Манай “Өглөөний зочин” буланд Монгол Улсын Дуурь, Бүжгийн Эрдмийн Театр (ДБЭТ)-ын ерөнхий хормейстр Насанбаярын Дашбямба уригдлаа. Н.Дашбямба нь СУИС-ийг найрал дууны удирдаач, багш мэргэжлээр төгсөж, 1987 оноос хойш ДБЭТ-ын хормейстрээр ажилласан бөгөөд тэрээр урлагийн гэр бүлд төрж, өссөн удам дамжсан уран бүтээлч юм.
-Уран бүтээлийн их өргөө болсон ДБЭТ-ын хоймрыг эзэгнэн байдаг дуулаачдын багш таны уран бүтээлийн түүхээс ярилцлагаа эхлүүлье гэж бодлоо?
-Миний хувьд ээжийнхээ гэдсэнд байхаасаа энэ өргөөтэй холбоо тогтоож, амьдралынхаа ихэнх хугацааг энд өнгөрүүлжээ.
Миний өвөө бол хөгжмийн зохиолч Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн, хурандаа Н.Цэрэнпил. Өвөөг маань “Монгол маршийн хаан” гэдэг байлаа. Монголын цэргийн хөгжмийн 110 гаруй марш, бүжгийн хөгжим, Улсын наадмын ёслолын хөгжим бичсэн хүн байлаа. Би өвөөгийн хүүхэд. Ээж минь Монгол Улсын Гавьяат багш, дуурийн дуучин Ц.Ерөө. Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, Б.Ганчимэг, сүүлийн үед олон улсын уралдаанд амжилттай оролцож байгаа дуучин С.Бат-Эрдэнэ, Ч.Бадрал гээд олон сайхан дуучдад дуулах ур чадвар, эрдэм заасан даа. Бага насаа эргэж санахад, өвөө төгөлдөр хуурынхаа ард хөгжмөө тоглоод, ээж өөрийнхөө өрөөнд нотоо уншаад л манайх гэдэг айлын өглөө эхэлдэг байлаа даа.
-Урлагийн гэр бүл, дуу хуур, хөгжим дунд өссөн хүүгийн уран бүтээлийн гараа хэзээнээс эхэлсэн бэ?
-1987 онд 33-р дунд сургууль төгсөөд, ДБЭТ-ын дагалдан дуучнаар ажилласан. Анхны уран бүтээл минь Т.Хренниковын “Шуурганаар” дуурийн цагаан цэргийн дүр. Тухайн үед дуулахын зэрэгцээ жүжиглэх урлагт давхар суралцдаг байсан. Хүүхэд байхдаа хөгжим их тоглож, урлагийн тайзан дээр олон гардаг байсан ч дуурьд тоглоно гэдэг асар их хариуцлага байв. Яваандаа театртаа тоглогдож байсан дуурь, концертуудад туслах дүр бүтээх болсноор одоогийн ажлынхаа суурийг тавьсан даа. Нийгмийн шилжилтийн үед “сурч боловсрох хэрэгтэй” гэж эцэг, эх минь хэлж, Хөдөлмөрийн баатар, Ардын жүжигчин Д.Лувсаншарав, Ж.Хайдав зэрэг эрдэмтэн багш нар маань зөвлөснөөр СУИС-д хормейстр багшаар суралцаад, 1997 онд СУИС-ийг төгсөхдөө дипломын ажлаа “Монгол Улсад найрал дуу үүсэж хөгжсөний 50 жилийн ойн концерт”-оор хамгаалж байсан.
-Таны мэргэжлийн онцлог юу бол?
