[ТОЙРОГ 76] Сэлэнгийг төлөөлсөн гишүүдийн ГУРВАН ЗАМ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна. 

Сэлэнгэ аймгийнхан нийтэд нь дүгнэх юм бол АН-д илүү элэгтэй. Гэхдээ хэр барагтай багаар нь сонгоно гэж үгүй. АН-аас хоёрыг дэмжиж парламентад явуулсан бол нэгийг нь МАН-аас гэх мэт. Өнөөдөр ч гэсэн МАН-аас хоёр, АН-аас нэг гишүүн тус аймгийг төлөөлөн УИХ-д сууж байна. “Цэнхэр” тойрог гэдэг нь 2016 оноос өмнөх гурван удаагийн УИХ-ын сонгуулиар АН-д давуу өгч байснаас нь харагддаг. Он цагаар нь хөөвөл 1992 оны сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Д.Мөнхөө, Д.Дэмбэрэл, Ч.Зоригтбаатар нарыг УИХ-д илгээж байжээ. Харин 2016 онд АН-аас нэр дэвшсэн Д.Цогт-Очир, С.Баярцогт, МАН-аас нэр дэвшсэн Р.Содхүү нар ялжээ. 2000 онд МАН-ын П.Нямдаваа, Ш.Гунгаадорж, Р.Содхүү нар ялж байсан байна. Тэр жил тэдэнтэй З.Энхболд, Э.Бат-Үүл, Ц.Сүхбаатар, Д.Нинж нар өрсөлдсөн гэхээр ерөнхийдөө улстөрчид ихтэй ширүүн тойрог гэдэг нь мэдэгдэнэ. 2004 онд АН-ын нэрээр боссон С.Баярцогт, Э.Бат-Үүл болон МАН-ын П.Нямдаваа нар парламентад суух эрхээ авсан байдаг. 2008 оны сонгуулиар мөн л С.Баярцогт, Э.Бат-Үүлийн хослол ялалт байгуулав. 2012 оны холимог сонгуулиар АН-ын С.Баярцогт дөрөвдэх удаагаа Сэлэнгэд ялалт байгуулав. 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Н.Оюундарь, Ж.Эрдэнэбат, АН-аас нэр дэвшсэн Д.Эрдэнэбат нар сонгогдсон юм


Хоринтавдугаар тойрог: Н.Оюундарь

Монголын төрд эмэгтэйчүүд олноороо гарч ирэх нөхцөл хэзээ бүрдэх вэ. Хариулт нь их энгийн. Эмэгтэй намын дарга нартай болсон цагт л хэрэгжих боломжтой. Түүнээс эмэгтэйчүүдийн квот 20 биш 50 байсан ч өнөөгийн парламентад байгаа тооноос илүү гарахад бэрхшээлтэй. 2016 оны сонгуулиар УИХ 13 эмэгтэй гишүүнтэй болсны шалтгаан бол нэг нам 65 суудал авч чадсанд л байгаа юм. 2012-2016 онд эрх барьсан АН-ын олон нийтийн дургүйцлийг хүргэсэн шийдвэрүүд, тэдэнтэй эвссэн “Шударга ёс” эвсэл байнга дотроос нь хатгаж байсан хийгээд гадна талдаа МАН хэмээх 26 гишүүнтэй аварга сөрөг хүчин зэргийн үйл ажиллагаа л энэ парламентын дүр зураг үүсэхэд нөлөөлсөн. Ялангуяа жижиг тойргууд дээр эмэгтэйчүүд дандаа хатуу учраатай таараад байдгийг өнгөрсөн жилүүдэд анзаарсан л байх. Аймгийнхаа морин спорт уяачдын холбооны тэргүүн, тэр энэ бөхийн хайртай ахтай орон нутагт эмэгтэй хүн өрсөлдөөд гарахад бэрх шүү дээ. Хотод бол дарга, сайд хийсэн намтартай, 40 мянгатад төрж өссөн гялалзсан нөхрийн өөдөөс эмэгтэйчүүд очих болдог. Энэ бол намын дарга нарын тохироо юм. 2016 оны сонгуулийн өмнө яг л тийм зүйл болсон. Сэлэнгэ аймгаас дөрвөн удаа УИХ-д сонгогдсон С.Баярцогттой МАН-аас Н.Оюундарийг тулгаж байлаа. Бусад эмэгтэйчүүд ч амар учраатай байгаагүй. Тухайлбал, М.Оюунчимэг гишүүн гэхэд л Хөдөлмөрийн сайд асан Г.Баярсайхантай Чингэлтэйд, УИХ-ын гишүүн асан Ш.Түвдэндоржтой “Бишрэлт”-ийн Б.Ундармаа Сонгинохайрханд тулж байлаа. “Ажнай” Д.Бат-Эрдэнэд Н.Амарзаяаг, “Женко” Х.Баттулгад М.Билэгтийг бэлдэж байсан ч гэх юм билээ. Тийм болохоор өнгөрсөн гуч шахам жилд УИХ-ын хууль тогтоох дээд байгууллагад эмэгтэй гишүүд давхардсан тоогоор 50 гаруйхан байдаг хэрэг.

