Сэтгүүлч, хөтлөгч Х.Доржпаламын үзэгч, сонсогч, уншигчдад бэлтгэн хүргэдэг “100 АСУУЛТ” нэвтрүүлгийн зочноор “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт”-ийн Ерөнхийлөгч Банзрагчийн Түвшин оролцсоныг хүргэж байна
-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэнд баярлалаа. Таниас би 100 асуулт асууна, та надад 100 хариултыг өгөх ёстой.
-За хичээе ээ.
-Та манай уншигч, үзэгчдэд гэр бүлийнхэнээ танилцуулна уу?
-Намайг Банзрагчийн Түвшин гэдэг. “Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт”-ын ерөнхийлөгчөөр ажилладаг. Эхнэр хоёр охин, хоёр хүүгийн хамт зургуулаа амьдардаг. Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгч.
-Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байна. Таны хувьд ямар үг хэлэх дуртай байдаг вэ?
-Ер нь байнга хэлээд байхгүй ч бодогдоод байдаг үг бол “Санаа сайн бол заяа сайн” гэсэн үг. Сайн сайхныг бодож явахад тэр бодлыг нь дагаж биелдэг юм болов уу гэж боддог.
-Сонирхол, хоббины хувьд?
-Сагс, гарбөмбөг гээд бүх төрлийн спорт сонирхож хичээллэдэг байсан ч хөлийн шөрмөс тасраад сүүлийн үед больсон. Одоо жаахан усан спорт сонирхож байгаа.
-Таны хүсч мөрөөдөж байсан мэргэжил юу вэ?
-Хүүхэд байхдаа цагдаа, юмуу жолооч болохыг мөрөөддөг байлаа. Тэгээд дунд сургуульд ороод математикийн, эсвэл орос хэлний багш болоё гэж боддог болсон. Яг мэргэжил сонгох болоход аав маань утасдаад “Эдийн засгийн сургуульд орчихвол зүгээр юм биш үү” гэсэн. Тэгээд л аавынхаа үгийг дагаад санхүүч, эдийн засагч болсон доо.
-Хэр стрессдэж байна?
-Ажлаас болж, бидний амьдралын орчин нөхцөл их бужигнаантай байгаа учраас стресдэнэ ээ. Тэгэхдээ стрес бол тийм муу зүйл биш гэж боддог. Өөрийгөө улам хурцлах, хичээх боломж олгож байгаа зүйл шүү дээ.
-Нийслэлд хэр стрессдэж байна?
-Анхандаа нийслэлийн том зургийг нь харж, бүх л зүйлд хошуу дүрэх бодолтой байсан. Гэтэл энэ их том зүйлийг чинь том зургаар нь бүтэн харах, бүх зүйлд хошуу дүрэх боломжгүй учраас их стресддэг байлаа. Сүүлдээ чадах, чадах юман дээрээ төвлөрөөд явахад тэр маань гайгүй болсон.
-Таны үнэт зүйл юу вэ?
-Хүн өөрөө, өөртөө үнэнч байхыг л үнэт зүйл гэж боддог. Өөрийн хүсэл мөрөөдөл, хийж байгаа зүйл, бодож байгаа бодол, гаргаж байгаа үр дүн нэг шугам дээр зогсож байх юм бол үнэт зүйл гэж боддог. Нөгөө талаасаа гэр бүл маань миний үнэт зүйл. Хүн ер нь тэнцвэртэй байдлыг хадгалж явах ёстой. Хэт их ажил, албан тушаал, мэргэжил, бизнес мөнгө хөөх буруу. Эрүүл мэндээ бодох, гэр бүл амар амгалан байх, найз нөхдийнхөө харилцаа, ажил мэргэжлээ тэгшхэн л бодох ёстой байх.
-Хүн ямар явах нь юуных юм бэ?
-Хүмүүс хувь заяа, төөрөг тавилан гэдэг. Гэхдээ энэ хүнээс өөрөөс нь шалтгаалдаг болов уу л гэж бодож байна. Өөрийнх нь бодол санаа, хичээл зүтгэл, хөдөлмөр хувь заяа, төөргийг нь өөрчилж, шинэчлэж байдаг. Мэдээж хувь заяаны суурь өгөгдөл бий байх.
-Таны хамгийн аз жаргалтай байсан мөч?