-Найрал дууны удирдаач- багш гэдэг дуучдаа мэддэг, хөгжмөө мэддэг, дуулах арга барилаа мэддэг хосолмол мэргэжил юм даа. Хамгийн сайхан мөртлөө хамгийн хүнд мэргэжил. Олон хүнтэй харьцана. Манай театрын найрал дууны анги 52 хүнтэй. Тэр 52 дуучин, зохиол бүтээлийг нь амилуулж, хүргэж буй алдартай хөгжмийн зохиолчид, дээр нь би өөрөө бүгд өөр өөр ертөнц. Миний ажил бол тэдгээр олон өнгөт ертөнцийг холбож, тухайн хүний туурвисан бүтээлийг амьдруулан, хүмүүст хүргэж байгаа хэрэг л дээ. Мэргэжлийн уран бүтээлчидтэйгээ ажиллахад бүх бэрхшээл арилдаг л даа. Намайг залуу байхад уран бүтээлчдийг төрийн бодлогоор тусгайлан шалгаруулж, захиалгаар бэлтгэж мэргэшүүлж байсан. Тэгээд театртаа дагалдан дуучнаар ороод, мэргэжлийн шалгалт өгөөд мэргэжлийн үнэмлэхээ авч дуучин болдог байсан.
-Тухайн үед театрууд уран бүтээлчдээ бэлддэг байсан бол одоо академик түвшинд бэлддэг болсон. Таны бодлоор энэ хоёр сургалтын хооронд хэр ялгаатай вэ?
-Ажиглаад байхад, тухайн үед суралцагч сонгосон мэргэжилдээ үнэн сэтгэлээсээ дурлаж, өөртөө маш чанга шаардлага тавьдаг, ажилдаа хариуцлагатай ханддаг байсан бол одоо тэр байдал өөрчлөгджээ. Энэ нь олон сургууль бий болж, чанартай суралцагч цөөрсөнтэй холбоотой юм болов уу. Орчин үед давуу тал их бий ч залуус маань аливааг хялбаршуулах боломж хайдаг болж дээ. Залуу уран бүтээлчдэд байгаа бас нэг дутагдал нь хувь хүний мөн чанар үгүй болоод байна уу. Мэргэжил дээрээ жишээлээд ярихад, нэгэн алдартны уран бүтээлийг байнга сонсож, үзсээр байгаад, түүндээ хэт автаж түүнийхээ хуулбар болох хандлага харагдаж байна. Угтаа хүн бүр өөрийн өнгө зүсээр харагдаж, өөрийн гэсэн онцлогтой байж гэмээ нь хувь хүний гол төлөвшил тогтоно доо. Ер нь аливаа нэгэн хөгжмийн зэмсэгтэй харьцах, амьд нот мэдрэх мэдрэмж гэдэг үгүй болж, хэт бэлэнчлээд ирэхээр өөрийн гэсэн өнгө аяс үгүй болж байгаа юм даа.
-Найрал дуучнаар ажиллаж байгаад хормейстр болоод дуучдынхаа өмнө гараад зогсоход ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Маш их айдастай, чичрээд зогсож билээ. Тэгээд биеэ барьж, төгөлдөр хууран дээрээ гараа тавиад айдастай хэдий ч жаргалтайгаар удирдаж, бүтээлээ үзэгчдэд хүргэсэн дээ. Тэр үеийн чадварлаг, ахмад дуучдын өмнө гарна гэдэг бол нэгэн төрлийн сорилт юм. Одоо бол хамаагүй итгэл төгс, гарт орсон уран бүтээлээ илүү сайхан хүргэхийн тулд чимэг зүүлтээ хаана хийхээ боддог. Үзэгч олонд хүргэж байгаа бүтээл бүхэн төгс байж тэдний зүрх, сэтгэлд хүрнэ шүү дээ. Тиймээс хагас дутуу бүтээл тоглох вий гэхээс их айдаг.
-Хамгийн анх найруулан удирдсан сонгодог бүтээлээ нэрлээч...?
-Тэр бол олон талтай. Учир нь нэг концертод маш олон бүтээл тоглогддог. Харин санаанд Б.Шарав гуайн “Замбуу тивийн наран”, С.Соронзонболд багшийн бүтээлүүд үлдсэн байна. Яагаад гэвэл эдгээр бүтээлийг хөгжмийн зохиолчидтой нь ярилцаад, өөрийн жороороо найруулан хүргэсэн. Дэлхийн сонгодог бүтээлүүд бол өөрийн гэсэн жортойгоо уламжилж ирдэг. Тэр л жор найруулгаар тоглуулна. Түүнийг өөрчлөх эрх байхгүй.