За энэ яахав. Ямар ч байсан Н.Оюундарь гишүүн ялалт байгуулсан юм. Тэрбээр, улс төрийн ажлын туршлагын хувьд ч, олж авсан боловсрол хийгээд удам судраараа хүний дээр гарна уу гэхээс доор орохгүй хүн. Түүний өвөө Чингис хааны язгуурт, Абатай сайн хааны алтан ураг Хараагийн баатар ван, Насан-Очирын Наваан-Юндэн нь 1985 он хүртэл монгол хаадын угсааны хамгийн сүүлд амьд сэрүүн үлдсэн ноён гаралтай соён гэгээрүүлэгч байж. Энэ түүхийг 2016 оны сонгуульд өрсөлдөхдөө мөрийн хөтөлбөрөөсөө илүү тарааж байсан ч гэдэг. Н.Оюундарь гишүүний хувьд англи, орос, хятад, герман хэлний мэдлэгтэй. 1995-1996 онд Монголын Үндэсний бүтээмжийн төвд зөвлөх, 1996-1997 онд Монголын бизнесийн хөгжлийн агентлаг Европын холбооны ТАСИС хөтөлбөр зөвлөх, 1997-1998 онд НҮБ-ын Үйлдвэрийн газрын өөрчлөн байгуулалтын төсөлд зөвлөх, 1999-2000 онд Дэлхийн банк, Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төсөлд зөвлөх, 2000-2004 онд Байгаль орчны яамны Гадаад харилцааны хэлтсийн дарга, 2004-2006 онд Байгаль орчинны яамны Стратеги төлөвлөлт, бодлого зохицуулалтын газрын дарга, 2006-2007 онд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр Дундад Азийг хариусан зөвлөх, 2008-2012 онд НИТХ-ын төлөөлөгч, 2008-2010 онд БНХАУ-ын Бээжин хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгч, 2014-2015 онд Гадаад харилцааны дэд сайд хийж явсан намтартай.

Ажлын энэ туршлагад нь үндэслэсэн үү тэрбээр УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргаар ажилласан. Энэ бол УИХ-ын магадгүй хамгийн ярвигтай ажил байх шүү. Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэхийн эсрэг, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх, эрх нь зөрчигдсөн иргэдийн эрх ашгийг хамгаалах хуулийн төсөл боловсруулах нөр ажил дээр буучихсан гэсэн үг. Үүний дээр өнгөрсөн дөрвөн жилд түүнийг дайрсан өөр бусад явдлууд ч бий. Тухайлбал, төрсөн дүү Н.Чимгүүндарийг нь Монгол Улсаас Канад улсад суух Элчин сайдад нэр дэвшүүлсэн ч Ерөнхийлөгч зөвшөөрөөгүй. Удаад нь Засгийн газар түүнийг Монгол Улсаас Тайланд улсад суух Элчин сайдаар зүтгүүлээд дахин Ерөнхийлөгчид тулаад унасан. Энэ болгон Н.Оюундарийн нэрийг гаргаж байв. Дээр нь түүний хүүгийн компани ХХААХҮЯ-ны харъяа ЖДҮХС-гаас зээл авсан нь түүнийг нэг хэсэгтээ л дуулианы бай болгосон юм. Зээлийн бүрдүүлэлт нь Н.Оюундарийг гишүүн болохоос өмнөх явдал хийгээд хуулийн хүрээнд авсан тус зээлийг эргүүлэн төлсөн тухайгаа хүү нь мэдэгдсэн боловч өнөөгийн улстөржсөн орчинд тэр яриа удтал арилахгүй л дээ.