-Аав ээжийнхээ дэргэд байхдаа л хамгийн аз жаргалтай, бодож санах юмгүй байсан хүүхэд нас хамгийн сайхан. Энэ ч утгаараа одоо гэр бүлдээ цаг зав гаргаж, хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, гэр бүлээ амар амгалан байлгахыг хичээдэг. Монголын олон гэр бүлүүд ч гэсэн энэ гэр бүлийн амар амгалан байдлыг бий болгохыг хичээдэг байх.
-Банзрагчийн Түвшин маань “Хаан даатгал”, “Миг даатгал”-ын босс. Тэгэхээр манай Монголын даатгалын систем, дэлхийн даатгалын системийн хаана явна вэ?
-“Хаан даатгал” гэдэг компанийг найзуудтайгаа нийлээд байгуулсан ч удалгүй найзууддаа хувьцаагаа зараад гарсан. Харин “Миг даатгал”-ын гол хөрөнгө оруулагч нь би. Даатгалын бизнес нэг талдаа сонирхолтой, өгөөмөр бизнес. Хүмүүсийн эрсдлийг худалдаж авна, хүмүүсийг хамгаална гэсэн суурин дээр үндэслэгддэг. Манай Монгол Улсад даатгалын салбар үүсээд нэг их олон жил болоогүй, олон улстай харьцуулахад тун балчираараа байна. Өнөөдөртөө бол орлогоо хамж өрсөлдөх гэсэн сэтгэлгээн дээр л байна. Ер нь бол даатгал гэдэг хүний амь нас, эрүүл мэнд, элдэв эрсдлээс хамгаалдаг байгууллагуудтай хамтран ажилладаг, тэдэнд тусалдаг байгууллага. Ийм философи руугаа ороод явчихбал хөгжих байх. Нэг үеэ бодвол хөгжиж байна. Гэхдээ хол хоцрогдсон уу гэвэл тийм.
-Даатгалын хувьд олон төрөл байх. Иргэд маань даатгуулах тал дээрээ хэр идэвхитэй байдаг вэ?
-Даатгалын зах зээл бол сүүлийн жилүүдэд өсөлттэй байгаа. Ер нь даатгалын тухай ойлголт нь хувь хүний болон бизнесийн төлөвшилтэй их холбоотой л доо. Дөнгөж мөнгө олох сэтгэлгээн дээрээ явж байгаа хүмүүс зарлага гэж хардаг. Харин бизнес нь тогтворжоод түүнийгээ урт хугацаанд аюулгүй явуулъя гэж байгаа хүн, байгууллагуудад бол даатгал гэнэтийн эрсдэлд орохгүй байх хамгаалагч нь. Тэгэхээр нийгмийн төлөвшил, байр суурь тогтворжих хэрээр даатгалын бизнес улам тэлж өсдөг.
-Нэг даатгал миний сонирхолыг их татдаг нь гэр бүлийн даатгал. Үүнийг гэр бүлийн тогтвортой байдлыг хангах даатгал гэж ойлгож болох уу?
-Тийм. Ер нь бол хөгжилтэй орнуудад байдаг даатгал. Гэр бүл гэдэг бол угаасаа тогтвортой байдлыг шаарддаг. Хэнд ч ямар ч зүйл тохиолдож болно. Ийм үед тухайн гэр бүлийн хүүхдүүдэд эрсдэл нүүрлэдэг. Үүнийг тогтвортойгоор хамгаалдаг үйлчилгээнүүд байдаг. Харин манайд бол энэ төрөл төдийлөн хөгжөөгүй. Олон тооны хууль дээр хэрэгжиж, даатгалын үйлчилгээ хөгжих боломжтой болдог, тэдээс дээш ч гэдэг юм уу. Тэгэхээр энэ бол хүмүүсийн соёл руу нэвтэрвэл зохих даатгалын нэг мөнөөсөө мөн.
-Тээврийн хэрэгслийн даатгалын нөхөн төлбөрийг 30 хоногийн дотор гаргаж өгнө гэдэг. Энэ хугацааны тал дээр юу хэлэх вэ?
-Ер нь бол 30 хоногийн дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэсэн том заалт бий. Гэхдээ одоо даатгалын компаниуд маань өдөртөө, хоёр цагийн дотор, газар дээр нь шийдээд өрсөлдөөн байдлаар явж байна. Үнэн чанартаа бол даатгалын мөнгийг хурдан авахдаа ач холбогдол нь биш л дээ. Харин өрсөлдөөн маягаар хэрэглэгч талдаа хурдан шийдэж байгаа нь сайн зүйл. Бичиг баримт дутуу, тодорхойгүй нөхцөлд бол хамгийн ихдээ сарын дотор шийдвэрлэж, мөнгийг олгох ёстой.