-Таны удирддаг ДБЭТ-ын найрал дууны анги 1947 онд байгуулагдсан, 70 гаруй жилийн түүхтэй хамт олон. Танд гарын шавь гэж бий юу?
-Үүнийг ярихаар дуучин болон найрал дуучны ялгааг зайлшгүй ярих хэрэг гарна. Гоцлол дуучин зөвхөн өөрийгөө удирдаад явдаг бол найрал дуучид ажлын шаардлагаар харилцан бие биеэ сонсож, багаар ажиллах өндөр чадамж, ёс суртахуунтай болж хүмүүждэг. Энэ ч утгаараа олон алдартан төрөх нөхцөл бүрддэг. МУГЖ Ө.Уянга, МУГЖ Р.Доржхорлоо гэх мэт найрал дуучнаас гоцлол дуучин болж, амжилттай яваа уран бүтээлч олон бий.
-ДБЭТ бол сонгодог уран бүтээлийн орчин, гэхдээ энд орчин үеийн хэлбэрийн сонгодог монгол бүтээл хийх хүсэл байдаг уу?
-Манай театрт монголын хөгжмийн зохиолчдын 30 гаруй дуурь тоглогддог. Монголын хөгжмийн зохиолчид үнэхээр авьяастай шүү. Уран бүтээлч хүний мөнхийн хүсэл бол байнга шинийг эрэлхийлж, түүгээрээ өөрийгөө хөглөж, түүнээсээ урам авч амьдрах шүү дээ. Орчин үеийн бүтээлийг ямар ч хэлбэрээр хийж болно, гагцхүү чанартай бүтээл төрүүлэх ёстой. Нөгөө талаар, үзэгч түмэндээ гоо зүйн болоод оюуны таашаал өгөх хэрэгтэй юмдаа.
-Таны тоглохыг хамгийн их хүсдэг тайз...?
-Уран бүтээлч болсныхоо ачаар дэлхийн олон орны тайзан дээр бүтээлүүд удирдан найруулах боломж олдсон. Монгол Улсынхаа бүтээлүүдийг тэдгээр тайзан дээр эгшиглүүлснээрээ нэг талаар шалгалтад орж байна гэсэн үг. Миний гол зорилго бол үндэсний бүтээлийг язгуураар нь тоглож, дуугаргахыг хүсдэг.
-Та УДБЭТ-таа уран бүтээлээ туурвихаас гадна хөдөө орон нутгийн театруудад ажилласан гэсэн. Хамтран ажилладаг уран бүтээлчдээсээ танилцуулахгүй юу?
-Театртаа ажиллахад манай бүх бүтээл өөрийн гэсэн жор дүрэмтэй. Тэгэхээр нэг талаар хайрцаглагддаг. Орон нутгийн театр, чуулгад ажилласнаар шинэ бүтээл туурвил хийх, мөн тухайн нутгийн ардын болон уртын дуунуудыг сонсож, урын сангаа баяжуулна. Шинэ бүтээлийн санаа ч төрдөг. Хамтран ажилласан уран бүтээлчдээсээ дурдвал, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Л.Эрдэнэбулган, Ардын жүжигчин, удирдаач Ж.Бүрэнбэх, Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Н.Туулайхүү, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сүхбаатар гээд олон хүн бий. С.Сүхбаатар найруулагчаас ихийг сурсан. Багш бол хүнийг өөрөөр нь хөгжүүлж өгдөг хүн л дээ.
-Тантай уран бүтээлийн тухай нэлээн их ярилцлаа. Одоо гэр бүлээ танилцуулна уу?
-Миний хувьд “төрсөн” нэг эхнэртэй. Төрүүлсэн гурван хүүхэдтэй, хоёр зээ, нэг ачтай, өнөр айлын өрхийн тэргүүн. Миний эхнэр тогооч мэргэжилтэй М.Ганцэцэг гэдэг бүсгүй одоо “Макс” группэд ерөнхий тогоочоор ажилладаг. Миний хүүхдүүд урлагийн мэдрэмжтэй боловч урлагаар явж байгаа хүүхэд байхгүй. Зөвхөн өөр өөрийн хүсэл сонирхлоор өөрсдийн ертөнцийг бий болгож байгаа.
