нөхөрлөл, жинхэнэ үзэн ядалт

Олон олон дурлал

Уналт ба сэрэлт, ханын хуучин цаг зогсох мөч

Нэгэн үс цайрах ба нэгэн өдөрт хэдэнтээ баярлах тохиол

Гуч шүргэхэд олон морь, олон нохой, олон хүний өөдлөхийг үзэх гуниг

Шүлэг бичихгүй байхын аргагүй этгээд утасны модод

Мэс засал, Өрнөд хийгээд Дорнод гэх үг, утга

Мах идэхийн тухай эргэцүүлэл, бие биетэйгээ мэтгэлцэн улайрах явдал

Хүний ухааныг магтах эндүүрэл, шүүмжлэх ихэрлэл

Шүлэг бичихгүй байхын аргагүй үлгэрийн хүмүүжил, хожмын боловсрол

Шоргоолжноос хүн үүссэн байх гэх бодол

Сэлбийн гүүрэн дээрх бүх хүнийг таньдаг болсон үе

Шүлэг бичихгүй байхын аргагүй элэг, зүрх, нүд, хуучин шинэ үзэг

Шүлэг бичихгүй байхын аргагүй ...

 

*                     *                    *

Г.Сүхзориг

 

Яг чам шиг амьдарч үзэх сэн

Яваад л өгдөг, буцаад л ирдэг...

Алдуурсан сэтгэлийг минь аргадах гэж ирчхээд

Шаргал навчистай хамт хийсэн одчихдог

Яг л чам шиг амьдарч үзэх сэн

 

Хүсэл шиг, хагацал шиг

Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар

Үл ойлгогдом, учирлаж гуймаар

Атаархмаар

Чам шиг дүүлж нисэх сэн

 

Даль жигүүрийг чинь салхи эцээж чадахгүй...

Дэндүү омголон эрх чөлөөг чинь би ч хорьж дийлэхгүй...

Намайг хайрлах гэж ирдгийг чинь хэн ч мэдэхгүй...

Жигүүргүй намайг дагуулж одох гэж аргаддагийг чинь

хэнд ч би хэлэхгүй

 

Үхэн дурлаж, үймрэн дуулмаар чамайг

Атаархагчид

Үгүйсгэж чадахгүй...

Чам шиг би ихэмсэг амьдрах сан

 

Хүсэл шиг, хагацал шиг

Хачин ихээр үзэн ядмаар, хайрламаар

Үл ойлгогдом, учирлаж гуймаар

Атаархмаар

Чам шиг дүүлэн нисэх сэн...

 

*                     *                    *

Л.Ганзул


 

Одоо болсон...

Газраар явгалж ханасан

Нисэх хэрэгтэй

Нэлэнхүйд нь их дээрээс харах хэрэгтэй

Хаврын моддын үзүүр хэрхэн тэнгэрт тэмүүлэхийг

Хаан уулсаас гол мөрөн хэрхэн буухыг

Чонын сүрэг хэрхэн нийлэлдэхийг

Цог хийморьтойгоор өндрөөс л харах хэрэгтэй

Уйтгарлаж болохгүй

Уулс давсан ахын минь

Унаа морь улдчихна

Уйлж яагаад ч болохгүй

Ус мөрөн хөндөлсөөд

Уяралт зөөлөн ах минь

Урт аяндаа ганцаардчихна...

Нисэх л хэрэгтэй

Нэгэн цагт захисан үгийг нь

Нээг их өндрийн оройд

Би л хүргэх ёстой...

 

*                     *                    *

Д.Цогбадрах

 

ЯРУУ НАЙРГИЙН ТУХАЙД:

 

1.

Хятадын яруу найрагч бидэнтэй л

адилхан шар арьстай, жартгар нүдтэй.

Олон үеэрээ

анжис чирч сувдарсан хөлс нь

Одоо амуу дотроос биш

авьяас дундаас нь гялалзнам.

