[ТОЙРОГ 76] Дорноговь, Говьсүмбэрийн “баян”, “ядуу” хоёр

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 23

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна.
 

Өнгөрсөн сонгуулиудыг хараад байхад МАН орон нутгаас АН нь Улаанбаатар хотоос илүү дэмжлэгтэй байсан. Яахав цэнхэр гэгдэх аймаг бий. Гэхдээ тэдний тоонд Говьсүмбэр, Дорноговь лав орохгүй. Манай улс 1992 оноос хойш хийсэн УИХ-ын долоон сонгуульд Дорноговь, Говьсүмбэр аймаг 2008 онд ганц удаа АН-аас нэр дэвшигч Я.Батсуурийг сонгосныг эс тооцвол дандаа МАН-ын нэр дэвшигчдийг сонгож байжээ. Тодруулбал, 1992, 1996 онд Ё.Адилбиш, Ц.Шаравдорж, 2000, 2004 онд Л.Одончимэд, Ц.Шаравдорж, 2008, 2012 онд Ж.Батсуурь нар МАН-аас нэр дэвшин хууль тогтоох дээд байгууллагад төлөөлж байсан байна. Ингэж улирааж илгээдгээс нь харахад говийнхон нэг сонголтоо өөрчлөх тун дургүй бололтой. Харин 2016 оны хувьд Ж.Батсуурь нэр дэвшилгүй өнжиж тус тойргоос мөн л МАН-ын Г.Мөнхцэцэг, Б.Дэлгэрсайхан нар анх удаа УИХ-ын босгыг алхсан юм. Сонгуулийн өмнө Ж.Батсуурийг хамгийн түрүүнд хандиваа өгч нам ялсны дараа сайд болох тохироотойгоор нэр дэвшихээс татгалзсан гэдэг яриа гарч байлаа. Үнэхээр ч тэрбээр БСШУС-ын сайдаар Ё.Отгонбаяр томилогдох байх гэсэн таамгийг эвдэж сайдаар томилогдсон билээ. Намынхаа сонгуулийн төв штабт ажиллаж, тойрогт нэр дэвшилгүй үлдсэн Ё.Отгонбаяр үүнд багагүй уурссан гэдэг. Тиймээс ч түүнийг АНУ-д Элчин сайдаар илгээсэн байх. Гэвч Ж.Батсуурь сайдын суудалд удаан тогтсонгүй. Залгаж авсан сайдууд нь ч адилхан. Энэ намын өнгөн дээр БСШУС-ын салбар дөрөв дэх сайдынхаа нүүрийг хараад байна. Ингээд дээрх аймгуудаас  сонгогдсон гишүүдийнхээ талаар сонирхуулъя.

АРВАНХОЁРДУГААР ТОЙРОГ: Г.МӨНХЦЭЦЭГ


Гарчиг дээр “ядуу” гээд биччихээр уншигчид Г.Мөнхцэцэг гишүүнийг 2016 онд хөтлөлцөн нэр дэвшсэн Б.Дэлгэрсайхантай нь харьцуулсан гэдгийг ойлгосон нь лавтай. Түүнээс биш хөрөнгө орлогын мэдүүлгийг нь харвал өөрөө жилийн 57 сая, гэр бүлийн гишүүд нь 67 сая төгрөгийн орлоготой. Мөн хоёр орон сууц, хоёр машинтай, газар, үнэт эдлэл, хувьцаатай гэх мэт бий. Энэ зэрэгтэй байхад өнөөгийн нийгмийн шалгуураар харвал чинээлэг ангилалд оролгүй яах вэ дээ. Говьсүмбэр хийгээд Дорноговь аймгийг дамнан УИХ-д төлөөлж байгаа Г.Мөнхцэцэгийн хувьд эмэгтэй квотоор дэвших эрхээ авсан нэгэн. Болор цомын эзэн, Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал одоогийн “Улаанбаатар буян” компанийн эхлэл болсон “Нью Майнд” компанийн гүйцэтгэх захирал байсан гэх товчхон намтартай. Түүнээс эрт гэвэл “Засгийн газрын мэдээ” сонинд сурвалжлагч, “Зууны мэдээ” сонинд албаны дарга явсан гэдэг.