Хоринзургаадугаар тойрог: Ж.Эрдэнэбат

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат 2016 оны долоодугаар сарын 8-нд Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдов. Тэрбээр, эдийн засгийн өсөлт нь 1.2 хувьтай болсон, гадаад худалдааны эргэлт нь буурсан, гадаад валютын нөөц нь нэг тэрбум ам.доллар болсон, 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай улсын төсөвтэй, бондын өр төлбөртэй улсыг хүлээж авсан юм. Ингээд нэг жил хоёр сарын хугацаанд ажиллахдаа эдийн засгийн өсөлтийг 5.3 хувь, валютын нөөцийг 1.3 тэрбум ам.доллар болгон өсгөж, төсвийн алдагдлыг 590 орчим тэрбум төгрөг болгож бууруулаад зарим бондын хугацаат төлбөрийг өөр эх сурвалжаас зээлж хугацааг нь уртасгаад хүлээлгэж өгсөн билээ. Түүний Засгийн газар Олон улсын валютын сангийн хөтөлбөрт Монгол Улсыг хамруулж, дампуурал зарлахаас зайлсхийлгэсэн гээд яривал их юм бий. АН-ынхан юунд зарцуулж болох бондын зээл авч 999 төсөл хэрэгжүүлэх үү, 888 төсөл хэрэгжүүлэх үү гээд ёстой гарынхаа салаагаар урсгаж, тос даасан жилүүдийг үдсэний эцэст Ж.Эрдэнэбатын “бүсээ чангалсан” үед шилжсэн юм. Тийм ч болохоор түүний цаг үе магадгүй аз жаргалтай дурсамж нийтэд үлдээгээгүй байж мэднэ. Ажлаа хүлээж авсан цаг нь ч Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг халамж тараах, элдэв шоу хийх боломж олгоогүй. Дээр нь хувь төлөвшил нь “чимээгүй хөдөлмөрч” талдаа гэж намынхан нь ярьдаг.

Түүний Засгийн газрыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан нарын 30 гишүүний гарын үсгийг үндэслэн чуулганаар хэлэлцэж огцруулсан билээ. Ингэхдээ гурван үндэслэлийг дурдсан байдаг. Тэр бол Засгийн газрын нэр бүхий гишүүдийн шууд болон шууд бус хамаарал бүхий компаниудтай концессын гэрээ хийсэн, хүүхдийн мөнгөнийг урт хугацаанд тогтвортой олгох нөхцөлийг хааж, иргэдийн итгэлийг алдсан. Ерөнхийлөгчийн сонгуульд намаа ялагдуулсан гэдэг гурван үндэслэл юм. Үүнд тухайн үеийн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат нэгэнтээ “Концессын долоон гэрээний тухайд ихэнх нь Засгийн газар байгуулагдахаас өмнө шийдэгдчихсэн байсан. Засгийн газар хэлбэржүүлсэн төдий. Харин Хүүхдийн мөнгөний олголт, татвар нэмж, хасах бол цэвэр УИХ-ын шийдвэр. Татвар нэмсэн, хүүхдийн мөнгийг бууруулсан гэдэг бол Засгийн газрын гаргасан шийдвэр биш. Удирдах зөвлөл, УИХ дахь намын бүлгээр яриад эцсийн шийдвэрийг нь УИХ гаргасан. Гарын үсэг цуглуулж яваа хүмүүсийн өөрсдийнх нь гаргасан шийдвэр. Тийм байж Засгийн газар муу ажилласан гэдэг бол шалтгаан биш ердөө шалтаг” гэж хариулсан байдаг. Өнөөг хүртэл Ж.Эрдэнэбатын Засгийн газар үнэхээр огцрох ёстой байсан уу гэдэг асуулт ардаа анхаарлын тэмдэгтэй хэвээрээ байгаа.

Ер нь бол түүний Засгийн газар муу ажилласан гэхээсээ МАН-ын дотоодын зөрчил илүү түлхэц өгсөн байдаг юм. Шалтаг нь ч гарсан. Хэрэв 2016 онд тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд дүрмийн дагуу Ерөнхий сайд болсон бол өнөөгийн улс төрийн тайз тэс өөр өнгө төрхтэй болох боломж байлаа. Гэвч тэрбээр бүх талаараа бүсээ чангалсан үеийн Ерөнхий сайд байхын оронд УИХ-ын дарга болох замыг сонгосон. Энэ нь 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хэл амгүй явах гэсэн хэтийн тооцоо ч байсан байж мэднэ. Гэвч 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнгээр гарсан М.Энхболдын ялагдал Засгийн газраа ч, намын даргаа ч, өөрийнхөө УИХ-ын даргын албан тушаалаа ч алдах үр дагавар дагуулсан билээ. УИХ-д МАН-ын олон шинэ гишүүн сонгогдон орж ирсэн явдал ч нөлөөлсөн байх. Хуучин байсан хэд нь албан тушаал хувааж аваад дээрээс нь үүрэгдээд байхаар адилхан төрийн түшээд болсон хойно дургүй нь хүрсэн болов уу. “Шударга ёс” хэмээгч нь заримдаа тэгж уншигдах тал бий. Түүхэнд хэрвээ байдаггүй гэдэг. Тэгэхээр энэ талаар үүнээс урт нурших нь илүүц хэрэг болно. Ямартаа ч Сэлэнгэ аймагтаа байцаагчаас эхлээд Засаг дарга болтлоо ажилласан, УИХ-д хоёр удаа сонгогдож цагтаа АН-тай хамтарсан Засгийн газарт Сангийн сайд явсан Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын бүрэн эрхийн хугацаа энэ зун дуусна.