-Цар тахлаас болоод ихэнх байгууллагууд хэцүү болж байна. Ямар менежмент хэрэгжүүлж байна вэ?
-Хямралын үед хамгийн түрүүнд юу хийх вэ гэдэг эрэмбэ дарааг л ярьж байна. Менежмент гэхээр л манайхан удирдах чиглүүлэх гэж ойлгодог. Харин үүнд дөрвөн чиглэл байдаг. Нэгдүгээр хамтраад төлөвлөх. Хямралын үед хүмүүсийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах ёстой. Дараа нь төлөвлөсөн ажлаа гүйцэтгэх. Тэгээд алдаа оноогоо хамтран шалгаад, буцаад хамтран хэрэгжүүлэх гэж үйлдлийнх нь хувьд задалж болно. Хямралын үеийн сэтгэлгээг бүүр суулгаж өгөх ёстой. Нэг монгол залуу Америкт пицца зөөж яваад дээрэмчин буу тулгахад бууг нь цохиж унагаасан гээд баатарлаг байдлаар ярьдаг. Гэтэл хөгжилтэй орны хүмүүс хүүхдүүддээ дээрэмчин ирвэл байгаа бүхнээ өгөөд амьд үлд, дараа нь учир нь олдоно гэж сургадаг. Үүн шиг эрсдлийн үеийн эрэмбэ дараагаа зөв гаргах хэрэгтэй. Халдварт өвчний хувьд төр засаг эрэмбэ дараагаа гаргаад өвчнөөс ард иргэдээ хамгаалж, урьдчилан сэргийлж байна. Үүний дараагаар иргэдээ ажилтай орлоготой байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Үүнтэй уялдуулаад төр засаг гэдэг ойлголтыг ярьж болно. Төр бол бид нарын татварын мөнгөөр санхүүждэг, биднийг хэрэгтэй үед хамгаалах ёстой, ийм менежментийг хийж чадна гэж гарч ирсэн л хүмүүс. Тэгэхээр энэ хямралын дараагаас хүмүүсийн сэтгэлгээ, сонголт их өөрчлөгдөх байх гэж тааж байна. Шинж тэмдэг нь ч илэрч байна. Баахан мөнгө хийчихээд улсаасаа гадна амьдраад байдаг хүмүүс эх орон гэдгийг үнэ цэнийг ойлгож эхэлж байна.
-Ийм хүнд хэцүү үед хувь хүн, компаниуд маань нийгмийн хариуцлагын үүднээс төр засагтаа тус дэм болох хэрэгтэй гэж боддог. Энэ тал дээр таны бодол?
-Эхлээд нийгмийн хариуцлагын тухай жаахан ярья. Мөнгө олох л сэтгэлгээгээр амьдрахаараа нийгэмдээ, бусад хүмүүстээ яг харх шиг байгаль дэлхийгээ, сүйтгэж, бусдыгаа шулан мөлжих гэх мэтээр халгаатай байдаг. Харин сэтгэлгээ нь өөрчлөгдөөд ирэхээрээ энэ хүмүүс чинь миний үйлчлүүлэгчид юм байна, энэ байгаль дэлхий байж би өөрөө оршин тогтнож байгаа юм байна гэдгээ ойлгож эхэлдэг. Сүүлдээ байгууллага олон жилээр тогтвортой ажиллаад ирэхээрээ байгаль дэлхийдээ, нийгэмдээ ээлтэй болж эхэлж байгаа юм. Үүнийгээ ойлгочихсон байгууллагуудыг л нийгмийн хариуцлагатай гээд байгаа юм. Тэрнээс биш ганц нэгхэн удаа хэн нэгэнд тав гурван төгрөг өгөх, хандив өгөх зэрэг бол нийгмийн хариуцлагатай бизнес биш л дээ. Төр засаг үнэхээр ядарсан, хүнд нөхцөлд ийм хандив дэмжлэг явах ёстой л доо. Гэхдээ бол байгууллагууд татвараа үнэн шударгаар төлөөд явж байгаа нь л өөрөө нийгмийн хамгийн том хариуцлага. Харин ийм хүнд хэцүү үед байгууллагууд ч гэсэн хүнд байгаа. Харин ч тэд маань ажилтнаа халчихалгүй, ажилтай орлоготой байлгаад байгаа нь маш том зүйл.
