[ТОЙРОГ 76] Ардчилалд элэгтэй Хөвсгөлийн “УЛААН” депутатууд

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна

Хөвсгөл бол Ардчиллын өлгий газруудын нэг юм. Ардчилсан хувьсгалын 1990 оны өлсгөлөн Сүхбаатарын талбайд болж байхад “Тэр хотод л хэдэн хүн өлсгөлөн зарлаад байгаа юм гэнэ лээ” гээд олон нийт ч тоохгүй байсаар өнгөрөх шахсан гэдэг. Тэгэхэд Хөвсгөл аймагт Мөрөнгийн өлсгөлөн боллоо. Үүнээс үүдэн хувьсгал орон даяар өрнөсөн байдаг. Тиймээс ч энэ аймгийнхан ардчилалд, АН-д жигтэйхэн элэгтэй байлаа. Бүр “Хөвсгөл аймагт АН-аас бол бор халзан хуц нэр дэвшсэн ч ялна” гэдэг үг бий болсон байв. Аргагүй дээ, нутаг нуга ч харалгүйгээр сонголтоо хийж байсан юм чинь. 1992 оны сонгуулиар Ц.Элбэгдоржийг, 1996 оны сонгуулиар Э.Бат-Үүлийг, 2004 оны сонгуулиар М.Энхсайханыг төр түш хэмээн илгээж байсан хүмүүс. АН-аас нэр дэвшсэн Д.Бохьшарга гэдэг залуу Үндсэн хуулийн эхийг барьсан гавьяат хуульч Б.Чимид агсныг ялж байсан гээд бод доо. Харин сүүлийн гурван сонгуулиар өөдлөөгүйг Л.Гүндалай Хөвсгөлийн АН-ыг гайгүй сайн самарсантай холбож тайлбарлах хүн олон. МАН-аас гэвэл жишээ нь, Шадар сайд Ө.Энхтүвшин 2000 онд Хөвсгөлөөс сонгогдож байлаа. “Эх орон” намын Б.Эрдэнэбат сонгогдож байв.  “Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн О.Энхсайхан агсан ч энэ нутгаас УИХ-д сонгогдож байж. Ер нь очиж нэр дэвшээгүй ч Ерөнхий сайд асан С.Баяр, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг нар ч Хөвсгөлийн хүмүүс юм. МАН-ын Ж.Цолмон, АН-ын Ц.Оюунгэрэл гээд хүүхнүүд нутагтаа очиж нэр дэвшээд өвдөг шороодож явсан удаатай. 2016 оны сонгуулиар Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан нар сонгогдож өнөөгийн парламентад сууж байна


Гучиндолоодугаар тойрог: Л.МӨНХБААТАР

Л.Мөнхбаатарын хувьд 2016 оны сонгуульд АН-аас нэр дэвшсэн П.Цагааныг ялсан. Ингэхэд бас хэд хэдэн зүйл нөлөөлсөн гэх юм билээ. Нэгдүгээрт, П.Цагаан нь Хөвсгөлийнх биш Баян-Өлгий аймгаас гаралтай урианхай хүн гэдэг. Хэрэв тийм бол Хөвсгөлийн хойд сумдын урианхайчуудад найдсан ч байж болох юм. Сонгуулийн үеэр “Энэ П.Цагаан гэдэг чинь казах хүн юм гэнэ лээ” гэдэг цуурхал ч нэлээд тарсан. Гэхдээ хөвсгөлийн иргэд нутаг орноор нь хүн ялгаж гадуурхаад байдаггүй зантай. Ингэж сонголтоо хийдэг чанар бол ерөнхийдөө хот суурин газар л байдаг зүйл шүү дээ. Хамгийн гол нь, хойд нутгийн дархад ястан дийлэнх байдаг УИХ-ын 37 дугаар тойргийнхон “Бид Ц.Элбэгдоржийг нь ч сонгосон. Э.Бат-Үүл, М.Энхсайханыг ч сонгож байлаа. Хэн ч дараа нь эргэж ирээгүй. Одоо П.Цагаан намайг сонгоорой гээд ирчихлээ. Ардчилсан хувьсгалыг хийсэн гэх хүмүүсийг бүгдийг нь сонгох албатай юм уу” гэж гомдоллоод санал нь эргэчихсэн юм. Хоёрдугаарт, Л.Мөнхбаатар 2016 оноос өмнө 2012 онд нэр дэвшээд өвдөг шороодож байв. Тийм болохоор орон нутгийн иргэдийн хувьд “Өмнө нь нэр дэвшээд унасан нутгийн хүүгээ сонгочихъё” гэсэн хандлага гаргасан байхыг үгүйсгэхгүй. Ер нь иймэрхүү явдал байдаг шүү дээ. Л.Мөнхбаатарын хувьд тэр 2012 оны сонгуулиар бараг улс төрд орж ирсэн байх шүү. Тухайн үед Ерөнхий сайд С.Баяр нутаг нуга хэмээн түүнийг тал тохой татаж Улсын бүртгэлийн ерөнхий газар даргаар ажиллаж байхад нь Хөвсгөлд хагас хугас бэлтгэлтэй нэр дэвшүүлсэн гэдэг.