Хориндолоодугаар тойрог: Д.Эрдэнэбат

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат 2012 оны сонгуулиар намын нэрийн жагсаалтаар сонгогдож 2016 онд тойрогт өрсөлдөж ялснаар парламентад улираад байгаа. Өмнө нь 2012-2014 онд УИХ дахь АН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан тэрбээр 2016 оноос хойш мөн л УИХ дахь АН-ын бүлэг, зөвлөлийн даргаар ажиллаж байгаа нь, энэ. Ер нь аливаа намын УИХ дахь бүлгийн дарга гэдэг галын эхний шугамд ажиллахыг хэлээд байгаа юм. Эрх барьж байгаа тохиолдолд ажлаа урагшлуулахын тулд хэлцэлд ордог, сөрөг хүчин байх үед төрийн алдаа завхралыг хэлж засуулдаг ажил. Аль ч талд байсан ийм ажил амар биш. Бас дээр нь байр суурийн ялгаатай хоёр цаг хугацаанд энэ ажлыг хийсэн хүн өөр байхгүй байх шүү. Энэ үүргийг хэр гүйцэтгэхээс шалтгаалж улс орны хувь заяа зурагдана. Дээр нь УИХ дахь бүлгийн дарга гэдэг сөрөг хүчин байхдаа эсэргүүцэх ёстой гээд туйлшраад байдаггүй, эрх барьж байвал сагаж сагсуурдаггүй нуруутай хүн байх ёстой. АН-аас үүнд Д.Эрдэнэбат тохирсоор иржээ. Энд жаахан зүйл эргэж сануулахад, Д.Эрдэнэбат гишүүн 2008-2012 онд Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байлаа. Намын дарга нь Н.Алтанхуяг. Тэр жилүүдэд АН-ынхан МАН-ыг УИХ, Ерөнхийлөгч, орон нутаг гээд том, жижиг таван сонгуульд дараалан ялж байв. Өнгөрсөн 30 орчим жилийн түүхийг харж байхад АН ингэж олон дараалан ялж, удаан засагласан тохиолдол байдаггүй. Цөөхөн ялалт нь дандаа гаднаас бутлахад амархан гэрлийн шил л байлаа. Анхнаасаа таван намын нэгдэл болохоор дотроо ч асуудал амархан үүсдэг. Тэгэхээр Д.Эрдэнэбат хувь чанараараа хэлэлцээрт илүү тохирсон байх гэж бодогдоод байдаг юм. Ер нь АН-ын ялалтын жилүүдийг өнөөгийн эрх баригчид ч санаж байвал зохистой. Учир нь, цаг хугацаанд ямар олон гэнэтийн бэлэг нуугдаж байдгийг АН-ынхан одоо амсаад явж байна шүү дээ.

Энэ бүрэн эрхийн хугацааны дөрвөн жилд АН-ынхан УИХ-д есөн суудалтай багашаар сөрөг хүчин болсон боловч чимээгүй байх боломж байсангүй. УИХ дахь МАН-ын дотоод хагарал ёзоортоо тултлаа цуурч Засгийн газраа огцруулаад авсан. Тэгэхдээ УИХ дахь 65 хүнтэй “бүдүүн” бүлэг нь “33”-ын, “32”-ын гэх албан бус бүлэг болчихож байлаа. Тэр үед шийдвэр гаргах гол хүч АН-д байв. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөгөөр энэ хоёр бүлгийнхэн ээлжлэн мөн ч их орж, гарсан даа. Ардчилсан нам Ж.Эрдэнэбатын Засгийн газартай хариуцлага тооцохыг дэмжсэн. Түүнчлэн тухайн үйл явдлаас жилийн дараа ХХААХҮЯ-ны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас УИХ-ын гишүүд хийгээд төрийн өндөр албан тушаалтнууд зээл авсан асуудал дэгдэж У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцох болоход мөн л дэмжсэн юм. Хачирхалтай нь, энэ явдал дээр Д.Мурат, Ж.Батзандан, Л.Болд нар намынхаа шийдвэрээс зөрсөн. Чухам шалтгааныг нь бараг хүн бүхэн гадарладаг болохоор энд дурдаад байх дэмий биз. Ингээд нам дотроо хариуцлага тооцоход Ж.Батзандан, Л.Болд нар намаа орхиж “ШИНЭ” нам гэдгийг байгууллаа. Ирэх сонгуулиар АН, МАН-ын гомдогчдоос бүрдсэн нэг улс төрийн хүчин тэднийг хүлээж байна. Энэ ч бас дэлгэрүүлээд байхааргүй зүйл. 

