Япон улс олимпыг НЭГ ЖИЛЭЭР хойшлуулахад бэлэн байна

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24


Япон Токиогийн олимпын их наадмыг дээд тал нь нэг жилээр хойшлуулахад бэлэн байгаа тухай Японы “Санкэй” сонин өнөөдөр /2020.03.24/ Засгийн газрын эх сурвалжийг дурдан мэдээллээ.

2022 онд Бээжинд өвлийн олимпын наадам болох учир хоёр жилээр сунгахад асуудалтай тул зуны олимпын наадмын товыг нэг жилээс илүүгүй хугацаагаар сунгах боломжтой гэж зохион байгуулагч тал үзэж байна.

Өнөөдөр Японы Ерөнхий сайд Абэ Шинзо Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бахтай утсаар ярьж, олимпын наадмын хувь заяатай холбоотой асуудлыг ярилцахаар төлөвлөж байна.

NHK телевизийн мэдээлснээр, Японы талаас Абэ Шинзогоос гадна Токио хотын амбан захирагч Юрико Коикэ, “Токио-2020” зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори нар оролцож, олимпын наадмыг хойшлуулах, шинэ тов тогтоох талаар ярилцах гэнэ.

Токиогийн олимпын наадмыг энэ оны долоодугаар сарын 24-өөс наймдугаар сарын 9-ний хооронд явуулахаар төлөвлөсөн байсан.

Өнгөрсөн ням гарагт ОУОХ-ны тэргүүн Томас Бах ОУОХ дөрвөн долоо хоногт багтаан олимпын наадмыг тогтсон хугацаанд явуулах эсэх талаар шийдвэр гаргана гэж мэдэгдэж байв.

Сануулахад, өчигдөр буюу даваа гарагт Канадын Үндэсний олимпын хороо хамгийн түрүүнд Токио руу тамирчдаа илгээхээс татгалзсан юм.

.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top