Хотын захиргааны шийдвэрээр аав, охин хоёр амьдарч байгаад сураггүй алга болж, хожим хүмүүс сүнстэй хэмээн дөлөх болсон хоёр давхар байшинг нурааснаар сонин жигтэй энэ явдал ил болсон юм.
Барилгыг нураасан ажилчид барилгаас эвтэйхан зассан цаасан хайрцаг дотроос хүний алганаас зүг том хэмжээтэй хүнийх шиг дүрстэй зүйл/шарил/, бас нэг үхэр оготны араг яс олсон байна. Тэр даруйдаа албаныханд мэдэгдсэнээр шинжлэх ухаанч байдлаар хандаж эхэлжээ. Маш ховор олдвор гэдэг нь илт боловч чухам юу болохыг нь баталж чадалгүй, хэсэг бүлэг эрдэмтдийн таамаг төдий л байв. Үхэр огодой мөн гэдгийг нь манай шинжлэх ухааны биологийн салбарын нэртэй эрдэмтэд дуу нэгтэй баталсан бол хүнийх шиг дүрстэй зүйлийг нь чухам юу гэдэг дээр санал нэгдсэнгүй. Тиймээс олон улсын эрдэмтдэд хандаж, тэд ч яах аргагүй хүний ДНК-тэй таарч байгааг нь, энэ бол ХҮН гэдгийг баталжээ. Гэвч өмнө нь ийм олдвор дэлхийн аль ч өнцөгөөс олдож байгаагүй учраас ийм жижигхэн хүн байж болох эсэх дээр маргаантай байсаар өнөөдрийг хүрчээ. Одоо бол хаа нэг шар сонингууд борлуулалтаа нэмэх зорилгоор зургийг нь ашиглан элдэв цуурхал тараахаас хэтэрхээ байж дээ.
* * *
Цэцэглэн охиныг төрүүлээд ээж нь бурхан болж, хөөрхий аав нь ухаан галзуу юм шиг явсаар найман насных нь ойг даруухан тэмдэглэж өгчээ. Түүний төрсөн өдрөөс хойш аав нь ажлын өрөөний лабораториасаа хамраа ч цухуйлгахаа больж, есөн зүйлийн химийн шингэнийг хооронд нь хольж суудаг ажилтай болжээ. Ажлынхаа лабораторийг гэртээ шилжүүлж авч ирснээс хойш ийнхүү гадуур гарч хүн хартай ч уулзахаа больж, нэг үгээр Цэцэглэн өөрөө өөрийгөө харж хандах болсон байна. Хэдийгээр сургуульд сураагүй ч аав нь түүнд бичиг үсэг заасан болохоор гэрийнхээ номын сангаас өөрт таалагдсан бүхий л номыг нэг бүрчлэн уншиж сууна. Ээж нь уран зохиолыг шимтэн уншдаг, тэр дундаа үлгэр домгийн зохиолуудад хэтэрхий дуртай нэгэн байсан болохоор унших ном өчнөөн олон. Зохиол бүрийг уншиж дууссаны дараагаар хэсэгтээ л тэр зохиолоо дотроо төсөөлж, үргэлжлүүлэн ургуулан боддог дадал зуршил Цэцэглэнд суужээ. Түүний хамгийн их хүлээдэг өдөр бол сар бүрийн 25. Аав нь өглөө эртлэн босч охинтойгоо зэрэгцэн сууж цай уунгаа уншсан ном, хийсэн зүйлсийнх нь талаар ярилцаж дуусаад гэрээсээ гарна. Ингээд тэр хоёр ээжийнхээ газар дээр очиж нэг хэсэг сууцгаана. Харин үдээс хойш нь хотын төвийн дэлгүүрээр орж хүнсээ цуглуулах бол хамгийн сайхан зүйл. Орой нь хоёул мөн л зэрэгцэн хоолоо идэж, охиноо усанд оруулан оронд нь хэвтүүлээд өөрийнхөө ажлын өрөөрүү хэзээ ч орж болохгүйг дахин сануулаад аав нь эргээд л өнөөх нэг хэвийн амьдралдаа орно.
