[ТОЙРОГ 76] “ЦЭНХЭР” Архангайг “УЛААН” болгосон гурав

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 16


"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулсан "ТОЙРОГ 76" шинэ цуврал хүргэж эхэллээ.


Архангай аймаг улстөрч ихтэй. Нэн шинэ түүхийг Солийн Данзангаас л эхэлж ярина. Энэ нутгийнхан ардчилсан хувьсгалаас хойш 2004 он хүртэл МАН-д итгэл өгөөд түүнээс хойш 2016 оныг хүртэл АН-ыг сонгосон байдаг. Ерөнхийдөө АН-д илүү элэгтэй ч гэмээр газар. Тиймээс уг аймгаас сонгогдсон улстөрчид гэхээр АН-ынхан илүүтэй санаанд буудаг. Тухайлбал, Р.Гончигдорж, С.Ламбаа, “Фортуна” хэмээх Н.Батбаяр, Б.Болор нар АН-ын нэр дээрээс босож итгэлийг нь өвөртөлж явав. Харин МАН-аас гэвэл 2016 оныг эс тооцвол С.Төмөр-Очир, М.Далайхүү, Б.Чадраабал нар байна. Архангайд өрсөлдөөгүй ч тэндээс гаралтай гэгдэх улстөрчдийн жагсаалт хийвэл нэлээд урт болно. Ямартаа ч арав гаруй жил цэнхэртсэн Архангай аймгийнхан 2016 онд улаан талд зогссон юм. Дахиад цэнхэр тал руугаа ороход гайхах юмгүй л нутаг. 2016 оны хувьд УИХ-ын нэгдүгээр тойрогт Г.Тэмүүлэн, хоёрдугаар тойрогт Ё.Баатарбилэг, гуравдугаар тойрогт Ж.Мөнхбат нар ялалт байгуулсан. Анх удаагаа сонгогдсон гурван гишүүний өнгөрсөн хугацаанд хэр ажилласнаас ирэх сонгуулийн өнгө тодорхойлогдох билээ. 


Нэгдүгээр тойрог: Г.Тэмүүлэн

 

УИХ-ны гишүүн Г.Тэмүүлэнгийн хувьд залуу хүн, хөрөнгө чинээтэй айлын хүүхэд гэгдэж анхнаасаа олны анхааралд орчихсон. Гэхдээ даруу төлөв зантай, үг хэл нь нухацтай. Боловсролын хувьд ч чамлагдахгүй. 2003 онд American university сургуулийг олон улсын харилцааны мэргэжлээр төгсөж, дараа нь тус сургуульдаа магистрын зэрэг хамгаалсан байдаг. Төрийн албанд Ашигт малтмал, газрын тосны газрын гэрээлэлтийн хэлтэст мэргэжилтнээс хэлтсийн дарга хүртэл өгсөж, төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компанид дэд захирал хашиж явсан намтартай. Тэрбээр Мал амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетик нөөцийн тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийн Ажлын хэсгийг ахалж 2017 онд УИХ-аар батлуулсан. Уг хуулиуд гарснаар уналтад орсон мал аж ахуйн салбарыг төрийн бодлогоор дэмжих боломж нэмэгдсэн гэж салбарынхан нь сайшаадаг. Малын генетик нөөцийн тухай хуулиар гэхэд л малын гарал үүсэл, удам угшил, үүлдэрлэг байдал, эрүүл мэндийн үзүүлэлт, ашиг шимийн гарц зэрэг малын тухай бүх мэдээлэл багтсан сантай болж бүртгэлжүүлэх асуудлыг зохицуулсан байгаа юм. Малчид дур дураараа эм тариа хэрэглэдэг, суурин газрынхан үүлдэр угшил нь тодорхойгүй махыг худалдан авч хүнсэнд хэрэглэх эрсдэлүүд ч дагаад хаагдах боломж үүссэн. Ийнхүү хууль тогтоох дээд байгууллагад ажиллах чадамжтай, эрч хүчтэй гэдгээ нотолж байлаа.

