[ТОЙРОГ 76] Завханыг “Цэнхэртүүлж” АН-ыг аварсан ХОЁР

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 05

"Өглөөний сонин”, Zindaa.mn сайт хамтран сонгогчдын боловсролд зориулан бэлтгэж буй "ТОЙРОГ 76" цуврал үргэлжилж байна. 

Завхан аймгийн сонгогчид бусад орон нутгаас онцгой. Тухай нь, орон нутгаас эмэгтэй хүн УИХ-ын сонгуульд ялж байсан цөөхөн тохиолдлын ихэнх нь Завхан аймагт хамаарна. Мөн УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд Ардчилсан нам “далаараа цэвэр тавиулж” үртэсгүй арчигдахаас Завхан аймаг л хамгаалсан даа. 1992 оноос хойш долоон удаа УИХ-ын сонгууль явагдахад тус аймгийнхан АН, МАН-д адилхан итгэл хүлээлгэсэн байна. Ерөнхийдөө МАН гол төлөв төрийн эрх барьсан өнгөрсөн жилүүдийг тооцож үзэх юм бол АН-д элэгтэй гэж ойлгогдоно шүү. Дээр нь шаггүй сайн улстөрчидтэй. Тэд нь өөр хоорондоо өрсөлдөн нэг ялж, нэг ялагдаад сурчихсан ч юм шиг. Завхан аймгаас 1992 оны сонгуулиар Н.Багабанди, Ц.Намхайнямбуу, С.Нямзагд нар УИХ-д ирж байж. Тэгвэл 1996 оны сонгуулиар Н.Багабанди, Ц.Ганхуяг, Н.Батцэрэг нар ялалт байгуулжээ. 2000 онд Б.Шаравсамбуу, Ш.Отгонбилэг, Д.Оюунхорол нар Завхан аймгаас УИХ-д суусан юм. 2004 онд Эх орон Ардчилал эвслээс Ч.Содномцэрэн, МАН-аас Д.Туяа, тухайн жил бие дааж өрсөлдсөн Я.Санжмятав нар олонхийн санал авсан байдаг. 2008 оны сонгуулиар Д.Балдан-Очир, Д.Оюунхорол, Ш.Сайхансамбуу нар ялсан бол 2012 онд Д.Оюунхорол, Я.Санжмятав нар гишүүнээр сонгогдсон юм. 2016 онд Я.Санжмятав, З.Нарантуяа нар ялалт байгуулж, АН-д хоёр суудал авчирсан билээ.
 


17 дугаар тойрог: Я.Санжмятав

Завханыхан Я.Санжмятаваасаа уйдна гэж үгүй. 2000 оноос хойш Я.Санжмятав тойргоо солилгүй унаж, боссоор ирлээ. Бие дааж, нам эвслээс нэр дэвшиж ер нь дутуу үзүүлбэргүй л явж байгаа. Улс төрд амьд байж парламентад сууя гэвэл аливаа тойргоос тасралтгүй сонгогдох, хэрэв сонгогдохгүй бол тойргоо солиод үзэх арга бий. Нэг удаа өнжчихвөл, эсвэл хоёр сонгууль дараалан ялагдчихвал тэндээсээ сонгуульд ялах хэцүү болчихдог жишээ өчнөөн байна. Харин Завханд тийм биш. Өнөөг хүртэл нэр бүхий цөөхөн улстөрчид л энэ аймагт ээлжлэн ялж, унаж явсан байгаа юм. Бас өөр сонирхолтой юм бол Отгонтэнгэр хайрханых нь сүр сүлд байдаг уу, мэдэхгүй. Тэндээс нэр дэвшигчид төрийн өндөр албан тушаалд их очдог. Н.Багабанди Ерөнхийлөгчөөр жишээлж болж байна. Д.Оюунхорол гишүүн ч цөөнгүй удаа сайд хийгээд авлаа. Одоо энэ Я.Санжмятав гэхэд УИХ-ын дэд даргын албан тушаалтай. Үүний өмнөх парламентад Хөдөлмөрийн сайд, түүнээс урд гэвэл УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга байсан байх жишээтэй.