-“Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институт” гэдэг газар маань яг юу хийдэг газар вэ?
-Энэ бол мэргэжлийн байгууллага. Мэргэжлийн байгууллага гэдэг чинь энэ мэргэжлийг олон улстай хөл нийлүүлэхийн тулд тэр их мэдлэгийг нь гаднаас оруулж ирж байгаа байгууллага. Жишээ нь олон улсын стандартууд гэх мэт олон улсад хэрэглэгдэж байгаа мэдлэгийг орчуулж , түгээх зорилготой. Одоогоор манайх 4600 гаруй мэргэшсэн нягтлан бодогч гишүүнчлэлтэй. Бидний хамгийн сайн сургалт гадна талд бий. Тэднээс хамгийн чухал, сайныг нь монголдоо оруулж ирж нутагшуулах нь чухал.
-Нягтлангууд маань өөрсдөө танайд элсэнэ гэсэн үг үү?
-Өөрсдөө шалгалт өгөөд, тэнцсэн хүмүүс нь манай гишүүн болж мэргэшсэн цолтой болдог. Мэргэшсэн гэдэг энэ цол хэргэм олон улсад их үнэ цэнтэй байдаг. Ийм цол авсан нягтлан бодогч хүмүүсийг итгэмжлэгдсэн гэж үздэг.
-Дундаж давхаргыг бий болгоё, тоог нь нэмэе гээд л яриад байгаа. Таныхаар ер нь яаж нэмэх вэ?
-Нийгмийн хамгийн чухал хэсэг бол дундаж давхарга. Энэ бол нэг их орилж хашгираад, жаргал зовлонгоо тоочоод байдаггүй, өөрсдийнхөө урдах ажлаа хийгээд л явж байдаг хүмүүс. Дундаж давхаргыг олон болгосноороо нийгмийн тогтвортой байдал бий болно гэж үздэг. Улс төрийн намууд, төр засгаас дундаж давхаргыг бэхжүүлэх, олон болгох тал дээр анхаарах хэрэгтэй. Сингапурт гэхэд орон сууцны зээлээр нь дундаж давхаргыг хамгаалдаг, бэхжүүлдэг. Ер нь бол байртай, ажилтай байхад л дундаж давхарга руу ороод ирж байгаа гэсэн үг. Тийм юмтай улсууд чинь түүнийхээ төлөө хөдөлмөрлөх, хичээх сэтгэлтэй болоод ирдэг.
-Танд тэвчихэд хэцүү зүйл байдаг уу?
-Би зан араншингийн хувьд аавыгаа дуурайсан хурц, түргэн. Худлаа ярьдаг, бөөрөнхий байдлыг тэвчдэггүй, шууд хэлчихдэг.
-Нийслэл дээр тэвчихэд хэцүү зүйл хэр их гардаг вэ?
-Шинэ төлөөлөгч болоод харахад олон зүйл байсан. Сүүлдээ тэдэнд стресдэхээсээ илүү яаж түүнийг шийдэх вэ, яаж нөлөөлөх вэ гэдгийг боддог болсон. Жишээлбэл нийтийн тээврийн асуудал байна. Манай улсаас нийтийн тээвэрт 150 орчим тэрбумын татаас олгож байгаа. Гэтэл нийтийн тээврийн бааз шинэчлэлтийн ихэнх нь улсаас хийгдчихдэг. Яг үнэндээ нягтлан бодох талаас нь бодоод үзэхээр үр ашигтай зүйл нэг их байхгүй. Магадгүй нийтийн тээврийг үнэгүй болгочихвол одоо байгаагаасаа бага зардал гарах боломжтой. Тэгэх юм бол хүүхэд, оюутан, ахмад настнуудын гээд татаас өгөх шаардлагагүй болчихож байгаа юм.
-Одоо харин ч бага байна, татаасаа нэммээр байна гээд байгаа шүү дээ?
