Эрдэнэ мэт орон зайд амьдарсан АРЛААНЫ ЭРДЭНЭ-ОЧИР

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 15

Анд минь, амьдралын нэгэн өмөг минь бурхны оронд суудал тухлаад хоёр жилийн нүүрийг үзжээ. Цаг хугацаа гэгч юуг ч өршөөдөггүй, бүхнийг мөлийлгөн хамж оддогоороо үл ажран оршдог аж. Энэ л үл тасрах жингийн цуваа шиг он цагийн хэлхээнд хүн бүхэн мартагдах нь ертөнц эцгийн аугаа ихийн хатуурхал байх. Гэтэл он цаг улирах тусам улам тод гэрэлтэх утга учрын томоохон орон зай гэж бий. Тэдний нэг бол Монголын их утга зохиол, түүний доторх яруу найргийн ай савыг эзэгнэгчдийн нэг Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Арлааны Эрдэнэ-Очир билээ.

Талын зэрэглээн дундаас ингэ зөөлөн гунганаж, тэр л бүүвэй мэт гунганаанд зэрэглээ үл сарниах ижий уярал, тэгснээ зурхай дээрээс эргэсэн морьдын туурай сэтэлсэн хөлс өвсний үндсэнд нэвчих мэдрэмж, бүүр түүрхэн зүүдэнд өөрийгөө дотроосоо шатаан ноцмоор Монгол бүсгүйн гоо ертөнц бол А.Эрдэнэ-Очирын яруу найргийн нэгэн амин сүнс. Мэдээжийн хэрэг Монгол даяарын сод хөвүүний яруу найрагт амин шалтгаан олон байгааг энд дурдах нь илүүц хэрэг.

Харин түүний уран бүтээлийг би шүүн тунгаах гэсэнгүй. Гагцхүү амьдралын зовлон жаргал дунд хамт явсан, эрх биш уран бүтээлчийн хувиар түүнд байдаг ганцхан мөн чанарыг л дуулгах гэсэн хэрэг. Гэхдээ хэн бүхний олж хэлээгүй нэгэн ертөнцийг хураангуйлахыг хичээлээ. Ерөөсөө тэгээд ч А.Эрдэнэ-Очирын бүтээлийг өнөөдөр ч бус, маргааш ч бус, бүр цаг хугацааны алс, тэр л үл үзэгдэж, үл баригдах гэрлийн цэнхэр хязгаарт хэн нэгэн Монгол л мөн чанараар нь дүгнэх болно гэдэгт л гүн итгэлтэй байдаг.

Зарим нэгний хэргээр мартах гэж оролдоод ч тунаж үлдэх Монголын шинэ үеийн утга зохиолын тэргүүн хойморт Их зохиолч Дашдоржийн Нацагдорж, Д.Намдаг, Төмөрийн Нацагдорж нар тухалсны буянд л өнөөдөр Монголын уран зохиол даяаршилд идүүлчихэлгүй оршин тогтнож, монголчууд эх хэлтэйгээ, энэ үндэстэнтэйгээ байна. Тэд зүгээр нэг туурвиад амин хувиа хичээж суусангүй. Германд боловсорсон гээд үндэснийхээ  утга зохиолоо ад шоо үзсэнгүй. Өнөөх л хутагт Д.Данзанравжаа, В.Инжинааш, В.Гулранс болон Монголын эртний уран зохиолыг өдгөө бидэнд түүчээлж ирсэн.

Түүний үрээр жараад оныхон гэх малгай дор Д.Пүрэвдорж, Б.Явуухулан, С.Эрдэнэ нарын эрдэмт хөвүүд төрөн гарав. Тэд бас л зүгээр суусангүй. Дашдоржийн Нацагдорж, Д.Данзанравжаа нараа л ярьж, тэднийг ирээдүй хойчид түүчээлэв. Үүнээс улбаалан дараагийн сод хөвгүүд болох Ж.Лхагва, Б.Догмид, Б.Лхагвасүрэн,  Д.Цоодол тэргүүтнүүд төрсөн. Тэд ч амин хувиа хичээж, харь зүгээс өөрсдийгөө тодруулах гэсэнгүй. Элдэв зүйлд үндэстнийхээ эсрэг зогссонгүй. Өнөөх л Д.Намдаг, В.Инжинаашаа ярьж л суусан. Яагаад гэвэл тэд авьяастай учраас тэр байх. Эдний хойчийг залгамжлан наяад оны шүхэр дор Д.Нямсүрэн, О.Дашбалбар, Д.Төрбат, Г.Мэнд-Ооёо нарын олон залуус төрөн гарсан. Тэд бас л зүгээр суусангүй, өнөөх л В.Гулранс, Төмөрийн Нацагдорж, Д.Пүрэвдорж, Д.Цоодол нараа ярьж суусан. Үүний л үрээр нэн шинэ цагийн өнгөн дээр “Ерээд оныхон” хэмээх цөөн хэдэн найрагч төрөн гарсны тэргүүн магнайд А.Эрдэнэ-Очир, Ц.Бавуудорж нар маргаангүй бий. 

