КОВИД-19 вирусийн халдварын талаар АШУҮИС-ийн захирал Анагаах ухааны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа.
-Яриагаа вирусийн талаар эхэлье. Шинэ Корона вирусийг лабораторит бүтээсэн ч байж болох юм гэсэн яриа гарч байсан. Танай сургууль манай улсын тэргүүлэх их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага. Энэ талаар эрдэмтэд юу гэж үзэж байгаа юм бол?
-Сонирхолтой асуулт байна. Манай сургуулийн эрдэмтэддэлхийн эрдэмтдийн үйлдэл, үйл ажиллагааг маш анхааралтай ажиглаж, импакт фактор өндөртэй эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд гарч байгаа нийтлэлүүдийг цагалдалгүй уншиж анализ хийж байна. Асар олон нийтлэл судалгаанууд гарч олон таамаглалыг дэвшүүлж байгаа болохоор маш болгоомжтой хандах хэрэгтэй.Тийм учир хамгийн нэр хүнд бүхий сэтгүүлүүд болох “Lancet”, “Science”, “Nature”зэрэг сэтгүүлүүд дээр хэвлдэгдсэн бүтээлүүдээс ярихад буруудахгүй байх гэж бодож байна. Эхлээд вирусийн талаар дэлхийн болон багш эрдэмтдийн гаргасан мэдээ, мэдлэгээс дурдая. Дэлхий дээр нийт 1031 ширхэг вирус байна гэж таамагладаг бөгөөд70 кг жинтэй хүн байлаа гэхэд тэр хүний биед дунджаар арвын арван хоёр зэргийн \1012\ эс, 1013 бактери байдаг гэж үзвэл дор хаяж 1014 вирус байх боломжтой гэсэн тооцооллыг эрдэмтэд гаргасан. Ер нь вирус нь хоёр хэсгээс бүрдэнэ. Нэг хэсэг нь генетикийн материал /геном/ буюу өөрийгөө олшруулах команд агуулсан дезоксирибонуклеотидын хүчил /ДНХ/, рибонуклеотидын хүчил /РНХ/ юм. Нөгөө хэсэг нь гадна талын бүрхүүл.Вирус нь амьтан, ургамлаас эхлээд бактери, мөөгөнцөр, замаг, археа зэрэг амьдралын бүх хэлбэрт халдварлаж чаддаг.
Коронавирус нь дотроо гучин мянган гаруй рибонуклеотид агуулсан РНХ вирус юм. Хүнд халддаг долоон янзын коронавирус байгаагын гурав нь гоц халдварт өвчин үүсгэгчид. Анхных нь 2003 онд Хятадад илэрсэн САРС гэж бидний нэрлээд байгаа нь, дараагийнх нь 2012 онд дэгдсэн МЭРС гэж нэрлэгддэг төрөл нь бөгөөд хамгийн сүүлийнх нь 2019 онд Хятадад анх бүртгэгдсэн САРС-КоВ-2 гэж нэрлэгдэж байгаа вирус болж байна. Энэ вирус нь хүнээс агаар дуслын замаар халддаг цар тахлыг үүсгэгч бөгөөд бид КОВИД-19 гэж нэрлээд байгаа билээ. Үүсгэгч вирус нь 120 нм хэмжээтэй бөөрөнхий хэлбэртэй, гадаргуу дээрээ титэм хэлбэрийн үзүүрүүдтэй. Энэ үзүүрүүд нь хүний эстэй холбогдох үүрэгтэй. Хүний эс дотроос уушигны цулцангийн эс буюу амьсгалд оролцдог эсүүдтэй амархан холбогддог. Нэгэнт холбогдвол цааш эс рүү нэвчин орж өөрийгөө хуулбарлах чадвартай. Хуулбарлагдан олон болсон вирус эсийг задлан гарахад уг үхсэн эсийг тойрч дархлааны эсүүд үрэвсэл үүсгэж, уушги үхжиж эхэлнэ. Чөлөөлөгдсөн вирусууд цааш дараагийн эс рүүгээ халдварлана. Энэ процесс нэг бол уг хүнийг үхэлд хүргэж дуусна эсвэл вирусуудийг дархлааны эсүүд дийлж устгаж дуусдаг. Вирусийн үүсгэж байгаа үрэвсэл нь хүндэрснээр амьсгалын дутагдалд хүргэж байгаа нь үхэлд хүргэх гол шалтгаан болж байгаа юм. Үүнээс гадна уг үрэвслээр халууралт, сепсис буюу үжил үүсдэг нь бас хүндрэл дагуулж байна.