Бусдад хатуу ширүүн үг хэлдэггүй, чуулганы танхимд илт сөргөлддөггүй, хүмүүжилтэй гэсэн тодотголтой. Гэвч өнгөрсөн дөрвөн жилд нэр хүндэд нь сэвтэй мэдээлэл гараагүй гэвэл тийм биш. Түүнтэй холбоотой тааруухан мэдээлэл эргээд харахад УИХ дахь МАН-ын бүлгийн хоёр хуваагдсан явдалтай ч холбогдоно. Чухам тэр хагаралын дуулианаар Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас УИХ-ын гишүүд болоод төрийн өндөр албан тушаалтнууд өөрийн хамаарал бүхий компаниудад зээл гаргуулсан асуудал ил болсон. Мөн “60 тэрбум”-ынхныг намнах ажлын нөлөөллөөр оффшорын асуудал, “Жаст”-ын Ш.Батхүү “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалж зээл авсан асуудлууд хурцадсан билээ. Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч У.Хүрэлсүхийн Засгийн газар байгуулагдсан нь үнэмлэхүй эрх баригч намын гишүүдийг талцуулж “60 тэрбум”, “ЖДҮ”-гийнхэн гэсэн 33, 32-ын бүлэг гэх хуваагдал руу түлхсэнийг бүгд санаж байгаа байх.

ЖДҮХС-гийн асуудал өнөөдөр нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудалдаа хүртэл хурцдаад байгаа. Нэгэн цагт УИХ-ын 49 гишүүн орооцолдсон гэдэг мэдээлэл ч гарч байлаа. Ихэнх нь тойргоосоо ирсэн хүсэлтийг уламжилсан бичиг гэх мэт л байсан юм билээ. Гэхдээ ЖДҮХС-гаас Г.Тэмүүлэнгийн ээжийн компани болох “Говь спа цогцолбор” 2017 онд 700 сая төгрөгийн зээл авсан тухай мэдээлэл гарсан. Гишүүний хувьд “ЖДҮ-гээс зээл авахад нь би нөлөөлөөгүй. Оролцсон зүйл байхгүй, зээл авсныг нь сүүлд нь мэдсэн” гэж ярьсан нь үлджээ. Үнэндээ нөлөөлсөн нь тогтоогдсон бол өнөөдөр өөрөөр яригдах ч асуудал мөн. Тэгэхээр түүний үгэнд үнэн байсан байж мэдэх юм. Түүнчлэн Т.Аюурсайхан гишүүний тэргүүлэн хөдөлгөсөн оффшорын асуудал нэг хэсэг эрчээ авсан. Оффшорт мөнгө хадгалсан гэх хүмүүсийн нэр ч зарлагдаж байлаа.  Тэр дунд Г.Тэмүүлэн гишүүний авга ах Ч.Батзоригийн данс илэрсэн тухай мэдээлэл цацагдаж байв. Түүнчлэн "Жаст"-ын Ш.Батхүүг “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаанд тавьж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авсан асуудалд Эрдэнэт үйлдвэрийн даргаар ажиллаж байсан Ч.Ганзориг гарын үсэг зурсан тухай дуулиан гараад нэг хэсэгтээ намжаагүй. Хэдийгээр гарын үсэг жинхэнэ, хуурамч байсан тухай маргаантай мэдээлэл яваад өнгөрсөн ч өнөөдөр олон нийт яг таг мэдээлэлгүй байна. Ийнхүү аав, ах нартай нь холбоотой асуудал сөхөгдөх бүрт Г.Тэмүүлэн гишүүнийг ороож байсан юм. Өнгөрсөн дөрвөн жилд нам дундаа хагаралдсан зайгаар онгойсон элдэв дуулиануудад татагдах хэрээрээ тэрбээр сэтгүүлчдээс зайгаа барьж, хэрэв ярих болбол зөвхөн санаачилсан, оролцсон хуулийнхаа талаар тодруулга өгч байлаа. Магадгүй дээр дурдсан намын хагаралын үеэр М.Энхболдын талд зогссоноос нь болсон уу НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр улирч чадалгүй УИХ-ын гишүүн Н.Учралд ажлаа өгсөн. МАН-ын дүрмийн өөрчлөлтөөр НАМЗХ-ны ерөнхийлөгчийн насны хязгаарыг 40 байсныг 35 болгосон нь ч түүнд зориулсан өөрчлөлт байсан гэдэг хардлага бий. Г.Тэмүүлэн гишүүний хувьд өнгөрсөн дөрвөн жилийнхээ асуудлыг дүгнэж аль нэг хэвлэлийн хэрэгсэлд бүх дотроо өнөөг хүртэл уудлаагүй л байна.