-Үгүй яахав, зөвхөн мөнгийг авах гэж байгаа тогтолцоо нь өөрөө буруу. Нөгөө талаасаа нийтийн тээвэрт хурааж орж ирж байгаа төлбөр нь хураахад зориулж байгаа өртгөөсөө өндөр байна уу гэдэг асуултыг байнга асуудаг. Одоогоор энэ асуултанд маань хариулт өгсөн хүн гараагүй л байна. Миний баримжаалсан тооцоогоор мөнгө хураахад зарцуулж байгаа зардал нь орж ирж байгаа орлоготойгоо бараг ойролцоо. Энэ мэтээр бүх цэг дээр менежментийн шинэчлэл хийх, бүтээмжтэй байдлыг нь нэмэгдүүлэх шаардлагатай харагдаж байгаа юм. Хамгийн сүүлд “Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны журам” гэдэг журам орж ирсэн. Ер нь концевцийн хувьд Улаанбаатар хотод ч юм уу байгаа нийтийн тээвэр, хог хаягдал, утаа, замын бөглөрөл гэх мэт асуудал бол дан төр шийднэ гэхээсээ илүү хувийн хэвшлүүд маш том менежментийн болон технологийн шийдлүүдийг оруулж ирээд явах юм бол бүтээмжтэй байдал нь улсын төсвийн мөнгийг хэмнэх, хэн хэндээ хэрэгцээтэй гэж үзвэл шууд гэрээ байгуулж болохоор уг журамд өөрчилж оруулсан. Үүний цаана төр бүгдийг мөнгөөр зодож шийдэх биш төр бүгдийг оролцоог хангах замаар хамгийн үр ашигтай байдлаар асуудлыг шийдэх гэсэн философи байгаа юм. Цаашид ер нь төрийн оролцоог багасгаж, хүчийг нь нэмэгдүүлэх шаардлагатай байна.
-Улсын өр өсөж байна. Энэ ер нь яагаад ингээд байна вэ?
-Нэг талаасаа бүтээмж хэрэгтэй байгаа юм. Хөрөнгө оруулал гэдэг чинь оруулсан хөрөнгөө зээлтэй нь, хүүтэй нь төлж чадах тэр зүйлийг л хэлдэг. Гэтэл манайх зөвхөн нэрийг нь хэрэглээд өндөр хүүтэй зээлээр юу ч хамаагүй хийж байна. Тэр хийсэн юм нь зээлийнхээ хүүний үнэ цэнийг барихгүй учраас ямар зүйлийг хэдэн төгрөгний хүүтэй зээлээр хийгээд хэдэн жилийн дараа нөхөх вэ гэдэг тооцоо судалгаа хамгийн түрүүнд хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийсэн л бол тэр хөрөнгө оруулалт нь өөрөө зээл, хүүгээ төлөх ёстой. Ийм санхүүгийн мэдлэггүй, мэдсэн ч мэдэн будилсаар байгаад өр нь дангаараа үлдчихээд ингээд нэмэгдээд байна. Тэгэхээр төрийн санхүүгийн менежмент гэдэг зүйлийг мэргэжлийн түвшинд оруулж шийдвэрлэхгүй бол цаашдаа өрөө төлж чадахгүй байдал хүрэх нь байна.
-Төсвийн хөрөнгө оруулалтыг үр ашигтай зарцуулах гэдэг зүйл яригддаг. Таны харж байгаагаар энэ ойлголт ямар байна вэ?
-Төрийн менежмент буюу нийтийн менежмент чинь өөрөө бүтээмж, үр өгөөж дээр суурилж байх ёстой. Жишээлбэл боловсролын хөтөлбөрүүдийг хүүхдүүдэд хүргэхийн тулд бид хичнээн төгрөг зарцуулж байна, тэр үр өгөөжтэй байна уу. Тэрнээс илүү үр өгөөжтэй хувилбар юу байна вэ гэдгийг бид нар байнга судалж, шинэчилж байхгүй бол олох гэсэн боловсролоосоо илүүтэй өрөнд орох магадлалтай. Тийм учраас алхам бүртээ тооцож, судалж менежментээ сайжруулж байх хэрэгтэй. Одоо бол гишүүд нь нийслэлийн төлөөлөгчид нь тойрог бүртээ сургууль, цэцэрлэг тусгуулж, бариулж баатар болж байна шүү дээ. Уг нь бол салбар яамнаас нь тооцоо судалгаа гаргаад яг хаана, хэдэн сургууль цэцэрлэг хэрэгтэйг гаргаад түүндээ хөрөнгө оруулалтаа хийгээд явбал үр дүнгүй олон зардлыг хэмнэж болох юм. Энэ мэтээр ирээдүйн хот төлөвлөлт, түгжрэлийг ч шийдэх боломжтой. Тэгэхээр гишүүд, төлөөлөгч нар маань улсыг хөгжүүлэх нэгдсэн бодлого дээр л толгойгоо уралдуулах хэрэгтэй болохоос төсөв хувиарлах дээр ухалдаж болохгүй. Стратеги төлөвлөгөөгөө нарийн гаргаад дараа нь ямар арга замаар хийх вэ гэдгээ шийдэх нь чухал.
