[ТОЙРОГ 76] Дорнодын явсан, үлдсэн хоёр

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна. 

Дорнод аймгийн хувьд 1996 онд АН-д итгэл хүлээлгэснээс бусдаар бол МАН голлож иржээ. Олонд танигдсан улстөрчид ихтэй аймаг. Тухайлбал, 1996 онд Дорнодын 17 дугаар тойрогт Ардчилсан холбоо эвслээс С.Зориг агсан нэр дэвшиж ялалт байгуулж байлаа. Харамсалтай нь, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг 1998 онд бусдын гарт хэрцгийгээр хөнөөгдсөн. Ингээд 2000 оны сонгуулиар 17 дугаар тойрогт түүний төрсөн дүү С.Оюун Иргэний зориг намаас  нэр дэвшиж парламентын босгыг анх удаагаа алхсан юм. Сонирхуулахад, тэр жил Дорнод аймгийн өөр тойрогт хүч үзсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж “өвдөг шороодож” байлаа. Тэгвэл 2004 онд Дорнод аймгаас МАН-ын Д.Одбаяр, Д.Базарсад, АН-ын М.Зоригт нар УИХ-д ирж байв. Энэ дурдаад байгаа Д.Одбаяр бол өнөө Солонгосын агаарын тээврийн компаниар үйлчлүүлж байхдаа онгоцны үйлчлэгч бүсгүйн зохисгүй газарт гар хүрсэн асуудлаар дуулиан тарьж Үндсэн хуулийн цэцийн даргын албан тушаалаасаа буугаад байгаа хүн гэдгийг бүгдээрээ мэдэх байх. 2008 онд Д.Одбаяр хоёр дахь удаагаа сонгогдсон бол МАН-аас Ц.Шинэбаяр агсан, АН-аас П.Алтангэрэл нар сонгогдож байжээ. Харин 2012 оны холимог системээр явагдсан сонгуулиар Дорнод аймаг хоёр мандаттай болов. МАН-аас Н.Номтойбаяр нэр дэвшиж сонгогдсон бол Х.Болорчулуун бие даан нэр дэвшиж УИХ-д ирж байлаа. 2016 оны ээлжит сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Н.Номтойбаяр тус аймгийн Оростой хиллэдэг тойрог дээр ялсан бол мөн МАН-ын нэр дэвшигч имижээр дахин өрсөлдсөн Х.Болорчулуун Хятадтай хиллэдэг тойрогт нь нэр дэвшин парламентад улирсан. Гэвч Н.Номтойбаярын бүрэн эрхийг УИХ-аас түдгэлзүүлсэн болохоор өнөөхөндөө парламентад нэг төлөөлөлтэй аймгийн тоонд орсон гэсэн үг.  

АРВАНДӨРӨВДҮГЭЭР ТОЙРОГ: Х.БОЛОРЧУЛУУН

Х.Болорчулуун нийтдээ хорин жил улс төрд чанагджээ. Ингэхдээ аймгийнхаа ИТХ-д гурван удаа бие даан ялалт байгуулсан гэдэг. Мөн 2012 онд УИХ-д бие даан нэр дэвшиж ялалт байгуулж байлаа. 2012 онд МАН-аас нэр дэвших горьдлоготой байсан боловч бүтээгүй тул бие даасан тухай яриа бий. Гэхдээ 2012 онд УИХ-д сонгогдсонтой нь давхцаад С.Ганбаатар, Ц.Даваасүрэн нарын бие даагчид парламентад орж ирээгүй бол өнөөдөр төдийлөн танигдалгүй өнгөрсөн байх магадлал өндөртэй л хүн. Хувь араншингийн тухайд дуу багатай, бараг бүрэг гэмээр, өнөөг хүртэл камерын сандрал нь арилаагүй юм болов уу гэмээр түргэн ярьдаг гэх мэт. Тиймээс ч тухайн үед намдаа айхтар өширхөж байсан Ц.Даваасүрэн, МҮЭ-ээр овоглосон Оюутолгойг эсэргүүцэгч тодотголтой С.Ганбаатар гэсэн хоёр бие даагчтай нийлсэн цагийг нь тодотгоод байгаа юм. Тэд бие даагчдын зөвлөл байгуулж, нийлж улс төрийн үйл ажиллагаа явуулж эхэллээ. Дээр нь 2012-2016 оны УИХ-д МАН нь 26 гишүүнтэй, Шударга ёс эвсэл 11 гишүүнтэй байлаа. Үүн дээр гурван бие даагч нэмэгдэх юм бол Засгийн газрыг унагахад ядах юмгүй. Тиймээс ч тэд хүчтэй байж чадсан юм. Эрх баригчид арга ядаад ИНЕГ-ын томилгооны асуудлыг тэдэнд даатгасан ч гэдэг. Хүч орохын хэрээр ялангуяа уул уурхайтай холбоотой асуудлуудыг хөндөж тухайн үеийн Засгийн газрыг их ч зовоосон доо. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн нэгэн цагт тэдэнд зориулсан үгнээс улбаалж улс төрийн “поп” гэдэг нэршил манайд анх нэвтэрсэн юмдаг. Улс төрийн энэ нэр томъёо залгаад өнөөг хүртэл олон хүний нэрний өмнө дурдагдаж байгаа байх шүү.