Эл бүгдийг дурдахын шалтгаан надад байв. Яагаад гэвэл А.Эрдэнэ-Очир энэ л бүгдийг уламжлан ярьж бичиж, сануулж явдаг цөөн хүний нэг. Тодотговол, тэр Монголын уран зохиолоор дамжуулан үндэстэн оршихын шалтгааныг сайтар мэддэг төдийгүй үүнийг хойч үедээ ухуулан таниулагч, түүчээлэгч байлаа. Тэр эх хэлдээ, Монголынхоо уран зохиолдоо, үндэсний зохиолчиддоо, эх нутагтаа хайртай нэгэн байсныг сайн мэдэх юм. Тэр тусмаа говь, тал нутагтаа, тэнд ямархан шалтгаан оршдогийг сайн мэддэг хүн.

Монголын уран зохиол, тэр тусмаа яруу найрагт уламжлал шинэчлэл гэж байгаа бол тэр нь А.Эрдэнэ-Очир маргаангүй мөн. Түүний зөөлөн ай, зөөлөн ай дотроо утга учраа нуусан торгомсог шүлгүүд үүнийг гэрчлэх биз ээ. Магадгүй тэр ямархан шалтгааны улмаас ерээд оноос хойш өнөөг хүртэл, маргаашийн маргаашид ч үнэ цэнтэй орших шүлгүүдээ орхиод бурхны орноо заларсныг өнөө хэн мэдэх билээ. Ямартай ч тэр өөрийнхөө билэг авьяас дээр нэмээд Д.Пүрэвдоржийн цэцийг, Б.Лхагвасүрэнгийн ухааралтай хамт авч төрсөн цор ганцхан найрагч ч байж мэднэ. Бидэн хоёрын уулзсан учирсан, явсан, суусан газрын дурсамж хэлхэх нь дэндүү их цаг орох хийгээд тийм ч хэрэгтэй биш болов уу. Гагцхүү А.Эрдэнэ-Очир гэх бодьгал нь чухам яг ямар мөн чанартай уран бүтээлч вэ гэдгийг цухас ч болтугай дурдах учиртай.

А.Эрдэнэ-Очир найрагчийн цээжин цаана, уран бүтээлийнх нь цаана эх хэл гэсэн ганцхан зүйл бий. Түүнийг үндэсний уран зохиолоор дамжуулан авч үлдэх гэсэн том санаа шүлгийнх нь мөр бүхэн, үсэг бүхнийх нь цаана бий. Товчхондоо би түүнийг ингэж тодорхойлно. Тэр бусад шиг “Эх орон минь” гэж цээжээ дэлдээд цаанаа хоосон хөндий байгаагүйг ч би байтугай нь мэднэ. Ямар сайндаа л “Цэх зогсон буудуулавч бууны сум хүрэхгүй алсад эх орон минь бий” гэж дуун алдаж байхав. Бас “Эх хэл минь” хэмээн худлаа мэлмэрүүлээд байдаггүй. “Хутагтын шүлгийг унших бүрт сэтгэл цэлмээд сайхан болдог” гээд ярилцлага өгч л байдаг, энд тэнд хэлж л явдаг. Түүнээс эх хэлдээ хайртай гээд хашхираад яах юм, хутагтын шүлэг өөрөө тэр чигээрээ аялгуут сайхан Монгол хэл биз дээ. Энэ л ганцхан мөрөөс, энэ л энгийн өгүүлбэрээс гарч байгаа авиа бүхэнд л утга учир байгааг тэр өөрөө сайтар мэддэг нэгэн учраас тэр.