-Энэ жилийн төсөв яах бол?
-Одоо жишээлбэл өвчнөөс болоод бүх нөхцөл байдал өөрчлөгдчихлөө. Гэтэл төсөв задлахгүй л гээд байна. Ийм үед төсөв задлахгүй юм бол хэзээ задлах юм бэ. Тэгэхээр би ашиг сонирхолын зөрчил байна л гэж харж байгаа. Уг нь бол одоо төсвийг задлаад эрүүл мэнд дээрээ хамгийн түрүүнд ач холбогдол өгөх ёстой. Шаардлагатай гэж үзвэл батлах хамгаалахдаа ч түлхүү анхаарал хандуулах ёстой. Тэгээд иргэдээ ажилтай, орлоготой, компаниудаа татвар, нийгмийн даатгалаас нь чөлөөлөөд, магадгүй ажилтнаа халахгүй байгаа байгууллагууддаа урамшуулал хөнгөлөлт өгөөд эхлээд улс орны хувьд, хувь хүнийхээ хувьд амьд үлдэх хэрэгтэй. Гэтэл сургууль, цэцэрлэг, соёлын төв гээд байгаа нь цаг үеэ олоогүй менежментийн гажуудал л даа. Байдал тодорхойгүй байхад ач холбогдол эрэмбэ дараагаа хамгийн түрүүнд зөв гаргах ёстой юм.
-Амжилт гэж таныхаар юу вэ?
-Олон төрлийн амжилт байдаг гэж боддог. Өөрийн зорьж, мөрөөдөж байсан зүйлдээ хүрчихээд сэтгэл ханамжийг мэдэрч байгаа тэр мөч гэж боддог. Зарим хүмүүс хэт томыг мөрөөдчихөөд түүндээ хүрэлгүй амжилтгүй яваа гэж бодоод байдаг байж магадгүй.
-Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ?
-Ажил гэж боддог байлаа. Тэгсэн чинь хамгийн сүүлд хүүхдүүдтэйгээ тоглох л юм билээ.
-Таны амьдралдаа хамгийн их ичиж байсан тохиолдол?
-Ичих юм зөндөө хийнэ ээ. Хүүхэд байхдаа нэг удаа цагаан сараар айлд орсон чинь шаазантай чихэр өгөхөөр нь бэлэг юм байх гэж бодоод авах гэсэн чинь өгөхгүй байхаар нь аан тэгвэл доторх чихрийг нь авах юм байна гэж санаад бүгдийг нь хамж авсныхаа дараа л тавгийн идээ байсныг нь ойлгосон.
-Та өөрийгөө юунд зориулагдсан хүн гэж боддог вэ?
-Хүн бол өөрөө ухаарахын төлөө, ухаажихын төлөө зориулагдаж ирдэг болов уу гэж бодож байна. Одоогоор бол ажил амьдрал нийгмийн харилцааг ухаарч тодорхой хувь нэмэр оруулах, өөрийнхөө хийж байгаа зүйлээ сайжруулахад л зориулагдаж байна даа.
-Таны дургүй үг юу вэ?
-Хараалын нэг үг байдаг юм, сонсоход ч гэсэн уур хүрдэг.
-Аймар их уурлавал яах вэ та?
-Ширээгээ нүднэ.
-Таны хамгийн сайн мэддэг гадаад хэл юу вэ?
-Англи хэлийг л хэлэх байх даа.
-Та чинь Италид сурч байсан байх аа?
-Сурч байсан, гэхдээ Итали хэлийг тийм сайн сураагүй. Англи хэл дээр хичээллэдэг байсан. Италиар хэд гурван үг ярьдаг байсан ч хэрэглэхгүй болохоор бараг мартаж байна даа.
-Гадаадын банк оруулж ирэх нь зөв, буруу гэдэг дээр таны байр суурь юу вэ?
