ОХУ-ын Буриадын Улаан-Үд хотод коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан Хиагт-Алтанбулаг боомтоор Монгол Улсад орж ирэх иргэдийн хөдөлгөөнийг гуравдугаар сарын 28-ны өдрөөс зогсоохоор шийдвэрлэлээ.
Одоогоор хилийн цаана 200 орчим Монгол иргэд байгаа гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээллээ.
ОХУ-ын Буриадын Эрүүл мэндийн яамнаас Буриадад шинэ төрлийн коронавирусний халдварын анхны тохиолдол илэрснийг өнөөдөр мэдэгдсэн.
Энэ сарын 24-нд Улаан-Үд хотын лабораторид авсан сорьцоос халдвар илэрсэн бөгөөд Новосибирскийн “Вектор” вирус судлал, биотехнологийн төвд илгээсэн байна. Халдвар авсан хүн нь Буриадын “Титан” группын эзэн Вадима Бреднийн гэргий Раиса Бредний гэнэ. Раиса саяхан Москвагаас ирсэн бөгөөд Москвад халдвар авсан байх магадлал өндөр байна. Тэрбээр хэд хоног гэртээ ханиад хүрч, өвчтэй хэвтэж байгаад коронавирусний шинжилгээ өгчээ.
Раиса Бредний олон нийтийн сүлжээгээр “Анд найзууд аа! Би одоо халдвартын эмнэлэгт тусгаарлагдсан байна. Би нуухыг хүсэхгүй байна. Вадимийн шинжилгээ сөрөг гарсан. Найзууд аа, сүүлийн хоёр долоо хоног надтай уулзсан бүх хүмүүс шинжилгээ өгөөрэй” гэж бичсэн байна.