УИХ-д гурвантаа сонгогдсон, 2008-2012 онд аймгийнхаа Засаг даргаар ч ажиллаж явсан энэ эрийн намтар урт.  Эрдэнэт үйлдвэрт ажилчнаас гараагаа эхлээд социализмийн жилүүдэд Хувьсгалт залуучуудын эвлэлийн төв хороонд аймаг хариуцсан зохион байгуулагчаар ажиллаж байсан байх юм. Ардчилсан хувьсгалын дараагаас АН-д бол уйгагүй зүтгэжээ. Өнөөгийн нөхцөлд бол УИХ-ын дэд даргын албан тушаалаасаа болдог уу хурц тод байр суурь илэрхийлэх нь ховор. УИХ-ын цөөнхийн бүлэгт хамаарагдаж байгаа ч элдвээр үймэд байсан ч үймүүлсэн юмгүй. Бүр мартагдах нь гэж бодмоор чимээгүй байлаа. Гэхдээ ерөөсөө улс төрд явж ирсэн байр байдал нь тийм юм. Аймгийн дарга хийж байгаад УИХ-д ирсэн, Завханы ажил амьдралтай 20 жил тасралтгүй зууралдаж яваа болохоор орон нутагтай хамтарсан ажил хийж гайхуулдаг зантай. Тухайлбал, 999 морин хуурч багачуудыг төв талбайд хөгжимдүүлэх, шатарчдын нүсэр цугларалт зохион байгуулах, өсвөрийн цэрэгжилтийн арга хэмжээ зохион байгуулах гэх мэт. Завхан аймагт болсон цэрэгжилтийн сургалтад нь Ерөнхийлөгч Х.Баттулга очиж ач холбогдлыг нь өргөж байлаа. Энэ үйлдлүүд нь зүгээр уйдсандаа биш л дээ. 2016 оны сонгуулийн дүнгээр АН-д ганц бат цайз үлдсэн нь Завхан аймаг. Яахав, Б.Наранхүү гишүүн Дундговийг АН-д авчирсан ч тийм нөлөөтэй газар байж чадахгүй. Хувь гишүүн хийгээд тухайн орон нутгийн удирдлагуудыг ч харсан. Намын дарга С.Эрдэнийг нь “Эрдэнэ ван” гэж цоллодог боловч Баянгол дүүргээс ганцаараа л сонгогдож чадсан. МАН ялж засаглаж байгаа хойно Д.Лүндээжанцан, Ж.Ганбаатар нар одоо Баянгол дүүргийн МАН-ыг хүчтэй болгож, хуучин алмай байдлыг нь өөрчилж байгаа. Тэгэхээр Завхан дээр АН гол хүчээ хаях нь аргагүй л дээ. Я.Санжмятав нам нь бүлэгтэй ч, бүлэггүй ч УИХ-ын дэд дарга хийсээр энэ бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байна. УИХ-д бүлэгтэй нам, эвслүүдээс тус бүр нэг төлөөлөл УИХ-ын дэд дарга болдог. Гэвч МАН-ын дотоод будилаанд татагдан орсон АН-ынхан Ж.Батзандан, Л.Болд хоёроо явуулсан. Тэд нь ШИНЭ нам гэдгийг АН-д гомдсон, орхигдсон, өс зангидсан хүмүүсийн бүрэлдэхүүнтэй байгуулчихаад ирэх сонгуулиар саналыг нь хуваах бэлтгэлээ хийж байгаа. Саяхан АН-д УИХ-ын гишүүн О.Баасанхүү нэгдсэнээр эргээд бүлэгтэй болох боломжтой болж байх шиг байна. Бүлэггүй байх үед АН-ын Я.Санжмятав УИХ-ын дэд дарга хэвээрээ байх нь зохимжтой юу гэсэн асуулт гарч байсан юм. Өөрөө бол “УИХ-ын тухай хуульд нам нь тарсан, эсвэл эвсэл задарсан бол УИХ-ын дэд даргыг чөлөөлсөнд тооцно гэсэн заалт байхгүй. Тэгэхээр бүлэг тарсан ч би ажлаа өгөх хуулийн заалт байхгүй” гэж тайлбарласан удаатай. Бас “Өдөр тутмын сонинуудын эрэн сурвалжлах нэгдэл” гэгчээс Я.Санжмятав гишүүнийг саяхан УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ чөлөөлөгдсөн, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригт нөлөөлж “Фрэйш эйр” компанид Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас санхүүжилт авсан тухай мэдээлж байлаа. Түүнчлэн “УИХ-ын дэд дарга Я.Санжмятав “Загастайн давааг засна” гэж сонгогдоод, засаж байна гээд охиныхоо компаниар дамжуулан мөнгө завшсан” гэсэн пост сошиалаар нэлээд явсан. Ямар ч тийм зүйлд холбогдоогүй гэдэг мэдээллээ өөрөө өгсөн байна лээ. Сонгууль дөхөөд янз бүрийн л юм болж байгаа бололтой.