-Та Монголын найрал дууны хөгжлийг хэрхэн харж байна вэ?
-Бидний үед Соёлын яам гэж бодлого чиглүүлэгч, хэрэгжүүлэгч яам байлаа. Одоо тэр яам байхгүй, түүнтэй холбоотойгоор үндэсний соёлын уламжлал, бодлого алдагдаад байна, энэ бол эмгэнэл. Сүүлийн үеийн залуус эр, эм нь мэдэгдэхгүй боллоо. Ер нь үндэсний соёл, урлагийн бодлого алдагдахаар гаднын улс орнууд соёл урлагаар дамжуулан, хойч залуу үеийн минь сэтгэхүй рүү дайралт хийж байна. Тиймээс улс маань үндэсний соёл, урлагийн бодлогоо яаралтай гаргах хэрэгтэй байна. Гадаад хэл сурах нь хэдий зөв ч унаган монгол хэлээ маш сайн эзэмшиж байж сурах хэрэгтэй юм даа. Урлагийн байгууллагын хувьд төрөлжсөн нарийн мэргэжилтэн бэлтгэгдэхээ болилоо. Хийж бүтээж байгаа залуусаа дэмжихгүй байна.
-Тэгвэл Монголынхоо урлагийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна?
-Монгол хүн болсноороо омогшиж явдаг даа. Өнөөдөр олон асуудал байгаа ч би Монголынхоо урлагийн ирээдүйг их өөдрөгөөр хардаг. Монголын дуурийн урын сан баялаг, уран бүтээлүүд нь үндэсний өвөрмөц онцлогтой, аялгуулаг. Манайд бадагчилсан хэлбэрийн дуурь байна. Жинхэнэ сонгодог хөтөлбөрөөр бүтээсэн дуурь байна. Жишээ нь Ц.Нацагдорж багшийн бүтээлүүд бол дэлхийн сонгодог бүтээлийн стандартын дагуу хийгдсэн. Х.Билэгжаргал гуайн “Ламбугайн нулимс” бол манай дууриудын сор бүтээл. Тэнд сонгодог дуурийн үндсэн бүх элемент байгаа, дээр нь монгол үндэсний уламжлалт хэв маягийг бүрэн агуулсан. Хөгжмийн дуугаралт, ялгаралт их гоё, үйл явдлын зангилаа, өрнөлтэй, бүх зүйл нь хөгжмөөр илэрхийлэгддэг. Монголын хөгжмийн урлагийн ноён оргилууд болох Д.Лувсаншарав, Л.Мөрдорж, С.Гончигсумлаа, Б.Дамдинсүрэн нарын дууриуд мэргэжлийн ур чадварын хувьд өндөр, даанч тэдгээр гайхамшигт бүтээлүүдийг одоо тоглоё гэхээр даяаршиж байгаа өнөө үед боломжгүй байгаа нь харамсалтай. Жишээлбэл “Шивээ Хиагт”, “Үнэн”, “Жаргал”, “42 хоног” гээд сайхан дууриуд байна. Эдгээр бүтээлийг өөрчлөөд тавих гэхээр бүх л зүйлийг өөрчлөх шаардлага тулгардаг. Орчин үеийн хөгжмийн зохиолчид дунд олон хүн байгаа боловч нөхцөл байдлаасаа шалтгаалаад, том хэмжээний бүтээл бүтээх нөхцөл бүрдэхгүй байна. Тэгээд миний түрүүчийн хэлсэн үндэсний соёл, урлагийн бодлого дутагдаад байна даа. Бас нэг зүйлийг нэмээд хэлчихэд, Монголын хөгжмийн зохиолчдын томоохон бүтээлийг дэлхийн хөгжмийн зохиолчдын бүтээлтэй харьцуулсан судалгааны бүтээл алга. Тийм бүтээлүүд олноор гараасай гэж их хүсдэг.
Д.БОЛОРМАА
Сэтгэгдэл ( 2 )
Дашбямба найздаа амжилт хүсье. Урлагийн удам дамжсан уран бүтээлч гавъяат болоорой
Ёстой сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсье ээ.\n\n\n