2016 оны сонгуулиар Х.Болорчулуун гишүүн найз Ц.Даваасүрэнгийнхээ хамт МАН-ыг бараадлаа. Тухайн үеийн МАН УИХ-д ингэж үнэмлэхүй ялна гэсэн төсөөлөлгүй байснаас уу, жигтэйхэн айдастай байв. МАХН-аас Д.Тэрбишдагва, Ч.Улаан, бие даагчдаас Ц.Даваасүрэн, Х.Болор­чулуун нарт тойрог амлан өөртөө татсан. Тэр сонголт алдаагүй гэдэг нь өнөөдрийн дүр зургаас илэрхий байна. Ц.Даваасүрэн гишүүн Эрчим хүчний сайдаар ажиллаж байгаа бол Х.Болорчулуун УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байна. Харин Ц.Ганбаатар нь сонгуульд ялагдсаны дараа хэсэг нам гүм байж байгаад МАХН-ыг бараадаж Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн билээ. УИХ-д нэг суудалтай МАХН Ерөнхийлөгчийн сонгуулийг хоёр даваатай болгож хэрэндээ сандаргасан. Ийнхүү “поп”-ын гэж нэрлэгдэж байсан гурав улс төрд өөрсдийн байр суурийг өндөрт эзэлжээ.

2016 оны ээлжит сонгуулийн дараа Х.Болорчулуун намдаа айлчин хүний хэмжээнд байж МАН-ын ялалтын бялуунд бараг оролцоогүй, сул гишүүн мэт явсан. Харин УИХ дахь МАН-ын бүлэг дотроо хуваагдаж Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг огц­руул­сан явдлаас бол хожил гаргасан шүү. У.Хүрэлсүхийг дэмжих дээр Ц.Даваасүрэнгийнхээ хамт бат зогссоны хариуд Эрчим хүчний сайдын албыг анддаа авчирсан. Сүүлд Зам, тээврийн хөгжлийн сайдын асуудал яригдахад Х.Болорчулууныг очиж магадгүй тухай “бор шувуу” нисэж л байлаа. Гэхдээ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга гэдэг чамлах алба биш л дээ. Яагаад ч юм түүний тухай бичихэд Ц.Даваасүрэн нь их орж ирээд байдаг. Бие даагч байхдаа хамтарч, цугтаа намдаа эргэн ирсэн нөхөрлөл нь ч нөлөөлдөг биз. Дээр нь мөн л тийм шалтгаанаар тэднээс бусад нь жийрхэж байдгаас ч болдог уу хамтдаа “эмээлийн бүүрэг” шиг л явж харагддаг. Магадгүй ийн дотно бай­дал нь “Эрчим хүчний тендерүүдэд хаа байсан Дорнодын компаниуд ихээр ор­сон” гэх яриаг ч үүсгэсэн байж мэдэх юм.