 

18 дугаар тойрог: З.Нарантуяа

Өмнөх парламентын үед Санхүүгийн зохицуулах хорооны даргаар ажиллаж байсан шавилхан, гялалзуур эмэгтэй 2016 онд УИХ-д сонгогдоод хүрээд ирлээ. Улс орон даяар МАН-д хуугаараа шахам ялагдсан АН-аас ялалт байгуулж чадсан хүн бүр сонирхол татаж байв. Тэр тусмаа эмэгтэй хүн гэхээр гайхалгүй яахав. З.Нарантуяа тухайн үеийн АН-ын дарга З.Энхболдын “Шонхор” фракцад харьяалагддаг. Тэгэхээр тойрог авах нь хэцүү байгаагүй байх. Түүний УИХ-д сонгогдож чадсан шалтгааныг олон зүйлтэй холбож тайлбарлаж болно. Гэхдээ аз одтой хамаатуулахад ч буруудах юм байхгүй. Завхан аймаг үеийн үед эмэгтэйчүүд сонгодог байдлаараа бусад аймгуудаас ялгарч ирсэн тухай дээр дурдсан. Д.Оюунхорол, Д.Туяа нарыг нэрлэж болж байна. Харин түүний ялалтын замын Ш.Сайхансамбуу, Ш.Батсамбуу нар зассан юм. 2012-2016 онд УИХ-д суусан Ш.Сайхансамбуу Тусгаар тогтнол, эв нэгдэл эвслээс өрсөлдсөн бол түүний төрсөн дүү Ш.Батсамбуу МАН-аас боссон. Төрсөн ах дүүсийн энэ хачин байдал хэнийг нь ч сонгохгүйд хүргэсэн. Түүний дээр МАХН-аас Б.Батхуяг гэх хөдөлгөөнтэй залуу нэр дэвшсэн. 2016 он бол МАХН одоогийнх шиг мартагдсан байдалтай биш харин ч урагш давшсан их юм дуулгах улс төрийн хүчин шиг харагдаж ахуй цаг нь л даа. Ах дүү нарын өрсөлдөөний дээр тэдний саналыг Б.Батхуяг чамлахааргүй хороосон. Ингээд дундаас нь З.Нарантуяа тодроод ирэв. З.Нарантуяагийн хувьд Монгол Улс даяар л шинэ хүн шиг харагдаад байгаагаас биш Завхандаа бол хуучин хүн. УИХ-ын сонгуульд өмнө нь өрсөлдөж өвдөг шороодож явсан туршлагатай. Хаа газар ялангуяа орон нутагт өмнө нь дэвшээд ялагдсан хүнийг дараагийн удаа сонгох магадлал өндөр байдаг. Хөвсгөл аймгаас гарч ирсэн Л.Мөнхбаатар бол тийм явдлын нэг жишээ юм.

З.Нарантуяагийн хувьд ОХУ-ын Эрхүү хотын Улсын их сургуулийн хуулийн сургуулийг эрх зүйч мэргэжлээр, Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч-санхүүч мэргэжлээр төгссөн. Колумбын их сургуулийн Олон улсын харилцааны сургуульд төрийн удирдлагын магистр зэрэг хамгаалсан гээд боловсролын хувьд шаггүй. Бараг өнөөгийн УИХ-д байгаа гишүүдээс хамгийн өндөр боловсролтой нь байх шүү. Хашиж байсан албан тушаал, ажлын туршлагын хувьд ч бусад эмэгтэй гишүүдтэй харьцуулахад ам бардам. Ажил хэрэгч хандлагатай, элдэв улстөржсөн мэдэгдэл хийдэггүй имижтэй. Ер нь асуудлыг углуургаар нь тоо баримттай ийш тийш халихгүй ярихыг чухалчилдаг. Хэн нэгнийг гэмт хэрэгтэн гэж зарлах аль эсвэл ард иргэдийн амьдралыг луйварчидтай холбоотой гэж мэдэгдэл хийсэн нь өнөөгийн улс төрийн орчинд тайзан дээр зогсдог болсон. Гэтэл З.Нарантуяа тэгсэнгүй өнөө л тоо баримт, Засгийн газар ийм арга хэмжээ хэрэгжүүлэх нь зөв гэсэн юм яриад байх. УИХ-ын Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга болохоор эдийн засагтай холбоотой юмаар их дуугарна. Түүнийг нь сонирхох хүмүүс ч бага. Ингээд тайзны гадна яваад байгаа мэт харагддаг.