Нууцаа чандлах дуртай

ард түмэн нь

Нутагтаа оршуулахыг хүсэвч

Чандар нь далайн цаана

Заяа тавилангаараа хийсэж таарна.

Хосгүй бүтээл нь

хоолонд давс

цайнд чихэр уусдагийн адил

Хорвоо дэлхийдээ үлдэнэ.


 

2.

Төмөр торхонд савласан

догшин усыг

Түүдгийн гал дээр мах шарах

чимээтэй ханьсан

сорж орхидог, тэгчхээд

Эртний хатдын гоёл зүүлт шиг

Эх адаггүй хөвөрсөн юм бичдэг

Тослог жимс уг нь сайхан л даа

гэхдээ

Тоорыг ястай нь идвэл

хэнд сайхан байх вэ.

Яруу найрагчид нь ийм

зэрлэг бүдүүлэг болохоор

Ямар эх оронд

аз жаргал ирэх вэ.
 

 

3.

Хүмүүст сэтгэлээ дэлгэнэ гэдэг

Хүүхэд төрүүлээд хүнд өргүүлэхтэй ижилхэн байх

Санааг олсон ч дутуу гарчихсан аль эсвэл

Савандаа хэдийн зулбачихсан шүлгүүдтэй зөндөө л таардаг.

Шүлэг бичиж байгаа хэн бүхэнд

Шүдэнз зураад нэг нэгийг бариуллаа гээд төсөөлье.

Зурвасхан гэрэл царайд нь тусахад

Зүрх сэтгэл айдаст автахдаа

Зөн совингоо хэрхэн худалддагийг

харж болно.

Үхлийн тухай хоосон яриа шиг

Эрх чөлөө бидэнд байна.

 

4.

Жигүүртэн

хүчээ сорих гэж тэнгэрт нисдэггүй

Жинхэнэ шүлэгт

зорилго гэж байдаггүй.

 

*                     *                    *

ДЭЛХИЙН  ЯРУУ НАЙРГИЙН ӨДӨРТ!

 

Цэнхэр нүдэн гаригийн

Хамгийн чинээлэг эрийн

Цэнэг нь дуусаж буй гар утсаар

Үүнийг бичиж байна.

Замын цаана, горхины дэргэд

Зартиг сандал, ширмэл ширдэг дээр

Сансрын томьёог баталчхаад

Загасны ясанд хахаж үхсэн

Суут ухаантныг санаж байна уу.

Бугуйн цагныхаа ар талын

Тамиль хэлээр хадсан

Энх тайван хэмээх үгээ

Булшин дотроо одоо ч үсэглэнэ.

Бидний зүрхэн дэх дуу хоолой юм, тэр.

Гараа хумхиж суугаагүйн төлөө

Галыг үмхэж чадсаных нь төлөө

Газрын тос, эрх чөлөөний эсрэг

Гадуур нь дур тавьж буй

Шашныг бид зэмлэх ёстой.

Өвөг эцгээсээ өвлөсөн аллага

Өмнөд туйлын салхины ач

Өчүүхэн итгэл, дайны бурхдын хүчээр

Өөр тив дээр хөвж хүрсэн

Өнчин хүүг таньж байна уу.

Урагш холын ирээдүйд

Улаан нүд рүү нь эгцэлж

Зовхиных нь хүндийг

Уудалмааргүй байна.

Утгагүй цөллөг, цаазын ял

Улс төрийг ч бид жигших ёстой.

Дэлхийн цөмд цохилж буй

Судасны бүгтхэн лугшилт юм, тэр.

Найдвар хаана төгсөж,

хаанаас эхэлж буйг

Нарийн хэлэх аргагүй ч

Нарны аймгийн цаагуур

Сүүлт од өнгөрнө.

Гэртээ харих зөв зам бол

Гэрлийн хурдаар хайрын зурвас илгээх.