Хоёрдугаар тойрог: Ё.Баатарбилэг

 

2016 оны сонгуулийн өмнө МАН-ынхан төсөөллийн зурагтаа хоёрдугаар тойргийг цэнхэрээр будчихсан хараад сууж байсан юм гэнэ лээ. Учир нь тухайн үед Архангайгаас УИХ-д удаа, дараа сонгогдсон, Эдийн засгийн хөгжлийн сайд байсан “Фортуна” хэмээх Н.Батбаярыг ялаад гараад ирэх чансаатай хүн байхгүй мэт байлаа. Тэрбээр бондын хөрөнгийн санхүүжилтээр худалч хүнд бол аймгийнхаа гудамж бүрийг хатуу хучилттай замтай болгочихсон байв. Гэхдээ тухайн сонгуулиар архангайнхан аймгийнхаа Засаг даргаар ажиллаж байсан намтартай залууд итгэл үзүүлсэн нь Ё.Баатарбилэг юм. УИХ бол хууль тогтоох дээд байгууллага болохоос худаг гаргах ажил биш л дээ. Тиймээс магадгүй улсын мөнгөнд арслан шиг хандаж нутагтаа зөөсөн нэгнээс төр түшихэд тулхтай хүн илүү хэрэгтэй гэж үзсэнийх  байх. Сонголт сохор байдаггүй билээ л. Өнөөдөр тэр сонголтынхоо үнэ цэнийг сонгогчид нь шүүж суугаа болов уу. Ё.Баатарбилэгийн хувьд бизнесээс улс төр рүү дамжсан хүмүүсийг бодвол төрийн албаар дагнасан туршлагатай болохоор чичлүүлэх нь ховор. Тодруулбал, МУИС-ийг түүхч археологич-антропологич мэргэжлээр төгсөж, мөн сургуульдаа магистр хамгаалсан боловсролын намтартай. 2002-2009 онд буюу оюутны ширээнээс уригдаж Ерөнхийлөгч асан Н.Багабандийн зөвлөх, залгуулаад Ерөнхийлөгч Н.Энхбаярын шадар зөвлөхөөр ажилласан байдаг. 2009-2010 онд ХХААХҮЯ-ны сайдын зөвлөх, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга, 2012-2016 онд Архангай аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаад УИХ-д иржээ.

Анх удаа сонгогдсон гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны байнгын хорооны даргаас дамжин Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар ажиллана гэдэг ховор зүйл. Санаачилж оролцсон хуулийн тухайд ойлгомжтой. Олон салбар багтаасан Байнгын хорооны дарга, сайдаар ажилласан болохоор УИХ-д оруулж батлуулсан хуулиудыг жагсаавал сонины зайд ихдэхийн дээр уншигчдыг уйдаасан болно. Сайд болсноосоо хойш яасныг мэдэхгүй, ямар ч байсан чуулганы хуралдаанд сууж л байдаг цөөхөн гишүүдийн нэг байлаа. Мөн “ЖДҮ” тойрсон дуулиан, албан тушаал дагасан элдэв хов түүнд наалддаггүй. МАН дотроо хагаралдсан цаг үед 32-ын гэх талд зогсож, нөгөө хэсэг нь чуулганы хуралдаан тасалдуулсанд уурсаж шаардлага хүргүүлж явсан шазруун нэгэн. Ер нь тэр үеийн гэрчийн хувьд хэлэхэд том нам хоёр хуваагдахад ил гараад шүүмжлэлээ хэлчих зоригтой хүн дотроо ховор байдаг юм билээ. Аль нь ялахыг алсаас ажиглаж байгаад илүү хонжоотойг дагах гэдэг ч юм болов уу даа. Мэдээж, хуваагдал арилж, ажил урагшлах ёстой. Энэ чиглэлийг МАН-ынхан зөнгөөрөө барьсан. Тэгээд сайдын суудалд Ё.Баатарбилэгийг урьсан. Араас нь нөхөд нь түлхсэн ч байх. Өнөөдөр эргээд харахад өөр илүү дээр хувилбар байгаагүй бодогддог юм.