Энэ шинээр үүссэн Корона вирус нь лабораторит бүтээгдсэн, тэр тусмаа биологийн зэвсэг мөн үү гэдэг талаар асуулаа. Одоо чинь мэдээллийг хүн өөртөө тааруулж, өөртөө ашигтай хэлбэрээр яаж л бол яаж цацдаг болсон үе шүү дээ. Цаана нь хэний сонирхол ямар эрх ашиг явж байна гэдгээс хамаарна. Заримд нь үзэл бодлоо илэрхийлэх ч эрх байхгүй байхад зарим нь дураараа зохиож байгаа шүүдээ. Тийм яриа гарч байсан. Харин одоо КОВИД-19 вирусийн шинж тэмдэг, хувь заяа, хэв шинж дээрээс үндэслээд энэ бол хиймэл вирус биш гэж үзэж байгаа юм билээ. Аль алиныг нь үгүйсгэхийн аргагүй.
-Тэгэхээр вирусийг хиймлээр гаргаж авч болно гэсэн үг үү?
-Вирус судлал өндөр хөгжиж есөн мянга гаруй вирусийг хиймлээр гаргаж авсан тоо баримт байдаг. Үүний нэг ньchimeric коронавирус SHC014 юм.Вирусээр халдварлагддаг гоц халдварт өвчнүүдийг судлах зайлшгүй шаардлага хүн төрөлхтний өмнө тулгарсан нь тодорхой. Генетик, молекул биологийн салбарын хөгжил вирус судлалыг ахисан түвшинд гаргасны үр дүнд вирусийн хувьслын ерөнхий механизмуудыг тайлбарлаж, шинэ төрлийн вирусуудийг нээж эхэлсэн.Шинжлэх ухаан вирус, бактери зэрэг прокариотын генетикийн материалыг хүссэнээрээ синтезлэж цоо шинэ амьд биет үүсгэж чаддаг болтлоо хөгжсөн. Үүнийг амьд биетийг угсарч байна гэж ойлгосон ч болно. Эдгээр үүсгэсэн бактерийг ашиглаж чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэдэг инсулин үйлдвэрлэдэг, хавдар, зүрхний өвчин, нүдний эмгэгүүдийг эмчлэх бодис гаргахад ч хэрэглэж байгаа учраас вирусийн эсрэг тэсвэртэй бактери бол чухал түүхий эд юм.
Э.Виммер тэргүүтэй Америкийн эрдэмтэд анхны синтетик вирусыг 2002 онд угсарсан нь долоон мянга орчим хос нуклеотид бүхий полиовирусийн бүтэн геном байсан. Энэ вирус нь полиомиелит гэдэг булчингийн хатингаршил үүсгэж үхэлд ч хүргэдэг халдварт өвчний үүсгэгч учраас Америк энхийн гэрээгээ зөрчиж биологийн зэвсэг бүтээсэн гэж олонтой шүүмжлүүлж, яг өмнө нь болсон 2001 оны Нью-Йорк хотын халдлагатай холбож сенцсаци болж байсандаа. Гэхдээ энэ нь цэргийн зориулалттай нууц лабораторид биш харин Америкийн нэг мужийн их сургуулийн жижиг лабораторид хийгдсэн нь нэг талаас вирус судлалын үсрэнгүй хөгжлийг харуулахаас гадна нөгөө талаас вирусийн гаралтай халдварт өвчний судалгааг эрчимжүүлэхгүй бол орчин үеийн биологийн лабораторитой улс орон ямар ч аюултай вирусийг үйлдвэрлэхэд бэлэн байна гэдгийг харуулсан. Одоогийн байдлаар есөн мянга гаруй вирусийг синтезлэж болох бөгөөд протокол нь олон нийтэд нээлттэй байгаа юм. Энэ жагсаалт дотор хамгийн хөнөөлт гоц халдварт өвчнийг үүсгэгч цагаан цэцгийн вирусийн геном ч байна. Синтетик болон генийн өөрчлөлттэй вирусийг биологи, анагаах ухааны маш олон туршилтанд хэрэглэх болсон нь энэ чиглэлийн бизнес хөгжиж микрочипт суурилсан ДНХ синтезлэдэг олон компани үүсэхэд нөлөөлсөн. Одоо зах зээл дээр гурван мянга гаруй хос нуклеотидын геномтой элэгний “B” вирусийг нэг зуун ам.