МАН-ын давуу тал нь эмэгтэйчүүд, залуучууд, ахмадууд, соёл урлаг, зохиолчдын байгууллагуудыг орхидоггүй нь юм. АН-ынхан сонгуульд өрсөлдөх үедээ л намынхаа хэдэн гишүүдийг гэнэт санаж, сүрхий найзалдаг болохоос ялаад явахаараа мартчихдаг талтай. Тиймээс ч жирийн гишүүдээсээ тасарлаа гэсэн шүүмжлэлд АН-ын үе үеийн удирдлагууд өртөж ирсэн. Тэгвэл МАН-ын хувьд нийгмийн байгууллагуудыг сууриас нь анхаарч, үгүй ядаж анзаарч байгаа мэт харагддаг. Үүнийхээ хүчинд буурь зааж АН-ыг дийлэнхдээ ялж, ялагдахдаа ч томоохон сөрөг хүчин болж чаддаг онцлогтой. Ийм болохоор “хөл” гэгдэх байгууллагуудаасаа УИХ-д дэвшүүлэх болоход Монголын зохиолчдийн эвлэлийн дарга сайхан тохирно. Энэ байгууллагыг хоёрхон эмэгтэй хүн удирдаж байсан нь нэрт зохиолч, соён гэгээрүүлэгч С.Удвал агсан болоод УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг. Манай сонгуулийн дүнг залуус гэхээсээ хижээл насныхан шийдвэрлэдэг. Тэдэнд чухам залуу С.Удвал л харагдана шүү дээ. Соц үед том, нэр хүндтэй байгууллага байсан нь хүмүүсийн санаанаас арчигдаагүй байна.

Түүнийг сонгуульд дэвших квотоо авсан сургаар яруу найрагч Ц.Хулан жигтэйхэн хорсож их ч урт өгүүлэл маягийн юм бичиж билээ. Тэр нь нэгэн цагт хөтлөлцөн найзалж явсан Г.Мөнхцэцэгийгээ их хөөдсөн дөө. УИХ-д сонгогдоод байхад нь хүртэл тэрний улбаа нь тасраагүй юмдаг. Бүр “Ямар хөнгөн хуумгай юм хийх бол” гэсэн хүлээлт хүмүүсийн дунд үлдээчихсэн. Энэ үйлнээс ч болдог уу “УИХ-ын гишүүдийн дунд хайр сэтгэлийн харилцаа үүсчээ” гэсэн шар мэдээнүүд битүү хатуугаар түүнд хаяглагдах гээд байдаг талтай. Нүдээрээ хараагүй юмандаа хүмүүс үнэмшээд байгаа асуудал бол өнөөх Ц.Хулангийнх нь бичсэн зүйлийн “сүнс” шүгэлснээс үүдэлтэй. Мөн нэг явдлыг хүмүүс их тод санадаг.