Харин МАН өөрийн нам доторх эсрэг хүчнээ дарж авахдаа АН-ынхныг хөлдөө чирчихсэн тухайд бол ярихад илүүдэхгүй. МАНАН гэдэг нэр хочийг өнөөдөр байр сууриа алдсан МАН-ынхан хийгээд ихэнх нь гудамжинд гарчихсан АН-ынхан хүртэж байгаа нь нэг төрлийн шоглоомтой явдал юм даа. Тэр жүжиг нь зарим үзэгдэл дээрээ муухай хэтэрч байна. Ерөнхий сайд асан М.Энхсайханыг өчигдөр 53 сая төгрөгийн хохирол улсад учруулсан гэх хэргээр 4.6 жилээр яллахад баярлах олон нийтийг суртал ухуулга бүтээгээд авчээ. Уг нь ард түмний амьдрал тааруу байгаа нь, төсвийн орлогоо зөв хуваарилахгүй яваа нь урьдын цагт эрх баригчдын буруу байлаа. Ийм орчин нөхцөл дунд Д.Эрдэнэбат УИХ-д намынхаа бүлэг, зөвлөлийг толгойлж ажилласан байна. Өнгөрсөн дөрвөн жилд тус намын бүлгээр хэлэлцүүлсэн хуулийн төслүүд, улс төрийн акцуудыг энд жагсаах гэвэл нэлээд урт юм болно. Тэгэхээр энэ хүрээд бичвэрээ өндөрлөх нь зөв байх.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
сонгогч(202.9.46.144) 2020 оны 06 сарын 01

АРДЫН ХУВЬСГАЛЫН ӨЛГИЙ СЭЛЭНГЭ НУТГИЙНХАН АХ-Н 100 ЖИЛИЙН ОЙГООР ЭХ ОРНООСОО УРВАГЧ БАЯРЦОГТЫГ СОНГОЖ НЭР НҮҮРЭЭ ГУТААХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ ...АХ-Н 100 ЖИЛИЙГ АРДЫН НАМ УДИРДАН ТЭМДЭГЛЭЖ БАЙВАЛ МОНГОЛ ТҮМЭНД ӨЛЗИЙТЭЙ, БЭЛЭГ ДЭМБЭРЭЛТЭЙ САЙХАН ҮЙЛ ЯВДАЛ БОЛНО. ХАРИН УРВАГЧИЙГ ТӨРД ГАРГАЧИХВАЛ ...???

1  |  0
Зочин(66.181.161.22) 2020 оны 05 сарын 09

Эрдэнэбат хийсэн юмтай хүн. Энэ хүний тэргүүлсэн засгийн газар түүхэнд дурсагдахуйц гавьяа байгуулсан. Сайныг муу дагана. Мөнхбат, Бат-Эрдэнэ нарын сулхан нөхөд түүний ажлыг балласан.

0  |  0
Энэнэнээ(192.82.78.160) 2020 оны 05 сарын 09

Энэ ээнүүд яасан ч балаг нь дуусдаггүй юм. Одоо яршиг зүүнхараад нь тайван амраамаар юм аа тариачин бачкануудыг

1  |  0
Хуан(66.244.109.90) 2020 оны 05 сарын 09

Сэлэнгийн эрлийз хурлийзууд аа, Хулгай хийдэггүй, нэр цэвэр хүн танай тэнд байхгүй юмуу? Дандаа л зартай хулгайчид тэндээс төр рүү цуварч байдаг нь юууных вэ??

1  |  0
Зочин(66.181.188.40) 2020 оны 05 сарын 09

Оюундарь овоо нь шүү. Нөгөө хоёр нь ч но той шүү.

0  |  1
Top