Түүнтэй холбоотой мэдээллийг шүүхэд хүнд байр сав бэлэглэсэн, айл амьтнаар гурил тараасан гэсэн зүйлс мэр сэр үзэгдэж байгаагаас дүгнэхэд гар султай, өгөөмөр хүн бололтой. Гэвч, тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд гарсан хамгийн том дуулиан гэж болох Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбогдсон юм. Энэ асуудалтай холбогдсон ихэнх гишүүд тойргоосоо ирсэн бичгийг уламжилсан гэдэг бол түүний хувьд өөр. Х.Болорчулууны гишүүний 2018 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт 100 хувь гэж оруулсан “Дорнод гурил” компани 950 сая төгрөгийн зээл авчихсан байв. Өөрөө бол зээл авсан тухайд хожим мэдсэн гэдэг үгийг хэлсэн байдаг. Хэрэв үүнд нэр холбогдоогүй олон нийтийн дунд ихээхэн нэр хүндтэй байх нөхцөл түүнд бий. Ухаандаа, өнөөдөр тэрний, түүний хүн гэсэн хэллэг ялангуяа улстөрд их байдаг. Бүр “Намайг тэр сайхан дарга хэн гуай хөтөлж улс төрд оруулж билээ” гэж ирээд ярьж л байдаг. Тэгвэл намтраас нь харах юм бол Х.Болорчулуун өдийг хүртэл хэн нэгнийг царайчлалгүй өөрийн замналаар явсан гэх алдрын эзэн билээ.

АРВАНТАВДУГААР ТОЙРОГ: Н.НОМТОЙБАЯР

Өнгөрсөн дөрвөн жилд түүний үзэж туулснаар кино хийсэн ч болно. 2016 онд хоёронтоо сонгогдож УИХ-д орж ирээд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд боллоо. Өмнө нь баян корпорацийн өв залгамжлагч гэж хардаг байсан олон нийтийн өнцөг өөрчлөгдөж ажил хэрэгч, хурдтай, дайчин залуу гэсэн магтаал давамгайлах болов. Үнэхээр ч нэг жил хоёр сарын хугацаанд сайдаар ажиллахдаа өндөр үр бүтээлтэй байсан гэдгийг салбарынхан нь ярьдаг. Мэдээж, салбарын сайдаар ажиллаж байсан хүний батлуулсан, бэлтгэсэн гэх олон хуулиудыг дурдаж нурших нь илүүц болно. Жишээ болгож онцлох ажлаас ганцыг дурдахад тэр ахмадын тэтгэврийн зээлийн хүүг банкуудтай тохиролцож бууруулах ажлыг хийсэн. Тойрогтоо улсын төсвийн хөрөнгө оруулалт ч татдаг, өөрийнхөө хөрөнгөөр ч хийх юм байвал хийчихдэг “хаялгатай” нэгэн. Тэглээ гээд ийм, тийм юм хийлээ гээд рекламдаад байдаггүй зантай. Магадгүй нэр алдраар дутахгүй, хөрөнгө чинээгээр багадахгүй болохоор өөрийнх нь хувьд жижиг гэмээр зүйлсийг яриад байх сонирхолгүй байх.  Гэвч 2017 онд Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорч Н.Номтойбаяр сайдын албан тушаалаасаа буув. Засгийн газрыг огцруулах болсон гурван үндэслэлийн нэг нь танхимынхаа сайд нарын концессын санхүүжилтийг шийдсэн асуудал байлаа. Тодруулбал, Н.Номтойбаяр “МАК” компанидаа 78 тэрбум, С.Бямбацогт “Алтай трест” компанидаа 77 тэрбум, Ж.Мөнхбат “Засагт чандмань майнз” компанидаа 163 тэрбум төгрөгийн концессын эрхийг авсан тухай тэр үед хүчтэй яригдсан юм. Гэхдээ Ж.Эрдэнэбатын Засгийн газар нэг ч концесс шинээр үйлдээгүй, хуучин шийдсэн ажлуудыг үргэлжлүүлсэн гэж тайлбарлаж байлаа. Тэр үед УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр “2010 оны долдугаар сард болсон асуудал. Намайг Төрийн ордонд битгий хэл МАН-д, Монголд байхгүй байхад шийдэгдсэн асуудал. Төр мөнгөгүй байсан. Тухайн холбогдох компанид хүсэлт тавиад өөрсдөө мөнгөө гаргасан байдаг юм. Хуулийн дагуу эргээд төлбөрөө авч байгаа. Үүнийг Төсвийн тухай хуульд оруулсанд талархаж байна. Яагаад гэхээр анхнаасаа хууль бус гэж явж ирсэн хардалтыг байхгүй болгож байгаа юм" гэж байв. 