Тодруулбал, УИХ дахь МАН-ын 65 гишүүн У.Хүрэлсүхийн 33, М.Энхболдын 32 хэмээн талцаж хоёр жил дамнан дуулианы эзэд болсон. Энэ үеэр буюу 2018 оны арваннэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар МАН-ын нэр бүхий 27 гишүүн гарын үсгээ зурсан албан бичгээ УИХ-д өргөн барьж байлаа. Тэр дунд УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн гарын үсэг байв. Улс төрийн ийм шийдвэрт гарын үсэг зурна гэдэг бол бат найдвартай зогсоно гэсэн илэрхийлэл юм. Гэтэл хүмүүсийн барин тавин ярьдгаар бол огцруулах асуудлыг хэлэлцэхийн бараг урд өдөр нь зүгээр явж байсан Г.Мөнхцэцэг гишүүн эрүүл мэндийн шалтгаанаар БНСУ-д байгаа болж таарсан. Дараа нь У.Хүрэлсүхийн талаас юу авсан бэ гэх шалаанд ч унасан. Нэг иймэрхүү хэл ам дагаад байдгаас болдог уу, УИХ-ын гишүүний хувиар хэвлэлд ярилцлага өгөх тун дургүй. Харин хувь гишүүнийхээ хувьд чуулган, Байнгын хорооны хуралдаа идэвхтэй суудаг, зүйл заалт болгон дээр байр сууриа илэрхийлээд байдаггүй ч саналын кнопоо хүнээр даруулахгүй явчихдаг. Малчдын амьдрал ахуйд хэрэгтэй тухайлбал, Малын генетик нөөцийн тухай хууль батлагдахад идэвхтэй оролцсон. Бусад гишүүдтэй хамтарч цөөнгүй хууль өргөн барьсан, Бурхан багшийн их дүйчин өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгох хуулийн төслийг өргөн барилцаж батлуулсан. Түүний санаачилгаар “Эх соёл-Их үндэс” хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн гээд ярих сайн зүйл бол бий. Үүний дээр ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүд, төрийн өндөр албан тушаалтнуудын асуудалд холбогдоогүй цөөн хүний нэг. Товчхон дүгнэвэл, ер нь л бодь байдлаар бүрэн эрхийн хугацаагаа элээж явна даа.

АРВАНГУРАВДУГААР ТОЙРОГ: Б.ДЭЛГЭРСАЙХАН

УИХ-ын сонгууль бүрээр хамгийн багадаа парламентын 40 хувь нь шинэчлэгдэж байдаг. Ирэх сонгуулиар ч тийм л явдал болно. Иймээс аливаа сонгуулийн өмнө хаана, ямар шинэ хүн нэр дэвшээд гараад ирэх вэ гэдэг таамаг дэвшүүлэх нь тун зугаатай зүйлийн нэг. Дорноговь аймгийн хувьд МАН талд элэгтэйг ч хэлэх үү, Б.Дэлгэрсайхан гэдэг хүний хүчтэй, баян тухай домог мэт ярьдгаас ч болсон уу, бүү мэд. Ямартаа ч түүнийг 2016 оны сонгуульд ялалт байгуулах зөгнөл бүр өмнө нь гарчихсан байв. Сонгууль ч боллоо. Тус сонгуулиар Дорноговь аймгийн 13 дугаар тойрогт Б.Дэлгэрсайхан сонгогчдын 69.8 хувийн санал татсан бол түүний ард АН-аас нэр дэвшигч З.Алтангэрэл 24.8 хувийн санал авсан байгаа юм. Өөр бас ганц, хоёр хувийн санал авсан нэр дэвшигчид жижиг гэгдэх намуудаас өрсөлдсөн л дөө. Ингэж Б.Дэлгэрсайхан улс орон даяар хамгийн өндөр хувиар гарч ирсэн УИХ-ын гишүүн боллоо. Жижиг тойргоор сонгууль явуулахын зовлонтой зүйл бол нэг хувиар ялсан ч ялагч болчихдог. Тухайлбал, 2016 онд АН орон даяар иргэдийн 40 шахам хувийн санал авсан хэрнээ УИХ-д есөн суудалтай болж байлаа. Тэгэхээр ийм хэмжээний иргэдийн санал үнэгүйджээ гэсэн үг. Сонгуулийн пропорционал хувилбарийг үе үехэн дэвшүүлээд байдгийн цаад шалтгаан нь, энэ. Харин Б.Дэлгэрсайханы тойрог дээр АН-ынханд гомдоод байх юмгүй нь түүний 70 шахам хувийн саналаар нотлогдоно.