Хүмүүс санаж байвал 2012 оны сонгуулийн хойно Хөвсгөлийн “Скай” телевизийн захирал өөрийнхөө ажилчдыг сонгуулиар эсрэг талд ажиллалаа гэж уурсан зодсон дуулиан гарч байлаа. Тухайн үед нутгийн иргэдийн дунд “Удирдлагууд нь Л.Мөнхбаатарт ажиллахаар тохирсон боловч байгууллагынх ажилчид бие даагч Ц.Даваасүрэнг дагаж гүйгээд байснаас ийм юм болжээ” гэдэг яриа гарч байв. Тэр өнгөрсөн баларсан явдлын талаарх яриагаа энэ хүрээд орхиё. Ямар ч байсан тэрбээр тухайн үед эрх баригч байсан АН-ын гол найдваруудын нэг, төрийн албаны өндөр туршлагатай, Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан П.Цагааныг ялсан юм. Харин тэрбээр сонгогдсоноосоо хойш чухам хэрхэн ажилласан бэ. Ерөнхий дүнгээрээ Л.Мөнхбаатар гишүүн олны өмнө гарч шоудаад, элдэв асуудлаар улстөржиж гүйгээд байдаггүй зантай. Хуулийн хувьд бусад гишүүдтэй хамтран бие даасан хууль, шинэчилсэн найруулга 15-ыг санаачилж өргөн барьж ихэнхийг нь батлуулжээ. Үүн дунд Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөс эхлээд Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, Эрдэнэсийн сангийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Итгэлийн зээлийн тухай хууль хүртэл багтана. Уржигдар гэхэд хэсэг гишүүдийн хамт Хувийн тэтгэврийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж байна лээ. Батлагдаад авбал их хэрэгтэй хууль шүү.

Мөн Прокурорын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэхэд бэлтгэх Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байж. Л.Мөнхбаатарын хувьд МУИС-ийг хуульчаар төгссөн, Хууль зүйн яаманд тогтвортой ажиллаж Эрх зүйн шинэтгэлийн стратегийн нэгдсэн төлөвлөлтийн газар мэрэгжилтэн, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын дарга явсан хүн. Үүнээс харахад УИХ-ын гишүүн болсон хойноо МУИС-ийн хуулийн ангид ордог зарим хүний дэргэд бол хууль тогтоох дээд байгууллагад байж л байх хүн юм даа.

Гучиннаймдугаар тойрог: ц.ДАВААСҮРЭН

Хөвсгөл аймгаас гурав дараалан УИХ-д сонгогдоод байгаа хүн. Ингэхдээ 2008 онд МАН-аас, 2012 онд бие дааж, 2016 онд эргээд МАН-аас сонгогдсон. УИХ-ын Төсвийн байнгын хороон даргаар хоёр удаа ажиллаж байсан өдгөө Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа юм. Хэдэн хувийн хэн ч гэлээ элдвийн яриа явж л байдаг. Сангийн яам, Боловсролын яамны эдийн засаг хариуцсан газрын даргаар ажиллаж явсантай нь холбоотой байх. Ер нь иймэрхүү ажил, алба хашиж явсан хүмүүсийг янз бүрийн хар сэр дагаж байдаг хойно. Улс төрийн замналын хувьд өөрийнхөөрөө, бусдад толгойгоо мэдүүлэлгүй явдаг онцлогтой. Намаас нь нэр дэвшүүлэхгүй болохоор бие даагаад гараад ирж байсныг нь ч харсан тэр шүү дээ. Харин дөрвөн жил хүний, өөрийнгүй бут ниргэж байснаа эргээд МАН-даа орчихсон. Ингэж яваагаас нь болоод намынхан нь ил далд янз бүрээр хэлж л байдаг. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нэгэнтээ чуулганы танхимд урвагчаар нь дуудаж л байлаа. Тэрбээр Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар хоёроосоо ялгаатай нь өнгөрсөн дөрвөн жилд У.Хүрэлсүхийн талыг баримталсан юм. Үүнийг нь ч янз бүрээр тайлбарладаг. Зарим нь намаасаа гараад эргэж ирсэн хүмүүст 2016 оны сонгуулийн дараа “бялуу” хүртээхдээ М.Энхболд хойрго хандсан гэдэг. Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн, Ч.Улаан, Д.Тэрбишдагва гээд гишүүд хожим Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулахыг дэмжиж улмаар У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдахад хувь нэмрээ оруулсан. Ч.Улаан, Д.Тэрбишдагва нарын хүчин чармайлт ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныгаа очиход нөлөөлсөн гэх нь бий. Харин Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн гэдэг хослол Ц.Даваасүрэндээ Эрчим хүчний сайдыг авчирсан гэж цуурдаг хүмүүс байдаг. Бүр болоогүй тухайн үед Ц.Даваасүрэн Сангийн сайдын суудлыг ч горилж байсан гэж ярих хүн бий. Улс төрийн өрөг дээр ийм юм байж л байдаг шүү дээ.