доллараар синтезлэж байна. Үүнээс гадна эрт дээр үед дэгдэж байсан халдварт өвчнүүдийн үүсгэгч вирусуудийг ч хиймлээр гаргаж авч болдог болж. Жишээ нь хамгийн хөнөөлт цар тахлын нэг болох Испаний томуугийн вирусийг 1918 онд уг өвчнөөр Аляскад нас барсан хүний мөнх цэвдэгт оршуулсан цогцосноос авч лабораторид геномын дарааллыг нь тогтоосон байдаг.2008 онд Крэйг Вентерийн хүрээлэн дээр 20 гаруй эрдэмтэд 2 жилийн дотор нэг сая гаруй хос нуклеотидийн генетикийн материал бүхий Mycoplasma mycoides JCVI-syn1.0 гэдэг бактерийн нуклеотидыг синтезлэн угсарчихаад Mycoplasma capricolum гэдэг өөр бактерийн геномгүй эст суулгаж шинэ бактери үйлдвэрлэсэн нь хэвийн үйл ажиллагаатай, үржиж олширч байсан талаар дэлхий нийт шуугиж байсан. Байгалиас гадуур амьд биет угсарч чадсан энэ амжилт нь тэдгээр эрдэмтдийн 10 жилийн нөр их хөдөлмөр, 40 сая долларын хөрөнгө оруулалтын үр дүн байсан.Гэтэл 2008 онд Р.Барич тэргүүтэй Хойд Каролина их сургуулийн эрдэмтэд гучин мянга мянган хос нуклеотид бүхий геномтой САРС-тай төстэй коронавирус/SHC014-chimeric coronavirus/ бүтээсэн бөгөөд энэ нь амьд хулгана, хүний эсийн өсгөвөрт халдварлах чадвартай гэдгийг тухайн үед зарласан. Энэ синтетик короновирусийг эмчилгээний арга гаргах зорилгоор туршилт судалгаанд ашиглахад чухал ач холбогдолтой нь тодорхой. Гэхдээ нөгөө талаас иймэрхүү хиймэл САРС төст коронавирус хэрэв лабораториос алдагдвал цар тахал үүсгэх боломжтой гэдгийг тэр үед олон эрдэмтэд сануулж байсан байдаг.
-Вирус мутацид орно гээд яриад байх юм. Энэ коронавирус мутацад орох уу? Мутацид орно гэхээр яг яадаг юм бол, бүх вирус мутацид ордог уу?
-Вирус санамсаргүй мутацид орж шинэ генетикийн материал үүсгэдэг. Мутаци гэдэг нь уг вирусийн генетикийн материал буюу ДНХ, РНХ нь эргэж засагдахааргүй өөрчлөлтөнд орохыг хэлдэг. Ерөнхийдөө РНХ вирусууд мутацид илүүтэй ордог. Учир нь РНХ вирус амьд эсийн дотор оронгуутаа уг эсийн рибосомыг ашиглан өөрийгөө хуулбарлан олшруулж эхлүүлдэг. Энэ механизм нь вирусийн РНХ полимераза гэдэг энзимээр зохицуулагддаг бөгөөд уг энзим нь хуулбарлалтын явцад гаргасан алдааг засаж чаддаггүй. Харин ДНХ вирус амьд эсэд орчихоод заавал уг эсийн бөөмөнд нэвтэрч геномтой холбогдож байж хуулбарлалтаа эхлүүлдэг учраас ДНХ полимераза гэдэг өөр энзим ашигладаг. Энэ механизм нь хуулбарлалтын явцад гаргасан алдааг засах боломжтой учраас ДНХ агуулдаг вирусууд мутацид орохдоо бага байдаг байна. Коронавирус нь хүний биеийн эсэд ороод хуулбарлагдахдаа олон янзын мутацид ордог РНХ вирус учраас одоог хүртэл САРС-ыг төгс эмчлэх эм, урьдчилан сэргийлэх вакцин гаргаж чадаагүй байна.
