"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна.
Говь, тал, хангай хослон орших Баянхонгорын иргэд адармаатай, алагтай булагтай сонголт хийсээр ирсэн түмэн. Өнгөрөгч долоон удаагийн сонгуульд нэг намын нэр дэвшигчдийг улираан сонгож байсан түүх алга. Тэд анх 1992 оны ардчилсан сонгуулиар өдгөөгийн МАН-аас нэр дэвшигч гурван хүнийг сонгож байсан бол 1996 онд Ардчилсан холбоо эвслээс, 2000 онд МАН, 2004 онд МАН-аас нэг, Эх орон ардчилсан эвслээс хоёр нөхрийг парламентын босгоор алхуулсан. Мөн 2008 онд МАН-аас нэг, АН-аас хоёр, 2012 онд АН ялж байсан бол 2016 онд МАН гурван тойрогт ялалт байгуулжээ.
УИХ-ын дарга төрийн гурван өндөрлөгийн нэг, тойрогтоо хөрөнгө оруулсан хэмээн анхаарал сулруулж болохгүй сонгогчидтой. Тухайлбал, Х.Баттулга гурван ч суманд “Шинэ сум” төсөл хэрэгжүүлж, өөр олон төсөл хөтөлбөр татаад байхад нь унагаад авсан. УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхийлөгч Х.Баттулга нар Баянхонгор аймгаас хамгийн олон удаа буюу тус бүр гурван удаа сонгогдсон. Ийн гурван удаа сонгогдохдоо дунд нь бас бүдэрч байсан удаатай. Гэтэл хаа байсан Ц.Элбэгдорж тус тойрогт өрсөлдөөд ялж байсан гэх мэт онцлогтой. Судлаачид ажиглагчид ч “Таамаглах аргагүй тойрог” хэмээн нэрлэж ирсэн. Бусдаас ялгарах, хавираа бусгаа ихтэй тойргоос өдгөө парламентад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн М.Билэгт, Л.Элдэв-Очир нар ажиллаж байна.
Гомбожавын Занданшатар /Долоодугаар тойрог/
Г.Занданшатарын хувьд 2012 оны сонгуульд өвдөг шороодож, 2016 онд говь, талын сумд болон Богд, Баянлиг, Баянговь, Жинс, Өлзийт гээд нийт долоон суманд АН-аас нэр дэвшсэн Б.Ганбаттай өрсөлдөж, саналын ялимгүй давуу байдлаар ялсан. Тухайлбал, нийт сонгогчийн 50.7 хувийн санал авсан бол АН-аас нэр дэвшигч Д.Ганбат 46.1 хувийн буюу ойрхон санал авсан байдаг. Эрхэм хоёртой хамт өрсөлдсөн МАХН-ын болон бие даагч нэр дэвшигч нийлээд гурав гаруй хувийн санал авсан нь Д.Ганбатын саналыг доош татсан гэх нь ч бий. МАХН, МАН-ынхаа саналыг хуваах өндөр магадлалтай байсан болов уу. Ийнхүү их ойрхон санал авцгааснаар сонгууль өндөрлөсөн.
Ямартай ч өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд Г.Занданшатар долоодугаар тойргийн сумдад чамгүй хөрөнгө татсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан гэхээр тойрогт төсөв хөрөнгө хуваарилахад давуу талтай байв. Өдгөө УИХ-ын даргаар ажиллаж байгаа хүний хувьд ч Баянлигээс бусад сумдад Соёлын төв, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд улсын төсвийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийсэн учраас яг энэ цаг мөчид рейтингээ хадгалж байгаа. Баянлиг сумын хувьд “Шинэ сум” төсөл хэрэгжсэн учраас шинээр бүтээн байгуулалт хийх шаардлагагүй ч Г.Занданшатарын санаачилга дор хандиваар Ахмадын өргөө барьсан байна.
Нэр дэвшигч, гишүүд л болсон хойно ямар ч сайн зүйл хийж байсан, саар зүйл нь хөндлөнгөөс явж л байдаг. Энэ бол улс төр. Тиймээс 2000 хүрэхгүй хүн амтай суманд 240 хүний суудалтай, хоёр давхар Соёлын төв барих ямар ч хэрэггүй, төсөв үрсэн хэрэг гэдэг. Төсөв хүнд үед бол үнэн ч юм шиг. Харин 2016 оны сонгуульд унасан цагаасаа хойш УИХ-ын гишүүнээс ч илүү ажилласан УИХ-ын гишүүн асан, АН-ын Д.Ганбат гэж бий. Тэр ч долоодугаар тойргийн сумдад өөрийнхөө хэмжээнд эр бяраа гайхуулсаар өнөөдөртэй золгосон. Анх бидон тараан хэл ам болж байсан эрхэм нөхөр өнгөрөгч оны намар мөн л бидоноо тараахын зэрэгцээ Г.Занданшатарыг матарласан зурагтай сөрөг пиарын ном хэвлээд тараасан нь чамгүй дуулиан болсон. Сонгууль дөхөх тусам энэ мэт зүйл олширно.