БСШУСЯ өнгөрсөн дөрвөн жилд дөрвөн сайд үзсэн. Нэг намын нүүрэн дээр ингэж олон солигдоход ямар олиг байх вэ дээ. Харин Ё.Баатарбилэгээс эхлээд ажил нь нэлээд цэгцэрсэн гэж салбарынхан нь ярьдаг. Ажиллахын хувьд үлгэр жишээ байгаа. Соёл урлаг, боловсролын газраас сөөмийг ч өгөхгүй гэх, сурагчдийн цүнхийг гар жингээр өргөж үзээд явж байгаа зэрэг нь зарим өнцгөөрөө “поп” харагдаад байдаг талтай. Гэхдээ бүр буруутгаад далийгаад байхааргүй л зүйл. Боловсролын салбарт шинэ зүйл туршихгүй гэсэн боловч “Ковид-19” цар тахлаас үүдээд цахим хичээлийг анх удаа туршихаас өөр аргагүй болсон. Энэ ажил нь ч давгүй яваад байгаа. СД-нд хичээл хуулж хүүхдүүдэд хүргэнэ гэхэд нь сошиалд идэвхтэй зарим хүн элдвээр хэлж байлаа. Гэхдээ үнэндээ орон нутагт интернэтийн хурд ямар билээ, хөдөөгийн айл бүрт орчин үеийн компьютер байдаг уу гээд харвал харьцангуй эрүүл шийдэл. Ер нь өртөг багатай, хүртээмжтэй өөр юу байгаа юм. Сүлжээ ордог уулынхаа орой дээр суугаад давтлагаа хийж байгаа хөдөөний хүүхдүүдийн зураг ч өнөө сошиалд харагдаж л байна лээ. Өөр эсэргүүцэл авсан ажил гэвэл Байгалийн түүхийн музейг буулгах асуудал. Тэр удаа зурагтайгаа шейрлэгдэж цахимд балбуулсан. Уг нь аль Соёлын сайд асан Ц.Оюунгэрэлийн үед гарч байсан тушаалтай ажил юм билээ. Одоо оронд нь “Чингис” музей баригдах гээд шав тавьчихсан. Засгийн эрх барих нам нь солигдоод, будлиулчихгүй бол цаашаагаа хэрэгжих байх. Товчхондоо, Ё.Баатарбилэг гишүүний хувьд улстөржилт, сошиал дагаж амьдралаас тасрахгүй явсаар бүрэн эрх нь дуусах дөхөж байна даа.

Гуравдугаар тойрог: Ж.Мөнхбат

 

Ж.Мөнхбатын хувьд Архангай аймагт АН-аас боссон Р.Гончигдоржийг ялж 2016 онд УИХ-д анх удаа сонгогдсон. Р.Гончигдорж Архангай аймгаас УБХ-аас эхлээд УИХ-д хэдэнтээ сонгогдож төрийн дээд албан тушаалуудад очиж явсан хүн. Гэхдээ сүүлийн сонгуульд түүнээс нутгийнхан нь жаахан залхчихсан байсан гэх юм билээ. Ер нь Ж.Мөнхбатын хувьд бас жижигдээд байхаар ч хүн биш. Намдаа бол намын даргаас бусад бараг бүх албан тушаалыг хашсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад заалнаас нэрээ дэвшүүлээд гарч байсан зоригтой, дуутай эр. Эргээд харахад 2016 оны МАН-ын ялалтаас өмнө тус намынхан том, жижиг таван сонгуульд дараалан АН-ынханд ялагдаад байлаа. Өнөөдөр МАН-ынханы суу алдар улс даяар түгэж, улаан далбаа нь хийсэж байгаа шиг 2016 оноос өмнө АН-ынханы тийм сүр өрсөлдөгчөө дарж байсан юм. Бүр “МАН-ыг нэгмөсөн арчиж хаяна” гэж аархаж байлаа. Тийм үед М.Энхболд намын даргатай, Ж.Мөнхбат генсектэй МАН ялалт байгуулсан. Байгуулахдаа бүр УИХ-д 65 суудалтай үнэмлэхүй ялалт. Нэгээс бусад дүүрэг, хоёроос бусад аймгийн ИТХ-д “эзэн” суув. Төв талбайг өдөр алгасахгүй шахам дуутай байлгасан жагсаал, цуглааныг зохион байгуулж, “Бүү март” кино хийж, эрх баригчдын алдаа бүрийг алдахгүй шүүмжилж ёстой шуугиулсаны үр дүн тэгж гарсан хэрэг.