Хааяа Зохиолчдын хороонд байх өрөөгөөр нь ороход “Энэ хүүхдүүд Монгол хэлгүй боллоо шүү. Манай зарим нөхөд ч их уруу татаж байна” хэмээн нэр цохон, толгой сэгсэрч суудаг сан. Хаа хамаагүй хүнд ийн халаглахгүй, сэтгэл ижилсэх цөөн хүндээ дотночилсон харуусал, жинхэнэ өөрийнх нь дотоод сэтгэл гэдгийг юу эс андах билээ. Тэгснээ “Монголын нууц товчоо”-оос эхлээд “Жангар”, “Гэсэр”, Ноён хутагт, С.Дашдооров, П.Бадарч, С.Пүрэв гээд өнөөх л Монгол үндэстний уламжлалт уран зохиолоо хаман ярина, түүнээсээ өөрөө ихэд таашаал авч байгааг харахад сайхан. Өдий зэргийн орон зайтай уран бүтээлч залуус дүү нартаа ийн л түүчээг хүргэсээр явсан сан. Ийм л эрдэнэ мэт орон зайдаа олон ч залуусыг татан оруулсан буянтан.

А.Эрдэнэ-Очир маань Д.Данзанравжааг шүтэж, Д.Пүрэвдоржоос эмээж, Д.Нямсүрэнг хүндэтгэж, Ц.Бавуудоржтой үерхэж явсныг сайн мэднэ. Өөрөө ч энэ тухай ярьж, замаасаа хэзээ ч хазайлгүй яваад тэнгэрт дэвшиж одсон доо. Амьдрал уран бүтээлийн ахан дүүс, анд нөхөд олон байсныг дурдах нь илүүц биз ээ. Энд би хий хоосон харуусаж эмгэнээд яахав. Нэг их уусан, идсэн дурсамж хэлхэж гуниад ч яахав. Гагцхүү А.Эрдэнэ-Очир гэх авьяасын хүүдийд цор ганцхан эх хэл минь, эх хэлэн дээр оршин тогтнох Монгол үндэстэн, энэ бүгдийг авч үлдэх үндэсний утга зохиол гэсэн гүн ухаан гүн бат оршиж байсан юм шүү гэдгийг хэлэх гэсэн хэрэг. Хэлээ ч үгүй үлдсэн байна лээ.  


 

Нар зөвийн эх орон

 

Ургаж буй наран дотроос нь ангирын цуваа зэллэж

Урсаж буй усанд нь эрдэнийн саран эрхэлсэн

Униарт тал хөндий, өмөг төгөлдөр уулс, уудам говийн эх нутаг

Утга учрын хорвоод намайг тосч авсан Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Амьдралын жирийн нэг өглөө байтал уярал догдлол төрж

Алтан дэлхийд амьд явахын үнэ цэнийг мэдрүүлж

Айлын гэрийн өрхний оосрыг нар зөв даллаад

Арван наймтай бүсгүй гэргий болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Тэнгэрийн заадсыг өгсөж, уруудан галгих хоёр морин од

Тэмдэгрэх үүрийн зүүдэнд нь ер бусын мэдрэмж илгээхэд

Сүүмийх алсын амьдрал зорьж, сэтгэлдээ ган хэт цахиад

Сүлд өөдөө зоримог хөвгүүд бүсээ зөв ороогоод эр болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Эгшиг уянгын хорвоод хайрын зөрөг дээр харц учраад

Энгэр дүүрэн жаргал тээж, биедээ тэмүүлэх залуус

Өр зүрхний гүндээ амраг нарны гал зангидаж

Өнө эртний шаргал талд ханаа зөв дугуйлаад айл болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Энгийн болоод яруу сайхныг эх нутгаасаа түүж

Эрхэмсэг хувилгаан уулсын сүр, гол усандаа сөгдөхөд

Эвийн хоёр загас нь нар зөв эрхлээд

Эрдэнийн алтан соёмбоных болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

Надад үнэтэй цаг хугацаа моддын дундуур сүлжин арилж

Намар, хавар, аглаг талын бараанд дөрвөн цаг эргэж

Насан мөнхийн хөх тэнгэр нь өнөд шидийн гүн утгыг өөртөө нууж

Наран саран бүслүүр зөв ороогоод Дэлхийнх болдог Эх орон

Нар зөвийн эх орон Миний Монгол

 

♦              ♦                ♦

 

Голын тохойд

Газрын магнайнаас хөлөрч урссан Сэлэнгийн салаа тохой дээр

Гандсан намрын шаргал өдөр устай мушгиран одохыг харжээ суугаад

Ганц дуу чамд зориулан дуулж түүнийгээ тэнгэрийн цээлд нараар мэтгэн

Ганихан хорвоогийн өнгөн дээр бусдын зүрхэнд шигтгэн гэрэлтүүлэх болов би

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Нуруу алаг ангир цоохор дуугаар ганганан ус цахлаад