-Короновирус буюу КОВИД 19 вирусийн эсрэг эмчилгээ гарах боломж ойртож байгаа болов уу?
-Энэ цар тахал хүндэрсэн үед үхэлд хүргэдэг аюулт өвчин учраас эмчилгээний арга маш эрчимтэй хайж байна. Баталгаатай арга байхгүй байгаа ч фавипиравир, ремдесивир, калетра зэрэг вирусын эсрэг үйлчилгээтэй эмүүд арай илүү үр дүнтэй байна гэж мэдээлж байна. Гидроксихлороквин гэдэг хумхаагийн эсрэг эм, тосилизумаб гэдэг үрэвслийн эсрэг эм бэлдмэлүүд эерэг нөлөөтэй байж болзошгүй. Өвчлөөд эдгэрсэн өвчтөнүүдийн цусанд уг вирусийн эсрэг дархлааны эсрэг биеэт үүсдэг. Үүнийгашигласанэмүүдтуршилтыншатандбайна.
Өөр нэг дэвшилтэт эмчилгээний арга бол генийн инженерчлэл ашигладаг CRISPR зэрэг арга нээгдсэн байгаа юм. Үүнийг ойлгохын тулд бага зэрэг генетик сонирхох хэрэгтэй болно. CRISPR-CAS системгэдэгнь clustered regularly interspaced short palindromic repeats- CRISPR-associated protein гэдэг үгнүүдийн товчлол бөгөөд вирусээс өөрийгөө хамгаалах бактерийн дархлааны систем юм. Өөрөөр хэлбэл бактерид халдварлаж чаддаг бактериофаг зэрэг вирусийн геномыг эсийн дотор хуулбарлагдахаас нь өмнө таньж задалж чаддаг шат дараалсан процесс юм. Энэ системийг ашиглаж дурын эс дотор генийн өөрчлөлт хийж болдог аргыг 2013 онд нээж маш олон амжилттай туршилтууд хийгдэж байна. Жишээ нь 2020 оны 2-р сард CRISPR-CAS системийг ашиглан шинэ коронавирусийг 30 минутан дотор оношлодог арга нээснээ Маммот Био сайнс компани зарласан. Энэ нь ердийн RT-PCR хэрэглэж 6 цагийн дотор оношлодог аргатай харьцуулахад хамаагүй богино хугацаанд найдвартай оношлодог учраас онгоцны буудал, хилийн боомт, яаралтай тусламж үйлчилгээнд өргөн хэрэглэж эхэлж байна. Бүр 3 секундэд оношлох цомог бүтээсэн гэдгээ Японы нэг компани саяхан мэдэгдсэн.
Хамгийн үр дүнтэй байж болох энэ эмчилгээний хувилбарыг Станфордын их сургуулийн эрдэмтэд анх гаргахдаа cas13d энзимийг ашиглан шинэ коронавирусийн популяцийн ерэн хувийг устгах боломжтойг эсийн өсгөврийн судалгаагаараа тогтоосон. Гэхдээ энэ судалгаагаар хүний уушигны эсэд уг системийг хүргэх аргыг тодорхойлоогүй байна. Харин саяхан Харвардын их сургуулийн эрдэмтэд шинэ коронавирусийн хуулбарлалтыг хариуцдаг генүүдийг /ORF1, S/ болон өвөрмөц арван пептидийн генийг сонгомлооролж устгадаг CRISPR-CAS13D системийг зохиосон гэдгээ хоёрдугаар сарын 18-нд зарласан байна. Энэ эмчилгээг хэрэглэхэд хүний эсийн геномд өөрчлөлт гарах ёсгүй бөгөөд үүнийг шалгахдаа уушигны эсийн геномын дарааллыг эрүүл ба өвчтэй хүндээр харьцуулж байж гаргадаг. Гэхдээ энэ эмчилгээ нь шинэ коронавирусийн халдвар авсан хүмүүст зориулсан эмчилгээ байх бөгөөд тэдний уушигны эд эсэд уг системийг хүргэхийн тулд хоруу чанаргүй синтетикаденовирусийг хэрэглэнэ гэдгээ тайлбарлажээ. Одоо энэ эмчилгээний арга туршилтын шатандаа явж байна.