Мэдээж нам ялсан хойно гавьяа хүртэх эрхтэй хүмүүсийн нэг. Тухайн үеийн МАН-ын дарга М.Энхболд Ерөнхий сайдаас татгалзаж УИХ-ын даргаар суусан. Магадгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн нүүдлийг харж хэл амнаас бултсан нь тэр байх. Улс орны эдийн засгийн байдал ч сайнгүй байлаа. Харин тухайн үед МАН дотор Ж.Эрдэнэбатын оронд Ж.Мөнхбат Ерөнхий сайд болох ёстой байсан юм гэх яриа гарч байв. Хэрвээ Ж.Мөнхбат нь биш юм гэхэд М.Энхболд өөрөө Ерөнхий сайд болоод Ерөнхийлөгчийн сонгуульд өөр хүн өрсөлдүүлээд явсан бол өнөөгийн дүр зураг их өөрөөр зурагдах ч байсан байж мэдэх юм. Түүхэнд хэрвээ байдаггүй. Сонгуулийн дараа Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар Ж.Мөнхбат ажиллаж эхэлсэн нь хэн ч өөртэй нь булаацалдахгүй албан тушаалд очсон нь тэр. Засгийн газар улс орны уруудсан эдийн засгийг сэргээх чиглэлээр ажиллаж, ОУВС-гийн хөтөлбөрт орж чадсан. Төгрөгийн ханш тогтворжиж, төсвийн сахилга сайжрав. Гэвч Засгийн газар нь удсангүй. Шалтгаан нь МАН-ын дээд удирдлагууд томилгоо хийхдээ дураар хандаж гишүүдээсээ тасарч эхэллээ. Нийгэмд ч олон төрлийн бухимдал үүсэв. Ингээд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч У.Хүрэлсүхийн тоолол явж эхэлсэн. Шинэ Засгийн газар өнгөрсөн жилийн зургадугаар сард хэд хэдэн концессын гэрээг цуцалж байлаа. Түүний дотор “Засагт чандмань майнз” компанид олгосон, 2017 оны долдугаар сарын 7-ны өдрийг гэрээг цуцалж, хүчингүй болгосон юм. Дорноговь аймгийн Сайншанд сумыг Дэлгэрэх сумтай холбох 130 км замыг концессын гэрээгээр “Засагт чандмань майнз” ХХК-д 162 тэрбум 869 сая 200 мянган төгрөгийн хөрөнгө оруулалт хийх шийдвэрийг Ж.Мөнхбат гишүүн ЗГХЭГ-ын дарга байхдаа гаргаж байсан тухай мэдээлэл тэр үед цацагдсан. Уг компани нь түүний хадам ахын хамаарал бүхий компани байсан ч гэдэг. Ер нь Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огцруулсан гурван үндэслэлийн хамгийн дуулиан дагуулсан нь сайд нар нь хамаарал бүхий компанидаа олон тэрбум төгрөгийн концессийн эрх олгосон асуудал байсан юм.

Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорсны дараа байгуулагдсан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг тэрбээр маш хурцаар шүүмжилж байлаа. Бүр чуулганы танхимд Ерөнхий сайдтай казиночин, идсэн ууснаа дуудалцан муудалцсан ч үе бий. Өнөөдөр тэрбээр намтайгаа эвлэрэнгүй, чимээ багатай байна. Харин ч ирэх сонгуульд бэлдэн “Түүх мартахгүй” киноны зохиолыг бичиж продюсерыг нь хийгээд явж байгаа. Ж.Мөнхбат бол УИХ-ын даргын Ажлын албаны зохион байгуулагч, Ерөнхийлөгчийн Тамгын газрын референт, УИХ-ын даргын шадар туслах, НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, МАН-ын Удирдах зөвлөлийн Улс төрийн бодлогын байнгын хорооны дэд дарга, “Монголын Үнэн” сонины эрхлэгч, МАН-ын орон тооны бус нарийн бичгийн дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга явсан хүн. Тиймээс “Толгой хагаравч малгайндаа, олгой хагаравч тогоондоо” гэдгийн үлгэрээр намынхаа төлөө зүтгэхээр шулуудаж байгаа болов уу.