Тэгэхээр айсуй сонгуулиар алагтай булагтай энэ аймагт Д.Ганбат гэж бас нэг чамгүй өрсөлдөгч зогсож байх нь. Бусад жижиг нам, бие даагчдын хувьд томсгосон тойрогт өрсөлдөх хэцүү, байх хэцүү. Г.Занданшатар УИХ-ын даргын хувиар мандатгүй үлдчих болов уу гэсэн айдас бол байхгүй, томсгосон тойрогт нэр дэвшигчдээ манлайлаад явж таарна. Тойрогтоо татсан хөрөнгө оруулалт, хашиж буй алба, намын суурь рейтинг гээд бүх зүйл гайгүй байна. Үүнээс гадна Үндсэн хуулийн өөрчлөлт, төрийн байгууллагад хариуцлагын тогтолцоо бий болгосон, бусад хууль тогтоомж гээд олон зүйлийг энэ хүнд нааж болно. Наахаас ч өөр аргагүй. Хамгийн наад зах нь тус аймгийн бүх сумдад жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хүрээнд үнэгүй болоод байсан арьс нэхий элдэх боловсруулах машин авч өгсөн нь хүмүүст ихээхэн таалагддаг юм билээ. Магадгүй, жижиг дунд үйлдвэрлэл гэхээр ЖДҮ-д холбогдсон МАН-ын гишүүдийн нэрсийг түүнээс салгаж ойлгох аргагүй нөхцөл байж болох юм. Сонгууль бол сонгууль. Говь, талаас санал цуглуулсан нэр дэвшигч хойшоо Заг Байдрагийн голоо өгсөөд хангайн сумдад таалагдахаас эхлээд олон зүйл байгаа. Саналын үзүүр дээрээс зулгаах юу эс мундах вэ.
Магваны Билэгт /Наймдугаар тойрог/
“Ачлал”-ын босс М.Билэгт урьд өмнө нутагтаа очиж өрсөлдөөд ялагдал хүлээж байсан ч 2016 онд дахин нэр дэвшиж, 48.4 хувийн саналаар УИХ-ын босго давсан. Тухайн үед хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр АН-аас нэр дэвшигч, Олимпын аварга Н.Түвшинбаярыг нэрлэж байсан ч баянхонгорчууд элэг татан М.Билэгтээ сонгосон. Аварга маань сонгуулийн уур амьсгал тасраагүй шахам байхад их наадмаа зорьж, улмаар олимпод ялагдсаны бурууг Х.Баттулгад тохсоноор чимээ намдаасан. УИХ-ын гишүүн М.Билэгтийн хувьд жинхэнэ парламентчийн үүргээ гүйцэтгэсэн үү гэвэл учир дутагдалтай. Яахав, чуулган болон бусад хуралдаан дээр үг хэлж, санал хүргүүлэх нь бий. Гэхдээ хаашаа хамаагүй хадуурдаг тал нь олны дунд чамгүй танил болгосон байж таарна. Цахим орчинд бол аргагүй “Од” болсон хүн.
Харин тойргийнхоо сонгогчдод бэлэг тараахаас эхлээд олон зүйл амжуулсан. Данх, сав, гурил, будаа, хувцас хунар гээд хүний өдөр тутмын амьдралд хэрэгтэй зүйл тараасан байдаг. Энэ нь хууль дүрэм, том том стратеги яриад давхиад явчихдаг гишүүдээс илүү ч ойрхон санагддаг байх. Тэр ч бүү хэл сугалаа явуулахаас эхлээд өнгөрөгч дөрвөн жилд сонгогчдоо чамгүй зугаацуулсан. Үүнийг нь хэвлэл мэдээллээр “Данх”, “Гутал” гэх зэрэг элдэв хоч нэр өгөөд цацаж л байдаг. Манай сонгогчид гишүүдээсээ бэлэг сэлт, элдэв амлалт аваад сурчихсан учраас нэг талдаа энэ нь эерэг тусгал болно. Мөн монголчууд айлд зочлон очихдоо гарын бэлэг ёс юм шиг өгдөг гэх утгаар нь харвал болохгүй зүйл алга. Гагцхүү сонгогчдын боловсролд бага ч атугай дэвшил гарч, мэдээ мэдээллийн орон зай хот хөдөөгүй тэлсэн гэхээр сөрөг талын тусгал авчирна гэх хүн ч бий. Хууль тогтоох дээд байгууллагын гишүүний хувьд тэгтлээ хууль санаачлаад батлуулаад явсан зүйл байхгүйгээс харвал үндсэн ажлаа хийгээгүй гишүүдийн тоонд зүй ёсоор багтана.