Үүнээс гадна уг вирусийг хүний биед халдварлахаас урьдчилан сэргийлэх зорилготой вакцин гаргаж авах нь маш чухал. Яг одоо Герман, АНУ, БНХАУ-ын хэд хэдэн компани РНХ, ДНХ ашигладаг вакцин гаргаж авахаар ажиллаж байгаа бөгөөд төгс үр дүнтэй нь батлагдсан тохиолдолд л үйлдвэрлэж, нийтийн хэрэглээнд нэвтрүүлэх ёстой учраас цаг хугацаа шаардагдаж байна. Үүнээс гадна коронавирус нь РНХ вирус учир маш хурдан мутацид ордог учраас вакцин гаргахад хүндрэл учруулж байгаа юм. КОВИД-19 цар тахал иддэгдэж байгаа энэ үед уг вирусийн эсрэг вакцин гаргаж авахад дор хаяж 12 сар шаардлагатай гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь уг вирусийн геномын дараалал, өсгөвөрлөл, дархлааны хариуурвал, патогенезийг судлах, тохирох вакцины хэв шинжийг олох, эсийн өсгөвөр ба лабораторийн амьтан дээр турших, хүн дээр эмнэлзүйн туршилт хийж баталгаажуулах, үйлдвэрлэх, түгээх зэрэг дэс дараалсан нарийн үйлдлүүдийг зөв зохион байгуулах шаардлагатай байдагтай холбоотой.
-Энэ шинэ коронавирусийн халдвар өмнөх САРС-аас ялгаатай юу?
-Манай эрдэмтэд КОВИД 19 халдварын дэгдэлтийн өмнө нь гарч байсан САРС, МЭРС-ийн дэгдэлттэй ижил төстэй болон ялгаатай талуудыгсудалсан. КОВИД 19 вирус нь САРС МЭРС-ээс илүү халдварлах чадвартай, халдвар авсан хүмүүсийн 80 хувьд шинж тэмдэг илрэхгүй, хөнгөн хэлбэрээр явагдаж байгаа учир шинж тэмдэггүй халдвар тараах, хурдан тархалттай, эрсдэл өндөртэй байна.Түүнчлэн нас баралтын хувь, нийт нас барсан хүний тоогоор ялгаатай бөгөөд бага хувьтай байгаа боловч сүүлийн үед өсч 4,5 хувьд хүрч, насбарагсдын нас 55 наснаас дээш байсан бол залуужиж эхэлж байна.
-КОВИД19- вирусийн дэгдэлт цар тахлын хэмжээнд хүрч маш хурдан хугацаанд бүх дэлхийг бүрхлээ. Монгол улс бусад орныг бодвол харьцангуй гайгүй байдалтай байна. Манай орон энэ байдлаа хадгалж чадах болов уу?
-Дэлхийн тэргүүлэх эрдэм шинжилгээний “Lancet” сэтгүүлд саяхан хэвлэгдсэн судалгаагаар нийгмийн эрүүл мэндийн зүгээс САРС-ын дэгдэлт болон бусад халдварт өвчний үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүд хэр үр дүнтэй байгаа дээр анализ хийж таван чиглэлд дүгнэлт гаргасан байна билээ. Өвчтэй тохиолдлыг эрт илрүүлэн тусгаарлах, хавьтлыг илрүүлж хөл хорио тогтоох, бүх нийтийг хамарсан хөл хорио тогтоох, ариун цэвэр эрүүл ахуйн дэглэмийг чанд сахих зэрэг арга хэмжээнүүд нь үр дүнтэй хэвээр байгааг нотолсон.