Гэнэт гараад явах.

 

*                     *                    *

А.Сүглэгмаа

 

Д.Ц–д

 

Заримдаа тэр танихгүй хүн шиг санагддаг

Засуулаагүй үс нь залхмаар урт ургадаг

Хувцас нь хайнга, үл мэдэг хуучирсан ч

Хуучраагүй эзэн шигээ бөх харагддаг

 

Халаасандаа зоос биш, үнгэгдсэн ноорогтой

Ханаж, цадах гэгчээс өөрийгөө  чөлөөлсөн

Зангиа, цагаан цамцанд бүр ч дургүй

Зах нь элэгдсэн хүрэмнээс салдаггүй

 

Нэг гартаа Чехов, эсвэл Фарозадын номтой

Нөгөө гар нь урт үсэндээ шигдсэн түүнийг

Бөглүү ханхай өрөөндөө хэдэн сараар 

Бүгж суугааг нь гэнэхэнээр төсөөлөөд дөө!

 

Өрөвдөм дурлалт Квазимодо юу?

Өндөр тайгын эзэн шилийн сайн эр үү?

Өө, үгүй дээ! Та нар юу үзнэ гээ?

Эртний дияанч зуун жилийн дараа

Эгээрсэн дүртэйгээр агуйгаасаа гарч ирэх шиг

Нүд сохлом гэрэл түүнээс цацардаг

Нүглээс ангижирсан хүмүүн гэдэг...

 

*                     *                    *

Амь биеийг золиослон байж

гэгээрэл ба гэсгээлийн тавцанд

Андуугүй намайг хүргэгч

Агуу найргийн мөн чанарт

худал гэж байдаггүйн адил

Ангалын ирмэгт тулахад

үл үзэгдэгч далавчиндаа итгэн

Аньсага нүдээ тас аниад

үсэрч чадах зориг надад буй!

 

Ахин дахин үхээд сэхэх

Ариусал, тайтгарлын төлөөх тэр нислэг

Аяа, миний төгсгөл биш, эхлэл минь юм

 

*                     *                    *

Х.Нямхишиг

 


Гунигийг би

Гутал шиг, малгай шиг, дээл шиг өмсдөг

Цоолж, цуулж урдаг

Цоо шинэ гуниг дахин авдаг

Сольж өмсдөг гунигаасаа шалтгаалж, сэтгэл минь

Солиорсон мэт тогтворгүй хэмнэлтэй

Хэлбэлзэл ихт сэтгэлээсээ шалтгаалж, шүлгүүд минь

Хэвийн бус этгээд хандлагатай

Гунигийг би

Гутал шиг, малгай шиг, дээл шиг өмсдөг

Дээл, малгай, гутлыг

Дээрээс нь бас давхарлаж өмсдөг.

 

*                     *                    *

Ц.Дэлгэрмаа

 

Хаа ч юм бэ ургаж буй хөх цэнхэр цэцгийн

Халуун амьсгаа нь салхилсаар цээжинд минь ирж шингэдэг

Цэцгийн үнэрийг авч ирэх цэв цэнгэг салхины

Цэнхэртэх төдий сэвшээнээс л би амьдрах хүчээ олдог


 

Хаа нэгтээ хашхичих хачин зөнт шувууны

Харавтар нэгэн өд зүүдэнд минь ирж унадаг

Өд түрхэрсэн шуурганы хүчит хар амьсгал

Өдийг хүртэл цээжийг минь хэрсээр л буйг мэдэрдэг

 

Бие цогц минь ингэж хоёр ертөнцийн хооронд

Бэдрэх сүнсний минь унаа болж сэгсчигдсээр л байдаг

Хамгийн гунигтай нь би л хаана нь үлдэхээ ч мэдэхгүй

Харанхуй, гэрэл хоёрын дунд сүүтийн зогссоор л байдаг.

 

*                     *                    *

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top