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.189.92) 2020 оны 05 сарын 20

Тэмүүлэнг хөрөнгөтэй гэчихжээ Аав нь эрдэнэтийн хулгайч Ганзориг тэгээд хөрөнгөтэй хүн үү

0  |  0
Сал(66.244.109.90) 2020 оны 05 сарын 08

Ал ханшгайн танк хүлэгчид улагшаа

0  |  0
АРХАНГАЙЧУУД(124.158.109.232) 2020 оны 04 сарын 27

Ж.МӨНХБАТ МОНГОЛЫН ТӨРД ХЭРЭГГҮЙ, ЛУЙВАРЧИН.

0  |  0
АРХАНГАЙЧУУД(124.158.109.232) 2020 оны 04 сарын 27

Архангайд нэр нүүргүй болсон. ЖДҮ, 60 тэрбум, концесс, оффшор гээд олон хэрэгт холбогдсон

0  |  0
зөвлөх(124.158.109.232) 2020 оны 04 сарын 27

зайлуулуул таарна энэ 3- г

0  |  0
Шархүү(59.153.115.135) 2020 оны 04 сарын 17

Энэ гурав бол дахин сонгож болохгүй хүмүүс

0  |  0
Зочин(66.181.178.133) 2020 оны 04 сарын 17

Архангайд нэр нүүргүй болсон. ЖДҮ, 60 тэрбум, концесс, оффшор гээд олон хэрэгт холбогдсон

0  |  0
Zorig(76.126.7.68) 2020 оны 04 сарын 17

Kontsees, hulgaichiin huu, Miegiin barlag 3uu..

0  |  0
зочин(103.212.118.56) 2020 оны 04 сарын 16

Наад хэдээс чинь сонгох хүн алга\n

0  |  0
багш (66.181.183.249) 2020 оны 04 сарын 16

Үнэн л бичиж дээ.

0  |  0
Би(66.181.161.37) 2020 оны 04 сарын 16

Баатарбилэг хурдтай сайн ажиллаж байгаа гэж ойлгодог. Салбараа мэддэг хүн томилогдсонд баярладаг.

0  |  0
ЗОЧИН (202.179.24.33) 2020 оны 04 сарын 16

ЗАА АРХАНГАЙХАН Ж.МӨНХБАТ МЭТИЙН ХУУРАМЧ ЗОХИОЛЧДОО Л БОЛЬЧИХООРОЙ. ГУЙЖ БАЙНА ШҮҮ.

0  |  0
Бамбар (202.179.24.33) 2020 оны 04 сарын 16

БИТГИЙ ХУЦ Л ГЭЖ ХЭЛЬЕ. АЛЬ Ч НЬ ХЭРЭГГҮЙ НОВШНУУД. ТЭР ТУСМАА Ж.МӨНХБАТ МОНГОЛЫН ТӨРД ХЭРЭГГҮЙ, ЛУЙВАРЧИН. ЭНЭ ЛУЙВАРЧИНГ ЯМАР КИНО ХИЙ ГЭЖ ТӨРД ГАРГАСАН ЮМ УУ? ЭНИЙГ БИЧСЭН МАЛУУД, БИЧҮҮЛЖ БАЙГАА МАЛУУД БИДНИЙГ ТЭНЭГ Л ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ОДОО ҮГҮЙ ШҮҮ. АРХАНГАЙХАН ТА ГУРВЫГ ЗАЙЛУУЛЖ ДӨНГӨНӨ ӨӨ ГАЙГҮЙ.

0  |  0
АРХАНГАЙЧУУД(66.181.161.101) 2020 оны 04 сарын 16

ТЭМҮҮЛЭН НЬ БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮЖИЛТЭЙ ЗАЛУУ ДАА

0  |  0
Зочин(192.82.69.3) 2020 оны 04 сарын 16

БИ ХЭНИЙГ НЬ Ч ТАНИХГҮЙ ХӨГШИН ХҮН. ГЭХДЭЭ ТЭМҮҮЛЭН ХҮМҮҮЖИЛ САЙТАЙ БОЛВСРОЛТОЙ ЗАЛУУ ДЭМЖДЭГ\n

1  |  0
Сонгогч (202.21.104.2) 2020 оны 04 сарын 16

Архангайн гурав сайхан зулуучууд гарч ирсэн. Улам өндөр амжилт хүсье!

0  |  0
Зочин(202.55.188.86) 2020 оны 04 сарын 16

Ингээд захын 3 нэр дэвшигчийг аваад үзэхэд 2-3 нь гэмт хэрэгтэн луйварчид байна.

0  |  0
Top