Харин Ц.Даваасүрэнгийн үед Улаанбаатар хотын цахилгаан тэг зогсолт хийж, хүүхэд тогонд цохиулж нас барж байсан гэдэг бол тусдаа асуудал. Тог тасарсны буруу нь хэрээ ч бил үү нэг шувуу, амралтын газар, эмийн сангийн үүдэнд хүүхэд тогонд цохиулсан нь тухайн аж ахуйн нэгжүүдийн хариуцлагагүй байдал гээд өнгөрсөн санагдаж байна. Уг нь Эрчим хүчний яамны албан цахим хуудсанд дурдсанаар бол “Эрчим хүчний яамны эрхэм зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийн өсөлтийг хангахуйц эрчим хүчний бодлогыг хэрэгжүүлж, хүний эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрах болон үйлдвэрлэл, үйлчилгээний найдвартай, тогтвортой нөхцөлийг хангахад оршино” гэсэн байдгийг сануулах хэрэгтэй. Нэг тийм өөрийгөө өмөөрөнгүй байдлаар асуудлыг тайлбарлаад өнгөрөөж байсныг нь бодоод ингэж сануулаад байгаа юм. Дээр нь Барилга, хөгжлийн төвөөс эхлээд энд тэнд сонгуульд нь ажилласан хүмүүсийг “шахсан” тухай мэдээллүүд хэвлэлээр гарч байлаа.

Тэрбээр УИХ-д гурван удаа сонгогдох хугацаандаа 18 хуулийн төсөл санаачлахад оролцсон байна. Өнгөрсөн дөрвөн жилийн тухайд Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн төслийг санаачлахад оролцсоныг нэрлэж болж байна. Дээр нь Эрүүгийн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дурдах хэрэгтэй. УИХ-ын 24 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн өөрчлөлтөөр өнчин ишиг хулгайлсан ч ял оноодог болсон юм. Түүнчлэн сайдаар ажиллаж байгаагийн хувьд ямар ч байсан Тавантолгойн дулааны цахилгаан станц барих төслийг төр хариуцаж гүйцэтгэх болсныг зарласан. Гэрээгээрээ бол энэ ажлыг Оюутолгойн талаас хийх ёстой. Гэвч Оюутолгой асар өндөр үнийн дүнтэй ТЭЗҮ боловсруулсан байсан гэдэг. Тэгэхээр Монголдоо ашигтай хэлбэрээр л шийдсэн бололтой юм билээ.

