Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.03.24/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.
АНУ-ын Засгийн газраас Олон улсын хөгжлийн агентлагаараа дамжуулан коронавирусний эсрэг арга хэмжээ авч хэрэгжүүлж буй Монгол Улсын Засгийн газарт дэмжлэг үзүүлэх зорилгоор ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 3.3 тэрбум төгрөг буюу 1.2 сая ам.долларын тусламж үзүүллээ.
Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл оролцож, дараах мэдээллийг өгсөн юм.
Тэрбээр "ДЭМБ-ын 195 гишүүн орны 194 орон шинэ коронавирусний халдвар авсан байна. ДЭМБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга хэлэхдээ "Бид шинэ коронавирусийг хөлбөмбөгтэй зүйрлэж, маш сайн хамгаалах хэрэгтэй" гэж хэлсэн. АНУ-ын Засгийн газраас бидэнд хандивлаж буй 700 мянган америк долларыг эрүүл мэндийн салбарт зарцуулна. НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан мөн 500 мянган америк долларыг АНУ-ын Засгийн газар үзүүлж байна.
2020 оны нэгдүгээр сарын 3-наас хойш бид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Одоогийн байдлаар Монгол Улсад шинэ коронавирусний 10 тохиолдол зөөвөрлөгдөж орж ирсэн ч Монгол Улсад амьдардаг монголчуудад шинэ коронавирусний халдвар илрээгүй.
Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яамны халдвараас сэргийлж байгаа арга хэмжээг өндрөөр үнэлж, тусламж үзүүлж байгаад баяртай байна" гэв.