Бизнесийн салбарт од шүүрч явсан намтартай Б.Дэлгэрсайханыг УИХ-д орж ирэхэд дараагийн Дундговийн Б.Наранхүү болно гэж харах хүмүүс ч байлаа. Зарим талаараа бол тийм ээ. Аймагтаа хувийнхаа хөрөнгөөр хоёр гурван хотхон барьж нутгийн хүмүүст метрквадратыг нь сая төгрөгөөр өгөөд эхэлсэн. Буруу санаагүй бол зорилтот бүлгийн иргэдийг урьдчилгаагүй оруулж байсан байх шүү. Сонгуулийн жил гарчихсан болохоор тэр төсөл нь зогссон байх. Хуулиараа ч тийм юм. Өмнөговийг эс тооцвол говийн аймгуудын хөгжил муу, суурьшил ядмаг. Тэгэхээр улсын төсвийн хөрөнгө оруулалтыг аймагтаа татахаар хөөцөлдөхийн дээр хувийн хөрөнгөөрөө юм хийгээд яваа болохоор түүнд нутаг орныхон нь ам сайтай. Мөн У.Хүрэлсүхийн Засгийн газрын эхлүүлсэн Зүүнбаян, Тавантолгой чиглэлийн төмөр зам, Газрын тос нэрэх үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийн ажлууд Дорноговь аймагт байгаа болохоор муу нэр дуулах аргагүй л дээ. Энд сонирхуулахад, тэрбээр У.Хүрэлсүхийн Засгийн газрыг огцруулахаар гарын үсгээ зурж явсны дээр огцруулахаар кнопоо ч дарж байсан эр. Одоо харин овоо эвтэй байгаа бололтой юм билээ.

УИХ-д орсныхоо дараахан 2016 онд Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны үеэр “Сайншанд-Тавантолгойн төмөр замыг анх 2011 онд “Дорнын төмөр зам” компани өөдөөс хараад сууж байгаа гишүүн Ж.Бат-Эрдэнийг Төрийн нарийн бичгийн дарга байхад нь концессын гэрээ хийгээд ТЭЗҮ, зураг төслийг нь хийсэн. Одоо тэр геодезийн хайгуулыг нь хийгээд 40 километр далан шороогоо тавьчихсан байгаа. Өнөөдөр энэ компани нэг төгрөг ч Засгийн газраас аваагүй байна. Энэ мөнгийг одоо хэн төлөх вэ. 100-гаад сая доллар байгаа юм. Одоо ямар өөрийнхөө Засгийн газартай шүүхдэлцээд байлтай биш” гэж ярьсаныг сонссон хүмүүс “100 сая долларыг өдрийн хоолны мөнгө шиг л хэлэх юм аа” гээд гайхаж байлаа. Дээр нь оффшорын эсрэг хуулийг Т.Аюурсайхан нар гаргаж, оффшорт данстай хүмүүс гээд цоллож байхад Б.Дэлгэрсайхан гишүүн оффшорт данстайгаа хээвнэг хүлээн зөвшөөрч “Би оффшортой нь үнэн. Бизнес хийж байсан.

Оффшороо ил тод мэдүүлчихсэн. Сонгуульд өрсөлдөхдөө бүх зүйлээ ил тод мэдээллээд орсон. Энэ хууль батлагдануут төрийн өндөр албан тушаал хаших хугацаандаа оффшор дахь дансаа зарцаах хэрэгтэй гэвэл зарцаана. Хаа гэвэл хаачихна. Тодорхой хугацаа өгөөд, энэ асуудлыг ил тод мэдээллэх хувилбар хуулийн төсөлд бий” гэж байлаа. Түүнчлэн Дорноговь аймгийн “Босоо хөх Монгол” бүлгэмийн салбар зөвлөлийн тэргүүн О.Хэрлэнд гар буу тулган хүч хэрэглэж, амь насанд нь заналхийлсэн гэх хэл аманд ч орж байлаа. Гэхдээ цаадуул нь гүтгэсэн юм уу даа тэгсгээд намжсан. Ийм нэг “хамгийн баян” тодотголтой, хээ шаагүй эр УИХ-д дөрвөн жил суулаа даа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хүн(49.0.140.59) 2020 оны 04 сарын 25

Мөнхцэцэгээр яадаг байнаа

0  |  0
Мангал(66.244.109.90) 2020 оны 04 сарын 24

МАНАН дотор МАН тууж байгаа, МАН-ыг дэмжвэл МАНАНг дэмжсэн болно. Тэгвэл манан Монголыг ангшалд унагаана.

0  |  0
Top