Гучинесдүгээр тойрог: Л.ЭНХ-АМГАЛАН

Л.Энх-Амгаланг УИХ дахь “МСS” группийн төлөөлөл гэж харах хүн байдаг. Бүр шүд зуугаад үзэн яддаг ч байж магад. Ямар ч байсан тэрбээр 2012 оноос улс төрд хөл тавьж Хөвсгөл аймгаас өдгөө хоёр удаа сонгогдоод байна. “Хөх сувд” төсөл хэрэгжүүлнэ гээд 2012 онд гэнэтхэн л хуйлруулж эхэлсэн. Хөвсгөл нуурын гүнд байгаа дүүрэн шатахуунтай сисчерүүдийг (цистерн) гаргаж авна, цэнгэг уст нуураа аварна гээд л. Япончуудтай нийлээд судалгаа хийж байгаа гэсэн байх. Хожим тэгээд нуураас тэдэн машин гаргалаа барилаа гэж дуулдаагүй байх шүү. Ямар ч байсан 2011, 2012 онд Мөрөнгийн бүх л телевизүүдээр гардаг байв. Нутгийнхаа бөхчүүдийг ч нэлээд харж үзсэн гэдэг. Үр дүн нь ч гарсан. Харин 2016 онд хоёр дахь удаагаа сонгогдоход илүү амар байсан болов уу. Хүмүүсийн сонголт ч МАН руу хуйларчихсан байсан цаг шүү дээ. Гэхдээ “Эрэл”-ын хэмээх Б.Эрдэнэбаттай өрсөлдөнө гэдэг амар учраа биш. Угаасаа орон нутагт эмэгтэй хүн сонгогдох хүнд байдаг. Завхан, Өмнөговийн цөөн тохиолдол байдаг байх. Тэгэхээр үндсэндээ 2016 онд 38 дугаар тойрогт Ц.Даваасүрэн гэхэд Ц.Оюунгэрэлээр гар хөнгөн өнгөрсөн. 37 дугаар тойрог дээр Л.Мөнхбаатар П.Цагаантай таарсан нь ч бараг зол болсон. Өөр нутгаас ирсэн хүн гэдгээр ялах магадлал Л.Мөнхбаатарт илүү байлаа. Түүнээс биш Л.Гүндалай жижиг тойрог гээд дархадуудаа бараадаад ирсэн бол хэцүү шүү дээ. Тэгвэл Л.Энх-Амгалан Хөвсгөл аймгийн Галт сумын уугуул, өмнө нь энэ тойргоос сонгогдож сайд хүртэл хийж явсан Б.Эрдэнэбаттай тулсан. Хөвсгөл аймгийн халх сумдууд дээр Б.Эрдэнэбатыг ялаад гараад ирсэн гэхээр ард иргэд илүү итгэсэн гэсэн үг. Сонгуулийн үеэр хоёр тал хоёулаа л “царцааны нүүдэл” хийсэн гэж нутгийнхандаа цоллуулж байв.

Тэрбээр УИХ-ын хамгийн ажил хэрэгч гишүүдийн нэг. 2016 онд сонгогдсоныхоо дараа УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороон даргаар ажиллаж эхэлсэн. Нийгмийн өмнө тулгамдсан бүх л асуудлын шийдлийг олох нь тус байнгын хороонд хамаардаг гэдэг утгаар асар их ажилтай байсан байж таарна. Түүний дараа 2017 онд УИХ-ын дэд даргаар томилогдоод өнөөг хүртэл ажиллаж байгаа юм. Нийтдээ энэ бүрэн эрхийн хугацаандаа 17 хуулийн төсөл, шинэчилсэн найруулгад санаачлагчаар оролцсон гэхээр “ангийнхан” дундаа ажилсагдаа орно. Тухайлбал, Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль зэрэгт түүний гар хүрчээ. Түүнчлэн Усан замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Багшийн хөгжлийн тухай хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцүүлэхэд бэлтгэх ажлын хэсгийн ахлагчаар ажилласан байдаг.

Л.Энх-Амгалан гишүүний хувьд тойргийнхоо иргэдтэй тогтмол уулзалт зохион байгуулдаг, олон нийтэд тулгарсан ямарваа асуудалд шийдэл олохоор чармайдаг зантай. Бизнесийн салбараас УИХ-д орж ирсэн гишүүдэд нэг ийм аливааг бодитоор хардаг давуу тал байдаг. ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан тухай дуулиан дэгдсэн. Тэр үеэр Л.Энх-Амгалан гишүүнийг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл суманд хэрэгжсэн “Төмсний үрийн аж ахуй-зоорь” төслийн 240 сая төгрөгийн зээлийн асуудалд нөлөөлсөн гэж хэвлэлүүд мэдээлж байлаа. 950 саяас эхлээд нэг, хоёроор тогтохгүй тэрбумаар нь авчихсан зээлийн дэргэд тэр нь бага хийгээд жинхэнэ эзэндээ хүрсэн ажил байсан юм билээ шүү.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Сүхийн ам(192.82.71.98) 2020 оны 05 сарын 15

Уул нь Хотгойдууд шудрага талдаа л улс даа Гэхдээ орчин үеийн ”Хотгойдууд”ямар ч болчихсон юм билээ

0  |  0
Top