Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, ДЭМБ-аас коронавирустэй холбоотой цаг үеийн мэдээллийг хийлээ. /2020.03.29/
Өнөөдрийн байдлаар уг вирусний халдвар дэлхийн 201 орон бүртгэгдсэн. Итали, Испани, АНУ-д тархалт эрчимтэй нэмэгдэж байгаа аж. АНУ-д 14 минут тутамд нэг хүн халдвар авч байна гэсэн мэдээллийг ЭМЯ-наас өглөө.
ДЭМБ-ын ажилтны өгсөн мэдээллээр дэлхийн хэмжээнд 575.444 хүн коронавирусний халдвар авч, 26 654 нас баралт бүртгэгдээд байна.
Манай улс харьяалагддаг Номхон далайн баруун бүсэд халдварын тохиолдол 100 мянгад хүрчээ.
Вьетнам, Сингапур улсад халдварын тохиолдол огцом нэмэгджээ. БНХАУ вирусний тохиолдол импортлогдон орж ирэхээс сэргийлсэн арга хэмжээнүүдийг авч байна.
ДЭМБ-ын зүгээс “Токио 2020” олимпыг зохион байгуулах хороо болон ОУОХ-нд коронавирусний эрсдэлийн үнэлгээний дүн болон менежмэнтийн зөвлөмжийг өгч байсан. Түүнчлэн энэ долоо хоногт “Токио 2020” олимпыг хойшлуулах шийдвэр гарсныг онцоллоо.
ДЭМБ-аас өгч буй аливаа зөвлөмж, дагаж мөрдөх зааврууд коронавирустай тэмцэх тэмцэлд гол чухал гарын авлага болж байна гэв. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн асуудал хариуцсан захирал гуравдугаар сарын 31-ний өдөр цахим хурал хийнэ гэлээ.
Цар тахлын улмаас хөл хорионд орж, гэрийн тусгаарлалтад байгаа хүмүүс сэтгэцийн эрүүл мэндийн хувьд эрүүл байх нь чухал. Сэтгэцийн эрүүл мэндээ хянах, эрүүл байх нь хүнээс өөрөөс шалтгаална гэдгийг анхаарууллаа.