Хуучны загвартай ч тохилог хоёр давхар байшинд үнэхээр уйтгартай тул нэгэн өглөө Цэцэглэн шатруу гулган тоглож байлаа. Ингэхдээ шатны доод хөндийгөөс өөрийг нь нэг зүйл ширтээд байхыг анзаарчээ. Хулгана руу үсрэх гэж байгаа муур шиг дөрвөн хөллөн чимээгүйхэн мөлхсөн тэрээр шатны хөндийд тулахдаа өхөөрдөм нүдтэй, том чихтэй, жижигхэн амьтныг олж харжээ. Нүд нь гялалзан, амьсгал нь түргэссэн тэрээр нилээд удаан харсныхаа дараа гэнэтхэн гал тогооруугаа чавхдлаа. Өчигдөрхөн аавтайгаа хамт хүнсээ цуглуулахдаа авсан жигнэмэгээсээ хэдийг атгаад буцан ирсэн ч өнөөх нь алга. Шатны хонгилыг бүтэн нэгжээд, сүүлдээ хоёр давхар, гал тогоо, өөрийнхөө өрөө гээд бүх газраар хайлаа. Хамгийн сүүлд аавынхаа ажлын өрөөний үүдэнд тулж ирээд толгойгоо гилжийлгэн зогсов. Мэдээж байнга сануулдаг “Аавынхаа ажлын өрөөнд орж болохгүй” гэдэг үгийг санасан нь мэдээж. Гэвч хэсэг тээнэгэлзсэний дараагаар хаалгыг зөөлхөн татав. Азаар аав нь алга. Бодвол биз засахаар, эс бөгөөс байнга уудаг кофегоо их хэмжээгээр чанахаар гал тогоо явсан биз.
Ямар ч байсан тэрээр сэмхэн гэтсээр ажлынх нь өрөөнд орлоо. Анх удаагаа орж байгаа, хана шал гээд бүхий л газраараа шилтэй шингэн өрсөн, урьд өмнө хараагүй олон зүйлсийг сониучирхан харсаар гол зорилгоо мартаад төсөөллөө ургуулан бодож зогслоо. Гэнэт аавынх нь чанга дуу түүнийг цочоож, айснаасаа болоод уйлж орхив. Гэвч аав нь аргадах нь бүү хэл улам ихээр загнаж, уурсан хашгичаад өрөөнөөсөө түлхэн гаргалаа. Аавдаа загнуулж гунигтайхан байсан ч өнөөх амьтнаа хайх ажлаа үргэлжлүүллээ. Олж ядаад сүүлдээ ээжийнхээ номын сангаас амьтны тухай тайлбар, зурагтай номыг аван түрүүнд харсан амьтнаа хайв. Ингэснээр тэрээр түрүүхэнд харсан амьтныг нь “Үхэр огдой” хэмээн нэрлэдгийг мэдэж авчээ.
* * *
Хэд хоногийн дараагаар нэгэн оройн хоолны дараа Цэцэглэн ааваасаа Үхэр огдойн талаар асуужээ. Харин аав нь түүнд “Үхэр огдой айлын гэрт орж ирэхэд сайн гэлцдэг. Эрт үеэсээ гэрт орсон тэр амьтныг алж хөнөөхийг цээрлэдэг байсан” гэсэн товчхон хариулт өгчээ. Аавынхаа хариултаас ямар нэгэн муу зүйл өөрт нь учруулах амьтан бишийг л ойлгосон байна. Хэдийгээр дахиж таараагүй ч анх олж харсан шатныхаа хөндийд жигнэмэгээ бутлан тавих болсон бөгөөд хамгийн сонирхолтой нь өнөөх жигнэмэг өглөө гэхэд юу ч үгүй алга болдог байлаа. Энэ мэтчилэн хоёр биедээ харагдахгүй ч нэг нь хоол хүнсээр залгуулж, өнөөх нь хань болсоор. Харин тэд дахин таарахдаа мөнөөх л шатны хөндийд таарчээ. Энэ удаад огдой зугтсангүй. Харин ч дүрлэгэр нүдээрээ өөдөөс нь цоо ширтэж байснаа алган дээрх талхны үйрмэгийг аван урд хоёр хөлөөрөө бариад амтархан иджээ. Ингэхдээ хойд хөл дээрээ босч суусан байсныг хэлэх хэрэгтэй.