Манай ЭМЯ, УОК-ын цаг үеээ зөв тооцоолж гаргасан шийдвэрүүд нийт монголчуудынхаа эрүүл мэндийг эрсдэлээс хамгаалж, КОВИД-19 цар тахлын эхний давалгааг ямар ч халдваргүй гаргасан нь бахархалтай хэрэг юм. Одоо ч бид халдвар хамгааллын дэглэмээ чанд баримталж, цаг уур дулаарах тусам хөл хорионы байдлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх нь энэ цар тахлыг бага хохиролтой даван туулахад чухал ач холбогдолтой гэж үзэж байна.
Улс үндэстэн бүр КОВИД-19 цар тахлын эсрэг бүхий л бололцоотой арга хэмжээнүүдийг цаг алдалгүй авахын тулд хичээж ажиллаж байна. Хатуу дэглэм, журмыг тогтоож байна. Торгох, эрүү үүсгэх, хорих ял өгөх хүртэл арга хэмжээг авах хуулийн заалтыг хийж, хэрэгжүүлж эхлээд байна.Одоо яг жинхэнэ ДЭМБ, ЭМЯ, Онцгой комиссоос өгч байгаа заавар, зөвлөмжийг урд хоёр сараас илүүтэй дагаж мөрдөх ёстой үе дээрээ ирж байна. Энэ байдал нь нэг улс орны асуудал бус дэлхий нийтийн асуудал болж байна.
Тийм учир улс оронд ард түмний, дэлхий нийтэд улс орнуудын ЭВ НЭГДЭЛ, НЭГДСЭН САНАА, НЭГДМЭЛ ХҮЧ-ээр энэ цар тахлын ард хамтдаа гарна. “STAY STRONG WORLD” гэж дэлхийн хүн төрөлхтөн дуу хоолойгоо нэгтгэж байна.
Энэ өвчинд газар нутаг, гарал үүсэл, албан тушаал, эд хөрөнгө огт хамаагүй гэдгийг бэлхнээ харуулж байна. Манай хөрш орнууд зөвхөн өөрсдийн хүн амыг энэ цар тахлаас амжилттай хамгаалаад зогсохгүй бусад улс орнуудад эд материалын болон хүмүүнлэгийн цогц тусламжуудыг харамгүй сэтгэлээр үзүүлж байгаа нь дэлхий нийтийн улс орнуудын эв нэгдэлд маш чухал эерэг нөлөө үзүүлж байна.Монгол Улс хоёр том хөрштэй, далайд гарцгүй орон. Хамгийн гол нь манайх шиг геополитикийн онцлогтой улс орон нөхцөл байдлаа зөв ашиглаж чадвал бага эрсдлийг амсана. Энэ хэцүү нөхцөлд жинхэнэ сайн хөршүүд шиг бүх түвшинд итгэмжилсэн байдлаар хамтарч ажиллаж болохыг харуулсан сайн жишиг тогтлоо. Ганц энэ тохиолдолд биш цаашид гарч болох байгалийн гамшиг, эдийн засгийн хямралын үед ч манай гурван орны төр засгийн удирдагч нар шууд харилцаж, шуурхай тусламж, харилцан дэмжих арга хэмжээгээ үр өгөөжтэйгээр хэрэгжүүлдэг байх нь манай улсад маш ач холбогдолтой.
Үүнээс гадна халдварын оношлогоог илүү өргөн хүрээнд олон хүнд зэрэг хийх, хүндэрсэн тохиолдолд эрчимт эмчилгээний тасаг, эмнэлэг байгуулах шаардлага гарах өндөр магадлалтай байгаа энэ үед эрсдлээс урьдчилан сэргийлж оношлогооны лабораториудыг шинэчлэн зохион байгуулах, түргэвчилсэн оношлогооны цомгийг их хэмжээгээр нөөцлөх, амьсгалын аппаратуудыг импортолж оруулж ирэх арга хэмжээнүүдийг цаг алдалгүй зохион байгуулах нь зүйтэй гэсэн саналтай байна. Ойрын хугацаанд био аюулгүй байдлын хоёр, гуравдугаар зэрэглэлийн стандарт хангасан лабораторитой болох шаардлага зайлшгүй гарч байна. АШУҮИС-ийн эмнэлгийн үйл ажиллагаа жигдрээд бүрэн хүчээр ажиллаад ирэхээр Монгол Улсад анагаахын шинжлэх ухаан олон алхам ургашлах, олон улсын техник технологийг нутагшуулахаас гадна өөрийн байгаль цаг уур, ард түмний онцлог байдал дээр тулгуурласан технологи, эмчилгээний өвөрмөц арга барил, стандартыг нэвтрүүлэх, эмнэл зүйн судалгаа, шинжилгээ хийх боломж илүүтэй бүрдэх юм.