-Манайхны нэг бодоод байгаа зүйл нь гадны банк орж ирээд маш бага хүүтэй зээл өгөөд л эхэлнэ гэж ойлгоод байгаа. Гэтэл үнэндээ гадны банкны зээл авчихаар шалгуур хангах нь хэдхэн том аж ахуйн нэгжүүд байгаа. Тэд чинь манайхнаас илүү өндөр шаардлагатай орж ирнэ. Ингээд үр дүнд нь дотоодын банкууд маань дахиж босохгүй. Гадаадын банкууд төгрөгөөр биш валютаар л гүйлгээгээ хийж таарна. Тэгэхээр бид буцаад л долларын ханшаа алдаж эхэлнэ. Ийм л дүр зураг надад харагдаад байгаа юм.
-Бурхан гэж байдаг болов уу?
-Бурханы тухай олон төрлийн ойлголтууд байдаг байх. Би бол байгаа л гэж боддог.
-Таны хамгийн их айдаг зүйл?
-Мэдрэгдэхгүй байгаа зүйлээсээ л айна. Жишээлбэл, том зургаа хараагүй хаанаас эхлээд хаа хүрэхээ мэдэхгүй, тодорхойгүй байдлаас л их айдаг.
-Азанд хэр итгэдэг вэ?
-Азанд нэг их итгээд байдаггүй.
-Хээл хахууль ер нь яавал багасах бол?
-Хүн өөрөө шунал тачаал гэдэг зүйлээ мэдэрсэн, ажлаа чин сэтгэлээсээ хийдэг болчихвол буурна. Харин празит байдлаар ажил хийж байгаа, сул сууж байгаа хүмүүс бол яаж ийгээд хэд гурван төгрөг зохицуулах вэ гэдэг мөнхийн бодолтой л байна.
-Нийслэлд өнөөдөр нэн тулгамдсан ямар асуудал байна вэ?
-Би нийслэлд хоёр удаа сонгогдоод сууж байгаа. Юуны өмнө гэр хорооллыг шийдэх хэрэгтэй. Хотын стандарт гэдэг чинь бүх хүн паалантай жорлонд сууж байгаа эсэх асуудал болохоос биш тансаг хэсэг нь паалантай жорлонд, зарим нь модон жорлонтойгоо байсаар байгаа нь стандарт биш болчихож байгаа юм. Тэгэхээр бүх хүнийг стандарт руу яаж дөхүүлэх вэ гэдэг асуудал. Ер нь тэгээд асуудлуудаа зөв тодорхойлоод чин сэтгэлээр зүтгэж чадвал Улаанбаатар хотын асуудлууд чинь шийдэж болохооргүй болчихсон юм бол биш.
-Бидний амьдарч байгаа нийгэмд өөрчлөх ёстой олон асуудал байгаа. Бид ер нь юунаас эхлэвэл дээр вэ?
-Хүмүүс маань хамгийн түрүүнд өөрөөсөө л эхэлмээр байна. Та хэр шуналтай юм, юунд сэтгэл тань ханадаг вэ, өөрийнхөө хийж байгаа зүйлд чин сэтгэлээсээ хандаж чадаж байна уу гээд хүн болгон өөрийнхөө дотоодыг анзаараад эхлэвэл бүх асуудал шийдэгдэнэ гэж бодож байгаа.
Нийгэм талаасаа бодлого барьж удирдаж байгаа хүмүүс зөв зүйлийг зөв ил тодоор хийгээд эхлэвэл нийгэм аяндаа төр засагтаа итгээд эхэлнэ. Шударга ёсыг орилоод, хэн нэгнийг яллаж цаазлаад тогтоохгүй. Хүмүүс хэм хэмжээгээ мэддэг болоод ирэхээр шударга ёс тогтоно.
-Таны харамсдаг зүйл юу вэ?
-Хүн болгон л тэгдэг байх. Цагийг үр бүтээлтэй өнгөрүүлсэн эсэх дээрээ эргэлздэг. Ээжтэйгээ сэтгэл ханатлаа цуг байсан эсэхдээ эргэлздэг.
-Сайхан Монгол орон ойрхон байна уу?
-Ер нь ойрхон байна. Хэмжээ хязгааргүй томын төлөө нийгэм, дэлхий даяараа явдаг байсан бол одоо яг орон нутгийн, амьдрангаа ажилладаг, ажиллангаа нийгэмдээ хэрэгтэй зүйл бүтээдэг байдлаар үнэт зүйлүүд өөрчлөгдөж эхэлж байна. Яг ингээд үнэт зүйлс өөрчлөгдөөд ирэхээр аз жаргал гэдэг маань хажууд байх боломжтой. Бидэнд одоо төдий их юм хэрэгтэй биш байна шүү дээ. Маш их мөнгөтэй байгаад гурван давхар хувцас өмсөж, бусдаас тав дахин хоол идэж чадахгүй шүү дээ. Тиймээс хөрөнгийн араас шаналж явахаас илүү амьдрах тухай бодох болж. Амьдрана гэдэг бол байгаа зүйлдээ сэтгэл ханах гэж ойлгодог. Энэ өвчин хэдийгээр муухай ч гэсэн хүмүүсийн ойлголтыг өөрчилж байна. Бидэнд эх орон шиг хэрэгтэй, сайхан зүйл алга, бие биенээ хайрлах ёстой гэдгийг ойлгуулж байна.