Энэ өдрөөс л тэр хоёрын бие биенээ гэсэн их хайр, нөхөрлөл, хамтын амьдрал эхэлсэн юм. Цэцэглэн өнөөх шинэ найздаа Жижгээ гэдэг нэр хүртэл өгсөн. Жижгээ түүнд бүхий л цагийн туршид хань болж, тоглодог ч ганц гэм нь байс гээд хэд хоногоор алга болчих, эсхүл аавынх нь ажлын өрөөрүү орчих гээд байдаг сул талтай. Аавынх нь өрөөнөөс элдэв бодисын түмэн үнэр анхилдаг болоод тэгдэг биз. Харин Цэцэглэн аавдаа загнуулахгүйн тулд түүнийг аавынхаа өрөөрүү аль болох ойртуулахгүйг хичээнэ. Гэвч амьтан л бол амьтан. Тэр хоёр ярилцаж ойлголцож чадахгүйгээс хойш яалтай билээ. Бүх зүйл тэр нэг гайтай мягмар гарагийн өглөө болсон юм. Өглөө аав нь урьдынх шигээ цайг нь бэлдэж, хоёул суун уусныхаа дараа хуучин ажлынхаа хүнээс очиж өөрийнх нь ажилд хэрэгтэй зүйл авахаар болсноо, тэр хооронд гэртээ ганцаараа үлдэх/аав нь Жижгээгийн талаар мэдэхгүй шүү дээ/ учиртайг түүнд хэлжээ. Харин аавыг нь явсны дараа Жижгээ олдсонгүй. Өөрт нь зориулж, бяцхан цаасан хайрцган дотор өөрийнхөө хуучин цамцаар хэвтэр зассан тэр газраа ч байсангүй. Тиймээс аавынхаа ажлын өрөөнд түүнийг хайжээ. Шилэн савтай элдэв шингэн, хуурай зүйлсийг эгнүүлэн өрсөн өрөөний голоор явж, мөлхөж Жижгээг дуудаж байлаа. Цонхны дэргэдэх тавиурын доогуур мөлхөж харчихаад босохдоо Цэцэглэн тавиур дороос толгойгоороо хүчтэй мөргөснөөс болж жижигхэн төмөр савтай шингэн зүйл түүний дээрээс асгарах нь тэр. Хэзээ мөдгүй аав нь уурлан орж ирээд хашгичиж эхлэх юм шиг айсан тэрээр алчуур авч ирэн тэр дор нь арчиж, өөрийнхөө хувцасыг солиод, тэр бүү хэл үсээ ч угааж амжив. Энэ бүхнийг бараг л хормын дотор дуусгасан бөгөөд аавыгаа иртэл өрөөндөө суун хүлээв. Аз болоход аав нь өнөөх шингэнийг асгарсныг олж мэдсэнгүй бололтой. Орой болж аав нь түүнийг оронд нь оруулаад гарсны дараа тэрээр хэн нэгнийг маш ихээр үгүйлэв/мэдээж ээжийгээ л үгүйлсэн хэрэг/. Хацрыг нь даган өөрийн эрхгүй нулимс урсаж эхэлсэн тул гараараа нулимсаа арчихдаа маш их цочижээ. Учир нь түүний гар хэвийнхээсээ жижигхэн болчихсон байлаа. Айж сандран орноосоо үсрэн босч гэрлээ асаагаад толинд харвал яг л хэвэндээ байжээ. Цэцэглэн ингэж л анх удаа хувирсан юм.
* * *
Энэ явдлаас хойш нилээд хэд хоногийн дараа аав нь шинжлэх ухаанд эргэлт авч ирэх гэсэн хүсэл мөрөөдлөө биелүүлэх боломжгүй, цаашид тэсэх ямар нэгэн тэнхэлгүй болсноо бичиж үлдээгээд ажлынхаа өрөөнд амиа хорложээ. Аавыгаа хичнээн татсан ч сэрээгүйд гайхсан ч өмнөх ширээн дээр нь байсан бичгийг уншаад бяцхан ухаандаа бүхнийг ойлгожээ. Чимээгүйхэн явсаар өрөөнийхөө буланд өвдгөө тэврэн суугаад мэгшин уйлж эхлэв. Хичнээн уйлсныг бүү мэд. Урд нь ямар нэгэн зүйл амьсгалахыг мэдэрч, аавыгаа хэмээн бодон баярлаж өндийснийхөө дараа тэр хэтэрхий том хоёр нүд олж харжээ. Муухай орилон өндийсөнд өнөөх хоёр нүд цаашаа огло харайн үсрэв. Орны хөлийнх нь араас өнөөх нүд ширтсээр. Харин энэ л үед Цэцэглэн Жижгээг таньж, өөрийгөө өчүүхэн жижигхэн болчихсон байгааг ойлголоо. Энэ орчлон дээр ганцаараа үлдсэн түүнд цаашид хань болох нь зөвхөн Жижгээ л үлджээ.
Хэтэрхий их гуниглахаараа л жижигхэн болж хувираад Жижгээтэйгээ хамт байх боломж олдож байгаагаа ойлгосон Цэцэглэн дахиж хэзээ ч баярлаж хөөрсөнгүй, тийм ч байхыг хүсээгүй юм.
Гомбын Сэр-Одын шагналт зохиолч Т.Дарханхөвсгөл
Сэтгэгдэл ( 0 )