-Харин бусад орны эрх баригчид ямар арга хэмжээ авч байна? Бид ямар туршлага авч хэрэгжүүлэх нь зүйтэй вэ?
-2020 оны 3 сарын 11-ний өдөр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Гебреисус коронавирусийн халдварыг цар тахал гэж зарлан бүх орны удирдагч нарыг яаралтай зохих хэмжээний арга хэмжээ авахыг уриалсан. Олон улсын эрүүл мэндийн дүрмийн дагуу дэлхийн улс орнуудад халдварт өвчний дэгдэлт гарч НЭМ-ийн ноцтой байдал үүсэхэд ДЭМБ-аас боловсруулсан удирдамж, зөвлөмжийг баримтлан ажиллах шаардлагатай. Улс орон бүр өөрсдийн нийгэм эдийн засгийн нөхцөл байдал, халдварын онцлогт тохирсон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. ДЭМБ дэлхийн улс орнуудыг халдвар тархсан байдлаар нь дөрөв ангилж нэн шаардлагатай авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг есөн чиглэлд нарийн тодорхойлсон байгаа. Манай улс НҮБ, ДЭМБ-ын гишүүн орны хувьд дэлхийн хамтын нийгэмлэгийн шийдвэрийг дагаж мөрдөх учиртай.
Төр засаг маань бүхий л арга хэмжээг авч байна. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийг Нийгмийн даатгалын шимтгэл, хүн амын орлогын албан татвараас чөлөөлж, мөн 1,5 тэрбум төгрөгөөс бага орлоготой компани, аж ахуйн нэгжийг татвараас чөлөөлж, гурав хүртэлх настай хүүхэд болгонд сар бүр гучин мянган төгрөг өгөхөөр болсон гэх мэт олон арга хэмжээ нь улс орон, ард түмнээ энэ цар тахлаас хамгаалахад чиглэгдсэн том арга хэмжээ, төрийн зөв оролцоо, эдийн засгийн том дэмжлэг гэж бодож байна.
-Энэ цар тахлын үед хувь хүмүүст та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Бидний өдөр тутмын амьдрал энэ цар тахлаас болж маш хурдан өөрчлөгдлөө. Ялангуяа сургуулийн хүүхдүүд, оюутнууд гэрээрээ онлайн хичээл хийцгээж байна. Энэ нь тэдний бие дааж сурах чадварт эергээр нөлөөлж, мөн ЕБС, Их, дээд сургуулиуд цахим хичээлийн хөтөлбөрүүдээ улам чамбайруулж, дэхий нийтийн боловсролын байгууллагууд туршлагаа хуваалцаж харилцаа холбоо улам найрсагжин лавширч байна. Цахим хөтөлбөрийн хувьд зөвхөн манай оронд төдийгүй дэлхийн боловсролын байгууллагуудын өмнө яг ижил асуудлууд тулгарч байна. Харин тэдний оюутан, сурагчид ч тэр манайхан ч цахим сургалтаар өгөгдөхгүй байгаа мэдлэгээ өөрсдөө олж авахын төлөө хичээн чармайж байна. Ирээдүйн иргэд, оюутан, сурагчидаа халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөв зохион байгуулж, удирдлага арга зүйгээр хангаж дэмжиж ажиллаж байгаа БСШУСЯ-ныхаа хамт олонд талархал илэрхийлэхийг хүсч байна. Цахим сүлжээнийхээ үнийг хөнгөлж оюутан сургачдынхаа мэдлэг оюунд хувь нэмрээ оруулж байгаа G-mobile, Univision, гээд бусад олон байгууллагууддаа баярлаж байгаагаа хэлье.