-Таныг өөрөө, өөрийнхөө хийж байгаа ажилд өөрөө дүн тавь гэвэл?
-Ер нь бол дөрөв гэдэг дүн тавьчихмаар санагддаг. Муу биш, дунд биш. Гэхдээ онц руу зүтгэж чадахгүй байна. Онц луу зүтгэхийн тулд цаг минут бүртээ илүү хянамгай, улам итгэл үнэмшилтэй ажиллах хэрэгтэй.
-Мөнгө таныхаар юу вэ?
-Мөнгө нэг талаасаа хэмжүүр. Нөгөө талаасаа харьцангуй ойлголт. Зарим нь маш их мөнгөтэй болохыг боддог, мөнгөөр чухам яг юу хийхээ боддоггүй. Гэтэл амьдрал дээр мөнгөөр юуг ч хэмжих боломжгүй. Эрүүл мэнд, аав ээжийг хэмжих боломжгүй. Тийм учраас мөнгө гэдэг харьцангуй утгаараа цаас, нөгөө талаараа үнэ цэн.
-Хайр таныхаар?
-Дурлал гэдэг бол галзуу солиотой юм шиг хэн нэгэнд татагдсан мэдрэмж. Дурлалыг сүүлийн үед эмээр эмчилж болдог болсон гэж байгаа. Хайр гэдэг бол уучлал, өршөөл, энэрхүй, бүх юмаа зориулах гэж ойлгодог. Хайр бол итгэл үнэмшил, хайр бол зориулахуй, хайр бол аз жаргал юм.
ЭХ СУРВАЛЖ: "Өглөөний сонин"
Сэтгэгдэл ( 7 )
Зөв бодолтой хүн шиг санагдлаа. Хийе бүтээе гэсэн зөв бодолтой. Ард түмэнд хүртээмжтэй сайхан шийдэл байна. Үнэхээр таалагдлаа.
aliwaa ymand stresstheesee iluu yaj uhaalagaar shiideh uu yaj zuv zohitsuulah uu gd ymand setgeleesee handah ni l hamgiin zov. mergeshsen nyagtlan hun uchraas zov tootsoololtoi l bj taarna. yriltslaga taalagdlaa
Ард түмэнд хүртээмжтэй сайхан шийдэл байна. Хийе бүтээе гэсэн зөв бодолтой хүн шиг санагдлаа.
Даатгалын бизнес нэг талдаа сонирхолтой, өгөөмөр бизнес.Хүмүүсийн эрсдлийг худалдаж авна, хүмүүсийг хамгаална гэсэн суурин дээр үндэслэгддэг гэж хэллээ.Даатгалын бизнес эрхэлдэг ч ядарсан хүмүүсийн амьдарлаар мөнгө хүүлдэг зөндөө хүн харж байлаа. Харин эргээд тусалхаа мэддэг хүн тун цөөхөн.Ийм ойлголттой ухамсартай хүн манай нийгэмд хэрэгтэй байгаа юм даа. Уншаад байхад нийгэмдээ хэрэгтэй зүйлс хийсэн зөв бодолтой хүн санагдлаа. Хувь тавилан заяа төөрөг гэгчийг бид өөрсдөө л зурдаг шүү гэдгийг одоо залуус бид маш сайн ойлгох хэрэгтэй дээ
Зөв бодолтой юмыг наанатай цаанатай боддог мэдлэг боловсролтой үнэхээр хийе бүтээе гэсэн залуу байна амжилт хүсэе
Тийм шүү! Өмнө нь үнэхээр бодож байгаагүй шийдэл байна. Энэ шийдвэр батлагдвал бүх ард түмэнд минь хүртээмжтэй сайхан үйл болох нь байна. Ажлын амжилт хүсье!
Нийтийн тээвэрт татаас өгч байгаа юм чин үнэгүй болго.