Гэхдээ бусад эмэгтэй гишүүдийн адил бохь, боов гэсэн элдэв хоч нэр зүүсэнгүй. Харин санаачилсан хуулийн төсөл зэргээрээ бүр ч ялгарна шүү. Холбоотой мэдээллийг нь интернэтээс хайхаар “малын хулгайн хэргийн ялын бодлогыг чангаруулах”, “төсөв, эдийн засгийн асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавилаа” гэсэн юм л цувраад гараад ирэх юм билээ. Өнгөрсөн дөрвөн жилд МАН голоороо хуваагдаж Засгийн газраа огцруулж, дараа нь гарч ирсэнийг нь мөн огцруулахаар оролдсон. Тухайн үед З.Нарантуяа гишүүн “Та бүхэн нэг завин дээр сууж байгаа. Энэ Засгийн газрыг огцруулсан ч гэсэн дахиад л танай Засгийн газар бий болно. Танай нам Монгол төрийг гацааж байна. Хоёр долоо хоногийн хугацаанд УИХ-н нэг ч ажлын хэсэг хуралдсангүй. Ингэж гацаасныхаа төлөө Ерөнхий сайд МАН-ын дарга та одоо энэ танхимын индэр дээр гараад ард түмнээсээ уучлал хүсээч гэж хэлмээр байна. МАН-ын намын ахмад, олон удаа сонгогдсон гишүүд та бүхэн залуу гишүүдээ урдаа гаргаж зодолдуулаад ард нь хараад сууж байгаа шүү” гэсэн нь хамгийн ширүүн хэлсэн үг нь байх. Бас өнөө "Өдөр тутмын сонины эрэн сурвалжлах нэгдэл"-хэн З.Нарантуяа гишүүнийг ЖДҮХС-гаас зээл авах оролдлого хийсэн гэж мэдээлж байлаа. Аваагүй юм чинь учиртай л даа. УИХ-ын ихэнх гишүүний дэргэд тэр нүүр бардам зогсож чадахаар өнгөрсөн дөрвөн жилийг өнгөрөөжээ.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Mariane(156.0.213.4) 2020 оны 12 сарын 14

Сайн байцгаана уу хатагтай нар аа\nНамайг Мме Мариане ДУМОУЛИН гэдэг, би санхүүгийн чиглэлээр мэргэшсэн, томоохон санхүүгийн байгууллагыг төлөөлдөг.\nТанд зээл хэрэгтэй юу? Хэрэв хариулт нь тийм бол\nЗээлийг буцааж өгөх боломжтой бүх хүмүүст санал болгож байна.\nБид 5,000-5,000,000 еврогийн хооронд санал болгож байна\nМанай зээлийн хүү жилд 2% байдаг.\nБид танд тодорхой чиглэлээр туслах болно.\n* Хувийн зээл\n* Хөрөнгө оруулалтын зээл\n* Авто зээл\n* Моргежийн зээл\n* Бусад чиглэлүүд .....\nБидэнтэй имэйлээр холбогдоорой: marianedumoulin20@gmail.com\nwhatsapp: 0033 7 52 43 26 19

0  |  0
Завхан(66.244.109.90) 2020 оны 05 сарын 08

Завхан сөнөтүгэй, ардчилал бол мандтугай

0  |  0
зочин(103.9.88.162) 2020 оны 05 сарын 06

Nooluuraa zarmaar bdg .100, 000 aas doosh bitgii zaraarai geed bdg .mungu heregtei bdg .yahuu

0  |  0
Зочин(59.153.114.216) 2020 оны 05 сарын 06

Завханчуудаа энэ жил АН хэрэггүй.

0  |  0
зочин (103.57.94.35) 2020 оны 05 сарын 05

ХААН банкны Батсайхан гарах гэж очсон юм биш үү

0  |  0
Ard(126.51.161.83) 2020 оны 05 сарын 05

Uuniig songogchidiin bolowsrold gej hudlaa shaahaa bolio.

0  |  0
Top