ЭМЯ: Тамхи татдаг хүмүүс коронавирусээр халдварлах магадлал өндөр

Ө.Уранзаяа | Zindaa.mn
2020 оны 04 сарын 01

Шинэ төрлийн коронавирус өвчний халдварын нөхцөл байдал, түүнээс сэргийлэх чиглэлээр авч буй арга хэмжээний талаар ЭМЯ-аас өнөөдрийн /2020.04.01/ шинэчлэгдсэн мэдээллийг өглөө.


Эрүүл мэндийн яамны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Сүүлийн 24 цагт шинээр хоёр оронд КОВИД-19 халдвар бүртгэгдэж, дэлхийн 205 орон халдварлалаа. НҮБ-ын Ерөнхий захирал хэлэхдээ "Улс орон болгон эв санаагаа нэгтгэвэл цар тахлын ард гарч чадна" хэмээн хэлсэн. 

Дэлхийн олон орон хууль эрх зүйн өөрчлөлт хийж байна. Өчигдөр ОХУ хөл хорионы үед баримтлах хууль баталсан.

Манай улсад эмчлэгдэж байгаа 12 хүний биеийн байдал хэвийн байна. Хүндэвтэр байсан хоёр хүний биеийн байдал сайжирсан. Манай орны хувьд өвчтөнүүдэд эмнэлзүйн шинж тэмдэг бүдэг илэрч байгаа учраас нууц үеийн хугацаанд халдвар тараах эрсдэлтэй байна" гэв. 

Түүнчлэн "Өвчлөл, тархалт ойрын хэдэн сард буурахгүй гэдгийг эрдэмтэн, судлаачид анхааруулж байна. АНУ-ын эрдэмтдийн судалснаар нийт өвчтэй хүмүүсийн 10.9 хувь нь чихрийн шижинтэй, 78 хувь нь ямар нэгэн эрүүл мэндийн суурь өвчтэй, 9.2 хувь нь уушгины өвчтэй хүмүүс байна. Тамхи татдаг хүмүүс КОВИД-19 халдвараар өвчлөх, халдвар авсны дараа хүндрэх, амь насаа алдах магадлал өндөр байна. Тийм учраас дэлхий нийтээр тамхины хэрэглээнээс татгалзаж, тамхиа багасгах гэсэн чиглэл, зөвлөмжийг өгч байна" гэв. 

Top