Засгийн газар огцорсноос хойш өнөөг хүртэл өчнөөн хэл аманд орсон. Санаатай, санаандгүйг бол цаг хугацаа шүүх байх. Ч.Хүрэлбаатары сайдыг Сангийн сайдаар томилуулахад тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг Тамгын газрынх дарга асан, өнөөгийн АН-ын даргын зөвлөх З.Энхболд тайлбарлахдаа “30 гэр бүл” гэдэг нэршил гаргаж ирэв. Тэр “30 гэр бүл”-ийн нэг төлөөлөгч нь Н.Номтойбаяр хэмээн цоллуулав. Ер нь эргээд харж байхад шартай гэх үү, тууштай юу мэдэхгүй. Улс төрд яваа хүмүүсээс ховор гардаг араншин Н.Номтойбаярт бий. Тухай нь, Ж.Эрдэнэбатын Засгийн газар унасны дараа У.Хүрэлсүх “32”-ын гэгдэх талаас нэг хэсгийг нь өөртөө татсан юм. Харин У.Хүрэлсүхийн Засгийн газрыг унагаах бүтэлгүй оролдлогын дараа бол үлдсэн хэдийн олонх нь намын дарга дээрээ өөрсдөө царай алдаад очсон. Үзтэл эвлэрэхгүй мэт байсан өчнөөн хүн өнөөдөр инээлдээд, тэврэлдээд магадгүй хөшигний ард үнсэлдээд явж байгаа. Гэтэл Н.Номтойбаяр тэгсэнгүй. Хэлэхээ хэлээд хийдгээ хийгээд л яваад байх. Энэ магадгүй томчууддаа айдас төрүүлсэн байж болно. Ерөөсөө нам нь энэ жил ялагдвал, үгүй юм гэхэд дөнгөж эрх барих хэмжээнд санал авлаа ч 2016 онтой харьцуулахад ялагдсан л болж харагдана. Томсгосон тойргийн сонголт алагтай цоогтой байдаг талаас нь ч бодсон шүү дээ. Тэр үед хариуцлага тооцохоор туг бариад өндийж чадах шийртэй, зоригтой бас урваж шарваагүй нэр цэвэр нь магадгүй ганц Н.Номтойбаяр байх байсан ч юм бил үү. Гэвч түүнийг намаас холдууллаа. Намаасаа хөөгдсөн хүн эргээд намдаа хувьсгал хийхэд нэг шат дутна л даа. Ингэж л бодогдоод байдаг юм.

Өдгөө түүнийг ёс бус үйлдэл гаргаж танхайрсан гэдгээр намаас нь хассан бол мөн л шалтгаанаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд байгаа. Тухайн үед Г.Батхүү агсны учир битүүлэг нас нөгчсөн асуудлыг ч түүнтэй холбогдуулан “сэвэх” нь ихсээд ирсэн. Харин хуулийн байгууллагын шалгалтын дүнд нотлогдсон зүйл байхгүй бололтой юм билээ. УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлсэн явдал нь ч сонирхолтой. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 30-нд бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал үүсэхэд Н.Номтойбаяр чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Парламент нууц санал хураалтаараа чөлөөлөхөөр шийдсэн боловч шийдвэрээ баталгаажуулах ил санал хураалт явуулахад дэмжигдээгүй байдаг. Ингээд түдгэлзүүлэх асуудлаар дахин санал хурааж байж парламентын гадна гаргаж байлаа. Тэгэхээр түүнд тал алдахыг хүсдэггүй хүн парламентад олон байна гэсэн үг. Нэрийг нь дурдаад яахав. Нөлөөтэй нэг улстөрч түүнийг парламентаас явсны дараа “Хэзээ нэгэн цагт шовойгоод гараад ирэх залуу” гэж билээ. Улс төр гэдэг эргэж хөрвөхдөө амархан орчин болохоор цаг хугацаа юуг ч бэлдсэн байж болох л юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top