Нулимс сувдан бороо тэнгэрийн хачанд цайраад болив бололтой

Нутаг алсын чамайгаа эзгүй хойгуур голын чинь тохой дээр санаашран

Нууцхан шаргал гунигийг минь нарны утас хөвөрдөхөд хөндүүр төрнө

Тэр нээг хаврын энгэрийн чинь гэгээ шиг хэсэг үүл

Тэр л цагаас хойш миний цээжинд нүүсээр одов

Тийм сайхан нүдэнд гуниг суусныг олж харсан цагаас хойш

Тэнгэрийн дор хайрын үлгэр эхлүүлэн чамайг бодов

Ирж яваа цаг бид хоёрыг амрагын төгөлд уулзуулан зурж

Ирэх хайрын зовлонгоор жил сар тохуурхан урсах ч билүү

Идэр зүрхний гүнд хаврын нэг өдрийн салхи тоглон эргэж

Ийм нэг намар голын чинь тохой дээр суулгана гэж санаа ч билүү

Гэрлийн мянган долгис мод бургас сүлжин уул ороогоод

Гэнэн хонгор шувуу өвс зууж амраг ижилдээ нисэх нь уярал хөндөнө

Гэгэлгэн ийм нэг агшныг сэтгэлдээ намуухан хонгор салхиар бичиж

Гэгээн хорвоогийн хуудас бүхэнд хувилан чамд илгээх болов

Мартагдсан хуучин дууны нэг бадаг гэнэт санаанд орж аялагдаад

Манантай алсын ууланд зүр хур эрхлэхийг бодолдоо харж сууна

Мандаж жаргах нар сарны урсгалд сэтгэлийн навч ганц нэгээр унаж

Магадгүй энэ голын тохой дээр дахиад л дурсамжийн салхи сэвэлзэх биз ээ

Амьдрал мөнхийн зүүд минь тэнгэрийн зурсан зураг минь

Алдааг нь цуглуулахад ч жаргал амтагдмаар хонгор минь

Алсаас над руу урссан цаг хугацааны зэрэглээн дундаас

Амжиж миний олж харсан үл мэдэг инээмсэглэлт минь

Алчуур нь дэрвэх бүсгүй шиг салхины хаяа цэнхэртээд

Алсын хөхрөгч ууланд манан суугаад босов бололтой

Амрагын санаашралд гунигших нь залуу насны эгшиглэн юм аа

Аниргүйн дунд ганцаардах минь тэнгэрийн мөнгөн зүүд юм аа

 

♦♦♦

 

Би талын бүргэд

 

Гэхдээ, амсхийж суугаа талын бүргэд

Нисэн алдлах цаг минь

Нэг их удахгүй ээ

Жигүүр цуцсандаа биш юм

Жирийн шувуудыг ажсандаа

Тэнгэрийн уужмыг би мэднэ

Нисэх жигүүртэйдээ тэр

Талын уудмыг ч би мэднэ

Буух нутагтайдаа тэр

Би талын бүргэд

Хурмаст тэнгэр, огторгуйг ч мэднэ

Хуурамч орчлонгийн огт оргүйг ч мэднэ

Хутга шиг хувь тавилан, тэнгэрийн цаазыг ч мэднэ

Хулгана зурамны биш ээ, үнэг чононы тавиланг л өрөвдөнө

Би талын бүргэд

Талын бүргэд би

Үүлгүй тэнгэрийн нарны гэрлийг асгаж ниснэ

Үйлийн сэвгүй уужмын салхийг алгадаж ниснэ

Талын бүргэд би

Талынхаа овоон дээр

Амсхийж сууна

Мөдхөн ниснээ

Одоо оргил өндрийн цахирласан салхийг

Огтчиж ниснэ

Би талын бүргэд.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Золоо (103.229.120.163) 2020 оны 05 сарын 15

Дэндүү эрт буцсан хайлган сайхан залуус минь

0  |  0
Zochin(202.55.188.83) 2020 оны 05 сарын 15

Tiim shvv egelgvi yaruu saihan nairagch saihan bichij

0  |  0
Амидаа(5.149.255.178) 2021 оны 06 сарын 27

Гайхалтай авьяастай, сайхан хүн байсан даа. Анд нөхрийгөө дурсан бичиглэсэн нь, тур дундаа бусад шиг хамт ингэж жаргаж наргиж явлаа биш, тэр хүмүүний хүсэл тэмүүлэл сэтгэлийн хөндүүрийн шалтгааны гарган бичсэн нь бусадад бас санааг дэвшүүлэх мэт...

3  |  0
Top