Ажлын хэсэгт орж ажилласан зүйл бол бий. Бизнесийн салбараас парламентад орж ирсэн хүний хувиар олон жилийн өмнөөс дэлхийн жишигт нийцсэн Хавдрын эмнэлэг байгуулахыг зорьж, түүнийгээ бараг ажил хэрэг болгосон. Гэвч түүнийгээ төрд шахах гэж байна гэх яриа үе үе түймэр шиг дэгддэг. Нөгөө талаар “Улс нэг сайн эмнэлэгтэй болчихвол, бэлэн болсон Хавдрын эмнэлгийг худалдаад авчихад болохгүй зүйл алга” гэх мэдээлэл ч бас эсрэгцэн цацагддаг нь цаанаа учиртай байх.
М.Билэгт гишүүнд Баянхонгортоо нэр дэвших сонирхол байж таарах бөгөөд нэг давуу тал байна. Тодотговол, ЖДҮ болон бусад тендерт холбогдоогүй, МАН-аас мандат авчих боломжтой. Тэгээд ч эмэгтэйчүүдийн квот гэж нэг зүйл дүрэм журамд нь тодоос тод байгааг бас мартаж болохгүй. Одоогийн байдлаар МАН-аас Баянхонгор аймагт Г.Занданшатар, Л.Элдэв-Очир нараас өөр тийм ч хүчтэй өрсөлдөгч тодроогүй учраас багтаа багтаад явахад болохгүй зүйл алга. Хэрвээ МАН-ын суурь рейтинг өндрөө хадгалаад санал авах өдөр хүргэж чадвал М.Билэгт гишүүнд хоёр эрэгтэйдээ хавчуулагдах боломж тод харагдана. Өөрөөр хэлбэл багийн хүчийг ашиглана гэсэн үг. Сонгууль л болсон хойно АН-аас болон бусад жижиг намаас өрсөлдөгчид том биш ч саналаас зулгаана. Тэр дундаа Д.Ганбатын хувьд өмнө талын сумдад санал илүү авна. Үүнээс гадна АН-аас Консул асан Д.Мөнх-Эрдэнэ, ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, “Номгон санчир” компанийн захирал А.Адъяасүрэн гэх хүмүүсийн нэр намын дотоод сунгаанд явж буй. Зуу гаруйхан саналаар унаж байсан тохиолдол олон байх учраас өрсөлдөгч бүр л ширүүн байна гэсэн үг.
Лхагвын Элдэв-Очир /Есдүгээр тойрог/
МАН хоёр дахь удаагаа ялагдал хүлээсэн 2012 онд их улс төрд хөл тавьж, Элчин зөвлөхөөр ажиллаж байсан Л.Элдэв-Очир улмаар 2014 онд Баянхонгор аймгийн МАН-ын удирдлагыг гартаа авсан нь сонгуульд нэр дэвших замаа зассан хэрэг. Монгол Улсын толгой групп болох “Эм Си Эс”-ээр овоглуулж явсан энэ эрхэм нэгэнтээ “Монгол Улс Ерөнхийлөгчийн засаглалтай болох ёстой” хэмээн улс төрийн хүрээнд нэлээд маргаан дагуулж байсан нь нутаг зүгийн салхи хэмээх нь бий. Гэтэл дараа нь “Манай намын хэдэн нөхөр Ерөнхийлөгчтэй үгсэн хуйвалдаж байна” хэмээн мэдэгдэж байв. Тэрээр УИХ-д хөл тавихаасаа өмнө, тавьсан хойноо ч өдгөөгийн Ерөнхийлөгчтэй ихэд санал зөрж түүнийг шүүмжилдэг байсан нь улс төр дэх өрсөлдөөн ч байх, зарчим ч байх. Үндсэн хууль гэснээс Л.Элдэв-Очир хуулийн хэлэлцүүлгийн үеэр үнэтэй санал хэлж, энэ талаар дуугарч байснаас харвал Хууль тогтоох байгууллагын гишүүний үүргээ эрх биш биелүүлсэн гэж болохоор.