Үүнд юуны түрүүнд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал чухал нөлөөтэй. Учир нь сэтгэлзүйн тулгамдсан байдал буюу стресс нь дархлааг хамгийн ихээр дарангуйлж чаддаг гол хүчин зүйлүүдийн нэг юм. Тийм учраас хөл хорионы энэ хугацааг гэр бүлийнхэнтэйгээ хамт байх, тэдэндээ цагаа зориулах, чин сэтгэлээсээ бие биенээ хайрлаж хүндлэх боломж бидэнд гарч байна. Нөгөөтэйгүүр биеийн тамирын дасгал хөдөлгөөн эсвэл йогийн дасгал зэрэг зөөлөн дасгалыг өдөр бүр заавал тогтмол хийж байх нь дархлааг дэмжих, сэтгэлзүйн байдлыг сайжруулах үндсэн аргын нэг юм. Хэрвээ боломжтой бол бясалгал зэрэг техникүүдийг эзэмшихэд цаг заваа зарцуулвал маш их ашиг тустай. Энэ талаар сонирхож байвал шинжлэх ухааны үндэслэлтэй нарийн арга техникүүдийг нь сурвал зүгээр. Жишээлбэл Японы эрдэмтдийн боловсруулсан коро-майндфүлнес гэдэг маш үр дүнтэй арга байдгийг манай Тархи судлалын хүрээлэнгийн эрдэмтэд санал болгож байна. Тархи судлалын хүрээлэн мааньдэргэдээ эмнэл зүйн судалгааны лабораторитой болж байгаа. Тэнд монгол хүний уураг тархины бүтэц, үйл ажиллагааны онцлог, сэтгэлгээний хэв шинжийг судлана. Үүнд монгол хүнямар үед стресст ордог, стресст орохоороо дархлаа нь хэрхэн өөрчлөгддөг, тэр нь ямар өвчний шинж тэмдэгээр илэрдэг, түүнийг хэрхэн урьдчилан сэргийлж эмчлэх боломжтой вэ гэдэг бүрэн хариулт өгөх эрдэмтдийн баг удахгүй үйл ажиллагаагаа эхэлнэ.
-Чухал мэдээлэл өгсөн танд баярлалаа. Танд өөр бидэнд хэлэх санал зөвлөгөө байна уу?
-Та бүхэн дэлхийн өнцөг булан бүрт эмч, сувилагч, асрагч нар маань яаж нойр хоолгүй зүтгэн ажиллаж, зарим нь эрдэнэт амь насаа энэ бүх ариун үйлсийн төлөө зориулж байгааг сэтгэл шимшрэн харж байгаа биз ээ. Ийм зүрх сэтгэлээсээ бусдыг хайрлаж, бусдын эрүүл мэндийн төлөө ажиллаж амьдрахдаа сэтгэл нь дүүрэн явдаг буянтай улс үнэхээр ховор байх. Өөрийн амь насаа алдаж магадгүй гэдгийг мэдсээр байж эмнэлгийн хаалгаар зоригтой орж өвтөнүүдийгээ аврахын төлөө чин сэтгэлээсээ тэмцэж байж ажлын байран дээрээ нас барцгаасан тэр баатарлаг эмч, эмнэлгийн ажилтан нарын гавьяаг бид үргэлж санахёстой.
Манай эмч нар, Онцгой комисс, Мэргэжлийн хяналт, цагдаагийн ажилтнууд эрэлхэг зоригтой, өндөр ёс суртахуунтай, бидний төлөө ямар их тэвчээр, ямар их сэтгэл гарган зүтгэж байгааг хараад үнэхээр бахархаж байна. Ялангуяа цар тахлын аюулыг мэдсэн цагаасаа хойш тасралтгүй ажиллаж байгаа нийт эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ЭМЯ-ны удирдлага, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн газрынхан, тэр тусмаа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн хамт олон, манай багш, резидент эмч нар, вирус судлаач нартаа онцгой баярлаж талархаж байгаагаа илэрхийлье.Эцэст нь ард түмнийхээ сайн сайхан, эрүүл энхийн төлөө өргөсөн тангарагтаа үнэнч байж унтах нойр, идэх хоолоо умартан өдөр шөнөгүй зүтгэж байгаа эх орны цагаан халаттай дайчид ЭМЧ Та нартаа Дэлхийн эмч нарын баярын мэндийг хүргэж эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхний дээдийн дээжийг хүсэн ерөөе.