Түүний хувьд хоёр хамтрагчаасаа өөрөөр ажиллаж ирсэн нь хувь гишүүний арга барил болов уу. Тухайлбал, тэр М.Билэгт гишүүн шиг сав, суулга тараасангүй, Г.Занданшатар шиг хөрөнгө оруулалт татсангүй. Гэвч боломж гарсан газарт үзэгдээд байхыг хүсдэг. Эрүүл мэндийн яамнаас Заг суманд өгсөн түргэний тэргийг зуучлахаас эхлээд амжуулсан ажил чамгүй бий. Түүний хамаарах есдүгээр тойрогт Гурванбулаг, Заг, Жаргалант, Галуут, Баян-Овоо, Эрдэнэцогт, Баянхонгор сумд хамаардаг байна.
Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэх үеэр өдгөө мөрдөгдөж байгаа том тойргийг бус жижиг тойргийг дэмжиж, бүр эсэргүүцэж байсан. Энэ чиглэлд өгсөн ярилцлага олон ч бий, жижиг тойргоо их ч хамгаалсан. Тэгэхээр дээрх хэдэн сумдад анхаарал хандуулснаас бус Баянхонгор аймагт анхаарал хандуулсангүй гэж харж болохоор. Ганцхан Л.Элдэв-Очир ч бус дөрвөн жил хэдэн сумдад анхаарал хандуулсан нөхөд сонгууль дөхсөн үед тойрог томсгохоор ямар л өөдтэй байв гэж. Магадгүй өөр тойрогт хамаарах сумдаа тоосоороо булж, тойргийнхоо сумд руу очсон нь олон биз ээ. Гэтэл өнөөх гишүүн маань сонгуулиар бөөн хайр сэтгэл яриад очих бас тиймхэн. Энэ бол олонхи гишүүдэд тохиолдох зүйл.
2014 онд аймгийн МАН-ыг гартаа авсан Л.Элдэв-Очирыг эртнээс “Царцааны нүүдэл”-тэй холбон тайлбарлах нь бий. Чухам үнэн эсэхийг бүү мэд. Түүний хувьд олон нөхөд холбогдоод байгаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас зээл авсан асуудалд холбогдоогүй. Тиймдээ ч энэ тал дээр намынхаа ЖДҮ-үүчдэд чанга дуугарч, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих талаар байнга ярьж явдаг хүн. Энэ ч утгаараа тойргийнхоо хэдэн сумдад арьс нэхийний үйлдвэр барьж байгуулж өгсөн гавьяа бий. Сул гишүүн тойрог руугаа байнга хөрөнгө оруулалт татаад байж чадахгүй учраас хувийн хөрөнгө оруулалт хийдэг гишүүдийн тоонд зүй ёсоор орно. Хэдийгээр шинэ гишүүн ч тэрээр УИХ дахь Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар хоёр жил ажиллахдаа хөдөө аж ахуйн чиглэлд олон санал санаачилга гаргаж байсан ч биеллээ олсон эсэх нь тодорхойгүй. Ямартай ч “Бэлчээрийн тухай хууль”-ийг санаачлан ярьж байсан.
Ерөөсөө хөдөө аж ахуйн чиглэлд санал санаачилга гаргаж ажилласан гэхэд болно. Мөн хүнсний эрүүл ахуй, хүрэлцээ хангамжийн талаарх хуулиуд хөндөв. Тус хуулиудаас гадна Баяжуулсан хүнсний тухай тусдаа хууль зайлшгүй байх шаардлагатайг удаа дараа сануулж, оруулж ч байсан. Энэ бүгдээс харвал тэгтлээ ажил хэрэг болгоогүй ч Хууль тогтоох дээд байгууллагын гишүүн гэдгээ ухамсарлаж иржээ.
Сэтгэгдэл ( 4 )
ТМС с өөр юмгүй шүү дээ зайлуулдаа
Ene neg balai avgai baina ymarch medleggui
Мөнгө хүүлэгч балай авгайгаа явуулдаг газар руу явуул
Manai nutgiihan odoo uhaarah bailgui dee. Er n” Bayankhongorchuud ene tsagt turiin undurlugt mandaj bna. Bid Zandanshatar, Eldev-Ochir, Battulga naraa urgelj demjih heregtei. Yaagaad gevel ted maan” humuujiltei noyon nuruutai ulsuud yum gedeg n” olon jiliin turshid haragadaj bna. Bilegt gishuun maan” arai l bish ee. Bidniig burhan iveej turiin suld min” urshuug!!!!